Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/80

 

 

2022           12                7                                                80

 

                                         М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Ц.Сонинмөнх

            Хохирогч Ц.О

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1073 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 тоот эсэргүүцлээр М.Б-д холбогдох эрүүгийн 2234004210366 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 17-нд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын “Хөшөөт” 2 дугаар баг, Номгон зоогийн газрын хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт М.Б,

 

М.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цавхангай” гэх газрын асфальтан замд “Тоёото приус” маркийн 3726 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.О-ын жолоодон явсан “Мазда” маркийн 6687 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ц.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн санаачилгаар явуулсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзэв.

 

М.Б-ийн сэжигтнээр өгсөн “...Пил ах хоол, ундны юм бас 0.75гр архи авсан. Тэгээд Пил ахыг гэрт нь хүргэж өгтөл Пил ах уг архиа задлаад аяглаад надад өгөөд бид хоёр уг архийг хувааж ууж дуусаад би ганцаараа өөрийн 3725 УБУ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр гэр рүүгээ харьж яваад машинтай мөргөлдөөд сандраад засмал замын ертөнцийн зүгээр хойд тал руу буугаад чигээрээ хойшоо зугтааж байгаад хагалсан талбайд ороод машин явахаа болсон” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.О-ын “...манай машиныг мөргөсөн жолооч хэргийн газар үзлэг хийж байхад гуйваад амнаас нь маш их архи үнэртээд зогсож чадахгүй согтуу байсан, манай машиныг мөргөөд зугтсаны дараа араас нь очиход машинд шилтэй архи байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Дорждуламын “Улаанбаатар хот руу явах чиглэлд замын хөвөөн дээр зогсож байсан машины хажуугаар гарах гэтэл ямар ч дохио өгөлгүйгээр гэнэт эргээд манай машиныг замын хажуу талын далан хэсэг рүү мөргөхөд манай дүү Ц.О цонхоо буулгаад чи болиоч ээ гэж орилоод хаалгаа онгойлгох гэж оролдоход мөргөсөн машин хаалгыг хааж маш удаанаар замын хойд тал руу түрж унагаагаад ухраад зугтаад яваад өгсөн. Мөргөсөн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зогсож чадахгүй цагдаагийн машины хамран дээр болон цагдаагийн машинд хэвтэж байсан” гэх мэдүүлгүүдээр хэргийг шийдвэрлэх боломжгүй өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзсэн.

 

Дээрх гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр М.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар бусдын тээврийн хэрэгслийг мөргөсний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх нөхцөл байдаг тогтоогдсон байна.

 

Хяналтын прокурорын шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч М.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх”-ийг шалгаж тогтоох журмын дагуу тухай үедээ зориулалтын багаж эсхүл цусан дахь агууламжаар шалгаагүй тул нотлох боломжгүй мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь тогтоогдоогүй” гэх тайлбарыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тус журмын 1.3-т “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж заасан бөгөөд яллагдагч согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.

 

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж хэргийг прокурорын газарт буцааж, яллагдагч М.Бийн өмгөөлөгч Ч.Энхбаяр “Mazda CX-3-DK” маркийн 66-87 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд тогтоосон үнэлгээг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхисон болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сонинмөнх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагч М.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох гэсэн нь нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.

 

Тодруулбал: Тухайн үйл баримт нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байдаг бөгөөд тухайн цаг хугацаанд жолоочийн согтуурлыг шалгаагүй орхигдуулж, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дарагдуулсан болох нь прокурорын хяналтын явцад тогтоогдсон.

 

Мөн согтуурлыг Эрүүл мэнд, спортын сайд Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.3 “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна, хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна” гэж заасны дагуу шалгах байтал тухайн цаг хугацаанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж буй эрх бүхий албан тушаалтан шалгаагүй орхигдуулсан байдаг.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч М.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” эсэхийг одоо дахин шалгаж тогтоо гэж шүүхээс даалгасан нь биелүүлэх боломжгүй ажиллагаа байна гэж үзлээ.

 

Түүнчлэн яллагдагчийг “Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна.

 

Харин яллагдагч М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах” гэмт хэргийн шинжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд “тухайн үйл баримт болсон газар хэргийн газрын үзлэг хийхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Б өөрөө оролцсон талаар мэдүүлдэг, мөн үзлэгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байх тул яллагдагчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зам тээврийн осол гарах үед М.Б нь согтуу байсан бөгөөд миний машиныг мөргөчхөөд цаашаа зугтаагаад явахад нь би араас нь 2 километр гаран гүйж байж олж ирсэн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагаа нөхөн гүйцэтгэх боломжгүй ба М.Б-ийг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуу байсан гэдгийг хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоохгүй. Мөн хэргийн газрын үзлэг М.Б өөрөө оролцсон тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх М.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог бол хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Анхан шатны шүүхээс М.Бөд холбогдох хэрэгт яллагдагч болон хохирогч Ц.О, гэрч Ц.Дорждулам нарын мэдүүлэгт үндэслэн М.Б нь тухайн хэрэг учрал болох үед М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг, зам тээврийн осол болсны дараа хэргийн газрыг зориуд орхин зугтаасан эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл яллагдагч М.Б нь хохирогч Ц.О-ын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол болсны дараа Ц.О-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг замын хойд тал руу түрж оруулан орхин явж байгаад тариалангийн хагалсан талбайн сул шорооноос үүдэн машин нь цааш явах боломжгүй болсны улмаас хохирогч Ц.О-д баригдсан гэх нөхцөл байдлын талаар хэргийн оролцогч нараас мэдүүлсэн байна.  

 

Дээрхээс дүгнэн үзвэл М.Б-ийн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх буюу өөрөөр хэлбэл мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасантай нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр үйлдсэн прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 386 дугаар “Яллах дүгнэлт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасныг хангасан гэж үзэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй болсон гэж үзнэ.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг гэм буруутай этгээд согтуугаар үйлдсэнийг хүндрүүлэх шинж болгон заасан хэдий ч жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тухайн хэрэг учрал болсон үед нь тусгай мэдлэг, техник, тоног төхөөрөмжийн хүрээнд тогтоох асуудал бөгөөд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргасан энэхүү алдаа зөрчлийг одоогийн байдлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.

 

Өөрөөр хэлбэл яллагдагч М.Б “бусадтай 0.75 граммын архи уусан” гэж, хохирогч Ц.О “гуйваад амнаас нь маш их архи үнэртээд зогсож чадахгүй согтуу байсан” гэж, гэрч Ц.Дорждулам “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зогсож чадахгүй байсан” гэж тус тус мэдүүлдэг хэдий ч уг мэдүүлгүүдэд тулгуурлан М.Б-д холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн боломжгүй болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 болон 3-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” хэмээн тус тус заасныг анхаарвал зохино.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр яллагдагч М.Б-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зохих өөрчлөлт оруулан, прокурорын эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Цаашид шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа уг нөхөн гүйцэтгүүлэхээр буцааж буй ажиллагаанууд нь хийж гүйцэтгэх боломжтой эсэхэд нь анхаарч байвал зохиолтойг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1073 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хүлээн авч ханган, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                          З.ТҮВШИНТӨГС

 

                                                                              М.МӨНХДАВАА