Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/88

 

 

 

 

2022         12                20                                                 88

 

С.Б, П.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг

            Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, шүүгдэгч П.Б өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн 2134003900124 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 04-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг, 11-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт П Б

 

Монгол улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 01-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Билүүтийн 10-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт С Б

 

С.Б, П.Б нар нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.О-тай архи хамт уух явцдаа маргалдаж улмаар А.О-ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

П.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.О-тай хамт архи уух явцдаа маргалдаж, улмаар А.О-ын толгойн тус газар шилтэй архиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт С-ын Б, шүүгдэгч М овогт П-ийн Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай,

шүүгдэгч М овогт П-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Б, П.Б нарыг тус бүр 3 жил 6 сар хорих,

шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б, С.Б нарт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 6 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч П.Б 6 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтууд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б, П.Б нар нь хохирогч А.О-д 4.200.518 төгрөг төлсөн, хохирогч А.О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.700.000 төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр хөлтэй сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч С.Б, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бусдын биед хүнд хохирол санаатай учруулан 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тус зүйл заалт нь тухайн хүн бусадтай санаа зорилго нэгтгэн бусдыг нийлж хүнд гэмтээсэн тохиолдолд тухайн иргэнийг энэ зүйл заалтын дагуу шийтгэдэг гэсэн байдаг. Миний хувьд тухайн хэргийг үйлдэхдээ бусадтай санаа зорилго нэгтгэсэн, мөн урдаас өс хонзон санасан зүйлгүй.

 

Анхаарал болгоомжгүйгээс тухайн хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн тэтгэврийн насны эцэг, эх хоёртойгоо амьдардаг, тэднийгээ асран хамгаалдаг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан бодит үнэнийг тогтоогоогүй. 

 

Тухайлбал: Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 01-нд хохирогч А.О-ыг шүүгдэгч нар бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж шүүхээс дүгнэж хорих ялаар шийтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын оролцсон оролцоог нарийвчлан тогтоолгүйгээр тэднийг бүлэглэн хохирогчид хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нар ажлын байрандаа амралтын өрөөндөө байж байхад хохирогч согтуурсан үедээ тэдний байранд агсам тавьж эрх чөлөөнд нь халдаж байхад П.Б түүнийг архитай шилээр толгойн тус газарт нэг удаа цохисон үйлдэл байдаг, өөр цохиж зодон, шүүгдэгч нар бүлэглэсэн зүйл байхгүй. Хохирогч  тууштай үнэн зөв мэдүүлэг өгдөггүй гурван өөр мэдүүлэг өгдөг. Анх С.Б баруун талын хавирга руу сандлаар цохисон гэж худал мэдүүлж эхэлсэн. Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ хохирогчийг газарт унасан байхад хавирганд нь хоёр удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Иймд хэргийн байдалд үнэн зөв дүгнэлт өгч шүүхээс П.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч А.О-ыг шүүгдэгч П.Б-тай бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй учир бүлэглэсэн гэх хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон. Хохирогчийг П.Б толгойн тус газарт нь шилтэй архиар цохин түүнийг доошоо суухад нь С.Б, П.Б нар хоёр талаас нь зэрэг зодон, үйлдлээрээ нэгдсэн нь тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Харин шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан торгох ялыг түүнд оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэх, эсхүл багтаах замаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулах дүгнэлтийг оруулж байна гэв.

 

Шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч С.Б-ын сандлаар цохисноос үүссэн гэмтэл гэдгийг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгч П.Б хохирогчийн тархин тус газарт архины шилээр цохисон үйлдэл байгаа. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж хорих ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч С.Б анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцээгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б, П.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Б, шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

Шүүгдэгч  С.Б, П.Б нар нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14-15 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.О-тай хамт архи ууж байхдаа маргалдаж түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

Мөн шүүгдэгч П.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14-15 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэн хун” ХХК-ийн ажилчдын байранд байрлах өрөөндөө иргэн А.О-тай архи хамт ууж байхдаа маргалдан улмаар А.О-ын толгойн тус газар шилтэй архиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдлоо.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч А.О-ын “...С.Б, П.Б хоёр чи мөрөөрөө зайл дуугай яв гэхээр нь би Хуягааг аваад явлаа гэсэн чинь чи мөрөөрөө зайл гээд байсан, зайлахгүй бол ална шүү гэж П.Б хэлсэн. Би зайлахгүй гээд хэлтэл П.Б миний араас архины шилээр толгой руу цохисон, толгойноос цус гарахаар нь би толгойгоо бариад сууж байтал С.Б зайл гээд байхад зайлалдаа гэхээр нь би зайлахгүй намайг алаад эндээс гаргаарай гэсэн. Тэгсэн С.Б тэгвэл алчийлдаа гээд араас сандлаар миний нурууны баруун тал руу цохих гээд далайгаад цохих гэхэд нь би гараараа нүүрээ дартал баруун талын хавирга руу сандлаар цохисон. Би ч доошоо гараараа цус гарч байсан толгойгоо дараад хэвтсэн, энэ үед П.Б, С.Б хоёр намайг гар болон хөлөөрөө өшиглөж зодсон. Гаднаас хажуу өрөөний хүмүүс орж ирээд салгаж байсан... ” гэх,

“...эхлээд П.Б миний толгой руу бүтэн 0.5 граммтай бүтэн архиар цохисон, тэгээд би толгойгоо бариад доошоо суухад П.Б, С.Б хоёр хоёулаа зэрэг нийлээд зодсон. Хэсэг болиод надтай муудалцаж байснаа зайлаад өг гээд байхад зайлалдаа гээд С.Б хэлсэн. Зайлахгүй гээд би хэлсэн чинь ахиад П.Б, С.Б хоёр хоёулаа зодоод эхэлсэн, зодож байхдаа ар нуруу руу нэг сандлаар цохиод авсан, хэн нь сандлаар цохисон талаар мэдэхгүй...” гэх,

“...П.Б нь архины шилээр толгой руу цохиж гэмтэл учруулсан, тухайн архины шил нь 1-2 удаа уусан архитай шил байсан. ...миний бодож байгаагаар С.Б сандлаар ар нуруу хэсэгт цохиж гэмтэл учруулсан”[1] гэх,

 

Гэрч Д.Бямбажавын “...15 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу залгаад би хүнд зодуулчихлаа гэсэн, би тэгээд видео чатаар яриад хартал толгой энэ тэр нил цус болсон байсан...”[2] гэх,

 

Гэрч П.Ганхуягийн “...С.Б гэх залуу А.О ах бид хоёрыг гадны новшнуудыг сумын төвөөр алхуулахгүй, бид хоёрыг ална гээд С.Б А.О ахыг бариад авсан чинь П.Б А.О ахын толгой руу шилтэй 0.5 граммын “Хараа” архиар цохиод авсан, намайг С.Б ална гээд бариад ав гэхээр нь би гараад зугтаасан..., ...тэгээд юу болсон талаар мэдээгүй өрөөнд ороод байж байхад О.Отгонбат ах нил цус болсон ороод ирсэн..., ...С.Б А.О ахыг бариад П.Б архиар цохисон, А.О ах газар унахад нь С.Б, П.Б хоёр А.О ахыг цээж, нуруу руу өшиглөсөн...”,

“...П.Б нь А.Оын толгойг цохиход архины шил нь хагарсан. Намайг харж байхад нэг л удаа цохиод шил нь хагарсан. А.Оыг архины шилээр цохисны дараа хөлөөрөө өшиглөсөн...”[3] гэх,

 

Гэрч Н.Батцэнгэлийн “...амарч байхад хүн орилох чимээ гаран, ингээд тус өрөөнд яваад очиход А.Оын нүүрнээс цус гарсан, П.Б, С.Б хоёр орилоод бие, биеэ ална, тална гэж орилоод байж байсан...”[4] гэх,

 

Гэрч Г.Бат-Өлзийн “...согтуурлыг шалгахад П.Б 0.83 хувь, С.Б 0.36 хувийн согтолттой гарсан...”[5]гэх,

 

Гэрч Н.Рэнцэндоржийн “...намайг салгах үед П.Б А.О хоёр хоорондоо барилцсан байсан, С.Б ах мөн А.О ахтай хоорондоо маргалдаж цохисон. ...П.Б, А.О хоёр хоорондоо л бие биеэ цохиод байсан...”[6] гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10826 тоот “...А.Оын цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчил, баруун 10, 11-р хавирганы хугарал, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүү, баруун шуунд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун хацар, баруун чих, дээд уруул, эрүү, баруун тохой, зүүн шуу, зүүн сарвууд зулгаралт, баруун хацар, дээд уруулд цус хуралт, цээж, хэвлийд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..”[7] гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...А.О-ын биед учирсан цээжний баруун хөндийд хий хурагдалт, баруун уушгины бүрэн бус авчил, баруун 10, 11-р хавирганы хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг, зүүн чамархайн хуйх, дагзны хуйх, хүзүү баруун шууны шарх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, “...хохирогч А.О-ын биед үүссэн хүнд гэмтэл өшиглөх болон хатуу зүйлээр цохих зэрэг аль, аль үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг[8] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруу нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээс хамааран санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж үздэг бөгөөд тус зүйлийн 3-т “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” хэмээн заасан.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” хэмээн хуульчилсан тул прокуророос шүүгдэгч С.Б, П.Б нарт бүлэглэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэн хохирогч А.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар,

шүүгдэгч П.Б-н хохирогчийн толгой хэсэгт архины шилээр цохин хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б, П.Б нарын гэм буруугийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцжээ.

 

Мөн шүүхээс шүүгдэгч С.Б, П.Б нар бүлэглэн хохирогч А.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас үүссэн хор уршгийг арилгах зорилгоор хохирогчид 4.200.518 төгрөг нөхөн төлснийг энэ хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тус бүр 3 жил 6 сар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

шүүгдэгч П.Б хохирогч А.О-д хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчмыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэглэсэн, мөн түүнд оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлж барагдуулах талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан бусад хэсгийг нь хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын “...хохирогч А.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа бусадтай санаа зорилгоо нэгтгэн уг гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй...” гэх, шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүгдэгч П.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл тус бүр 97 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан шийдвэрлэснийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овогт П-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг,

 

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад  нь эдлүүлсүгэй...” гэж,

 

7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, П.Б нар нь хохирогч А.О-д 4.200.518 төгрөг төлсөн, хохирогч А.О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.700.000 төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг,  өөрчилж,

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б, П.Б нар нь хохирогч А.О-д 4.200.518 төгрөг төлсөн, хохирогч А.О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1.700.000 төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж тус тус өөрчилж,

 

5 дахь заалт болгон “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаа эдэлж дууссанаас хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулан,

 

Тогтоох нь хэсгийн дугаарлалтыг “5-12” гэснийг “6-13” болгон өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Б, П.Б нар нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус бүр 97 хоног цагдан хоригдсон тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 16-17, 20-25-р тал  

[2] хх-ийн 1-р хавтас 30-31-р тал

[3] хх-ийн 1-р хавтас 35-36, 38-р тал

[4] хх-ийн 1-р хавтас 43-44-р тал

[5] хх-ийн 1-р хавтас 46-47-р тал

[6] хх-ийн 1-р хавтас 49-50-р тал

[7] хх-ийн 1-р хавтас 64-66-р тал

[8] Хх-ийн 1-р хавтас 73, 168-р тал