Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/81

 

 

 

 

                                     

 

  2022            12                8                                                  81           

 

 

 

Ж.Г, Ө.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг

            Хохирогчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал /цахим сүлжээгээр/

            Яллагдагч Ө.С-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж /цахим сүлжээгээр/

            Яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч Т.Батцэцэг /цахим сүлжээгээр/,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 999 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 тоот эсэргүүцэл болон хохирогчийн төлөөлөгч А.Мөнхцолмонгийн гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн Ж.Г, Ө.С нарт холбогдох эрүүгийн 1934000790455 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул ван 3 дугаар орц 105 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ж Г,

 

Монгол улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 19-нд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 70/б-32 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ө С,

 

Ж.Г, Ө.С нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцад шинээр ажилд орсон эрхлэгч Г.С-г “манай уурхай танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, түлш байнга зээлээр аваад сарын сүүлд тооцоо хийдэг” гэж хууран мэхэлж 27.000 литр түлшийг залилан авч бусдад 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Ж.Г, Ө.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. “Синчи ойл” ХХК-аас гаргаж өгсөн газрын тос зээлээр олгосон бүртгэл “ГТГ НХМаягт-17” гэх баримт бичигт 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5.940.000 төгрөгийн 3000 литр түлшийг Д.Баттулга гэх хүн гарын үсэг зурж, хүлээн авсан байх ба уг баримт бичигт зурагдсан гарын үсэг нь Ө.С-ийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах,

 

2. 2018 онд газрын тос литр тутам хэдэн төгрөгийн үнэтэй байсан талаар лавлагаа гаргуулах,

 3. Улсын яллагч яллагдагчаар татаж, ял халдаахдаа 53.460.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн атлаа Ж.Г. Ө.С нар нь хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсныг ялгамжтай тодорхойлох,

4. “Синчи ойл” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах,

5. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ.

 

Яллагдагч Ө.С-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж миний үйлчлүүлэгч 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан байна. 2018 оны 8 дугаар сарын 02, 2018 оны 8 дугаар сарын 04, 2018 оны 8 дугаар сарын 08, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрүүдэд Д.Баттулга гэх хүн гарын үсэг зурж түлш авсан баримт авагдсан байна гэсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон үйлдлийг зөв тогтоох нь хэрэгт ач холбогдолтойг дурдах нь зүйтэй хэмээн дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцэлдээ: Прокуророос шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлага, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ж.Г, Ө.С нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас шинээр ажилд орсон эрхлэгч Г.Сорцэнгэлд “манай уурхай танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, түлш байнга зээлээр аваад сарын сүүлд тооцоо хийдэг” гэж хууран мэхэлж, 27.000 литр түлшийг авсан үйл баримт тогтоогдлоо.

 

“Синчи-Ойл” ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн “Газрын тос зээлээр олгосон бүртгэл” ГТБ НХМаягт-17 баримтын хүснэгтийн 9-т “шатахуун олгох зөвшөөрөл өгсөн хүний нэр гэрээний дугаар №” хэсэгт Ө.С гэж бичсэн, мөн бусад 8 удаагийн түлш авсан тэмдэглэлээр Ө.С нь Д.Баттулгын хамтаар очин түлш авсан талаар гэрч нар мэдүүлдэг бөгөөд яллагдагч Ө.С нь анх түлш авахаар очихдоо шинээр ажилд орсон эрхлэгч Г.Сорцэнгэлд “урьд өмнө танай шатахуун түгээх станцтай гэрээтэй, зээлээр аваад сарын сүүлээр тооцоо хийдэг” гэж итгүүлэн, хууль бус үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг.

 

Хэдийгээр яллагдагч Ө.С нь “би хамгийн сүүлийн үйлдэл буюу 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Ж.Год зодуулаад байхгүй байсан тул сүүлийн 3000 литр түлшийг аваагүй” талаар мэдүүлж, гомдол гаргадаг боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Синчи-Ойл” ХХК-аас  зээлээр авсан түлшээ бусдад зарж борлуулан, мөнгийг яллагдагч Ө.С-ийн эхнэр Б.Шинэ-Гэрэлийн Хаан банкны 5090537281 дугаар дансаар авч улмаар уг данснаас яллагдагч Ж.Гын эхнэр, төрсөн охин, хадам ээж гэх хүмүүсийн данс руу шилжүүлэн захиран зарцуулдаг байсан болох нь тогтоогдсон байна.

 

Иймд Ө.С-ийн эзгүй байсан хойгуур буюу 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Баттулга гэж гарын үсэг зурж авсан 3000 литр түлшний үнэ буюу 5.940.000 төгрөгийг хасаж тооцон зүйлчлэх боломжгүй юм.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр яллагдагч Ө.С, Ж.Г нар нь тухайн цаг хугацаанд түлшийг зээлээр авсан болох нь тогтоогдсон байдаг.

 

Яллагдагч Ө.С, Ж.Г нар нь 2018 оны 8 дугаар сард “Синчи-Ойл” ХХК-аас тухайн 27.000 литр түлшийг зээлээр авахдаа 1 литр түлшний үнэ буюу 1980 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байсан бөгөөд тухайн үед авсан түлшний үнэ, зээлээр түлш олгосон тухай баримтаас харагдаж байхад 2018 онд түлш хэдэн төгрөг байсан талаар лавлагааг авах гэсэн нь үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй ажиллагаа байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу нотлох баримтаар цуглуулан хэрэгт тусгасан байтал тухайн иргэний хэргийн нэхэмжлэл, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогчийн төлөөлөгч А.Мөнхцолмон давж заалдах гомдолдоо: 1. “Синчи ойл” ХХК-аас гаргаж өгсөн газрын тос зээлээр олгосон бүртгэл “ГТГ НХМаягт-17” гэх баримт бичигт 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5.940.000 төгрөгийн 3000 литр түлшийг Д.Баттулга гэх хүн гарын үсэг зуран хүлээн авсан байх ба уг баримт бичигт зурагдсан гарын үсэг нь Ө.С-ийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэх тухайд,

 “Синчи Ойл” ХХК-ийн зүгээс Ө.С-тэй хохирлын 53.460.000 төгрөгийн авлага барагдуулах уулзалтыг хийсэн бөгөөд уг уулзалтын үеэр С.Түвшинжаргал нь “чамайг гэмтсэнээс хойш нэлээд хэдэн тонн түлш авсан байна” гэхэд Ө.С “Ж.Гтой зүгээр ажиллаад явж байсан бол шатахууны мөнгөө бүрэн төлөх байсан” гэсэн байх бөгөөд энэ нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр түлш авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5.940.000 төгрөгийн 3000 литр түлшийг Д.Баттулга гарын үсэг зурж авсан боловч Д.Баттулга нь хэрэг гарах үед Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах уурхайд түлшний машины жолоочоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 19-нд Ө.С нь Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх боловч 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 26 минутад үзүүлсэн байх бөгөөд өмнөх хугацаанд очоод түлш авсан байгаа юм. Мөн 8 дугаар сарын 17-ны өдөр хотод ирсэн тухайгаа ч “Синчи Ойл” ХХК-тай хохирлын асуудлаар уулзахдаа хэлсэн байдаг.

 

2. “2018 онд газрын тос литр тутамд хэдэн төгрөгийн үнэтэй байсан талаар лавлагаа гаргуулах нь зүйтэй” гэснийг тодруулбал,

2018 оны 8 дугаар сарын “ГТБ НХМаягт” дээр нэгж үнэ 1980, литрийн хэмжээ, ШТМ-ын марк, шатахуун олгох зөвшөөрөл өгсөн хүний нэр, машины дугаар, огноо, хүлээн авсан хүний мэдээлэл гээд бүх зүйл бичигдсэн байгаа. Тухайн үед харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зуран түлшийг хүлээн авсан бөгөөд уг маягт дээр ямар нэгэн засвар бичиг ерөөсөө ороогүйг харж болно.

Хэрвээ энэ үнэ тухайн үеийн ханшаас зөрүүтэй байсан бол өмнө өгсөн мэдүүлгүүдийн аль нэг дээр энэ тухай дурдах боломжтой байсан байтал одоо энэ тухай дурдаж цаг хожих гээд байгааг гайхаж байна.

 

3. “Ж.Г, Ө.С нар хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсныг ялгамжтай тодорхойлох нь зүйтэй” гэх тухайд,

Ж.Г, Ө.С нар нь хуурч мэхлэн авсан түлшээ зарсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд үүнийгээ хуваасан нь дансны хуулгаар нотлогдоно. 

 

4. ”Синчи Ойл” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй” гэх тухайд,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ20219/01562 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь тус тус хэрэгт авагдсан болно. Мөн манай компанийн зүгээс шаардлагатай гэрээ, захирлын тушаалуудыг ч мөн адил гаргаж өгөн хэрэгт хавсаргасан байгаа.

 

5. Мөн Ө.С-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж нь “Д.Баттулга гэх хүн 3 удаа гарын үсэг зурж авсан байх бөгөөд цаг хугацаа, үйлдлийг зөв тогтоох нь зүйтэй” гэх тухайд,

Д.Баттулга гэх хүн нь Ө.С болон Ж.Г нарын хамтран ажиллуулж байгаа гэх уурхайд жолоочийн албан тушаал эрхэлдэг байсан бөгөөд түлш авахад хамт явж машиныг нь барьж өгдөг байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон яллагдагч нарын мэдүүлгээр батлагддаг.

Мөн Ө.С 2018 оны 8 дугаар сарын 02, 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Д.Баттулга гэж гарын үсэг зурж түлш авсан асуудал дээр огт маргадаггүй бөгөөд өөрөө ч хамт явснаа хүлээн зөвшөөрч мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Сүүлд уг хохирлын асуудлаар “Синчи Ойл” ХХК-ийн ерөнхий захирал н.Элбэгзаяа болон С.Түвшинжаргал нартай уулзахдаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, компанийг хохиролгүй болгохоо ч хэлсэн удаатай.

 

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд хэргийн материалд авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байхад хэргийг буцаах нь хэт нэг талыг барьсан, хугацаа сунгаж хэргийг удаашруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргийг маш удаан хугацаанд шалгагдсан. Яллагдагч нар нь 9 удаагийн үйлдлээр “Синчи Ойл” ХХК-аас 27.000 литр түлшийг залилан авсан нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасныг хангаагүй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.   

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч Т.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Энэ хоёр яллагдагч хоёулаа харилцан эсрэг сонирхолтой байхад хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нарийн тогтоож чадаагүй учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагч Ө.С-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн хэргийн хохирол тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу хэн нь хэзээ, хэдий хэмжээний хохирол учруулсан гэдгийг зайлшгүй тогтоох ёстой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Ж.Г, Ө.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Ж.Г, Ө.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцэл, хохирогчийн төлөөлөгч А.Мөнхцолмонгийн гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хүлээн авч, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3-т тус тус зааснаар бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь өөрийн дотоод итгэлээр хянан үзэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Г, Ө.С нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул “Тодорхойлох нь” хэсэгт агуулгынх нь хувьд хууль зүйн дүгнэлт өгч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 999 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 31 тоот эсэргүүцэл, хохирогчийн төлөөлөгч А.Мөнхцолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч хангасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                              ШҮҮГЧИД                                З.ТҮВШИНТӨГС

 

                                                                               М.МӨНХДАВАА

 

Ж.