| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0017/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч С.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Сайнбаярын Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710009770252 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сайнбаярын И
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.И нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биогийн 22-124 тоотод хамт архи ууж байсан Б.Бтай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.И: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой эвлэрсэн, саяхан уулзсан биеийн байдал нь сайн байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед эхнэр Номиундарийн хамт найз Итай 13 дугаар хороололд уулзсан, тэндээсээ Хан-Уул дүүрэгт байх Иын гэр рүү нь хамт явсан. Тэгээд Иын гэрт 22 цагийн үед очиход Иын эхнэр Г хүүхэдтэйгээ, Гийн үеэл ах нар байсан. Иын гэрт орохоос өмнө эхнэр Номиундарь бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво авсан. Тэгээд И, Г, Гийн үеэл ах М, манай эхнэр Номиундарь бид 5 архи, пиво хувааж уусан. Тэгээд архи, пиво дууссан учир И бид хоёр дахин дэлгүүр рүү архинд явсан. Дэлгүүрээс нэг шил архи, 2.5 литрийн пиво худалдаж авсан, ирээд архи, пиво уусан, Гийн үеэл ах гэх залууд архи хундагалж өгөхөд урдаас цацаад, нулимаад байсан. Тэгээд би Итай хамт гадагшаа бие засах гээд гарахдаа “Танай эхнэрийн үеэл ах М агсраад хундагалж өгсөн архи, пивыг урдаас асгаад, нулимаад байна” гэхэд И санаандгүй асгасан байлгүй дээ гээд гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод М, И хоёртой маргалдсан. ...И миний толгой руу гурилын модоор нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Мтай би барьцалдаж аваад зогсож байхад И миний духны зүүн дээд хэсэгт гурилын модоор цохиж гэмтэл учруулсан. Харин М намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Надад гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. С.Итай эвлэрсэн, надаас уучлалт гуйсан болохоор цаашид гомдол санал байхгүй...” /хх-ийн 08-10, 11/ гэсэн,
Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед ...хүргэн Иынд охин дүү Г, хоёр хүүхдийн хамт байж байхад хүргэн И, Номиундарь нөхрийн хамт гаднаас нэг шил архи, 2.5 литрийн пивотой ирсэн. Тэгээд архи, пивыг нь И, Номиундарь, Номиундарийн нөхөр болох залуу бид дөрөв хувааж уусан. Харин Г архи, пивоноос уугаагүй. Тэгээд архи, пивоо ууж дуусаад дахин нэг шил архи уух үед И, Номиундарь, Номиундарийн нөхөр гурав гэрт тамхи татаад байхаар нь хүүхдийнхээ хажууд битгий тамхи татаж бай гэж хэлэхэд Номиундарь түрүүнээс хойш та сонин сонин юм яриад байх юм гэж хэлэхэд нөхөр болох залуу өмөөрөөд над руу дайраад байсан. Тэгээд Номиундарийн нөхөртэй маргалдаж, барьцалдаж байхад хажуу талаас манай хүргэн И чадахгүй байж зүгээр бай гээд Номиундарийн нөхөртэй ноцолдоод байсан. Тэгээд би гадагшаа гараад зогсож байхад дотор хашгиралдаад байсан. ...И надад “Номиундарийн нөхөр миний дух руу бүсээрээ цохиод байсан болохоор нь би зөрүүлээд гурилын элдүүрээр цохиод тархийг нь хагалсан” гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...гэртээ хүүхдүүдийн хамт байхад үеэл ах М манайд хонох гээд ирсэн. ...21 цагийн үед И, Б, Номиундарь гурав ирсэн. Ирэхдээ архи, пиво авчирсан, тэгээд үеэл ах М, нөхөр И, Б, Номиундарь дөрөв хувааж уусан. ...23 цаг өнгөрч байхад архи, пиво дуусаад дахин архи пиво авчирсан. Тэр үед Б, М хоёр маргалдаад сууж байсан. Тэгээд И болиулсан, Б Мыг гараад ир зодолдьё гээд байхаар нь И салгаж байсан бөгөөд Б бүсээрээ Иыг цохисон. Тэр үед И уурлаад гурилын модоор Бийн толгой руу нэг удаа цохисон...” /хх-ийн 21-23/ гэсэн,
Гэрч Б.Номиундарь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...Гтэй уулзах гээд түүний нөхөр И, Б нарын хамт гурвуулаа явсан. ...Дэлгүүрээс авчирсан архи пивонуудаа ууж байхад манай нөхөр Б, М нар хоорондоо маргалдаад байхаар нь И салгасан, тэгтэл Б, М нар дахин муудалцаад байхаар нь И Мыг өмөөрөөд гал тогооны шүүгээн дээр байсан гурилын элдүүр модоор Бийн толгойн хэсэгт нэг удаа цохиход тэр хэсгээс нь цус гарсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Шүүгдэгч С.И мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...Номиундарь, Б нар намайг ирж аваад Био руу манайх руу явсан. Гэрт очиход манай эхнэр Г, үеэл ах М нар манай хүүхдүүдийн хамт байсан. Замдаа явж байхдаа Номиундарь, Б хоёр дэлгүүрээс архи, пиво аваад гэрт орсон. Тэгээд Б, М, Номиундарь бид дөрөв архи, пивоо уусан ба манай эхнэр Г пивоноос 1-2 удаа уусан. Ингээд архи пивоо ууж дуусахад дахиад архи, пиво авсан. Бтай хамт гадаа тамхи татаж байхад Б Мт пиво хийж өгсөн чинь асгачихлаа, яасан овоо банди вэ гээд занаад байхаар нь санаандгүй тийм зүйл болсон биздээ гэж хэлээд гэрт орсон. ...Тэгээд архи, пивоо ууж байхад М, Б хоёр барьцалдаж аваад Бийн цамцнаас нь барьж аваад хойш татаж унагаасан. Тэгэхэд Б босож ирээд намайг өмөөрсөнгүй гээд миний толгой руу бүсээрээ цохих шиг болсон. Тэгэхээр нь миний уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан гурилын модоор Бийн зүүн талын толгой хэсэг рүү нэг удаа цохиход толгойноос нь цус гарсан. ...Би Бийг өөр цохиж зодсон зүйл байхгүй...” /хх-ийн 35-37/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14494 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бийн биед духанд няцарсан шарх, хамар зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч С.Иын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, /хх-ийн 38, 41/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Ит холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.И нь 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био-гийн 22-124 тоотод хамт архи ууж байсан Б.Бтай маргалдаж, улмаар зодож биед нь “духанд няцарсан шарх, хамар зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж ар нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...архи пиво уугаад сууж байхдаа Гийн үеэл ах гэх залууд архи хундагалж өгөхөд урдаас цацаад, нулимаад байсан. Тэгээд М, И хоёртой маргалдсан. ...И миний толгой руу гурилын элдүүр модоор нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Мтай барьцалдаад зогсож байхад И миний толгойн духны зүүн дээд хэсэгт гурилын модоор нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Харин М намайг цохиж зодсон зүйл байхгүй...” /хх-ийн 08-10, 11/ гэсэн,
Гэрч Л.Мын “...И надад “Номиундарийн нөхөр миний дух руу бүсээрээ цохиод байсан болохоор нь би зөрүүлээд гурилын элдүүрээр цохиод тархийг хагалсан” гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Гэрч Г.Гийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...Б, М хоёр маргалдаад байхаар нь И болиулсан. Б Мыг гараад ир зодолдьё гээд байхаар нь И салгасан бөгөөд Б бүсээрээ Иыг цохисон. Тэр үед И уурлаад гурилын модоор Бийн толгой руу нэг удаа цохисон...” /хх-ийн 21-23/ гэсэн,
Гэрч Б.Номиундарийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой Дэлгүүрээс авчирсан архи пивоо ууж байхад манай нөхөр Б, М нар хоорондоо маргалдаад байхаар нь И салгасан. Тэгтэл Б, М нар дахин муудалдцаад И Мыг өмөөрөөд гал тогооны шүүгээн дээр байсан гурилын элдүүрээр Бийн толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа цохиход тэр хэсгээс нь цус гарсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Шүүгдэгч С.Иын “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...архи, пиво ууж байхад М, Б хоёр барьцалдаж, М Бийн цамцнаас нь барьж аваад хойш татаж унагаасан. Тэгэхэд Б босож ирээд намайг өмөөрсөнгүй гээд миний толгой руу бүсээрээ цохих шиг болсон. Тэгэхээр нь миний уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан гурилын элдүүр модоор Бийн толгойн зүүн хэсэгт нэг удаа цохиход толгойноос нь цус гарсан. ...Би Бийг өөр цохиж зодсон зүйл байхгүй...” /хх-ийн 35-37/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14494 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бын биед духанд няцарсан шарх, хамар зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Иын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Иын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн биед “духанд няцарсан шарх, хамар зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж ар нуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх /хх-ийн 11/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүх, шүүгдэгч С.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч С.И нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон С.И нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сайнбаярын Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иыг 246 /хоёр зуун дөчин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ит оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710009770252 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР