Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/00640

 

 

2024 оны 6 сарын 6 өдөр Дугаар 155/ШШ2024/00640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х***од оршин суух, Г П-гийн Н,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2024/00471/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1964 онд П-гийн хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөж, тэр ондоо Завхан аймгийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж цахилгаан ба хийн гагнуурын ангид 2 жил суралцаж төгсөөд 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт цахилгаан гагнуурчнаар ажилд орсон. 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаад цэрэгт явах болсон. Барилга конторт ажилласан нэг жилийн ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа ч аймгийн архивын газраас шүүлгэхэд 100 дугаар тушаал гарсан боловч миний нэр байхгүй байгаа юм. 1983 онд Ардын армид 3 жил алба хаагаад 1986 онд халагдаж ирсэн. Ардын армийн архиваас лавлагаа авсан. 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газар авто засварчнаар ажилд орж 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс засварчны ажлаас чөлөөлөгдөж жолоочоор шилжиж ажилласан. 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Тээврийг удирдах газар 19 дүгээр бааз хоёр тус тусдаа салсан тул 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 19 дүгээр баазад жолоочоор ажиллах болсон. 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 19 дүгээр бааз маань дотроо компанийн үйл ажиллагаанд шилжээд Тээвэрчин компани болж тээврийн хэрэгсэлтэйгээ тухайн компанид орж ажиллаж эхэлсэн. 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 19 дүгээр баазад ажиллаж эхэлсэн тушаал байгаа боловч 1995 онд чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа. 1995 онд хууль хэрэгжиж эхлээд хөдөлмөрийн дэвтрийг хаасан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Тээвэрчин бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Г П-гийн Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас П- овогтой Нд 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон №009654 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийг удирдах газрын захиргаа, ҮЭ-ийн хорооноос П.Нд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тээвэрчин ББХК компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Авто тээврийн XIX баазын даргын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай Ажилд авах тухай тушаал болон түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 199 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал болон түүний хавсралт, БНМАУ Тээврийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай Ажлаас чөлөөлж шилжүүлэн ажиллуулах тухай 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай Ажилд авах тухай тушаал, ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №100 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай №19 дугаартай тушаал болон түүний хавсралтад тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06/428 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П- овогтой Нямдагвын №А1015828 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон Нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №1700003926 дугаартай Баталгаажилтын хуудсыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-18, 42, 43 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.З, Ч.Ц, Д.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 47-54 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Н-ын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасагаас П.Нд холбогдох лавлагаа, ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай №19 дугаартай тушаал болон түүний хавсралт, БНМАУ Тээврийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд авах тухай №27 дугаартай тушаал, БНМАУ Тээврийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлж шилжүүлэн ажиллуулах тухай №89 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Засварын ажилчин ХЗБУ-ын нэгдсэн бригадыг зохион байгуулан ажиллуулж ажлын чанарыг дээшлүүлэх тухай 15 дугаартай тушаал болон түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Авто тээврийн XIX баазын даргын 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд авах тухай №19 дугаартай тушаал болон түүний хавсралт, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... Барилга угсралтын конторын цалингийн цэс манай архивд шилжиж ирээгүй. ... гэх бичилт бүхий 11/493 дугаартай албан бичиг, П- овогтой Нямдагвын Тээврийг удирдах 19 дүгээр баазад 1987 оны 2-10 дугаар сар, 12 дугаар сар, 1988 оны 1-4 дүгээр сар, 6, 8, 10, 12 дугаар сар, 1990 оны 1-7 дугаар саруудад авч байсан цалин хөлсний зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-27, 30-37, 40, 41 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Тээвэрчин бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч П.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч П.Н нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Тээвэрчин бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

П- овогтой Нд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон №009654 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас)

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ТМС төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай №19 дугаартай тушаал болон түүний ...д/д 8, Овог нэр П- Н, Эрэгтэй эмэгтэй эр, Хаана ТМС төгссөн Завхан, мэргэжил Гагнуурч, зэрэг 4, Ажилд томилогдсон сар өдөр 16/VII, Аль бригадад очсон Тоосго Т/төхөөрөмж... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 17, 31 дүгээр хуудас)

БНМАУ Тээврийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газрын даргын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай ...П-н Н... нарыг 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс засварчнаар ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд авах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 15, 32 дугаар хуудас)

БНМАУ Тээврийн Яамны харьяа Хөвсгөл аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай ...П-н Н нарыг засварчнаас чөлөөлж 1988 оны 04 дүгээр сарын 20-ноос жолоочоор түр шилжүүлэн ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлж шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 14, 33 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 199 дугаартай тушаал болон түүний ...331. П.Н, жолооч ... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай Засварын ажилчдын ХЗБУ-ын нэгдсэн бригадыг зохион байгуулан ажиллуулж ажлын чанарыг дээшлүүлэх тухай тушаал болон түүний ...нэгдсэн бригадын бүрэлдэхүү гэх хэсэгт 15.П.Н, албан тушаал, мэргэжил гэх хэсэгт засварчин, зэрэг гэх хэсэгт 4 гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тээвэрчин ББХК компанийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №13 дугаартай тушаал болон түүний ...Овог нэр 52.П- Н, албан тушаал хэсэгт жолооч... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Авто тээврийн XIX баазын даргын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд авах тухай №19 дугаартай тушаал болон түүний ...Овог нэр 52.П- Н, албан тушаал хэсэгт жолооч... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10, 11, 36-37 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн П- овогтой Нямдагвын Тээврийг удирдах 19 дүгээр баазад ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 2-10 дугаар сар, 12 дугаар сар, 1988 оны 1-4 дүгээр сар, 6, 8, 10, 12 дугаар сар, 1990 оны 1-7 дугаар саруудын цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 30-37, 40, 41 дүгээр хуудас)

Тээврийг удирдах газрын захиргаа, ҮЭ-ийн хорооноос П.Нд 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Хүндэт нөхөр П.Н танд 1987 оны намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхайлах зорилгоор зарласан өндөр бүтээлийн болзолт уралдаанд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархаж баярыг бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав. гэх бичилт бүхий Баярын бичигийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Тээврийг удирдах гаазр, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт Жолооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

Гэрч Г.Н-ийн ...П.Н нь Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газар 19 дүгээр баазад 1987 онд жолоочоор ажилд ороод 1994 онд тарах хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг,

Гэрч П.Згийн ...П.Н нь 1987 оноос Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт селесарь, жолоочоор 1992 он хүртэл ажилласан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газар нь Тээвэрчин компани болж, Тээвэрчин компанид жолоочоор 1997 он хүртэл ажилласан. 1997 онд Тээвэрчин компани татан буугдсан юм. ... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Цын ...П.Н нь Тээврийг удирдах газар 19 дүгээр баазад 1987 онд сургуулиа төгсөөд засварчнаар ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт селесарь, жолоочоор 1992 он хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 48, 50, 52 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Тээвэрчин бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч П.Н нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 42 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г П-гийн Нямдагвын Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймгийн Тээвэрчин бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Нямдагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН