Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 09

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

            Шүүгдэгч: Б.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бхолбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011690221 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бармен, зөөгч мэргэжилтэй, Комплекс барилгын материалын зах дээр 15-р лангуу ажиллуулдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ..., урьд ял шийтгэлгүй, МК-86051805 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 17 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Комплекс” зах дотор Б.Баянтөгстэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирогчид хохирлыг нь төлж барагдуулж эвлэрсэн байгаа” гэв. 

Хохирогч Д.Баянтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Комплекс зах дээр ажил дээрээ байж байхад манайхаар хөдөөнөөс бараа материал ирж авдаг Пүүжээ гэх ах ирээд материал авчихаад буцаж орж ирээд 6 дугаарын пегмент байна уу гэхэд нь би дээр эхнэр чинь Солонгосыг нь авсан одоо ОХУ-ыг авахаар таарах юм болов уу гэж хэлэхэд Пүүжээ ах нөгөө лангуу болох Бгийн лангуунаас 3 ширхэг пегмент аваад явсан. Тэгээд Б орж ирээд та одоо дандаа олон юм ярьж байх юм, хүний лангуун дээр байгаа хүн танд ямар хамаатай юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, чамтай яриагүй шүү дээ гэхэд ширээн дээр байсан скочийг аваад дотор нь байсан метртэй авч над руу шидээд хагалчихсан. Тэгэхээр нь би босч ирээд алгадаж автал намайг үсдэж дараад алгадсан. Тэгээд бид хоёр зууралдаж байхдаа шалан дээр байсан будаг асгасан байсан. ...Дээрх гэмтлийг миний биед Б учруулсан. Б намайг алгадаад дараа нь үсдэж дарсан. Бд цохиулсны дараа толгой өвдөөд, эргээд байсан. 2 хоног унтахад их хэцүү байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр ахыг гараад явсны дараа би бараагаа арчаад зогсож байхад эсрэг талын лангууны Б эгч орж ирээд чи муу авгай манайхаас хүн юм авч байхад, чи муу яагаад юм хэлдэг юм бэ гээд ширээн дээр байсан эд зүйлийг аваад Баянтөгс эгч рүү шидсэн. Тэгтэл Баянаа эгч Б эгчийг алгадахад Б эгч Баянтөгс эгчийг үсдэж дараад газар унагаасан. Унагаасныхаа дараа толгой руу нь цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Б.Бөхбаганы мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэтэл Баянтөгс эгчийн хажуугийн лангууны зүс таних эгч ирээд чи ганцаараа юм зарлаа гэсэн утгатай юм яриад хэрүүл үүсгээд ширээн дээр байсан гар утас руу юм шидэж хагалаад, эд зүйлийг авч шидээд байсан. Ингээд Баянтөгс эгч сууж байгаад яаж байгаа юм бэ гээд босч ирээд тэр хоёр хоорондоо зууралдаад бие биенийгээ үсдээд байсан. Би салгасан боловч нөгөө эгч салсны дараа буцаж ирж хэрэлдээд гартаа тааралдсан метрээр Баянтөгс эгчийн толгой руу цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55/,

Шинжээчийн 13280 тоот дүгнэлтэд: “...Д.Баянтөгсийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-8/, Компьютер томографикийн оношлогоо /хх-н 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-36, 51-53/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 37/, эд мөрийн баримтаар тооцож  хэрэгт хавсаргах тогтоол зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 17 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Комплекс” зах дотор Б.Баянтөгстэй худалдаа хийх явцдаа худалдан авагчаас шалтгаалан маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Баянтгөсийн: “...Б орж ирээд та одоо дандаа олон юм ярьж байх юм, хүний лангуун дээр байгаа хүн танд ямар хамаатай юм бэ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, чамтай яриагүй шүү дээ гэхэд ширээн дээр байсан скочийг дотор нь байсан метртэй авч над руу шидээд утас хагалчихсан. Тэгэхээр нь би босч ирээд алгадаж автал намайг үсдэж дараад алгадсан. Тэгээд бид хоёр зууралдаж байхдаа шалан дээр байсан будаг асгасан байсан....Дээрх гэмтлийг миний биед Б учруулсан. Б намайг алгадаад дараа нь үсдэж дарсан. Бд цохиулсны дараа толгой өвдөөд, эргээд байсан 2 хоног унтахад их хэцүү байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн: “...Б эгч орж ирээд чи муу авгай манайхаас хүн юм авч байхад чи муу яагаад юм хэлдэг юм бэ гээд ширээн дээр байсан эд зүйлийг аваад Баянтөгс эгч рүү шидсэн. Тэгтэл Баянаа эгч Б эгчийг алгадахад Б эгч Баянтөгс эгчийг үсдэж дараад газар унагаасан. Унагаасныхаа дараа толгой руу нь цохиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Б.Бөхбаганы: “...Баянтөгс эгчийн хажуугийн лангууны зүс таних эгч ирээд чи ганцаараа юм зарлаа гэсэн утгатай юм яриад хэрүүл үүсгээд ширээн дээр байсан гар утас руу юм шидэж хагалаад мөн ширээн дээр байсан эд зүйлийг авч шидээд байсан. Ингээд Баянтөгс сууж байгаад яаж байгаа юм бэ гээд босч ирээд хоорондоо зууралдаад авсан ба бие биенийгээ үсдээд зууралдаад байсан... хэрэлдээд гартаа тааралдсан метрээр Баянтөгс эгчийн толгой руу цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55/, шүүх эмнэлгийн шинжээчийн 13280 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Баянтөгсийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Бүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР