Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0636

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0636

Улаанбаатар хот

 

С.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээд Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу С.А-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 сарын 14-ны өдрийн 107 дугаар захирамжийн “ТХ”-ийн банкинд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, 2008 оны 04 сарын 14-ны өдрийн 107 дугаар захирамжийн "ТХ" банкинд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаар захирамжаар ТХ банкны иргэн С.А-д холбогдуулан гаргасан 46,508,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байрлах 395,35 м.кв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдан төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслээд С.А-ийн ашиглаж байсан 500 м.кв газрыг Тээвэр хөгжлийн банкинд маргаан бүхий захиргааны актаар эзэмшүүлсэн байна гэж дүгнэсэн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь уг шүүгчийн захирамжаар С.А нь ТХ банкнаас зээл авсан нь үнэн, буцаан төлөх нь үнэн учраас нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг зочид буудлын зориулалттай 4 давхар барилгыг худалдан борлуулж барагдуулахаар заасан болохоос газрыг хамтад нь шилжүүлж, худалдан борлуулах талаар огт заагаагүй, харин ч газар нь уг зээлийн барьцаанд хамаарахгүй, газрыг нэмэлт гэрээгээр барьцаалсан нь хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус гэрээ болохыг дүгнэсэн байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг болон нотлох баримтыг буруу дүгнэжээ.

2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.А нь “Газар бэлэглэлийн гэрээ”-ээр маргаж буй 500 м.кв газраа иргэн М.Н-т бэлэглэсэн бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр болох нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 101\ШШ2016\00887 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2016 оны 04 дүгээр сарын  29-ний өдрийн 850 дугаар магагдлалуудаар нотлогдож байна гэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн байна.

Гуравдагч этгээд Г.Ж болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр “... тухайн үед нэхэмжлэгч С.А нь шоронд орж, ял эдэлж байсан, М.Н-т газар бэлэглэх талаар гэрээ байгуулах үед С.А өөрийн биеэр байгаагүй, тухайн үеийн ажлын албаны ажилтан н.М гэгч албан тушаалаа ашиглан, хууль бусаар газрыг бусдад шилжүүлж, түүнийхээ төлөө хожим нь ял эдэлсэн талаар тайлбар гаргасан байдаг. Мөн М.Н-т газар эзэмших эрх шилжихээс өмнө ч маш олон удаа н.М гэгч нь бусдад уг газрыг шилжүүлсэн байдаг. Энэ талаар баримт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжтай хэргийн материалд холбогдох баримтууд хавсаргагдсан байгаа болно.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан бөгөөд С.А нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээний хугацаа дууссан байхад хүсэлт гаргаагүй байна гэж дурьдсан нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Дээр дурьдсанаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа дуусах үед бол сунгуулах боломжгүй , шоронд ял эдэлж байсан бөгөөд тухайн үед түүний газар хууль бусаар бусдад шилжсэн байсан тул нэхэмжлэгч С.А-г уг үндэслэлээр буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дээрх үндэслэлүүдээс гадна Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу баримтыг бүрдүүлсний үндсэн дээр шилжүүлсэн эсэх дээр огт дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг ч бүрэн цуглуулаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А-ийн эзэмшиж байсан газрын “ТХ”-ийн банкинд шилжүүлэхдээ тус банкны албан бичгээр гаргасан хүсэлт болон Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 1068 дугаар захирамжийг зөвхөн үндэслэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамжид зээлийн гэрээний төлбөрийг зочид буудлын зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр барагдуул гэж тухайлан зааж, газартай холбоотой байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэж, шилжүүлснийг хууль бус гэж үзээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн газар эзэмших эрхийн хугацаа дуусахад яагаад сунгуулаагүй нь нэхэмжлэгч нь ял эдэлж байсан учраас боломжгүй байсан гэснийг болог иргэн М.Н газраа бэлэглэлийн журмаар шилжүүлсэн асуудал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдүүлтэй холбоотой гэх тайлбарыг хэргийн оролцогчдын зүгээс гаргасаар байхад түүнийг холбогдох нотлох баримтуудаар шалгаж, тогтоолгүйгээр , бүгд нэхэмжлэгчийн өөрийн санаатай болон буруутай үйлдэл мэтээр дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэхь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128\ШШ2017\0436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй боловч маргааны үйл баримтын талаар оновчтой дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.А 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байрлах 395.35 м.кв зоорийн давхар, мансардын хамт 4 давхар зочид буудлын зориулалттай барилга буюу үл хөдлөх хөрөнгөө барьцаалж ТХ банктай 03/209 дугаар зээлийн гэрээ байгуулсан гэрээ байгуулжээ. Түүнчлэн, 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дээрх барьцааны гэрээний хавсралт болгож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байрлах 500 м.кв газраа мөн барьцаалжээ. Үүний дагуу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй гэдэг үндэслэлээр дээрх орон сууц болон газрыг барьцаалагчид шилжүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө газар болон үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээлийн  гэрээ байгуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах, уг эд хөрөнгө байрлаж буй газаргүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан улмаар барьцааны үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болон газар ашиглах эрхийн гэрчилгээг барьцаалсан гэрээг үндэслэж, газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь С.А-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн шийдвэр биш юм.

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаар захирамжаар[1] газрын барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлээгүй харин уг барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын албанд бүртгүүлээгүй байгаа талаар дүгнэжээ.

Анхан шатны шүүх “газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон байхад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх зэргээр хэрэгт хамааралгүй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.А-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн “ТХ”-ийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ