Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 575

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгч:  “*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хороо 

Гуравдагч этгээд: “*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хорооноос зарласан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Авто замын зураг төсөл хийх ЭХҮҮТП-2016.01” дугаартай тендерийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Х.Х*******, “*******” ХХК-ийн захирал Д.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, С.А, Г.Ц, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн захирал Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч “*******” ХХЗ-ийн захирал Х.Х*******, “*******” ХХК-ийн захирал Д.Н******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“ХЗТ Автозам” ХХК, “Ростов” ХХК, “*******” ХХК бид 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас зарласан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн авто замын зураг төсөл /18,38км/ хийх ЭХҮҮТП-2016.01 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтанд оролцсон. Энэхүү тендерийн сонгон шалгаруулалтын дүн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн гарсан. 

Тухайн тендерт салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай инженер техникийн ажилтантай, хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд оролцсон бөгөөд бидэнд өгсөн техникийн оноо харьцангуй доогуур үнэлэгдсэн байна. Учир нь авто замын салбарт ажил хийж байсан туршлага, мэргэжлийн боловсон хүчний нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй “*******” ХХК хамгийн өндөр оноог авсан нь эргэлзээ төрүүлж байгаа тул бид “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т энэ тухай албан бичгээр хандсан боловч ирүүлсэн хариу нь хангалтгүй гэж үзсэн тул “*******” ХХК-иас Монгол улсын Сангийн яаманд хандан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. 

Сангийн яам гомдлыг хүлээн авч хянан үзээд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5/1765 дугаар албан бичгээр хариу өгсөн. Энэхүү албан бичиг нь мөн л “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас бидэнд өгсөн албан хариутай адил байсан тул дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 

1. Тендерийн үнэлгээний хүснэгтийн 6.2 болон тендерийн баримт бичгийн 3.2-т зааснаар тендерт оролцогч байгууллагын чадварыг харуулж чадах сүүлийн 3 жилд үзүүлсэн ижил, төстэй үйлчилгээний мэдээллийг тендерт оролцогч байгууллагуудаас шаардсан байдаг. Үүнийг тендерийн сонгон шалгаруулалтанд шалгарсан гэх “*******” ХХК хангаагүй гэж нэхэмжлэгч бид үзэж бид гомдол гаргаж байна. Учир нь “*******” ХХК  нь тухайн тендерт оролцохоор заагдсан тусгай зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анх удаагаа авч 2 жил ч хүрээгүй байгаа нь заагдсан ажил үйлчилгээг 3 жил үзүүлсэн байх үндсэн шалгуурыг яаж хангаж байгааг бид ойлгохгүй байна. Иймд тендерийн материалыг хянаж үзэж, хууль журмыг дагуу шударгаар асуудлыг шийдвэрлэх мөн боломжтой бол техникийн оноонд өгсөн онооны задаргааны талаар мэдээлэл авах шаардлагатай байна.

2. “*******” ХХК-ийн хувьд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас өгсөн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 082 дугаар албан хариуг дараахь үндэслэлээр няцааж байна. Үүнд:

2.1. Туслан гүйцэтгэгч компаниудын “Инжгеотех” ХХК “Тэкол” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, үнэлгээ хийх эрхийн гэрчилгээнүүдийг нотариатаар баталгаажуулаагүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээ дутуу гэсэн байна. Тендерийн материалд геологи болон байгаль орчны үнэлгээ хийх компанийн талаар заагаагүй. Тухайн компаниуд тус ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид мэдэх тул туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Тендерийн материалд заагаагүй зүйлээр үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 

 

2.2. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл холбогдох материалыг ирүүлэх гэснээс заавал нотариатаар батлуулах заалт байхгүй. Туслан гүйцэтгэгчийн хувьд ерөнхий гүйцэтгэгчтэй ижил хэмжээний материал бүрдүүлэх шаардлагагүй. 

2.3. Багийн ахлагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тус үйлчилгээг үзүүлж буй тул нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тушаал шаардлагагүй. Өөрөө хэлбэл “*******” ХХК-ийн үндсэн ажилтан биш тул ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. 

2.4. Авто замын инженерийн мэргэшсэн зэргийн хуулбарыг өгсөн бөгөөд хуулинд заавал нотариатаар батлуулах шаардлага тавиагүй байна. 

2.5. Төсөвчний мэргэшсэн зэрэгтэй гэрчилгээний хуулбарыг өгсөн бөгөөд мөн л хуулинд заавал нотариатаар батлуулах шаардлага тавиагүй байна. 

2.6. Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер нь хувиараа, гэрээгээр ажиллаж байгаа зөвлөх хувь хүн болно. Хуулинд энэ тухай заасан байдаг. 

2.7. Цахилгааны инженер, холбоо дохиолол мэдээллийн инженерүүд нь туслан гүйцэтгэгч компанийн ажилтан бөгөөд “*******” ХХК нь тухайн ажлыг туслан гүйцэтгэгч компанитай нь гэрээ байгуулсан. Гэрээгээ тендерийн материалд хавсаргасан байгаа. 

2.8. Геодезийн инженерийн хувьд мөн адил туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гэрээгээ тендерийн материалд хавсаргасан байна. 

“*******” ХХК-ийн хувьд дээр дурдсан үндэслэлүүдийг гаргаж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас шалгаруулсан тендерийн сонгон шалгаруулалтын дүнд гомдолтой байна. 

3. “*******” ХХК-ийн хувьд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас өгсөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 080 дугаар албан хариуг дараах үндэслэлээр няцааж байна. 

3.1. 2014, 2015 оны татварын тайлан болон Нийгмийн даатгалын 7,8 маягт байхгүй гэжээ. Харьяалах татварын албанаас татварын өргүй тодорхойлолт хүргүүлсэн бөгөөд мэдээлэл авахыг зөвшөөрсөн мэдэгдэл өгсөн болно. Татварын өргүй гэдэг нь тайлангаа баталгаажуулж өгснийг гэрчилдэг гэж бид ойлгодог. 

3.2. Тоног төхөөрөмжийн баталгаажсан гэрчилгээ байхгүй гэжээ. Бид баталгаажаагүй ямар ч багажаар зураг төсөл хийгддэггүй бөгөөд анх удаа зураг төсөл хийгээгүй болно. 

3.3. Авто замын гүүрийн инженерийн ажилд томилсон тушаал байхгүй гэжээ. CIVIL инженерийг заавал нэр заан тушаал гаргах алба байхгүй болно. 

3.4. Багийн ахлагчийн зөвлөхийн хугацааг АЗХолбоо, инженерийн нийгэмлэгээс тодруулах бүрэн боломж байсан. 

3.5. Үнэлгээний хороо хэрэв ийм шаардлага хангаагүй гэж үзсэн бол техникийн үнэлгээ хийх ямар ч шаардлагагүй бөгөөд харин ч тендерийн хууль зөрчсөн байгааг харуулж байна. 

Иймд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас зарласан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн паркийн “Авто замын зураг төсөл /18.38 км/ хийх, ЭХҮҮТП-2016.01” дугаартай тендерийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хорооны дарга Г.Батням шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, С.А, Г.Ц нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэхэмжлэл гаргасан “*******” ХХК, “*******” ХХК, “Ростов” ХХК нараас нэхэмжлэгч “Ростов” ХХК нь нэхэмжлэлээс татгалзах тухай шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 345 дугаар захирамж гарсан. Мөн “*******” ХХК, “*******” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдол хянан үзсэн тухай албан бичгээр “үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй байна” гэж үзэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. 

Нэхэмжлэлийн утга болох 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гарсан гэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5 дахь заалтын дагуу техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан тендерт оролцогчдийн санхүүгийн саналыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад нийтийн өмнө нээсэн буюу Санхүүгийн саналын нээлт хийсэн өдөр болно. 

Үнэлгээний хорооны эцсийн шийдвэр буюу зөвлөмж нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гарч Нийслэлийн Авто замын газарт хүргүүлсэн ба уг газраас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шалгарсан “*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлж, үүний дагуу тендерт оролцогчдод 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шалгараагүй мэдэгдэл албан бичгээр тус тус хүргүүлсэн болно. 

“*******” ХХК-ийн хувьд: 

1. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 6.2 дэх заалт нь тендерт оролцогчдын ирүүлсэн техникийн саналд өгөх онооны задаргаа юм. 

Тендерийн баримт бичгийн 3.2 дах заалт гэх нь тендерт оролцогчдын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэхэд ашиглах заавар бүхий жишиг маягт юм. 

Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5-ын 6 дах хэсэгт 2014, 2015 оны гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт /гэрээ, акт/ ирүүлсэн гэж заасан.

Энэхүү заалтыг Үнэлгээний хорооноос ижил төстэй ажил үйлчилгээний мэдээллийг 3 жилээр ирүүлнэ гэж заагаагүй мөн тухайн чиглэлийн ажил үйлчилгээг 3 жил үзүүлсэн байх шалгуурыг тавиагүй болно.

Ирүүлсэн мэдээллийн дагуу Үнэлгээний хорооноос ижил төстэй үзүүлж байсан ажлын туршлагыг үнэлэхэд дунджаар “*******” ХХК  5 оноо, “*******” ХХК 4 оноо, “*******” ХХК 3 оноо тус тус авсан байна. 

2. 1. Тендерийн баримт бичгийн Гуравдугаар бүлгийн 3.4-т “Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын хөтөлбөр болон аргачлалын талаарх танилцуулга”-т “Инженер геологийн судалгаа”, “Байгаль орчны ерөнхий үнэлгээ” гэх ажлуудыг гүйцэтгэх талаар заасан болно. 

Үнэлгээний ерөнхий хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “Техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” үүрэгтэй байдаг. Үүний дагуу үнэлгээний хороо нь тендерийн баримлт бичиг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэх шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээ нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жижиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж заасны дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтэд аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл болон холбогдох бусад баримт бичгийг нотариатаар баталгаажуулж ирүүлэхийн тус тус заасан болно. Гэвч “*******” ХХК нь туслан гүйцэтгэгч компаниудын аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. 

Үнэлгээний хороо нь “*******” ХХК-ийн тендерт илрүүлсэн баримт бичгийг үнэлэхдээ “Туслан гүйцэтгэгчийн ирүүлсэн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг баталгаажуулаагүй” гэсэн үндэслэлээр тус компаний техникийн саналын онооноос хасаагүй болно. 

2.2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх/ гэж заасан. Байгууллага нь үндсэн ажилтан, гэрээт болон хөлсөөр ажиллуулах ажилтанг тушаалаар томилдог. Нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг үндэслэн тухайн ажилтны ажилласан хугацаа, туршлага, ур чадварыг тогтоодог. Нэхэмжлэгч “*******” ХХК нь багийн ахлагч, авто замын инженер Р.Болормаатай 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байсан ба ажилд томилсон тушаал болон Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулж ирээгүй нь оноо хасагдах үндэслэл болсон. “Нэхэмжлэгч тус ажилтанг хувиараа, гэрээт ажилтан гэсэн нь техникийн санал ирүүлсэн баримт бичигтэй зөрж байна”

2.3. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөлийн хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж илүүлэх гэж заасан. 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ний авто замын инженерийн мэргэшсэн зэргийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж илүүлээгүй. Гэвч зарим голлох мэргэжилтнүүдийн мэргэшсэн зэрэг болон дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлсэн байсан нь бусад мэргэжилтнүүдийн хувьд эргэлзээтэй учраас Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт нотариатаар баталгаажуулж ирүүлэх гэж заасны дагуу оноо хасах үндэслэл болсон.

2.4. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэж заасан. Төсөвчний мэргэшсэн зэрэгтэй гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн мөн адил нотариатаар баталгаажуулаагүй байсан. Бид шаардлагынхаа дагуу нотариатаар баталгаажуулж ирүүлсэн хуулбарыг үнэн бодит гэж үзнэ.

2.5. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл” /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийн багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэж заасан. Байгууллага үндсэн ажилтан, гэрээт болон хөлсөөр ажиллуулах ажилтанг тушаалаар томилдог. Үнэлгээний хороо нь Нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг үндэслэн тухайн ажилтны ажилласан хугацаа, ажлын туршлага, ур чадварыг тогтоодог.  Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Мөнхбатын Батзаяатай 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба ажилд томилсон тушаал болон Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй нь оноо хасах үндэслэл болсон. Нэхэмжлэгч нь тус ажилтанг хувиараа, гэрээт ажилтан гэсэн нь техникийн саналд ирүүлсэн баримт бичигтэй зөрж байна. 

2.6. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл” /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэж заасан. Голлох инженер учраас Цахилгааны инженер нийгмийн даатгалын дэвтэр, дипломын хуулбар, мэргэшсэн зэргийн сертификатыг тус тус нотариатаар батлуулж ирүүлээгүй. Холбоо дохиолол мэдээллийн инженер нь Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт нотариатаар баталгаажуулж ирүүлэх гэж заасны дагуу оноо хасах үндэслэл болсон. 

2.7. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл /голлох инженер, техникийн ажилчдын туршлага, ур чадварын мэдээлэл, мэргэжлийн дипломын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон ажил эрхлэлтийн хөдөлгөөний тухай мэдээллийг багтаасан хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. Мөн тушаал, хөдөлмөрийн гэрээний хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх гэж заасан. Голлох инженер Геодезийн инженер нь хөдөлмөрийн гэрээгээ ирүүлээгүй, дипломын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт нотариатаар баталгаажуулж ирүүлэх гэж заасны дагуу оноо хасах үндэслэл болсон.

2.8.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт заасан Авто телемеханикийн инженерийн мэргэшсэн сертификатыг баталгаажуулж ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт нотариатаар баталгаажуулж ирүүлэх гэж заасны дагуу оноо хасах үндэслэл болсон.

2.9. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт 1. Төсөв зохих программ хангамж 2. Totalstion/ком/ 3. Электрон нивелир/ком/ 4. Компьютер /иж бүрдэл/ 5. Төлөвлөлтийн программ /программын тодорхойлолт/ “Техник тоног төхөөрөмжийн баталгаажуулсан байдал, өөрийн бус техник бол гэрээг ирүүлэх” гэж заасан. Тоног төхөөрөмжийн иж бүрдэл дутуу байсан нь оноо хасагдах үндэслэл болсон. 

2.10. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн санал эх хувьд нотариатаар баталгаажуулж ирүүлэх голлох мэргэжилтнүүд болох Геодезийн инженер Ц.Даваахүүгийн нийгмийн даатгалын дэвтэр, магистрын диплом, авто телемехникийн инженерийн дипломын хуулбар, хөдөлгөөн зохион байгуулалтын инженер М.Батзаяагийн дипломын хуулбар, зам гүүрийн инженер Ч.Пүрэвдоржийн зөвлөх инженерийн сертификатын хуулбар, багийн ахлагч, авто замын инженер Р.Болормаагийн дипломын хуулбар зэргийг нотариатаар баталгаажсан нь тодорхойгүй сканердаж, хуулбарласан зэрэг нь алдаатай зүйлүүд байсан болно. Мөн “хуулинд заасан нотариатаар батлуулах шаардлага тавиагүй байна” гэсэн нь эсрэгээрээ хуулинд нотариатаар баталгаажуулах албагүй гэсэн заалт байхгүй болно. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтэд холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулж ирүүлэхийг тус тус заасан болно. 

“*******” ХХК-ийн хувьд: 

1. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын 2014 оны 1-12 хүртэл сар, 2015 оны 1-12 хүртэл сарын тайлан НД7, НД8 мөн Татварын суутган (1)(2) тайланг 2014, 2015 оны жилийн эцсийн тайлагнасан байдлаар ирүүлэх /нотариатаар баталгаажуулсан байх/” гэж заасны дагуу 2014 оны татварын суутган тайлан, 2014 оны 1-9 сарын, 2015 оны 1-9 сарын НД7, НД8-ыг ирүүлээгүй. Гэвч энэ үндэслэлээр тус компаний техникийн саналын онооноос хасаагүй болно. 

2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.15 дах хэсэгт 1. Төсөв зохих программ хангамж 2. Totalstion/ком/ 3. Электрон нивелир/ком/ 4. Компьютер /иж бүрдэл/ 5. Төлөвлөлтийн программ /програмын тодорхойлолт/ “Техник, тоног төхөөрөмжийн баталгаажуулсан байдал, өөрийн бус техник бол гэрээг ирүүлэх” гэж заасан. Гэвч “*******” ХХК нь тоног төхөөрөмжийн хангалтын байдал дээр стандарт хэмжил зүйн газраас авдаг сертификатуудыг ирүүлээгүй, фото зураг ирүүлсэн байсан. Энэ нь оноо хасагдах үндэслэл болсон.

3. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт заасны дагуу гүүрний инженер Хуушаан Гтэй хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд ажилд томилсон тушаал ирүүлээгүй байсан. Энэ нь оноо хасагдах  үндэслэл болсон. 

4. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт заасны дагуу багийн ахлагч Д.Баасанхүүнийн зөвлөх инженерийн сертификатын хүчинтэй хугацаа нь 2015 оын 6 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба хугацаа сунгуулах албан бичгийг тухайн байгууллагаас техникийн саналд хавсаргаагүй байсан. Энэ нь оноо хасагдах  үндэслэл болсон.

5. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Ерөнхий нөхцөлийг магадлах” гээд 14.1-14.8 дах заалтуудыг тус тус үндэслэсэн ба голлох шалгуур болох татварын тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, харилцагч банкны тодорхойлолт, тендерийн баримт бичгийг шаардсан тусгай зөвшөөрөл зэргийг үндэслэн техникийн саналыг үнэлсэн болно. 

6. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5.4 дэх хэсэгт заасны дагуу гүүрийн инженерийн мэргэшсэн зэргийн сертификат ирүүлээгүй. Цахилгааны инженерийн мэргэшсэн зэргийн сертификатыг нотариатаар баталгаажуулаагүй. Авто телемеханикийн инженерийн мэргэшсэн зэргийн сертификат ирүүлээгүй, Ажиллах хүчний график нь санал болгож буй голлох мэргэжилтний нэрстэй зөрж байсан. Эдгээр нь оноо хасагдах шалтгаан болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Гуравдагч этгээд “*******” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний захирал Х.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...Тус компани нь 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ба 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 14/662 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 1.1 Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулах, 2.3 Хотын авто зам, Замын байгууламжийн зураг төсөл боловсруулах эрхтэй болно. 

“*******” ХХК нь авто зам, гүүрийн техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлыг холбогдох норм, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх бүрэн боломжтой нийт 12 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй бөгөөд гэрээт 5 инженертэй тогтвортой хамтран ажилладаг ба эдгээрээс авто зам, гүүрийн зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй инженер-1, мэргэшсэн инженер-2, 3-аас дээш жилийн туршлагатай инженер 5 зэрэг байна. 

Авто замын зураг төсөл боловсруулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 

1.1. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15/03 дугаар гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хороолол доторх авто замын засварын ажлын техникийн зураг төсөв”:

1.2. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15/04 дугаар гэрээний дагуу “Баянзүрх дүүргийн  Засаг даргын тамгын газрын захиалгаар Баянзүрх дүүргийн  16 дугаар хороолол доторх авто замын засварын ажлын техникийн зураг төсөв”

1.3. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15/05 дугаар гэрээний дагуу “Баянзүрх дүүргийн  Засаг даргын тамгын газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хороолол доторх авто замын засварын ажлын техникийн зураг төсөв”-ийг тус тус боловсруулж, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иж бүрэн зураг төслийг АЗТХА-022/15 дугаартай зураг төсөл хүлээлцсэн актын дагуу захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн:

1.4. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗТ-05/2015 дугаар гэрээний дагуу Нийслэлийн авто замын газрын захиалгаар “Яргайтын богинын авто замын шинэчлэлийн зураг төсөв”-ийг боловсруулж, магадлалын ерөнхий дүгнэлттэй иж бүрэн зураг төслийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр АЗТХА-020/15 дугаартай зураг төсөл хүлээлцсэн актын дагуу зураг төслийг захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Мөн эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн Авто замын зураг төсөл /18,38 км/ хийх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулах тендер удирдамжийн шаардлагын дагуу материалаа иж бүрнээр бүрдүүлж, санал болгосон инженер-техникийн ажилчдын тухайн мэргэжлээрээ ажилласан туршлага, зэргийг нотлох баримт бичгүүдийг нотариатаар батлуулж хүргүүлсэн. Улмаар тус компани нь шалгарч, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээ олгох тухай мэдэгдэл ирсэн. 

Одоогоор ажлын явц нийт 80 гаруй хувьтай байгаа ба Нийслэлийн Авто замын газартай байгуулсан ЭХҮҮТП-2016.01 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 6.4 заасны дагуу Эхний шатны санхүүжилтийн баримт бичиг /захиалагч байгууллагатай зөвшилцөн баталсан авто замын ерөнхий төлөвлөлт буюу дэвсгэр зураг, инженер геологийн судалгааны тайлан, инженер геодезийн тайлан/-ийг бүрдүүлэн хүргүүлж , гэрээний нийт дүнгийн 30 хувийн санхүүжилтийг авсан болно. Тус компани нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн авто замын зураг төсөл боловсруулах ажлын хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд хайгуул бэлтгэлийн ажил, талбайн судалгаа, трассын судалгаа, инженерийн шугам сүлжээний тодруулга, геодезийн хэмжил, судалгаа, талбайн инженер геологийн судалгаа, ус зүйн судалгаа, усны тооцоо, ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт, ажлын зургийн боловсруулалт, инженер геологийн тайлан, инженер геодезийн тайлан, хучилтын тооцоо, авто замын гэрэлтүүлгийн зураг төсөл, тоноглолын зураг тайлбар бичиг боловсруулалт, техникийн шаардлага боловсруулалтын ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Мөн Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн авто замын зураг төсөл боловсруулах, ажлыг ЗД15/73 дугаартай зургийн даалгаврын дагуу мэргэжлийн байгууллагууд ба инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай зөвшилцсөн. Зураг төслийн ажлыг гэрээнд заасан ажлын хуваарийн дагуу 2016 оны 7 дугаар сард багтаан экспертиз хийлгэж магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

Иймд үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэлтэй, үнэн зөв бодитой шалгаруулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч  “*******” ХХК , “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-иудын “... “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хорооноос зарласан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Авто замын зураг төсөл хийх ЭХҮҮТП-2016.01” дугаартай тендерийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн  паркийн авто замын зураг төсөл хийх эрхийг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т шилжүүлсний дагуу тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар үнэлгээний хорооны даргаар Г.Батням, гишүүд Г.Ц, С.А, Л.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Т.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороог байгуулсан байна.

Зөвлөх үйлчилгээний тендерийн урилгад заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Авто замын зураг төсөл /18.38 км/ хийх зөвлөх үйлчилгээний /ЭХҮҮТП-2016.01/ сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Гео-Зураглал” ХХК, “*******” ХХК, “ХЗТ-Автозам” ХХК, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, “Ростов” ХХК, “*******” ХХК-иуд тендерийн материалаа ирүүлжээ.

Үнэлгээний хороо дээрх компаниудаас ирүүлсэн тендерийн материалыг хүлээн аваад 2016 оны 2 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 02, 2016 оны 3 дугаар сарын 07, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд хуралдаж үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн нийлбэр дүнгээр “Гео-Зураглал” ХХК 83.20, “*******” ХХК /техникийн саналын оноо 65.12, санхүүгийн саналын оноо 16.82/ нийт 81.94, “Эм Си Пи Си Жи” ХХК-80.17, “Ростов” ХХК-76.90, “*******” ХХК /техникийн саналын оноо 66.88, санхүүгийн саналын оноо 19.79/ нийт 86.67, “*******” ХХК- /техникийн саналын оноо 60.96, санхүүгийн саналын оноо 14.53/ нийт 75.49 оноог тус тус авсан байна. 

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЭХҮҮТП-2016.01 дугаартай зөвлөмжөөр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих “Авто замын зураг төсөл /18.38 км/ хийх зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хамгийн сайн үнэлэгдсэн компаниар “*******” ХХК-ийг тодруулж, үүнийг хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар албан бичгээр Нийслэлийн Авто замын газрын даргад мэдэгджээ. 

Мөн “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 78, 79, 80, 81, 82 дугаар албан бичгүүдээр “Гео-Зураглал” ХХК, “*******” ХХК, “ХЗТ-Автозам” ХХК, “Эм Си Пи Си Жи” ХХК, “Ростов” ХХК-нд тендерт шалгараагүй үндэслэл тус бүрийг тайлбарласан мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Уг мэдэгдлийг “*******” ХХК, “*******” ХХК-иуд хүлээн аваад шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 26116 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркад 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/1432 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байна...” хэмжээн гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлжээ. 

Улмаар Сангийн яам Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, “*******” ХХК, “*******” ХХК-иудад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/1765 дугаар албан бичгээр “...Захиалагч тус компаний ирүүлсэн тендерээс туслан гүйцэтгэгч “Инжгеотех” ХХК, “Тэкол” ХХК нарын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ дутуу, багийн ахлагч авто замын инженерийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тушаал ирүүлээгүй, авто замын инженерийн мэргэшсэн зэргийг нотариатаар баталгаажуулаагүй, хөдөлгөөн зохион байгуулалтын инженер, автомат телемеханикийн инженерийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй, ажилд томилсон тушаал байхгүй, геодезийн инженерийн хөдөлмөрийн гэрээ ирүүлээгүй зэрэг үндэслэлээр тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна” хэмээн тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хариу өгчээ. 

Нийслэлийн авто замын газрын дарга, “*******” ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн авто замын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын ЭХҮҮТП-2016.01 дүгээр гэрээг байгуулсан байна. 

Нэхэмжлэгч “*******” ХХК санхүүгийн саналд 111,341,584.0 мянган төгрөг, “*******” ХХК 128,919,080.0 мянган төгрөгийн санал, гуравдагч этгээд “*******” ХХК 94,642,011.0 мянган төгрөгийн буюу хамгийн бага үнийн санал өгсөн бөгөөд энэхүү санхүүгийн саналыг хувийн жинд оруулан тооцон оноо өгсөн үнэлгээний хорооны үнэлгээтэй нэхэмжлэгч маргаагүй болно. 

Харин “*******” ХХК-ийн техникийн саналд өгсөн гишүүдийн үнэлгээг “нэг талд хэт давуу байдал бий болгож, нэгдсэн журмаар оноо өгсөн” хэмээн нэхэмжлэгч маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв. 

Учир нь нэхэмжлэгч компаниуд Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй байхад буюу туслан гүйцэтгэгч “Инжгеотех” ХХК, “Тэкол” ХХК нарын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, үнэлгээ хийх эрхийн гэрчилгээнүүдийг нотариатаар баталгаажуулаагүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээ  дутуу, багийн ахлагч авто замын инженерийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон тушаал ирүүлээгүй, авто замын инженерийн мэргэшсэн зэргийг нотариатаар баталгаажуулаагүй, хөдөлгөөн зохион байгуулалтын инженер, автомат телемеханикийн инженерийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй, ажилд томилсон тушаал байхгүй, геодезийн инженерийн хөдөлмөрийн гэрээ ирүүлээгүй байхад тендерийн үнэлгээний хороо оноог буруулан өгсөн болох нь үнэлгээний хорооны гишүүн тус бүрийн өгсөн үнэлгээний хуудас, нэхэмжлэгч нарын техникийн саналтай  баримт бичгээр тус тус нотлогдож байна. 

Гуравдагч этгээд “*******” ХХК Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан төслийн удирдагчийн ур чадвар нь тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай ба аль нэг инженер нь заавал зөвлөх зэрэгтэй байх шаардлага байхад зөвлөх зэрэггүй инженер санал болгож, шаардлагыг хангаагүй байхад оноо өгсөн хэмээн нэхэмжлэгч маргах бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн үнэлгээнээс үзвэл 5-8 оноо өгөхөөс энэ үзүүлэлтэд 2, 4 оноо өгчээ. 

Өөрөөр хэлбэл санал болгосон инженер ажилласан жил туршлагаар шаардлагыг хангах боловч зөвлөх зэрэггүй байсан тул бага оноо өгсөн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нь баримтаар тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа нэг үндэслэл болох 2014 оны 5 дугаар сард тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн ажлын туршлага шаардлага хангаагүй гэх тайлбарын тухайд: Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5-д 2014, 2015 оны гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт /гэрээ акт/, 6.2-т Зөвлөхийн үйлчилгээний даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага: 1.5 жилээс дээш бол, 2.3-5 жил бол, 3.3 хүртэлх жил бол /12-20/ оноо өгөхөөр тусгасан байх бөгөөд үүнд “*******” ХХК 7 оноо,  “*******” ХХК 4 оноо, “*******” ХХК 3 оноо гэх зэргээр үнэлжээ. 

Энэхүү шаардлага нь ажлын туршлага 3 хүртэлх жил байхыг шаардсан байх бөгөөд 2014 онд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд энэхүү шалгуурт нийцэж байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, үнэлгээний хорооны гишүүд илэрхий нэг талыг барьж, тэгш бус үнэлгээ өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.      

“Холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулахыг хуулиар шаардаагүй” гэх маргааны хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар “тендерийн баримт бичиг” захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ. 

Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг тендерт оролцогч хуулийн этгээдүүд авч, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг тендерт оролцсон байх бөгөөд “..нотариатаар баталгаажуулсан байх..” шаардлага тавигдсаныг тухайн үед мэдэж байсан, энэхүү тендерийн баримт бичгээр шаардсан шаардлагад бага оноо авч тендерт шалгараагүй тохиолдолд маргаан үүсгэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй.     

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаниудад тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад үнэлгээ, оноо өгсөн, гуравдагч этгээдэд мөн дээр дурдсан үндэслэлүүдээр холбогдох оноог өгч үнэлсэн нь тогтоогдож байхад “огт оноо өгөх ёсгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн өөрт нь хамаарах бөгөөд үнэлгээ хэт нэг талыг барьсан талаарх маргаан үгүйсгэгдэх юм.    

Иймд дээр дурдсан дүгнэлтүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.2-т “Техникийн саналыг энэ хуулийн  14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ”, 39.7-д “Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргана.” гэж тус тус заасантай нийцсэн, нэхэмжлэгч нарын тендерт тэгш байдалтай оролцох эрхийг хариуцагч зөрчөөгүй, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.7-д тус тус заасныг баримтлан “*******” ХХК, “*******” ХХК-ийн гаргасан “... “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үнэлгээний хорооноос зарласан Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн “Авто замын зураг төсөл хийх ЭХҮҮТП-2016.01” дугаартай тендерийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА