Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/шш2024/0600

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, М.М*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан “Х******* б******* г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Амгалан дулааны станц “ТӨХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Амгалан дулааны станц ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/311 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд АДС/2024/02******* тоот тендерийн Багц-1 ажлын хувцас тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” гэжээ.

Нэхэмжлэгч “Х******* б******* г*******” ХХК-ийн захирал Б.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ“...Гуравдагч этгээд “П П П Э Ж Э” ХХК-ийн зүгээс “Амгалан дулааны станц” ТӨХК-тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24/57 дугаар “Ажлын хувцас худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, ажлаа аль хэдийн эхлүүлсэн талаарх тайлбараа гэрээний хамт шүүхэд ирүүлсэн байна. Нэгэнт хариуцагч нь гуравдагч этгээдтэй “Ажлын хувцас худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, ажлаа аль хэдийн эхлүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх    тухай    хуулийн     20   дугаар   зүйлийн   20.1.1-т   заасныг  үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд “Х******* б******* г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Амгалан дулааны станц” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох  захиргааны хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэгэнт гуравдагч этгээдээс ажлаа хийгээд талаас дээш хувийг нь хийж гүйцэтгэсэн, 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа бүрэн гүйцэтгээд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Нэхэмжлэгч хэдийгээр эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа боловч гуравдагч этгээд ажлаа хийгээд эхэлсэн байгаа учраас нэг салбарт ажилладаг байгууллагын хувьд хэдий хэмжээний зардал мөнгө, хүч зарж ажилладаг болохыг мэд*******йн хувьд энэ удаад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад, захиргааны хэрэг үүссэний  дараа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан байдаг. Энэ асуудлаа мэдэгдэлгүй удаан хугацаанд явсан ийм нөхцөл байдлууд байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар болсон. Цаашид захиргааны байгууллага хувийн хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажиллана биз” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“Х******* б******* г*******” ХХК-аас Амгалан дулааны станц ТӨХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Амгалан дулааны станц ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Амгалан дулааны станц ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/311 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Амгалан дулааны станц ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд АДС/202402******* тоот тендерийн Багц-1 ажлын хувцас тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “Х******* б******* г*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүх хуралдаанд  гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн “Х******* б******* г*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч “Х******* б******* г*******” ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Х******* б******* г*******” ХХК-аас Амгалан дулааны станц ТӨХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Амгалан дулааны станц ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Амгалан дулааны станц ТӨХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/311 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Амгалан дулааны станц ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд АДС/2024/02******* тоот тендерийн Багц-1 ажлын хувцас тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ