Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

      

      

 

 

 

   

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Ч.Ээд холбогдох 1705010180254 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ч.Э, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д туслах ажилтан ажилтай, ..........дүүргийн ... дүгээр хороо .....дугаар гудамж .......тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ......... дүүргийн .... дүгээр хороо .......хотхоны ... дугаар байрны ...тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 12 дугаар байрны 3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                   

                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Цийн “Би нөхөр болох Эрдэнэсүхтэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод хэрүүл маргаан үүсгэсэн юм.Тэгтэл манай нөхөр намайг үсдээд сэгсрээд байсан. Тэгээд би толгойгоороо хана мөргөсөн. Мөн миний 2 гарнаас бариад мушгиад байсан. Тэрнээс болоод зүүн талын мөрөнд бага зэргийн хөнгөн гэмтэл үүссэн. Мөнгө санхүүгийн тал дээр маргалдаад мөн би багш нарын  баяр тэмдэглэж яваад гар утсаа хаясан юм. Түүнээс болоод манай нөхөрт бага зэргийн хардалт үүсээд ийм зүйл болсон. Одоогийн байдлаар миний бие зүгээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Д.Рэнчинмаагийн “Би Эрдэнэсүхийн ээж нь юм. ... Одоо бол эхнэр Цэрэнгаваагийнхаа 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Тиймээ. Эхнэрээ зодсон гэж сураг сонссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №12920 дугаартай актын:

“1. Ц.Цийн биед тархи доргилт, зүүн тохойнд цус хуралт, зүүн чамархай, баруун зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Ч.Эийн яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 12-3 тоотод байрлах гэртээ орой 20 цагийн орчимд байж байхдаа би эхнэр Цэрэнгавааг “хүүхдүүддээ хурааж байсан мөнгөө чи яагаад үрсэн юм бэ” гэж асуухад “би цалин буухаар буцаагаад хийчихнэ байнга л авдаг биз дээ” гээд хэлэхээр нь “би авсан ч яадаг юм” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан.

Тэгэхэд манай эхнэр над руу орилоод болохгүй байхаар нь  чи дуугүй гэж хэлээд салаавч өгчихсөн м. Тэгээд манай эхнэр ирээд толгой руу гараараа цохьсон тэгэхээр нь уур хүрээд хоёр гарыг нь барьж мушгиад “би хүний мөнгө өгмөөр байна чи одоо мөнгө өгөөдөх” гэж хэлээд би байрны бичиг баримтуудыг аваад гарах гэхэд Цэрэнгаваа миний араас ирээд зууралдаад “гаргахгүй” гэж хэлээд тавихгүй байсан. Миний араас зууралдаж нүүр лүү самардах гээд байхаар нь би үсдээд доош нь дараад шалан дээр эхнэрээ унагаад хаалга руу явахад дахиад барьж аваад тавихгүй болохоор нь би тавиулах гээд баруун гарнаас нь бариад угз татахад эхнэр маань толгойгоороо хана мөргөчихөөр нь би гараад явчихсан.

... Би өөрийн болчимгүй үйлдлийн улмаас ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Надад хуулийн хүрээнд хөнгөн ял оноож өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  Ч.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Эийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Ч.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ч.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Э торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Ч.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ээд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ