| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/01253/И |
| Дугаар | 181/ШШ2024/04039 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/04039
2024 10 24 181/ШШ2024/04039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах Ч ОНӨААТҮГ /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 3а-5 болон 10 тоот хаягт байрлах Э ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ч ОНӨААТҮГ нь Налайх дүүргийн зарим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг дулаан эрчим хүчээр хангах, /халаалт/ цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг болно.
Манай байгууллага дээрх үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт авагдсан.
Харин манай байгууллагын хэрэглэгч нарын нэг болох Э ХХК нь анх 2011 онд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны ашиглалтгүй 77 байрыг /одоогийн/ ашиглалтад оруулахаар их засварын ажил хийж, улмаар манай байгууллагаас техникийн нөхцөл хүсэж шугам сүлжээний ажлыг хийж, манай байгууллагаас уг байрыг дулаан эрчим хүчээр хангаж, цэвэр, бохир усаар хангах үйлчилгээ авч эхэлсэн.
Энэхүү 2011 оноос хойш манай байгууллага "Э" ХХК-ийн ашиглалтад оруулсан Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 байрыг тасралтгүй дулаан эрчим хүч, цэвэр, бохир усаар хангах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2020 он хүртэлх хугацаанд "Э ХХК уг байрны төлбөрийг Эвт" ХХК-ийн нягтлан н.О, Ж.О, Ч.С гэх хүмүүсээр дамжуулан төлж ирсэн.
Угтаа бол Э ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд өөрсдийн барьж ашиглалтад оруулсан Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77-р байрны шугам сүлжээг манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй тул манай байгууллага зөвхөн Э ХХК-ийн хүсэлтээр 77-р байрыг дулаан эрчим хүчээр хангаж, цэвэр, бохир усны үйлчилгээг үзүүлж ирсэн.
Гэтэл Э ХХК нь 2017-2020 оны хооронд хэрэглээний төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүйгээс талууд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулахад Э ХХК нь 88,209,403 төгрөгийн өртэй гарсан.
Уг тооцооны үлдэгдлийг манай байгууллагаас нягтлан С.О, Э ХХК-иас нягтлан Ч.С нар байлцан баталгаажуулсан.
Энэхүү тооцооны үлдэгдлийн батлааг үндэслэн Ч ОНӨААГҮГ-ын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Э ХХК-иас үүнийг эс зөвшөөрч, 1-т нэхэмжлэгч хэрэглээний төлбөрийг айл өрхөөр бус аж ахуйн нэгжээр тооцсоноос өндөр төлбөр гарсан, 2-т уг төлбөрийг манай байгууллага хариуцахгүй, манай байгууллага хэрэглэгч биш гэж маргаж байгаа болно.
Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Э ХХК-ийн хэрэглээний төлбөрөөс дулаан эрчим хүчний төлбөрийг /халаалт/ айл өрхөөр нь тооцож авч байсан талаарх үндэслэл бүхий тайлбар гаргаж байгаа бөгөөд уг тайлбарын үндэслэл болгож, 2017 оноос 2020 оны хооронд Э ХХК-руу нэхэмжлэгч байгууллагаас явуулсан байсан нэхэмжлэх баримтуудыг нотлох баримтаар гарган өгч байна. Нийт 36 хуудас.
Уг нэхэмжлэх баримтуудад Э ХХК-ийн сар болгоны дулаан эрчим хүчээр хангаж байсан талбайн хэмжээ болон нэгжийн үнэ тодорхой бичигдсэн бөгөөд энэ нь айл өрхийн тарифаар бодогдож байсан нь тодорхой харагдана.
Харин нэхэмжлэгч байгууллагын зүгээс Э ХХК-ийн хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч байсан бөгөөд энэ нь 2017-2020 он хүртэлх хугацаанд нийт хэрэглээний төлбөр 39,355,860 төгрөг гарч байсан ба үүнээс Э ХХК нь 10,925,438 төгрөг төлж, одоо үлдэгдэл 28,430,422 төгрөгийн төлбөр гарч байгаа болно.
Харин энэ төлбөрийг айл өрхийн тарифаар тооцож үзэхэд зөрүү 13,118,620 төгрөг гарч байгаа болно. Энэ талаар төлбөрийн дэлгэрэнгүй баримтаас тодорхой тусгасан.
Иймээс Э ХХК-ийн хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжээр тооцсоноос өндөр төлбөр гарсан гэж маргаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Тус шүүхэд Налайх дүүргийн "Ч ОНӨААТҮГ-аас гаргасан Э ХХК-иас аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тухайн дүүрэгт байрлах орон сууцны 77 дугаар байрны ашиглалтыг Д.Д миний бие хариуцаж байсан учир шалтгаан нь гэвэл 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг манай компани хариуцан ажиллаж дуусгаад, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгч, комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулж, ашиглалтад бүрэн оруулсан.
Үүний дараа дээрх орон сууцуудыг иргэдэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тэдгээрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсэн учир миний өмчлөл, эзэмшлээс хасагдсан юм.
Иймд Ч ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнуудад Орон сууцны болон Эрчим хүчний тухай хууль, Усны тухай хуулийн дагуу орон сууцны ашиглалттай холбоотой зардал, төлбөр тооцоог тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээг байгуулан ажиллах талаар олон удаа уулзаж, ярилцсан боловч 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд нэмэлт нөөцийн кабель хийх, айл, өрхүүдэд баталгаат усны тоолуур тавих, мөн ажлын хөлсийг гаргуулах гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар манай компани болон иргэдтэй ус, дулааны гэрээг байгуулаагүй байсан.
Э ХХК-ийн захирал Д.Д миний бие, Ч ОНӨААТҮГ-тай ямар нэгэн албан ёсны гэрээг огт байгуулаагүй учир хоёр байгууллагын хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа үүсээгүй болно.
Дээрх байгууллага нь сүүлийн 8-9 жилийн хугацаанд манай компанийг тухайн байрны засвар, үйлчилгээг хийж, ашиглалтад оруулсан гэх үндэслэлээр 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд ямар нэгэн шалтгаан хэлж, байрыг хүлээн аваагүй, тухайн байрны айл, өрхүүд болон цэцэрлэгтэй хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны үнийг авах тухай гэрээг огт байгуулаагүй мөртөө зөвхөн миний эзэмшлийн худалдаа, үйлчилгээний Э ХХК-ийн нэр дээр аж ахуйн нэгжийн өндөр тарифаар тооцож, айл өрх болон цэцэрлэгийн хэрэглэсэн ус, дулааны тооцоог манай компанийн нэр дээр аж ахуйн нэгжийн тарифаар өндөр дүнгээр тооцож, өр төлбөр үүсгэсэн нь учир дутагдалтай.
Би дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгө, төгрөгийг Э ХХК-ийн банкны харилцах дансаар огт авч байгаагүй, харин тухайн байгууллага ямар нэгэн шалтаг, шалтгаан зааж, байраа хүлээн авахгүй байсан учраас иргэдийг ая тухтай амьдрах, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор, арга ядаад тухайн байранд оршин сууж байсан иргэн Д.Э, О, С нарт хариуцуулан иргэдээс өгсөн байрны ус, цахилгааны төлбөрийг "Дулааны шугам сүлжээ ХК-д тушааж байх талаар чиглэл өгч ажилласан.
Тус байрны оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны төлбөрт өгсөн мөнгө, төгрөгийг 2013-2020 он хүртэлх хугацаанд иргэн Д.Э, О нар, 2020-2022 оны 02 сар хүртэлх хугацаанд иргэн С нар хариуцаж, төлбөр тооцоог хийж байсан болно.
Түүнчлэн тухайн байрны нэр бүхий оршин суугчид нь орон сууцны ус, дулаан, цахилгааны төлбөрийг огт хийгээгүй айл, өрхүүд байгаа төдийгүй, мөн төлбөр тооцоотой иргэд олон байгаа гэдгийг хариуцан ажиллаж байсан ажилтнуудын тооцоо хийсэн баримтаар нотлогдох бөгөөд тэдгээрийн банкны хуулга болон бэлнээр тооцоо хийсэн баримтаар гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна.
Дээрх байрны оршин суугчид СӨХ байгуулаагүй байх тул орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж, нийтийн эзэмшлийн талбай болон ашиглалтын засвар, үйлчилгээг анхаарч ажилласаар өнөөдрийг хүргэсэн нь үнэн болно.
Харин иргэн Д.Э, О, С нар тус байрны нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлсөнд айл, өрх бүрээс сар тутам 20,000 төгрөг хураан авч, тэдгээрийн цалин хөлс, цэвэрлэгээ, үйлчилгээний зардалд зарцуулсан тооцоо тооллогыг хийж байсан учир сайн мэдэж байгаа.
Цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газраас нэхэмжилж буй төлбөр, тооцооны талаарх баримтыг иргэн Д.Э (утас ), О (утас ), С (утас ) нараас хуулийн шаардлагад нийцүүлэн гаргуулах боломжтой бөгөөд харин манай компанийн зүгээс шаардлагатай тохиолдолд холбогдох хүсэлтээ цаг тухайд нь гарган ажиллах болно. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, авлаг өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/00587 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/02861 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актын хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоолын хуулбар, Э ХХК-д 77 дугаар байрны оршин суугчдаас 2013-2020 оны хооронд төлбөр төлж байсан баримтууд бүхий санхүүгийн анхан шатны баримт, Э ХХК болон ОНӨААТҮГ нарын хооронд тооцоо нийлсэн акт, Ч ОНӨААТҮГ-ын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй баримт, итгэмжлэл, Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн З.Б албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар, 2017-2020 он хүртэлх хугацааны Э ХХК-ийн сар болгоны хэрэглээний төлбөрт явуулж байсан нэхэмжлэх, Э ХХК-ийн 2017-2020 оны хооронд шивсэн төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай Батлан даалтын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Уяралтрейд ХХК-ийн худалдан авсан 2021 оны тооцооны хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Эрчим хүчний зохицуулах хорооноос Ч ОНӨААТҮГ нь эрчим хүчний хангалт эрхлэх буюу орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Ч ОНӨААТҮГ нь 2012 оноос хойш Э ХХК-ийг цэвэр усаар хангах, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг үзүүлж, тооцоо нийлсэн. Гэтэл Э ХХК нь дээрх төлбөрийг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлөөгүйгээс талуудын хороонд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 88,209,403.06 төгрөгийн өр төлбөр үүссэн. Уг өр төлбөрийг талууд харилцан баталгаажуулж, тооцоо нийлсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй. Хариуцагчаас усны төлбөрийг аж ахуй нэгжийн тарифаар, халаалтын төлбөрийг айл өрхийн тарифаар шаардаж байгаа гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Э ХХК нь 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж дуусгаад зохих журмын дагуу комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулан ашиглалтад оруулсан. Үүний дараа орон сууцуудыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн тул Ч ОНӨААТҮГ нь тэдэнтэй гэрээ хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Э ХХК нь хэрэглэгч биш юм. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэхгүй. Учир нь, уг баримтад тооцоо нийлсэн гэх огноо тодорхойгүйн гадна, гарын үсэг зурсан С гэх хүн тус компанийн тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш. Нөгөөтээгүүр гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулах учиртай байдаг. Түүнчлэн нэхэмжилж буй цэвэр, бохир усны төлбөрт халаалтын зардал багтсан байна. Усны тарифыг айл өрхөөр тооцож байснаа 2017-2019 онд аж ахуйн нэгжээр тооцсон байна. Энд үнийн зөрүү гарч ирэх бөгөөд бид илүү төлөлт хийсэн. Эцэст нь, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Э ХХК нь Налайх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байрны их засвар, шинэчлэлтийн ажлыг хариуцан 2010 оны 06 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 137/2013 дугаар актаар байнгын ашиглалтад оруулжээ.
6. Одоо тус 60 айлын орон сууцанд 56 айл өрх амьдарч, нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд тэдгээр айл өрх, аж ахуй нэгжтэй хангагч, хэрэглэгчийн гэрээг 2020 оны 12 дугаар сард байгуулсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.
7. Талуудын маргааны зүйл нь зохигчийн хооронд хангагч, хэрэглэгчийн эрх, үүрэг үүссэн эсэх байна.
8. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд хангагч, хэрэглэгч этгээдийг тодорхойлон зааснаар нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ-ыг хангагч гэж үзэх үндэслэлтэй бол, харин хариуцагчийг хэрэглэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
9. Тодруулбал, хариуцагч компани тухайн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа тохиолдолд түүнийг хэрэглэгч гэж үзэх боломжгүй бөгөөд Налайх дүүргийн 5 дугаар хорооны 77 дугаар байранд амьдарч буй 56 айл өрх, 1 албан байгууллагыг дээрх үйлчилгээгээр үйлчлүүлсэн хэрэглэгч гэж үзэх тул тухайн үйлчилгээний төлбөрийг Э ХХК хариуцах үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч нь Э ХХК-ийг хэрэглэгч учраас үйлчилгээний төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан ч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.
11. Хавтаст хэрэгт хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг, ажилтны гарын үсэг бүхий Тооцооны үлдэгдлийн баталгаа авагдсан, Э ХХК нь тус орон сууцны үйлчилгээний төлбөрийг оршин суугчдаас татан төвлөрүүлж, төлөх үйл ажиллагааг явуулж байсан гэх үндэслэл байгаа хэдий ч энэхүү үйл баримт нь үйлчилгээ аваагүй буюу хэрэглэгч биш этгээдэд төлбөр төлөх үүргийг үүсгэх хууль зүйн үндэслэл болохгүй.
12. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн оролцоогүйгээр тухайн орон сууцанд амьдарч буй аж ахуй нэгж, иргэд, хэрэглэгчтэй үйлчилгээ үзүүлэх гэрээг 2020 онд байгуулсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн 2013 оноос хойш хангагч хэрэглэгчтэй гэрээ байгуулаагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь сууц өмчлөгч нартай хангагч хэрэглэгчийн гэрээг байгуулах боломжтой байжээ.
13. Түүнчлэн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасан Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын Аж ахуйн харилцааны дүрмээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах болон дулааны эрчим хүчээр хангах гэрээг тус тус байгуулж, гэрээг дүгнэн ажиллах, хэрэглэгч нарт мэргэжлийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
14. Иймд нэхэмжлэгч "Ч" ОНӨААТҮГ-ын Э ХХК-д холбогдуулан гаргасан 88,209,403.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх заалтыг баримтлан Э ХХК-иас дулаан эрчим хүчний хэрэглээний төлбөрт 59,778,981 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 28,430,422 төгрөг, нийт 88,209,403 төгрөг гаргуулах тухай Ч ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ