Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0577

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж,  шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э /УШ/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Д.О /ШТЭҮД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Ц.Л нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ. 

2.Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/780, 2019 оны А/ дугаар захирамжаар С******* Э******* ХХК, П.Э нарын эзэмшиж байсан 2655 м.кв газрыг анх Г.Б нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар эзэмшиж, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 01119- дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг авсан байна.

3.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжаар өмнө нь эзэмшиж байсан 2655 м.кв газрыг 2830 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлж төвлөрсөн авто машины зогсоол үйлчилгээний орон сууц зориулалтаар эзэмшүүлжээ.

4.Гэвч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “..Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04- дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн тул арга хэмжээ авах шаардлагатай талаар холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсэн.

Мөн иргэн та өөрийн эзэмшлийн газрын кадастрын эргэлтийн цэгээс хэтрүүлэн илүү талбай хашсан, зориулалтын дагуу газраа ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн, барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар иргэд хуулийн этгээдээс удаа дараа гомдол ирүүлж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 (Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол) дахь заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамж, иргэн Г.Бт холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар саналаа 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдье” гэх мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Бээс тус мэдэгдлийн дагуу холбогдох тайлбарыг хүргүүлсэн байна.

5.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Г.Б 2020 оны Улсын их хурлын тогтоол болох “Алсын хараа” 2050 бодлого баримт бичгийн хүрээнд хүүхдийн 100 орчмын газрыг бизнес болон худалдаа хөгжлийн төв болгох гэж зарласантай холбоотой      350-400 авто машины зогсоол барихаар төлөвлөсөн. Үүний дагуу нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн 2830 метр газартаа төвлөрсөн авто машины үйлчилгээтэй авто машины зогсоол барихаар төлөвлөсөн. Орон сууц барихаар төлөвлөсөн гэж тайлбарлаж байгаатай холбоотой нотлох баримт шинжлэн судлахаар тайлбар хэлнэ. Нэхэмжлэгчийн зүгээс 350-400 авто машины зогсоол барихаар төлөвлөсөн байгаа. Гэвч тус баримт бичгийн хүрээнд төрийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авч барилгын ажил эрхлүүлж явуулж байсан боловч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нөхцөл байдал байгаа. Хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар тайлбар хэлдэг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч Г.Б яаж 2830 м.кв газар эзэмших эрхтэй болов гэдгийг тайлбарлах шаардлагатай. Энэ талаар баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Газрын байршил дээр анх С*******, Э******* ХХК 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 360 дугаартай захирамжаар газар эзэмшиж байсан. ХХК-ийн байршилд оношилгоо үйлчилгээний зориулалтай 352 м.кв газрыг эзэмшиж байсан. Үүнийг 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 98 дугаар захирамжаар ХХК-ийн эзэмшилд байсан оношилгоо үйлчилгээний зориулалттай газрыг С******* э******* ХХК руу шилжүүлэн эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр А/780 дугаартай захирамжаар С******* Э******* ХХК-ийн эзэмшлийн 352 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг сунгасан байдаг. П.Э гэх хүн тухайн байршилд газар эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбар хэлдэг. Энэ газар нь Х газрын газар байсан гэдэг утгаар тайлбарлаж байдаг нь үндэслэлгүй. Үндэслэлгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох болно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 154 дүгээр тогтоолоор одоогийн Х газар буюу 2 дугаар төрөх амаржих газрын ашиглаж байсан зөвлөх амболтор 305 м.кв талбай бүхий эзэмшлийн объектыг Монголын цахилгаан холбоо ХХК-ийн 28 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан. 298 м.кв талбай бүхий барилгыг Б ХХК Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2005 оны 154 дүгээр тогтоолоор эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг.  Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2005 оны 270 дугаартай тушаалаар Б ХХК объектыг хүлээлгэж өгсөн байдаг. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн дээрх шийдвэрүүдийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаар захирамж байдаг. Тус объектын доод талын 485 м.кв газрын эзэмших эрхийг Б ХХК Нийслэлийн Засаг дарга баталгаажуулж өгсөн. Үүний дараа 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Б ХХК-ийн 985 м.кв эзэмших эрхийг иргэн П.Э рүү шилжүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн а/ дугаар захирамжаар П.Эд конторын зориулалтаар 985 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгаж шийдвэрлэсэн. Г.Б тухайн газрыг яаж шилжүүлж авсан бэ? гэдэг асуудал гарч ирнэ. Анх П.Э, Б ХХК, С******* э******* ХХК нар хил залгаа 480 м.кв газрыг иргэн Г.Б н.Г гэх иргэнээс шилжүүлж авсан. н.Г, Г.Бтэй ямар нэгэн байдлаар хамаарал байхгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газар ах дүүгийн холбоотой гэж тайлбарладаг. Хоорондоо ямар нэгэн хамаарал байхгүй. 480 м.кв газрыг 2004 оны 290 дугаар захирамжаар н.Гт эзэмшүүлсэн байсныг 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар захирамжаар Г.Б үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэх болсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А114 дүгээр захирамжаар Г.Бийн эзэмшлийн үйлчилгээтэй орон сууцны зориулалтай 480 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар болон талбайн хэмжээг 838 м.кв газраар нэмэгдүүлж нийт 1318 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Нэмэгдүүлсэн 838 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 11,547,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14,224,000 төгрөг нийт 25,771,000 төгрөгийг төлж 838 м.кв газрыг н.Г гэх хүнээс шилжүүлэн авсан 480 м.кв газартай нийлүүлж 1318 м.кв газрыг дуудлага худалдааны анхны үнийг төлж эзэмших эрхтэй болсон. 2830 м.кв газрыг яаж эзэмших эрхтэй болсон бэ гэвэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1153 дугаартай захирамжаар Г.Б 2655 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмшүүлсэн. Тус захирамжаар 2655 м.кв газрыг эзэмшүүлж авахдаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 780 дугаар захирамжаар С******* э******* ХХК-д эзэмшүүлсэн 352 м.кв газар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/ дугаар захирамжаар П.Эд эзэмшүүлсэн байсан 985 м.кв газар буюу нийт 1337 м.кв газрыг тухайн үед нэгтгэж Улаанбаатар банкны барьцаанд тухайн газар тавигдсан байсан. Улаанбаатар банкнаас иргэн Г.Бт санал тавьж таны эзэмшлийн газартай хил залгаа газар байгаа учир тус газрыг худалдаж авч эзэмших үү гэдэг санал тавьсны дагуу Г.Б гэх хүн 3 тэрбум төгрөгөөр буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот гэрээг 3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. 2655 м.кв газрыг Г.Б эзэмших эрхтэй болсон. Зөрүү 175 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамж буюу өнөөдрийн Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнэ болох 175 м.кв газрын 24,640,000 төгрөгийг төлж 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлж нэмж нэгтгэж 2,830 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Г.Б гэх иргэн эзэмших эрхтэй болсон.

Хариуцагч талаас газрыг цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлээр хэд хэдэн хуулийн заалтыг баримталсан. Үүнээс цуцлах үр дагавар үүсгэж байгаа хууль нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар цуцалж байгаа. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 46.3.3-т заасныг баримталж цуцалсан. Хуулийн заалтуудыг баримталж цуцлах болсон үндэслэлээр хариуцагч талаас тайлбарлахдаа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг зүйлийг тайлбарладаг. Энэ дүгнэлтийг тайлбарлахдаа 2 баримт бичгийг дүгнэлтдээ үндэслэл болгодог. Нийслэлийн мэргэжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгнэлтийг тайлбарладаг. Тус дүгнэлтийг тайлбарлахдаа Нийслэлийн газрын албанаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн Г.Бт ирүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч тус сонсох ажиллагааны мэдэгдэл 3 сарын сүүлээр Г.Б гэх иргэнд ирдэг. Өөрөөр хэлбэл 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор тайлбараа ирүүл гэдэг зүйлийг бичсэн байдаг боловч 3 сарын сүүлд ирдэг. Мэргэжлийн хяналтын газар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг харах юм бол энэ нь 2830 м.кв иргэн Г.Бийн эзэмшлийн газарт хамаарсан байгаа. Тухайн орчны газар бохирдолтой байна. Иймд эзэмшигчдийн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдэж гэдэг зүйл тайлбарлаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан байдаг. Гэвч А/******* дугаар захирамж өөрөө 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэх байсан бол 3 хоногийн дараа иргэн Г.Б гэх хүнд газар эзэмшүүлэх боломж байгаагүй бол 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Г.Бт эзэмшүүлж байна. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт нэхэмжлэгчид хамаарал байхгүй. Нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй, танилцаагүй. Сүүлд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой Газрын алба дээр нь очиход танилцуулж байсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг огт мэдэхгүй. Газар ашиглуулах захирамж гарахаас өмнө гарсан дүгнэлт байсан. Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хариуцагч талаас тайлбарлаж байгаа. Гэтэл Х газрын сайт дээр байх санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан зүйл байдаг. Үүнийг сонсох ажиллагааны үндэслэл болгож сонсох ажиллагаа огт хийгээгүй. Гэвч Үндэсний аудитын газрын дүгнэлтээс харахад Х газрын барилгын санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасан байдаг. Үүн дээр газрын маргааныг хурдан шийдвэрлэх дүгнэлт гаргасан. Г.Б гэх хүний эзэмших эрхтэй холбоотой гарсан дүгнэлт биш байсан. Мөн Газрын тухай хуультай холбоотой дүгнэлтийг хариуцагчийн хариу тайлбартай холбоотой нэмэлт тайлбар хэлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан. Захирамжийн 1 дэх заалт дээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 640 дүгээр захирамжаар 2830 м.кв газрыг Г.Б Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож дуусгавар болгосон. Тухайн шийдвэрийг гаргахдаа Нийслэлийн хотын стандарт, хяналтын газраас хийсэн иргэн Г.Бийн барилга дээр хяналт шалгалт явуулсан. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1660 тоот дүгнэлт, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 011176 дугаартай дүгнэлт, Барилга хот байгуулалтын яамны хяналт шалгалтын газраас Х газраас өгсөн гомдлын дагуу иргэн Г.Бийн газар дээр хяналт шалгалт явуулсан талаарх 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Тус дүгнэлтүүдэд үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сонсох ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/71083 дугаартай албан бичгээр иргэн Г.Бт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдэл дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг үндэслэлээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар иргэн Г.Б гэх хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.      

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий газартай холбоотой нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн талаар эрх байгууллагын дүгнэлт гараагүй байхад энэ талаар дүгнэлт гарсан гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч Г.Бийн газар эзэмших эрхтэй холбоотой нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа талаар эрх байгууллагын дүгнэлт гарсан тул дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ. 

3.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

4.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” А/******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Бт 2830 м.кв талбай бүхий газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

5.Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлд нэхэмжлэгч Г.Бт маргаан бүхий 2830 м.кв талбай бүхий газар эзэмших эрх үүссэн үйл баримтын талаар дурдаагүй бөгөөд хэргийн оролцогч нар маргаан бүхий газар эзэмших эрх үүссэнтэй холбоотой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

6.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Бт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 14 дугаартай 2830 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 0 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгосон байна.

7.Нэхэмжлэгч Г.Б нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нартай маргаан бүхий 2830 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх ******* дугаар бүхий гэрээг байгуулжээ.

8.Дээрх байдлаар нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий газрыг эзэмшиж байхад нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

9.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Г.Бийг маргаан бүхий газрыг эзэмшихдээ Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

10.Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ******* дугаар албан бичгийг нэхэмжлэгч Г.Бт хүргүүлсэн байна.

11.Дээрх албан бичигт: “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн тул арга хэмжээ авах шаардлагатай талаар холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсэн.

Мөн иргэн та өөрийн эзэмшлийн газрын кадастрын эргэлтийн цэгээс хэтрүүлэн илүү талбай хашсан, зориулалтын дагуу газраа ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн, барилгын суурийн ухсан нүх үүсгэснээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар иргэд хуулийн этгээдээс удаа дараа гомдол ирүүлж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 (Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол) дахь заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамж, иргэн Г.Бт холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар саналаа 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдье.” гэжээ.

12.Дээрх мэдэгдлээс үзвэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна гэж үзэхээр байна.

13.Гэтэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

14.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж тус тус зааснаас үзвэл, газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр хүчингүй болгохоор байх бөгөөд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор байна.

15.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар олж авсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар мэдэгдэлд дурдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гаргахаас өмнө гарсан дүгнэлт байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй хамааралгүй байна гэж үзэв.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий захиргааны актад дурдсан  эрх бүхий байгууллагын дүгнэлт гэдгийг Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Х газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гомдлын дагуу хийсэн шалгалт” 02-00/06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг гэж тайлбарласан болно.

17.Уг хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсгийн “... 4.Иргэн Г.Бийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын төлөвлөлтийн (зураг төслийн “Р” ХХК-ийн Rich цахим хаягаар (DWG) файл хэлбэрээр ирүүлсэн) зургийг Х газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн газрын кадастрын зурагтай давхцуулж давхцалыг тодорхойлоход иргэн Г.Бийн барихаар төлөвлөж буй барилгын урд талд төлөвлөгдсөн авто зам нь Х газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баруун хойд талын 11 дүгээр эргэлийн цэгээс зүүн зүгт 12-16 цэгээс урагш нийтдээ ойролцоогоор 94.05 м.кв газар давхцуулан төлөвлөсөн байна. (зураг 4)

5.Х газрын 2хф125 мм-ийн голчтой дулааны шугам, ф100 мм-ийн голчтой цэвэр усны шугам сүлжээг иргэн Г.Бийн эзэмшил газрын зүүн болон урд талын хэсгээр дайруулан татсан байгаа нь газрын маргаантай байна.

6.Иргэн Г.Бийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахдаа нийслэлийн Хоёрдугаар  амаржих газрын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж батлаагүй, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх” /БНбД 31-22-21/-ийн холбогдох заалтыг хангуулаагүй байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэн газрын маргаан үүсэх шалтгаан нөхцөл үүссэн байна.

Иймд уг газрын маргаантай асуудлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.1 дэх (60.1.1.газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;), тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг (Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.)-ийн дагуу холбогдох газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэжээ.

18.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” Нийслэлийн х газарт хүргүүлсэн албан бичигт:“... Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамжаар 2655 м.кв газрыг 2830 м.кв болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Г.Бт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.3 /бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна./-т заасны дагуу тус албанд хандан ирүүлсэн хоёрдугаар амаржих газрын ашиглаж байсан зөвлөх амбулаторийн орчны газрыг эзэмших тухай хүсэлтийг газар эзэмшигч иргэнтэй зөвшилцсөнөөр шийдвэрлэх боломжтой байна.” гэснээс үзвэл Барилга хот байгуулалтын яамны хяналт шалгалтын танилцуулгад дурдсан нэхэмжлэгчийн газар нь Х газрын газартай давхцалтай гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

19.Мөн нэхэмжлэгч Г.Б нь өөрийн хөрөнгөөр гадна дулааны ф125-200 мм болгон өргөтгөн, хагас нэвтрэх сувагчлалтай болгосон байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Х газар болон нэхэмжлэгч нарын хооронд цэвэр усны шугам, дулааны шугамтай холбоотой маргаан байхгүй болсон байна.

20.Нэхэмжлэгч Г.Бийн эзэмшлийн маргаан бүхий газар болон барилгажиж буй талбай нь Х газар болон бусад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд саад учруулан орц, гарц хаасан зүйл байхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

21.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Бээс хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ