| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04860/И |
| Дугаар | 181/ШШ2024/04050 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/04050
2024 10 24 181/ШШ2024/04050
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэрт байрлах, А ББСБ ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х Б /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч Х Б нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7100319865 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 23 өдрийн 7100235349 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7100223957 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 2,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7100531113 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 360,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7100284996 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7100568447 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 80,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 7100539089 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 170,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 06 сарын 01-ний өдрийн 7100456492 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 160,000 төгрөгийн зээлийг 2,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2023/19312 дугаартай захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х Б эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2023/19312 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.М томилсон 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/6680 тоот итгэмжлэл, зээл, зээл хүүгийн тооцооллын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Х.Б Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Х.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Х.Б оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2023/19312 дугаар захирамжаар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Х.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, 38 дугаар гудамж, 88 тоот хаягт бүртгэлтэй, Х Б /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Х.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Х.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ