| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04565/И |
| Дугаар | 181/ШШ2024/04049 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/04049
2024 10 24 181/ШШ2024/04049
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ЧӨЧ 11/1 гудамж, Моба ХХК-ийн байр, 202 тоотод байрлах, "Э" ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С М /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Э" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... С.М нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 5 гудамж, 130 тоотод оршин сууж байх хугацаандаа "Э" ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр EC2120061 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч С.М нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 676,648.05 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 700,000 төгрөгийн зээл төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болох боловч хуваарийн дагуу төлөх төлбөрөөс 10,459,469.94 төгрөг зөрчилтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл Үндсэн зээл 25,270,951.84 төгрөг, хүү 554,547.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,556.48 төгрөг нийт 25,900,055.58 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Баянзүрх дүүрэг, 37-р хороо /БЗД 12-р хороо салсан/-оос нь тодруулахад улсын бүртгэлээр бүртгэлтэй ч оршин суудаггүй байна.
Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч С.М /РД:/-ийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.П томилсон 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээл хүсэгчийн өргөдлийн маягт, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "Э" ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч "Э" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.М Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж байна.
4. С.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.М оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "Э" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч С.М эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч "Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Чулуут 5 дугаар гудамж, 130 тоот хаягт бүртгэлтэй, С М /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. С.М эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "Э" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. С.М оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ