Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух,  З.Б-н  

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2015/01187/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний нэрийг З.Б гэдэг бөгөөд албан ёсны баримт бичгүүдэд бүгдэд нь Б гэсэн нэрээр байгаа. Гэтэл намайг бага байхад гэрийнхэн маань Баяраа гэж дууддаг байсан, тэр нэрээр хүмүүс намайг Баяраа гэж нэрлэсээр анх Ц нэгдэлд ажилд орсон болон нэгдлийн гишүүнээс чөлөөлөгдсөн тушаалыг маань З.Б гэж гаргасан байна. Иймд Ц  сумын Ц нэгдлийн даргын 1973 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14, Ц  сумын Ц нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №02 дугаар тогтоол, тэдгээрийн хавсралтуудыг нотлох баримтаар үнэлж өгнө үү.

      Би 1970 онд Х аймгийн Ц сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд, 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын Ц   нэгдэлд хөрөө рамд ажилчнаар анх ажилд орж ажиллаж байгаад, 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс цэрэгт явах болсон тул Ц   нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №21 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үед нэгдлийн туслах үйлдвэрийн салбаруудад ажиллаж байгаа боловч тушаал нь гараагүй ажилчдын тушаалыг Ц   нэгдлийн даргын 1973 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14 дүгээр тушаалаар нөхөж гаргасан. Би тушаалгүй 2 жил 10 сар ажилласан байна.

Ингээд 1976 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Ц   нэгдлийн даргын 1976 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №106 дугаар тушаалаар тус нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажилд орж ажиллаж байгаад Ц   нэгдлийн даргын 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №59 дугаар тушаалаар тракторчийн курст явах болсон тул 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөж курст явсан. Тракторчийн курс төгсөж ирээд мөн Ц   нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №131 дүгээр тушаалаар тус өдрөөс эхлэн тус сумын Ц   нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /нэгдэл тартал/ ажилласан болно.

Миний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар тухайн үеийн нэгдлийн боловсон хүчин тэмдэглэл хийсэн байгаа боловч зарим тушаалын хуулбарууд байхгүй тул Нийгмийн даатгалын байгууллагаас нэгдэлд ажиллаж байсан байдлаа заавал шүүхээр тогтоолго гэсэн тул намайг Ц  сумын Ц нэгдэлд 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл рамын ажилчнаар, 1976 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх З.Б-тай ойролцоо хөрш байдаг байсан бөгөөд сургуульд байхад нь бид Б-г Баяраа гэж дууддаг байсан. Миний эгчтэй нэг ангид сурдаг байсан юм. Сургуулиас гарч 1970 онд хөрөө рамчнаар ажиллаж байгаад цэрэгт яваад, 1976 онд цэргээс халагдаж ирээд тракторын курст суралцаж Х аймгийн Ц сумын Ц   нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэл тартал ажилласан юм. Тракторын курс явсан хугацаанаас бусад хугацаанд тасралтгүй ажилласан. Сумын захиргаа шатсан учир баримт олдохгүй байгаа. Одоо тэтгэвэрт орох гэж байгаа юм, мөн зарим тушаалд Баяраа гэж бичигдсэн байгаа. Тухайн үед би тус нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан. Иймд З.Б-ийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

З.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч З.Б-ийн шүүхэд ирүүлсэн зарим нотлох баримтад түүний нэр Баяраа гэж бичигдсэн болох нь гэрч Д.Оюунчимэгийн ...З.Б нь айлын ганц хүү байгаа юм.. Нутгийн хүмүүс нэрийг нь Баяраа гэж дууддаг юм. Одоо ч Баяраа гэж богино нэрээр дууддаг. Түүнээс Б гэдэг нэртэй юм. Б нэрээр нь ч хүмүүс сайн мэднэ...Намайг нэгдэлд ажиллаж байх үед З.Б нь тракторын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн ...Миний нэрийг З.Б  гэдэг бөгөөд албан ёсны баримт бичгүүдэд бүгдэд нь Б гэсэн нэрээр байгаа. Гэтэл намайг бага байхад гэрийнхэн маань Баяраа гэж дууддаг байсан, тэр нэрээр хүмүүс намайг Баяраа гэж нэрлэсээр анх Ц   нэгдэлд ажилд орсон... гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн даргын 1973 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14, Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоол, тэдгээрийн хавсралтуудын хуулбаруудыг нотлох баримтанд үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч З.Б Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд рамын ажилчин, Х аймгийн Ц сумын Ц   нэгдэлд 1976 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Ц сумын Ц   нэгдлээс 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөн олгосон 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн рамын ажилчнаар ажиллуулав, 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн рамын ажилчны үүрэгт ажлаас цэрэгт явах болсон тул чөлөөлөв, 1976 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн барилгачнаар ажиллуулав, 1979 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн курст суралцах болсон тул Ц  сумын Ц нэгдлийн барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ц  сумын Ц нэгдлийн тракторын жолоочоор ажиллуулав, 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Ц   нэгдлийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн даргын 1973 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ...2. Сумын үйлдвэрчний хороотой тохиролцсоны үндсэн дээр 4 дүгээр бригадын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлс олгож байсан баримт материалуудыг үндэс болгож 1970 оноос хойш ажилд орсон ажилчдын ажилласан хугацааг дор дурьдснаар нь тооцсугай. Үүнд:...8. З-н Баяраа, рамын ажилчин, 1970-09-01... гэх бичилттэй Туслах үйлдвэрийн ажилчдыг томилох тухай 14 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1. Тус нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ардын аж ахуйтан болохоор өргөдлөө ирүүлсэн нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс чөлөөлсүгэй...3. Нэгдлийн гишүүнээс гарсан гишүүдийг хавсралтаар баталсугай гэх бичилттэй Гишүүнээс чөлөөлөх тухай 2 дугаартай тогтоол болон түүний ...502. З.Баяраа... гэх бичилттэй хавсралтын хуулбарууд, гэрч Д.О-ийн З.Бнь миний төрсөн ах Найдансүрэнтэй 1970 онд Цагаан-Үүр сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөж байсан юм. Сургуулиа төгсөөд Ц  сумын Ц нэгдэлд хөрөө рам дээр ажилладаг байсан. Тэгээд 1973 онд манай ахтай хамт цэрэгт явж байсан юм. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ ажиллаж байгаад 1979 онд манай ахтай хамт тракторын курст явж байсан. Тракторын жолооч болж ирээд мөн тус нэгдэлдээ тракторын жолоочоор ажиллаж, нэгдэл тартал ажилласан...Ц   нэгдэл 1992 онд тарсан... Миний талийгаач ах Найдансүрэнтэй хамт нэг анги төгсөж, хамт нэгдэлд элсэн орж, хамт тракторын курст явж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн санаж байна...З.Б тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

З.Б-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний баримт байхгүй болох нь Х аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тус сумын 2 дугаар багийн иргэн З-ын Б нь 1973-1992 онд Ц   нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамчин, тракторын жолоочоор ажиллаж байсан боловч 1997 онд сумын Засаг даргын тамгын газрын контор шатахад архивын бүх баримт шатсан учир ямар ч гэрчлэх баримт үлдээгүй болно гэх бичилттэй 03/148 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт баримтуудаар нотлогдож байх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.Б-ын  Х аймгийн Ц сумын Ц   нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд рамын ажилчин, Х аймгийн Ц сумын Ц   нэгдэлд 1976 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА