Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00648

 

 

2024 оны 6 сарын 7 өдөр Дугаар 155/ШШ2024/00648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Г А-ийн Д,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00508/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1992 онд Ховд аймагт физикийн багшаар сургууль төгсөж байсан. Сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд физикийн багшаар ажилд орсон. Ажилд орж байсан тушаал байгаа. Ажлаас гарсан тушаал байхгүй. Ийм учир шүүхэд хандах болсон. 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 2 дугаар 10 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Г А-ийн Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А- овогтой Дд Ховд аймаг дахь Улсын Багшийн Их сургуулийн захиргаанаас 1922 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон №416392 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Шинээр сургууль төгсөж ирсэн, шилжсэн багш нарыг хуваарилах тухай №50 дугаартай тушаал болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...А- овогтой Д нь тус сургуульд 1992 оны 06 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлов. ... гэх бичилт бүхий албан бичиг, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-8, 11-47 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Э, С.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 51-55 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч А.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

А- овогтой Дд Ховд аймаг дахь Улсын Багшийн Их сургуулийн захиргаанаас 1922 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон №416392 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №50 дугаартай Шинээр сургууль төгсөж ирсэн, шилжсэн багш нарыг хуваарилах тухай тушаал болон түүний ...№ 6., Овог нэр А- Д, Аль сургууль төгссөн Хо БДС 1992, Ажиллах газрын нэр, эрхлэх албан тушаал Мөрөн II 10 жилд физ/мат, Тушаал I/VII... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

Монгол улсын гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...А- овогтой Д нь тус сургуульд 1992 оны 06 дугаар сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлов. Тухайн саруудад авч байсан цалингийн түүврийг хавсаргав. гэх бичилт бүхий 01/115 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн 1992-1994 онуудад авч байсан цалин тооцооны хүснэгтийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм Ерөнхий боловсролын сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 11-47 дугаар хуудас)

Гэрч М.Эы ...А.Д нь 1991-1994 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуульд физик, математикийн багшаар ажиллаж байсан. Тэгээд шилжээд явсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч С.Эийн ...А.Д нь их сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилд 1992 оноос эхлээд 4, 5 жил математик, физикийн багшаар ажилласан. Тэгээд өөр сургууль руу шилжсэн. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 52, 54 дүгээр хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Д нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г А-ийн Дгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар сургуульд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН