Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/90

 

 

 

  2022            12              20                                               90

 

 

 

                                                Н.Бт холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Оюунцэцэг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

            С.Батнасан

            Цагаатгагдсан этгээд Н.Б

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Баярмагнай

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/394 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 тоот эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2034006350023 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар  сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй, “Дента Велл” шүдний эмнэлэгт шүдний эмч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 6-157 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Б,

 

Н.Б нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 03 минут 37 секундэд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 9878 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна, цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, хурд хэтрүүлэн оролцож явахдаа 1.4 хувийн согтолттойгоор улсын дугааргүй, Ямаха маркийн мотоциклийг жолоодон хажуугийн шороон замаас тухайн асфальтан зам руу нийлсэн уулзвараар нэвтэрч, замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч Г.Б-г мөргөж зам тээврийн осол гарган, мотоциклийн жолооч Г.Б-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/    

 

Төв аймгийн прокурорын газраас Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-т холбогдох эрүүгийн 2034006350023 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,

Цагаатгагдсан этгээд Н.Бт холбогдох эрүүгийн 2034006350023 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын нэхэмжилсэн оршуулгын зардал болон бусад зардалтай холбоотой 25.377.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан этгээд Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож, Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах хохирол, төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хураагдан ирсэн 4 ширхэг СD-г хавтаст хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Н.Бийг 85.78 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсныг хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна замд цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж хуульчилсан. Улмаар Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ” гэж, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт замын хөдөлгөөний дүрэм юм.

 

Үндсэн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль бол Зөрчлийн тухай хууль болно. Эдгээр хуулиуд болон хэм хэмжээний акт нь өөр хоорондоо уялдаа холбоотойгоор, хууль хэрэглээний хувьд нийцэж байхаар журамлагдсан.

 

Үүнээс үзвэл: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт “жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар бол Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаарыг 87 км цаг гэж ойлгоно.

 

Харин энэ 87 км цагийн хурднаас дээш буюу 88-120 км цаг хүртэлх хурдыг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хэтрүүлсэн гэж үзнэ. Хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуульд энэ хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт заасныг оруулсан шалтгаан нь орчин үед Монгол улсын бүх аймаг, сумууд хоорондоо хатуу хучилттай замаар холбогдож, зам харгуй сайжирсан, тээврийн хэрэгслүүд хурд, хүч, моторын багтаамж томорч туулах чадварын хувьд өндөр хүчин чадалтай болсонтой холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4-т “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэж заасан хурдны дээд хязгаарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт зааснаар зохих хэмжээгээр хурдны дээд хязгаар “87” км-ээс хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан гэж ойлгоно.

 

“Ямаха” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Б-н хувьд Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж 1.4 хувийн буюу хөнгөн зэргийн согтолттой үедээ, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхгүй атлаа улсын дугааргүй, тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа шүүгдэгч Н.Б-ийн жолоодож явсан гол замаар давуу эрхтэй зорчиж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж гол замын тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлэх байтал тухайн гол замын давуу эрхтэй оролцож байгаа тээврийн хэрэгслийн урдуур зүүн гар тийш эргэх үйлдэл хийж хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. ...Ингэж тээврийн хэрэгсэл гэнэт гол зам руу орсон тохиолдолд жолооч Н.Б нь зогсоох арга хэмжээ авч амжихгүй байх боломжтой. Жолооч Н.Б нь зогсоох арга хэмжээ авах нь тухайн нөхцөл байдал, туслах замаас гэнэт гарч ирсэн тээврийн хэрэгслийг хэзээ харснаас хамаарна. Энэ бүгд тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэн шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг, харин амь хохирогч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл..., 4/тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/жолоочийн даатгалын баталгаа, 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх..., 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 2 тээврийн хэрэгсэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон “А” цэг дээр огтлолцож зам тээврийн осол гарч, улмаар мотоциклийн жолооч Г.Б нь газар дээрээ нас барсан үйл баримт тогтоогдсон байдаг.

 

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б амь хохирогч Г.Б нарын Замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх нь нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан шалтгаант холбооны хувьд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Н.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт заасан зөрчил гэж дүгнэж байгаа бол уг үйлдлийн улмаас учирсан хор уршиг буюу хүний амь хохирсон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг тусгахаар заасан бөгөөд улсын яллагчаас гаргасан “...шүүгдэгч Н.Б, амь хохирогч Г.Б нарын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2 тээврийн хэрэгсэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон “А” цэг дээр огтлолцож, зам тээврийн осол гарч, улмаар мотоциклийн жолооч Г.Б газар дээрээ нас барсан бөгөөд Н.Б, Г.Б нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон...” гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй няцааж чадаагүй байх тул дээрх хуулийн зүйл, заалтыг хангаагүй гэж үзэж байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Цагаатгах тогтоолд “...шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай “Тоёота приус-30” маркийн 9878 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн дундаж хурд 85.78 км/цаг гарч байна...” гэх дүгнэлтийг үндэслэн “шүүгдэгч Н.Б-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг 85.75 км/цаг гэж тогтоолоо. Гэхдээ шүүгдэгч Н.Б-ийг 85.78 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсныг хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаарыг 87 км/цаг гэж ойлгоно. Харин 88-120 км/цаг хүртэлх хурдыг хурд хэтрүүлсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн.

 

Гэвч Н.Б-ийн уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан байхад шүүх уг үйл баримтад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчиж, 80 км/цагаас дээш хурдтай явсан нь тогтоогдвол тухайн үйлдэлд нь цагдаагийн албан хаагч шүүгчийн дурдсанчлан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулдаг. Харин уг хурдыг хэтрүүлснээс үүдэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд хохирол, хор уршиг учирсан бол “Гэмт хэрэг”-т тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгааг ялгаж, зааглаагүй.

 

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ гол зам руу амь хохирогч орчихсон байхад шүүгдэгч Н.Б зогсоох арга хэмжээ огт авалгүйгээр араас нь хүчтэй мөргөж зам тээврийн осол гарсан үйл баримтад мөн дүгнэлт хийгээгүй. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргах схем зураг, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байдаг.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Б нь 85.75 км цагийн хурдтай явсан гэдэг нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт зааснаар хурд хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн дүгнэлт, хохирогч талаас гаргасан тайлбар зэргийг няцаасан талаар дүгнэлтийг цагаатгах тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Н.Б-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл 85.78 хурдтай явсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлаас нь үүдэн хүний амь нас хохирсон байдалд огт дүгнэлт өгөөгүй. Мөн улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хор уршгийг ялган зүйлчилсэн буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд юуг хор уршигт тооцох талаар тодорхой заасан. Мөн цагаатгах тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу хэрхэн үнэлсэн талаар огт тусгагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Тээврийн хэрэгслийн жолооч аюул осол тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авах ёстой байтал шүүхээс энэ тал дээр ямар баримтад үндэслэн зогсоох боломжгүй гэж дүгнэсэн нь ч эргэлзээтэй байдлыг бий болгосон. Иймд Э.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн одоо хүртэл биднээс болон ээжээс минь уучлалт гуйгаагүй. Бүх зүйл камерт тодорхой бичигдсэн байхад анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой, өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

 

Цагаатгагдсан этгээд Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

 

Цагаатгагдсан этгээд Н.Б-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоолд гол зам, туслах зам, Н.Бийн зорчин явсан хурдны талаар гарсан физикийн шинжээчийн дүгнэлтийн талаар хангалттай дүгнэлт хийсэн байгаа. Мөн тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт ч хэрэгт авагдсан. Гэм буруутай үйлдэл байж гэмт хэргийн шалтгаант холбоо байх ёстой байтал яллах дүгнэлтэд энэ талаар тогтоон дүгнэж чадаагүй. Хохирогч нь замын хажуугаас гарч ирэн машины баруун хажуугаас орсон байх тул зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдалтай байсныг анхаарч үзнэ үү. Прокурор болон хохирогч талаас зөвхөн хурдны талаар л ярьдаг ба 85.78 км цаг нь Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн хурд учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд Н.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-гийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдолд дурсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хуульд заасан дээрх эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гаргасан цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Н.Б-ийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 03 минут, 37 секундийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан замаар өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 9878 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна, цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа, улсын дугааргүй, “Ямаха” маркийн мотоциклийг 1.4 хувийн согтолттойгоор жолоодон хажуугийн шороон замаас тухайн асфальтан зам руу нийлсэн уулзвараар нэвтэрч замын хөдөлгөөнд оролцож байсан Г.Б-г мөргөн зам тээврийн осол гаргаж, Г.Б-н амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Б нь 85.78 км цагийн хурдтай явсныг хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна замд цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан хэдий ч Үндсэн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн гарсан хууль Зөрчлийн тухай хууль юм.

 

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан тул Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдсөн дээд хязгаарыг 87 км цаг гэж ойлгоно.

 

Түүнчлэн мотоциклийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчин хөдөлгөөнд оролцож явахдаа гол замаар давуу эрхтэй зорчиж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Н.Б-ийг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хүн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг өөрийн ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу хийн гүйцэтгэдэг ба үүнээс нь үүдэн тухайн болж өнгөрсөн үйл явдал нь тодорхой шалтгааны улмаас бий болдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, тухайн гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь хуульд заасан хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас зайлшгүй ямар нэгэн үр дагаварт хүрснээрээ шалтгаант холбоотой байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн талаар тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл Н.Б нь өөрийн Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлэн явсныгаа хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцох зарчимтай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж хуульчилсан.

 

Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба, мөн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах, захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болох бөгөөд “Эрүүгийн хууль”-ийг төсөөтэй хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцэхгүй.

 

Мотоциклийн жолооч Г.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн А-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй буюу түр зөвшөөрөл...”, Б-д “...тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ...”, В-д “...жолоочийн баталгаа...”, 3.7-ийн А-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, В-д “...мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх...”, 15-9-ийн “...гол ба туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэснийг тус тус зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хэрэгт хавсаргагдсан DVD бичлэгийг үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд Н.Б-ийн тухайн үед жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тусгай мэдлэгийн хүрээнд 85.78 км цаг гэж тогтоосныг үндэслэлтэй, үнэлэхээр байна.

 

DVD дээрх бичлэгээс үзвэл Н.Б нь уг аваар, осол болох үед өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг зогсоох, аюул саадыг тойрон гарах ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдэг нь илэрхий харагдсан.  

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийлгэх үндэслэлүүдэд хамаарахгүй, илэрхий байх тул энэ талаар дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд Н.Б-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь тухайн гэмт хэргийн улмаас учирч болох хор уршгийг ихэсгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх үр дагаврыг үүсгэж буй анхдагч нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн суурь зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг зөв тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийг Зөрчлийн тухай хуультай төсөөтэй хэрэглэн шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.  

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан зөрчлийг засуулах шаардлага гарсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн боломжгүй тул дээрх зөрчлийг нь дурдан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаа болох Н.Б урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар “Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас” авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан “Нотолбол зохих байдал”-д хамаардаг болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв. байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/394 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 тоот эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-гийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                         З.ТҮВШИНТӨГС

 

М.МӨНХДАВАА