Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2020/00011

 

 Д.Э нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар шийдвэртэй, Д.Э нэхэмжлэлтэй Г.Д холбогдох гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Э давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн (2019/ШЦТ/96) шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Д эмнэлэгт үзүүлсэн баримтаар эмчилгээний зардлаа нэхэмжилсэн боловч баримт бүрдүүлэлт дутуу гэдэг шалтгаанаар нэхэмжлэлээ гүйцэлдүүлж авч чадаагүй болно. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолын дагуу цаашид гарсан эмчилгээнийхээ зардлын 10 ширхэг баримтаар баталгаажуулж, нийт 527 285 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд, Г.Д 527 285 төгрөгийг гаргуулж, миний биеийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Үүнд би өөрийнхөө биед учирсан гэмтлийг шинжээчид үзүүлээд шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэгт хавсаргуулсан. Уг шийтгэх тогтоолд намайг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилж болно гэж заасан. Тухайн үед миний зарим шинжилгээтэй холбоотой баримтууд хэрэгт хавсаргагдаж чадаагүй. Томографикт үзүүлсэн баримтаа би норгосон тул хэрэггүй болсон. Түүнийг дахиж гаргаж авах гэхэд гаргаж өгөх боломжгүй гэсэн. Шийтгэх тогтоолд компьютер томографикт үзүүлсэн баримт болон бусад баримтуудаа нэгтгээд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болно гэсэн учир би нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт мөн Гэмтэл согог судлалын төв эмнэлгийн компьютер томографикт үзүүлсэн гэх эмчийн тодорхойлолт миний амбулаторийн картанд бичээстэй байгаа. Үүний баримтыг би эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа дахин очиж гаргуулж авах гэхэд нэг удаа л гардаг гэсэн. Тиймээс би нэхэмжлэлдээ хавсаргаж өгч чадсангүй. Миний толгой тухайн үед цохиулснаас болж байнга өвдөж байгаа. Үүнийг би Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлж тархины доргилт, нарийсалтай байна гэсэн эмч нарын бичилтээр баталгаажуулж өгсөн. Мөн эмийн сангаас авсан эмийнхээ баримтуудыг гаргаж өгсөн. Би нийт 527 285 төгрөгийг баримтад үндэслэж нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой амбулаторийн картаа эх хувиар нь авч ирсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. 527 285 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд ингэж заасан ч 2020 оны эхээр гарсан эмчилгээний зардлууд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоотой гэдэг нь нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь 2019 оны 06 дугаар сард үүссэн. Энэ гэмтлээс үүдэж 2020 оны 04 дүгээр сард нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлүүд нь үүссэн гэх нотлох баримт байхгүй. Мөн үзүүлсэн зүйл байдаг ч зарим баримтууд нь ойлгомжгүй байдаг. Толгой өвдөх гээд бөөр үзүүлэх гэсэн зүйл байна гэж би ойлгож байна. Мөн хүзүү хөшнө, гар хуруу бадайрна, нойронд муу, нуруун дээрх бэрсүү гэсэн зүйлүүд картаас нь харагддаг. Мөн хэрэгт гаргаж өгсөн картууд нь хуулбар хувь учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Сая шүүгч шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу? гэхэд нэхэмжлэгч байхгүй гэсэн. Мөн нэхэмжлэгчийн авсан эмүүдийн баримт хэрэгт хавсаргагдсан байсан. Гэхдээ тухайн үеийн Г.Д учруулсан гэмтлээс өнөөдрийн эмчилгээ хийлгэх нөхцөл байдал бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна. Үүнийг нотолсны дараа эдгээр зүйлийг нэхэмжлэх эрхтэй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ингэж заасан гэж нэхэмжилж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Д гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9-д тус тус зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг болон  ... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ... 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын, тогтоох хэсгийн 6-д “Иргэний хуулийн 497 дуаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 тус тус зааснаар шүүгдэгч Г.Д ... компютер томографкийн шинжилгээний төлбөр 220,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэжээ.

...Эмчилгээний зардал нэхэмжлэх үндэслэл болсон бичиг баримтаа баталгаажуулж, канондуулж өгч амбулаторын карт, нэхэмжилсэн эм тарианы падааныг хурал дээр эх хувиар нь өгч хэлэлцүүлсээр байхад нэхэмжлэх үндэслэл байхгүй байна, өмнөх эрүүгийн хэргийн 2019/ШЦТ/96 дугаар  бүхий шийтгэх тогтоолын шийдвэртэй ямар ч холбоогүй мэтээр тайлбарлаж, хариуцагчийн талд үйлчилсэн дүр зураг надад ажиглагдлаа.

Миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоос хойш олон удаа эмнэлэгт /зодуулсны улмаас/ тархи толгой өвдөлтийн улмаас үзүүлж, эмч нарын үзсэн үзлэгийн амбулаторын дэвтэрт баталгаажуулсан. Эмч нарын бичиж өгсөн эмчилгээнүүдийг тухай бүр хийлгэж улмаар авч хэрэглэсэн эм тарианыхаа мөнгийг баримтаар нэхэмжилсэн байхад баримтгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй гэх мэтчилэнгээр  нэхэмжлэлийн шийдвэрийг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн амбулаториор үйлчлүүлэгчийн карт, зарлагын баримтууд  нь гэмтэл учирснаас хойш 6-9 сарын дараа хийгдсэн эмчилгээний баримтууд гэжээ. Яагаад ингэж шүүх тайлбарлаж байгааг би ойлгохгүй байна. Би 2019.06.11-нд зодуулсан. 2019 оны 06 дугаар сарын 15-нд шинжээчийн 194 тоот тогтоол гарсан.

Тухайн үед шүүгдэгч Г.Д нь 2019.06.12-нд хэрэг хийснийхээ дараа шууд хятад улсын хот руу оргон зайлсан. Энэ хэрэг улмаар удааширч хэрэгтэнг хайсаар 2019 оны 10 сард хилээр орж ирэхэд нь түүнийг эрүүгийн хэргээр таслан сэргийлэх арга хэмжээгээр цагдаагаас дуудаж байцаасан. Улмаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхээр шийдвэрлэсэн.

Шүүх хурал болох хүртэлх хугацаанд ганц ч удаа шүүгдэгч Г.Д нь хохирол барагдуулаагүй. Эрүүгийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд даруй 6 сар өнгөрсөн. Энэ хугацаа нь бол надаас ер хамааралгүй болно. Энэ хэрэг нь: миний одоогийн нэхэмжилж буй зүйлийн шүүх хурал нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор орж ирж байхад  холбоогүй мэтээр үзсэнийг ойлгохгүй байна.

Улмаар дахин иргэний шүүхээр нэхэмжлэх боломжтой гэсэн шүүхийн тогтоолтой байхад амбулаторт үзүүлсэн картны эмчийн үзлэг, авсан эм тарианы баримтыг хугацаа зөрүүтэй мэтээр үзжээ.

Ер нь зодуулснаас хойш байнга толгой тархи өвдөлттэй байгааг эмч нараар үзүүлсэн  амбулаторын үзлэгийн карт илт тодорхой харуулсаар байхад нотлох баримт байхгүй гэж үзсэн нь үнэнд нийцэхгүй байна.  Амбулаторын дэвтэрт нэг хуудсан дээр өөр өөр эмч нар үзсэн бичилтийг бичүүлсэн байдаг.

Тухайлбал нуруун дээр гарсан зүйлээ мэсийн эмчид үзүүлээд дэвтэрт тэмдэглүүлсэн байхад түүнтэй цуг нэг хуудсан дээр дараалж бичигдсэн мэдрэлийн эмчийн үзлэгийг шүүгч нар ялгаж салгаж үзэж тайлбарлаж чадаагүй. нэг  хуудсан дээр бичигдсэн эмчийн үзлэгийн бичлэгийг би дарж баллах ёстой юм уу. Баримтуудыг  эх хувьтай нь тулгаж шүүх үзсэн. Энэ нь баримтууд биш юм уу? Баримтуудыг нотариатаар баталгаажуулж өгсөн. ...  Баримтуудыг өгсөөр байтал баримтгүй байна гэж үзэж  ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна гэжээ. /хх-65-68/

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.Э Г.Д холбогдуулан нэхэмжлэл гаргаж гэм хорын хохиролд 527 285 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Д нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.Э биед тархи доргилт, доод уруулны дотор хэсэгт язрал, цус хуралт, хамрын баруун угалзанд  зулгаралт, доод уруулын зүүн гадна булан, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн үйл баримт Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна./хх-3-5/

Анхан шатны шүүх хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг хэлэх ба энэхүү гэм хорын хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

Хариуцагч Г.Д үйлдлээс нэхэмжлэгч Д.Э эрүүл мэндэд гэм хор учирсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Хариуцагч тал нь 527 285 төгрөг үндэслэлгүй гэж үзнэ, 2020 оны эхээр гарсан эмчилгээний зардлууд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй холбоотой гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь 2019 оны 06 дугаар сард үүссэн, энэ гэмтлээс үүдэн 2020 оны 04 дүгээр сард нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлүүд нь үүссэн гэх нотлох баримт байхгүй, мөн үзүүлсэн байдаг ч зарим баримтууд нь ойлгомжгүй, ...нэхэмжлэгчийн авсан эмийн баримт тухайн үеийн хариуцагчийн учруулсан гэмтлээс эмчилгээ хийлгэх нөхцөл байдал бий болсон гэдэг нь нотлогдохгүй, шийтгэх тогтоолд заасан гэж нэхэмжилж болохгүй, иймээс нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэсэн тайлбар/хх-41/ гаргасан нь гэм хорын хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй  байна.

Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас толгой өвддөг, эрүүгийн шүүх хуралдаан болох хүртэл хагас дутуу эмчилгээ авсан, тархи, толгойны зарим эм, таринуудыг  тодорхой хугацааны турш буюу хоёр сар гаран юм уу, эсвэл хэдэн сарын дараа дахин үргэлжлэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгээр хагас  эмчилгээ авсан, тухайн үеийн боломжоосоо шалтгаалж заримыг нь цаг хугацааны хувьд хожим авсан нөхцөл байдал байгаа, би тархиндаа гэмтэл авсны улмаас л эмчилгээ  хийлгэсэн,  мөн эрүүгийн шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлаа  нэхэмжлэх эрхтэй гэж заасан зэргээс гэм хорын зардлаа нэхэмжилсэн, хөнгөн зэргийн гэмтэл богино хугацаатай болохыг ойлгож байгаа гэсэн агуулга бүхий тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан.       

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

            Нэхэмжлэгч Д.Э 2019 оны 12 дугаар сарын 20-с 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд мэдрэл болон  өрхийн эрүүл мэндийн төвд тус тус үзүүлж байсан,  мөн хугацаанд нийт 513 645 төгрөгийн эм, тариа авч  зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эмчлүүлэгчийн картын хуулбар, зарлагын баримт зэргээр тогтоогдож  байна. /хх-н 10,54, 13,56, 57, 9,11,14/

           Энэхүү эм, тарианы зардал нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд  гэм хор учруулсантай холбогдон гарсан  зардал гэж үзэх үндэслэлтэй тул гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч Г.Д нь төлөх үүрэгтэй гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан  эмчлүүлэгчийн картын хуулбар, зарлагын баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хөнгөн хохирол учирснаас хойш, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс  өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, дараа нь буюу  2019 оны 12 дугаар сарын 28,  2020 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус үзүүлж байсан, үүнээс хойш 25 хоног болон 1-2 сарын хугацаанд эм тариа авч эмчлүүлсэн нь цаг хугацааны хувьд хөнгөн гэмтэл учирснаас  хойш  6-8 сарын дараа байх боловч нэхэмжлэгчийн “тархи, толгойны зарим эм, тариануудыг  тодорхой хугацааны турш үргэлжлэн хэрэглэх шаардлагатай гэсний  дагуу авч хэрэглэсэн, тухайн үеийн боломжоосоо шалтгаалж заримыг нь цаг хугацааны хувьд хожим авсан” гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 640 төгрөгийн эм тариа авсан гэх зарлагын баримт хэрэгт авагдсан байх боловч энэ  өдөр эмчид үзүүлсэн,  уг баримтад бичигдсэн нэр бүхий эм тариа бичиж өгсөн эсэх нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд хөнгөн хохирол учирснаас хойш  10 гаруй сар өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас үүнийг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Д нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтад үндэслэн нийт 513 645 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д гэм хорын хохиролд 513 645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн “56.1” гэснийг “ 56.2” гэж, ... нэхэмжлэл нь чөлөөлөгдсөн болохыг  дурдаж, хариуцагч Г.Д улсын тэмдэгтийн хураамжид 16060 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж, тус тус  өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ТЭГШСУУРЬ

               ШҮҮГЧИД                              О.ОДНЯМАА

                                                                  Х.БАЙГАЛМАА