Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 24

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: А.Баясгалан,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан малгай хусой овогт Будболдын Золзаяа, Я.М нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021034 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.З, 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.М, 1992 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.З, Я.Мнар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин их дэлгүүрийн 2 дугаар давхарт иргэн Ч.Уэр, эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.З нь 2017 оны 6 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаан хуарангийн 1б хэсгийн 012-4 тоотод иргэн Ч.Угэртээ байхад нь “цагдаагаас өргөдлөө буцааж авахыг шаардаж” зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч нэг жил гаран манай нөхөртэй явалдсан. Би хохирогч Уранчимэгтэй очиж уулзахад эхнэртэй гэдгийг нь мэдээгүй, дахиж уулзахгүй, уучлаарай гэж хэлж байсан. Сар гарны дараа нөхөр алтны уурхайд ажиллах гэж яваад буцаад ирсэн. Тэгсэн дахин Уранчимэгтэй харилцсан байсан. Би тухайн үед би бие давхар болсон байсан. Тухайн хэрэг болох өдөр Уранчимэгтэй ярихад “танай нөхөр надад хайртай гэсэн, бид хоёр сууна, чамаас айгаад байх юм байхгүй” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр 1 өрөө байр урьдчилгааг нь өгөөд линзэнгээр авсан байсан. Нэгэнт ийм асуудал болж байгаа юм байна гэж бодоод байраа зарсан. Нөхрийнхөө утсыг үзэж байхад Уранчимэг баахан мессеж бичсэн байхыг харсан. Тэгэхээр нь би Уранчимэг рүү залгахад “хохь чинь, та хоёр хаана байна” гэхэд нь би 16-д хүрээд ир гэхэд Уранчимэг ирээгүй. Орой нь над руу мессеж бичиж дарамталсан. Хэрэг болох өдөр би бэр дүү Мөнхтуяаг дагуулаад намайг хүргээд өгөөч гээд Уранчимэгийн ажил руу очсон. Би тухайн үед Уранчимэгийн утсыг нь аваад хоорондоо мессеж бичилцэж байсан зургийг нь авч нөхөр рүүгээ явуулах санаатай байсан. Хохирогч Уранчимэг худал мэдүүлэг өгсөн байна. Утсыг нь шүүрэхэд өгөхгүй гэсэн, би нүүрэнд нь жижиг маажсан. Тэгэхэд Уранчимэг манай нөхөр рүү залгаад энийгээ ав гэж хэлсэн. Уранчимэг, манай нөхөртэй хамт амьдарч байсан. Мөнгөгүй болохоороо л манай нөхөр рүү залгадаг. Сүүлд би шөнө Уранчимэгийн гэрт нь очоогүй. Өдөр хоёр удаа очиж хүүхдээ ав гэж нөхөр дээрээ аваачиж өгсөн. Тэгсэн хадам ээж намайг утсаар дарамталсан. Дээрх шалтгаанууд байсан учир Уранчимэгийн биед хүрсэн” гэв.

Шүүгдэгч Я.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Золзаяа эгч бол манай хадам эгч. Тухайн өдөр Номин Их дэлгүүр орж хүнтэй уулзъя гэхээр нь би машинаараа хүргэж өгсөн. Тэгээд цуг Номин Их дэлгүүр рүү орсон. Золзаяа эгч тухайн хүүхэнтэй нэг юм булаацалдсан. Би зодож цохиогүй очиж салгасан, гар хүрээгүй. Хохирогч Уранчимэгийн мэдүүлэгт цохисон гэж байна, би салгасан цохиж зодоогүй, камерийн бичлэг шүүвэл харагдана” гэв.

Хохирогч Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18-19 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн 3 давхарт байрлах өөрийн ажиллуулдаг гар утасны лангуу дээр зогсож байтал зүс таних Золзаяа нь нэг эмэгтэйн хамт ирээд намайг “янхан банзал гээд хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би ажлын хамт олноос санаа зовоод “энэ миний ажлын байр, гараад учраа олъё” гэж хэлээд 2 давхар руу Золзаяа, хамт ирсэн эмэгтэйн хамт буухаар шатаар доошоо явж байтал Залзаяа нь намайг “утсаа өг”гэхээр нь би “өгөхгүй” гэж хэлэхэд “чи яасан их эрчүүдтэй алцганадаг царай вэ, нүүрийг чинь сийчээд өгье” гээд над руу эхлээд Золзаяа дайраад миний үснээс үсдэж тэнд зарж байсан хөргөгч зэрэг зүйл рүү түлхээд газар унагаасан...Золзаяа болон нөгөө хамт явсан нь махлаг, тарган учраас би дийлэхгүй доороос нь босож чадахгүй байсан. Тэгтэл Золзаяа миний дээрээс удаа дараа өшиглөөд, миний нүүрийг сийчээд өгье гээд нүүр рүү дайраад байсан. Хамт явсан эмэгтэй нь намайг хажуу талаас зодож цохиод өшиглөөд байсан....Миний биед учирсан гэмтэл бэртлийг Золзаяа хамт явсан гэх үл таних эмэгтэйгийн хамт зодож учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, ....Золзаяа нь “Энх-Амгалангаа аваад өргөдлөө буцаагаад ав” гэж хэлэхээр нь би “чадахгүй” гэж хэлэхэд миний баруун хацар рүү зүүн гараараа 2 удаа алгадах үед Энх-Амгалан голоор ороод намайг араараа оруулсан. Тэгсэн чинь Энх-Амгаланг Золзаяа холдуулаад миний гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Энх-Амгалан миний урд ороод “чи энэ хүнийг яахаараа зоддог юм, одоо яв” гэж хэлэхэд Золзаяа нь хуц лалар минь гэж хэлэхээр нь би гар утсаараа цагдаад дуудлага өгөх гэтэл Энх-Амгалан миний гар утсыг аваад “цагдаа дуудаж яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал Золзаяа нь намайг “янхан” гээд хэл амаар доромжилж байгаад “өгсөн өргөдлөө буцааж аваад гомдолгүй гэж хэл” гээд гартаа байсан гар утсаараа миний баруун гарын шуу руу 1 удаа цохиж, зүүн гарын бугалганы дотор талаас базсан. ... Зүүн гарын бугалганы дотор талд хөхөрсөн, баруун гарын шууны хэсэг хавдаж хөхөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч Б.Хишигдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Уранчимэгийг 2 махлаг эмэгтэй 2 давхарт газар унагаачихсан нэг нь үсдсэн, нөгөө нь дээрээс нь гараараа зодож байхыг хараад Урнаа эгчийг тэнд хүн зодоод байна гээд тэнд байсан хүмүүст хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 5737 тоот дүгнэлтэд: “...Ч.Уранчимэгийн биед тархи доргилт, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод эрүү, баруун бугалга, сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Шинжээчийн 7887 тоот дүгнэлтэд: “... Ч.Уранчимэгийн биед баруун шуу, хоёр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл 2017.06.14-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр бугалганы цус хуралт гэмтэл нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-49, 64-74, 105/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 106/, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 107-108/ зэрэг болно.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “шүүгдэгч Я.Мнь бусадтай бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь тухайн болсон маргаан зодооныг салгаж байсан ба гэмт хэрэг хамтран үйлдээгүй тул шүүгдэгч Я.М үйлдлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын  мэдүүлгүүдээр болон тухайн болсон үйл явдлыг бичсэн камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч Я.Мнь тухайн зодооныг салгах бус харин шүүгдэгч Б.Зтай үйлдлээрээ нэгдэн хохирогчийн гарыг нь мушгих, гар утсыг нь авахыг оролдох зэргээр тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.З нь  Мбүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин их дэлгүүрийн 2 дугаар давхарт иргэн Ч.Уэр, эмийн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- мөн шүүгдэгч Б.З нь 2017 оны 6 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаан хуарангийн 1б хэсгийн 012-4 тоотод иргэн Ч.Угэртээ байхад нь “цагдаагаас өргөдлөө буцааж авахыг шаардан” зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Я.Мнь шүүгдэгч Б.Зтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин их дэлгүүрийн 2 дугаар давхарт иргэн Ч.Уэр, эмийн хардалтын улмаас шүүгдэгч Б.З нь зодох үед нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Згийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Уранчимэгийн: “...зүс таних Золзаяа нь нэг эмэгтэйн хамт ирээд намайг “янхан банзал гээд хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би ажлын хамт олноос санаа зовоод “энэ миний ажлын байр, гараад учраа олъё” гэж хэлээд 2 давхар руу Золзаяа, хамт ирсэн эмэгтэйн хамт шатаар доошоо явж байтал Золзаяа нь намайг “утсаа өг”гэхээр нь би “өгөхгүй” гэж хэлэхэд “чи яасан их эрчүүдтэй алцганадаг царай вэ, нүүрийг чинь сийчээд өгье” гээд над руу эхлээд Золзаяа дайраад миний үснээс үсдэж тэнд зарж байсан хөргөгч рүү түлхээд газар унагаасан... Золзаяа болон нөгөө хамт явсан нь махлаг, тарган учраас би дийлэхгүй доороос нь босож чадахгүй байсан. Тэгтэл Золзаяа миний дээрээс удаа дараа өшиглөөд, миний нүүрийг сийчээд өгье гээд нүүр рүү дайраад байсан. Хамт явсан эмэгтэй нь намайг хажуу талаас зодож цохиод өшиглөөд байсан....Миний биед учирсан гэмтэл бэртлийг Золзаяа хамт явсан гэх үл таних эмэгтэйгийн хамт зодож учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, ...Золзаяа нь “Энх-Амгалангаа аваад өргөдлөө буцаагаад ав” гэж хэлэхээр нь би “чадахгүй” гэж хэлэхэд миний баруун хацар рүү зүүн гараараа 2 удаа алгадах үед Энх-Амгалан голоор ороод намайг араараа оруулсан. Тэгсэн чинь Энх-Амгаланг Золзаяа холдуулаад миний гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. .....Тэгээд зогсож байтал Золзаяа нь намайг “янхан” гээд хэл амаар доромжилж байгаад “өгсөн өргөдлөө буцааж аваад гомдолгүй гэж хэл” гээд гартаа байсан гар утсаараа миний баруун гарын шуу руу 1 удаа цохиж, зүүн гарын бугалганы дотор талаас базсан. ... Зүүн гарын бугалганы дотор талд хөхөрсөн, баруун гарын шууны хэсэг хавдаж хөхөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч Б.Хишигдаваагийн: “... Уранчимэгийг 2 махлаг эмэгтэй 2 давхарт газар унагаачихсан нэг нь үсдсэн, нөгөө нь дээрээс нь гараараа зодож байхыг хараад Урнаа эгчийг тэнд хүн зодоод байна гээд тэнд байсан хүмүүст хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, шинжээчийн 5737,  7887 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хохирогчтой эр, эмийн хардалтын улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Уранчимэгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Я.Мөнхтуяаг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цагаан малгай хусой овогт Будболдын Золзаяа, Я.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Я.Мнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.З, Я.Мнарт шүүхээс тус тус оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдэнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Хохирогч Ч.Уранчимэг нь хохирол, хор уршигийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Я.Мнарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР