Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01032

 

С.Өлзийгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэр,        

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Өлзийгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянга, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2009 оны 05 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажилласан. Энэ хугацаанд ажлын хариуцлага алдалгүй, хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж ирсэн. Гэтэл 2014.11.04-ний өдөр манай байгууллагын даргыг ажлаас халсан бөгөөд оронд нь Ц.Энхжаргал гэж дарга томилогдон ирж, ажлаа авангуутаа 3 хоногийн дараа 2013, 2014 онуудад гүйцэтгэлийн аудит хийлгэнэ гэж өөрөө аудитын газар хүсэлт тавьж төлөвлөгөөт биш захиалгын шалгалтыг 2015.2.23-наас 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийлгэсэн. Тэгээд төсвийг бодитой төлөвлөөгүй, хөрөнгийг бүртгэлд тусгаагүй, өөрийн орлогыг нуун дарагдуулсан гэсэн үндэслэл зааж, 2015.3.24-ний өдөр 17 дугаар тушаалаар ажлаас халсан. Ажлаас халсан шалтгаан нь энэ хүн ардчилсан намаас томилогдон ирсэн бөгөөд намайг ардчилсан намын гишүүн биш гэж хэлсэн. Би аль нэг намын гишүүн биш юм. Анх ирэхдээ өөрийн нягтлангаа авна гэж яриа гарсан бөгөөд ажлаа аваад нягтлан, нярав, нарийн бичиг, жолоочоор өөрийн хүн тавьдаг бичигдээгүй хууль байгаа гэж ярьж байсан. Иймд намайг эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн аудитын газар нь тус газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт гүйцэтгэлийн аудитыг 2015.2.23-ны өдрөөс 2015.3.10-ны өдрийн хооронд хийсэн. Аудитын шалгалтын явцад манай газрын санхүүд ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд С.Өлзий нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагын өөрийн орлогыг нуун дарагдуулах, албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашинуудын заалтыг илүү гүйлттэй байхад би мэдэж байна, миний хэлснээр бич гэж жолооч нарыг дарамтлах, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дээж авах журналыг засах гэж оролдох, ажилтнуудад дарамт шахалт үзүүлэх аргаар гаргасан зөрчлөө нуухыг оролдсон үйлдлүүдийг удаа дараа гаргасан.Нягтлан бодогч С.Өлзий нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас олон тооны санхүүгийн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон ба түүний дотроос Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнээс орох төлбөр хураамжийн бэлэн мөнгө болох 3 055 000 төгрөгийг санхүүгийн тайлан тэнцэл, бүртгэлд тусгаагүй, өөрөө хувьдаа авч хэрэглэсэн нь илэрсэн тул Аудитын газраас 05/64 тоот акт тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. С.Өлзий нь зөвхөн өөртөө ур чадварын нэмэгдэл авч байсан төдийгүй, байгууллагын няравын хийх ёстой бараа материалыг худалдан авах, зарлагын тайлан гаргах, хүлээлгэж өгөх зэрэг ажлыг няраваар дамжуулахгүйгээр өөрөө хийж, няравыг дарамтлан гарын үсэг зуруулдаг байсныг Д.Баярмаа гэрчилнэ.Иймд даргын зөвлөлийн 2015.3.23-ны өдрийн хурлаар С.Өлзийгийн асуудлыг авч хэлэлцэн, санхүүгийн алдаа дутагдал гаргасан, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, хуурамч тайлан гаргасан алдаа дутагдлын талаар ярихад буруугаа хүлээхгүй, зөвшөөрөхгүй, илэрсэн зөрчил нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэн ажлаас халсан болно.Иймд С.Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Өлзийг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Өлзийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн 105 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Өлзий нь Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт 2009.5 сараас 2015.3.24-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлын хариуцлага алдалгүй, Төрийн албаны болон бусад хууль журмын хүрээнд ажиллаж ирсэн....Би ажилд орсон цагаасаа ажилдаа хууль журмын дагуу ажиллаж харьяа дээд байгууллага болох ХХААЯ, Аймгийн СТСХэлтэс, Төрийн өмчийн хороонд жил бүрийн тайлангаа НББОС дагуу гарган цаг хугацаанд нь өгч тодорхой хэмжээгээр үнэлэгдэн өргөмжлөл, мөнгөн урамшуулал авч байсан болно. Мөн жил бүр Аудитын газраас хийгддэг санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй ажиллаж ирсэн. Ер нь бол аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг, Ц.Энхжаргал нар нь АН-ын зорилго нэгтэй хүмүүс учир аудитын шалгалт зохион байгуулалттайгаар хийж, шалтаг гаргаж, өөрийн хүнийг нягтлан бодогчоор ажиллуулах хувийн ашиг сонирхлын үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн болон Төсвийн тухай хуулийн 19 дэх заалтыг зөрчин хуулийн хүрээнд арга хэмжээ авалгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Би төрийн байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж байсны хувьд төрийн байгууллагаа хүндэтгэн, Аудитын газрын дарга С.Чинзориг, Ц.Энхжаргал нарын удаа дараагийн шахалтын улмаас аргагүйн эрхэнд ажлаа хүлээлгэн өгсөн болно....Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ аудитын шалгалтын зөрчлийг зөвхөн байгууллагын нягтлан буруутай мэтээр дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө эд хариуцсан ажилтан Ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул” гэж заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир аудитын шалгалтаар зөрчил илэрсэн боловч зөрчил нь шалгалтын явцаж бүрэн арилгаж дууссан зөрчил дээр шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэх заалтын зөрчсөн гэж үзэж байна.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүйд тооцон шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй, улмаар ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан нэхэмжлэгч С.Өлзийгийн нэхэмжлэлийг үндэслэл муутай хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь тус газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлжээ \хх-ийн 4 дүгээр тал\. Ажил олгогч тушаалдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4., 9 дүгээр зүйлийн 9.1., 20 дугаар зүйлийн 20.1.1., 20.1.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасныг баримталж, аймгийн Аудитын газрын 2015 оны 05\64 тоот акт, 2015 оны 02\20, 03\21 тоот албан шаардлага, байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэл болгожээ. Уг тушаалд ажил олгогч нь нэхэмжлэгч С.Өлзийг “төсвийн төлөвлөгөөг бодитой төлөвлөөгүй, лабораторийн шинжилгээний орлогыг нуун дарагдуулсан, тайлан тэнцэлд дутуу төвлөрүүлсэн, хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй, дутуу бүртгэсэн” зөрчил гаргасан гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтын “ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гэх нөхцөл нь ажилтны зүгээс ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зөрчилтэй холбоотой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг  зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, алдаа зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээ цуцлагдана. Иймд ажилтны гаргасан зөрчил, ажлын дутагдлын улмаас хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахад  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шаардлага хамааралтай болно. Тухайлбал, энэ зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах зарчим хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ажиллагаанд адил үйлчилнэ.  

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй байх нь хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Аймгийн Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2013, 2014 оны үйл ажиллагааг хянаж, гүйцэтгэлийн аудитын тайлан, актуудад тусгасан зөрчлүүд нь нягтлан бодогчийн үйл ажиллагаатай шууд холбоотой боловч аудит дан ганц нягтлан бодогчийн гаргасан дутагдал гэж дүгнээгүй, зөрчил гаргасан өдрийг тодорхойлоогүй тул нэхэмжлэгч С.Өлзийгийн хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Аудитын тайланд тусгагдсан үйл баримт, уг тайланд үндэслэн ажил олгогчийн зүгээс явуулсан үйл ажиллагаа зэрэг маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй гэж үзэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа нотлох баримт бүрдүүлсний эцэст дахин нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т заасан “зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсэн зарчмыг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах талаар давж заалдах гомдол гаргасан боловч хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхийг хүсчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон Г.Уянга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүхэд тайлбарласан боловч хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлөгчдөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгоогүй байна. Уг итгэмжлэлд Г.Уянга нь хариуцагч байгууллагыг төлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, тайлбар хүсэлт гаргах эрхийг л эдлэх талаар заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1.Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН