Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/82

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           12                8                                                  82

 

 

                                         Г.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Ариунзул,

            Хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Дашцэрэн/цахимаар/,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн 2234000000205 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.М илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г, 1996 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Залуус хорооллын 48-Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгэгдэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

2.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Дундговь аймгийн хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ялтан Г.М гэмт хэрэгт дахин холбогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЗП96070711,

Г.М нь Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Хэрсэнгийн хавтгай” гэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Х.Батжаргалын 11 тооны адууг буюу олон тооны малыг машин, механизм ашиглан хулгайлж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г М бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М 3 /гурав/ жил 3 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 25 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ жил 11 /арван нэгэн сар/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоног хорих ялаар тогтоож,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 5 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэс 35 603 000 /гучин таван сая зургаан зуун гурван мянга/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Баянцагаан сум 3 дугаар баг Мөргөцөг гэх  газарт оршин суух хохирогч Х.Б /РД:НЗ80070576/-д олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн “6283 УНИ улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,510,807 /арван хоёр сая таван зуун арван мянга найман зуун долоо/ төгрөгийг шүүгдэгч Г.М-с гаргуулж улсын төсөвт оруулж,

 

Эрүүгийн 2234000000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гомдолдоо: “...Шүүгдэгч Г.М-д холбогдох Эрүүгийн 22340000000205 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.09.19-ний өдөр хянан хэлэлцээд 2022/шцт/381дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруугийн болон Эрүүгийн хариуцлагын талаар шийдвэрлэсэн байдаг. Уг шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү Үүнд: 1. Хохирол хор уршгийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эм Жей Жей Эм ХХК гэх үнэлгээний байгууллагын алдагдсан адуунд хийсэн үнэлгээг үндэслэж 35,603,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийддэг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж мэтгэлцсэн үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй, түүнийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолдоо дурьдаагүй байна. Энэ нь ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх хуулийн үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал Эм Жей Жей Эм ХХК гэх үнэлгээний байгууллага нь дараах адуунуудыг аймаг сумын наадамд айраг түрүү авсан гээд хүрэн үрээ-3,8 сая, Цавьдар соёолон-7,2 сая, Хүрэн зээрд-7,2 сая төгрөгөөр тус тус үнэлсэн ба дээрх адуунууд нь аймаг сумын наадамд айрагдаж түрүүлсэн гэх ямар ч өргөмжлөл шагнал нотлох баримт хэрэгт байхгүй, зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгийг шууд үндэслэн үнэлгээ хийсэн байдаг.

 

2. “Эм Жей Жей Эм ХХК гэх үнэлгээний байгууллага нь үнэлгээ тогтоохдоо зах зээлийн жишиг үнэлгээний арга гэгчийг хэрэглэсэн гэх бөгөөд адууг үхэртэй харьцуулан тогтоосон, үнэлгээ хийхдээ сумын, аймгийн, нийслэлийн гээд аль зах зээлийн үнэлгээгээр хийсэн нь тодорхойгүй, мөн саарал морь гэх адуу /15 настай/ хурдан морь гээд 2.786.000 төгрөгөөр үнэлсэн, хавтаст хэргийн 115 дугаар талд байгаа өргөмжлөл хохирогч Х.Батжаргалынх биш, Улаанбаатар хотын ХУД-ийн Баасандоржийн Энхтөр гэх хүний соёолон зүсмийн үрээг 7,078,000 төгрөгөөр үнэлсэн байхад үүнийг анхан шатны шүүх хохирол хор уршигт оруулан тооцож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдаг. Иймд дээрх үнэлгээнүүдийг хохирлоос хасч тооцож өгнө үү. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил зургаан сарын хорих ял оногдуулсныг шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Г.Бын алдсан адуунууд хурдан удмын адуу байсан талаар нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулах үед шүүгдэгчээс гомдол гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан  эрүүгийн хариуцлага түүний гэм бурууд тохирсон байх тул хөнгөрүүлэх боломжгүй. Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх шүүгдэгч Г.Мд 3 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгт 3 жил 3 сар гэж тоогоор бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан, шүүгдэгч Г.Мэс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-38 УНР улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25,273,500 төгрөгийг гаргуулах атал ченж нарын унаж ирсэн 62-83 УНИ улсын дугаартай “Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,510,807 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул эдгээр алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аймгийн алдарт уяач цолонд хүргэхэд тус хүргэсэн адуунуудыг маань энэ хүн үрэн таран хийсэнд гомдолтой байна гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлын үнэлгээтэй тухайн үед шүүгдэгч танилцсан. Ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Хурдан адуунууд байсан талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсанаар хохирлоос хасч тооцох үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэв.

           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Дашцэрэн /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Баярмагнай өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нэг байна. Адууны үнэлгээ бодитой гарсан гэдэг нь эргэлзээтэй. Шийтгэх тогтоолд техникийн шинжтэй гарсан алдааг засаж өгнө үү. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлж өгнө үү гэв.              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Г.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Хэрсэнгийн хавтгай” гэх газраас иргэн Х.Батжаргалын 11 тооны адууг буюу олон тооны малыг машин, механизм ашиглан хулгайлж бусдад 37,782,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

 

Хохирогч Х.Батжаргалын: "... 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манайх "Зээрд" азаргатай 35 тооны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай адуугаа услаад гаргасан... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр адуугаа хайгаад олоогүй... Тэгээд адуугаа хайгаад явж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг "Хэрсэнгийн хавтгай" гэх газарт байх Доржсүрэн гэх айлын өвөлжөөнд ирж үзэхэд адууны шийр, сэвс байсан. Тоолоод бүртгэж үзсэн 44 ширхэг шийр байсан. Би өвөлжөөний эзнийд очиж мал хийсэн талаар асуухад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай өвөлжөөнд 2 цагаан өнгийн машинтай хүмүүс 30 гаран тооны адууг хашаад 4-5 тооны адууг нядалж байсан... гэж хэлсэн. Тэгээд би аймгийн Цагдаад дуудлага өгсөн." гэх /хх 27-29/,

 

Шүүгдэгч Г.М: “... Тэгээд... бид хоёр ойр зуурын юм яриад танилцахад Дашдаваа буюу Дашка гэдэг... усан завьчны дэлхийн аварга... явах гэсэн чинь 9 сая төгрөг байршуулдаг гэнэ... гэж надад хэлсэн. Тэгээд... би чамд өөрийнхөө мал дээр очоод хоёр үхэр борлуулаад өгье чи хашаа байшингаа зарчхаад эргүүлээд өгөхгүй юу гэж хэлсэн... 20-ны өглөө болж байсан байх тэр адууг нүхэн гарцын доогуур гаргаад замаас 7 орчим километр газар яваад айлын өвөлжөөн дээр аваачиж хашаад... ченжийн утсаар нь залгаад... дуудчихсан байсан чинь өдөр 12 цаг өнгөрөөгөөд яваад ирсэн... тэр адуунаасаа 10 тооны адууг ялгаж аваад хажуу талынх нь хашаанд хашаад тус бүрийг нь 900,000 төгрөгт бодоод зарахаар тохирсон. Тэгээд би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малын эмч рүү нь залгаад... бичиг өгөөч гэсэн чинь надад код өгсөн. Тэгээд тэр кодыг ченжид өгсөн чинь миний 5464233442 гэсэн дансанд 9,400,000 төгрөг орж ирсэн... Улаанбаатар хот руу орж ирээд би Дашкад 3 сая төгрөг дансанд нь хийж өгөөд... бараг мөнгөө дууссан байгаа... Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар М.Дашдаваад яриагүй байсан.” гэх /хх 74-75, 160-161/,

 

Гэрч М.Дашдаваагийн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед... Моносын уулзвараар салаад Сонсголонгийн гүүр тал руу эргээд явж байхад дээл тэвэрсэн залуу... машиндаа суулгасан. Явах замдаа танилцсан. Өөрийгөө Мөнх-Итгэл гэж байсан... Рафтингийн буюу завьчны дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа юм, явах зардал мөнгө гээд надад 4 сая 500 мянган төгрөг хэрэгтэй ээжийн амьдарч байгаа хашаа, байшинг зарах болоод явж байна гэж хэлсэн... явах замд Мөнх-Итгэл найз нь чамд тусалмаар байна манай мал ойрхон хөдөө байдаг би чамд мал зарж мөнгө өгнө чи харин надаа буцаагаад яаж өгөх юм гэхээр нь би ээжийн хашаа болон байшинг зараад буцаагаад өгнө гэхэд за тэгвэл хоёулаа хөдөө явна гээд... Мөнх-Итгэл явах замд таарсан адуунуудыг үзээд яваад байсан. Тэгээд... өглөө таарсан адуунууд дээр очоод... нөгөө адуунуудыг туугаад 7 км газар яваад Мөнх-Итгэлийн малын хороон дээр авч ирээд хашаад Мөнх-Итгэл ченж дуудсан... Нийт 10 тооны адуу зарсан... Мөнх-Итгэл ченж нараас нийт 9 сая 400 мянган төгрөг аваад. Миний данс уруу 3 сая төгрөг шилжүүлсэн...” гэх /хх 77-78/,

 

Гэрч Б.Энхтуяагийн: " 2022 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед... танихгүй эрэгтэй хүн залгаад, би Багахангайгаас ярьж байна морь уядаг хүн байна, одоо 5 сар гараад морио уях гээд байна, тэрнээс өмнө малаа зармаар байна олон тооны мал байгаа 20 гаран тооны үхэр, 10 гаран тооны адуу зармаар байна гэж ярьсан. Тэгэхээр нь би малын гарал үүслийн бичиг өгч байгаа юу гэж асуухад өгч байгаа тэр асуудалгүй, би өөрөө морь уядаг олон азарга адуутай хүн байна, маргааш гэхэд та яаралтай ирмээр байна, бичиг баримт асуудалгүй... гэсэн. ...11 тооны адууг барьж нядлаад, үлдсэн 22 тооны адууг бид нар тоолоод нөгөө залуу баруун урд зүгт гаргаад орхичхоорой гэсэн зүг рүү нь гаргаад орхисон. Би тухайн үед сайн хараагүй нэг дэлтэй хээр морь, жижигхэн хээр морь, халиун морь, бор морь, азарган үрээ, сартай хүрэн морь хийсэн. Бусад адууны зүсийг хараагүй тамгыг нь анзаараагүй. Үлдсэн адуу нэлээн туранхай адуу байсан нэлээн хэдэн даага байсан санагдаж байна. Бусдыг нь анзаараагүй." гэх /хх 31-35/,

 

Гэрч Ж.Даваатөмөрийн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2-р багийн нутагт өвс хэр байна гээд үзээд явж байтал цагаан өнгийн жижиг тэрэг багцаагаар 30 орчим тооны адуу туугаад явж байсан. Тэгээд тэр цагаан тэрэгтэй 2 хүн над дээр ирээд танилцаж хаа хүрэх талаар асуухад адуугаа туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би уулзчихаад хөдлөөд явсан. Сайн таньж хараагүй би зүс харвал таньж магадгүй." гэх /хх 37/,

 

Гэрч Т.Алгирмаагийн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр... өвөлжөөний хашаанд 30 орчим адуу хашаад 4 тооны адууг нядлаад янзалж байсан. Би малын эзэн гэх залуутай уулзсан.. Тэгээд адуугаа танай өвөлжөөний ойрхон газраас олж авлаа. Тэгээд шууд танай өвөлжөөнд хашчихсан юм уучлаарай гээд байсан... Би тэр залууд охины утасны дугаарыг өгөөд цэвэрлээд эргээд хэлээрэй гэсэн. Адууны зүс, тамгыг сайн анзаарч хараагүй. Голдуу бор зүсмийн адуу байх шиг байсан..." гэх /хх 41/,

 

Гэрч И.Зулбадамын: “... Манай нөхөр Дашдаваа 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот уруу ирэхээр болсон. Өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Урьхан орж явна гэж утсаар ярьсан. Утсаар ярьсан цагаас хойш ирэхгүй болохоор нь 17 цагийн үед гар утас уруу нь залгахад, Өлзийт хороолоолд найзтайгаа уулзаж байна, адуундаа явчхаад ирсэн байна, уулзаад яваад очъё гэсэн... 1 цагийн дараа... манай найз мал хийж махыг нь зараад мөнгө зээлье гэж байна... гэхээр би мөнгөний хэрэг маш их байсан болохоор нөхрийгөө мөнгөтэй болоод маргааш хүрээд ирэх юм чинь гээд Дундговь аймаг явахыг нь зөвшөөрсөн... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотод... ирсэн байна гэж ярихдаа миний Хаан банкны 5173013834 гэсэн дугаарын данс руу 3 сая төгрөгийг хадам ээж Сарантуяагийн 5055460559 гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн байсан... Маргааш нь нөхөр бид хоёр үлдсэн мөнгөө асуух гээд гар утас руу нь залгахад дуудаад байсан боловч гар утсаа авахгүй байсан...” гэх /хх 49-50/,

 

Гэрч Д.Батсэлэнгийн: “Энхээ гэх манай найз 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн орчим над уруу гар утсаар залгаад Багахангай дүүргийн ойролцоо хэдэн адууны мах ачаад ирэх үү гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Х.Портер-2 загварын 62-83 УНИ улсын дугаарын тээврийн хэрэгслээ унаад өөрийн эхнэр Март, бойчин хийдэг Тулгаа, Энхээ бид дөрөв явсан... Адууны эзэн гэх нэг залуу байсан. Энхээтэй тэгээд малын наймаа хийсэн. Нийт 5 бүдүүн морь 6 ширхэг үрээ байсан... Тэгээд бид нар Улаанбаатар ороод махаа Хүчит шонхор зах дээр Энхээд зараад тэгээд бид нар гэртээ харьсан. Тухайн адууны махыг хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Өмнө нь уулзаж байгаагүй. Хар битүү малгай өмссөн байсан. Бид нар хулгайн адуу гэдгийг мэдээгүй.” гэх /хх 52/,

 

Гэрч Т.Баттулгын: “Энхээ эгч над уруу утсаар залгаад дүү Багахангай ороод 11 ширхэг адуу хийгээд ирэх үү гэхээр нь за гээд. Энхээ эгч мах ачдаг цагаан Портертой ахтай хамт түүний эхнэр тэгээд би хамт явсан... Тэгээд би 11 тооны адууг хийж дуусаад махаа ачаад хот ороод 5 шар гэх газар буугаад гэр рүүгээ такси бариад ирсэн. Өөр би юу ч мэдэхгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Тухайн залууг одоо харвал мэдэх байхаа. Өндөр бор залуу байсан...” гэх /хх 54/,

 

Гэрч Б.Болдбаатарын : “Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нарантуул зах дээр лангуун дээрээ ажиллаж байсан чинь Энхээ эгч над уруу гар утсаар залгаад эгч нь Багахангай дүүргийн ойролцоо хүнээс 10 адуу авах гэж байна чи хамт явах юм уу гэхээр нь би хамт явна та явж бай би араас чинь очно гэж хэлээд найз Ээгийтэй хамт Улаанбаатар хотоос гарч яваад орой 19 цаг өнгөрч байх үед 132 дахь км шонгийн ойролцоо ирээд Энхээ эгч рүү залгасан чинь Төмөр замын нүхэн гарц байгаа тэрүүгээр гараад байж бай гэхээр нь нүхэн гарцаар гараад зогсож байсан чинь нэг эрэгтэй хүн утсаар залгаад зүүн гар талын замаа бариад явж бай би урдаас чинь очиж явна гэхээр нь явж байсан чинь өөдөөс цагаан машинтай залуу ирээд дагуулаад явсан. Адуу хийж байгаа газар очиход 4 адуу унагасан гэдэс нь гарч байсан. Энхээ эгч цагаан машинтай залууд бэлэн 100 мянган төгрөг өгөөд явуулчих гэхээр нь би 100 мянган төгрөг өгсөн. Нөгөө хоёр залуу тэгээд яваад өгсөн. Би гэдсээ арилгаж байгаад дуусаад буцаад Улаанбаатар хот руу явсан.” гэх /хх 56/,

 

Гэрч Ц.Мартын “Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр болон хүүхдийн хамт гэртээ байж байсан чинь Энхээ утсаар залгаад Багахангай дүүргийн ойролцоо 11 адуу хүнээс авах гэсэн юм хамт яваад ирэх үү гэхээр нь тэгье гээд нөхөр бид хоёр... Энхээг... бой хийх хүнээ мөн замаараа аваад Багахангай дүүргийн зүгт явсан... Тэгээд Энхээ үнэ ханш тохирсон гээд 9 сая 400 мянган төгрөг болсон гээд миний данснаас 9 сая 300 мянган төгрөг шилжүүлээд үлдсэн 100 мянган төгрөгийг гэдэсний Болдоогоос авч өгсөн... Тэгээд бид нар малаа хийж дуусаад Улаанбаатар хот руу явсан. Шонхор зах руу ороод очирлож зогсож байгаад өглөө махаа худалдан борлуулсан. Худалдан авсан адууны зүс тамгыг анзаараагүй би мал сайн мэдэхгүй.” гэх /хх 58/,

 

Гэрч Д.Алтангэрэлийн: “Тухайн өдөр би өөрийнхөө хонийг хариулаад хөдөө хээр малын бэлчээрт байсан. Өглөө 10 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Жижиг цагаан өнгийн суудлын машинтай 2 хүн нэлээн өтгөн тооны, 1-2 азарга болов уу адуу байна гэж харж байсан, би очиж уулзаагүй, адуугаа тогтоочхоод машинаасаа буугаад шээж байсан. Нөгөө машинтай хүмүүс тууж яваа адуугаа "Хэрсэн" гэх газарт орхиод баруун хойд талд байсан айл нь нүүгээд явсан саравчин дээр очиж байх шиг харагдаж байсан. Удалгүй буцаж ирээд тууж явсан адуугаа нөгөө саравчинд хашсан... Тэгээд орой болоод мал хотолсон тул би гэр рүүгээ явсан, тэрнээс хойш юу болсон талаар хараагүй. Тухайн саравчны эзэн Алгирмаа гэх хүн малаа хийж байхад нь очиж уулзсан гэж байсан.” гэх /хх 63-64/,

 

Гэрч Д.Пагмадуламын: “Би энэ Г.М гэх хүнийг бол огт танихгүй. Би “ПББД” ХХК-ний малын эмчээр ажилладаг... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр... Ганхуягийнхаас ярьж байна гээд малын бичиг авах гэсэн юм гэж надад хэлсэн... Нэлээд хугацааны дараа нь над руу тэр утсаар яриад байсан хүн миний фейсбүүкийн хаяг руу зургаа явуулсан байсан. Тэгээд би Ганхуяг гэдэг айлынхаас ярьж байна гэж бодоод Ганхуягийн нэр дээр мал эмнэлгийн гэрчилгээ бичээд кодыг нь утсаар яриад байсан хүнд өгсөн... Би нүдээр үзэж хараагүй.” гэх /хх 71-72/ мэдүүлгүүд,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №07/159 дугаартай “Монгол улсын иргэн Х.Батжаргалын өмчлөлийн 11 толгой адууны зах зээлийн үнэ үнэлгээний өдөр болох 2022 оны 4-р сарын 20-ны байдлаар 37,782,000 /гучин долоон сая долоон зуун наян хоёр мянга/ төгрөг болно.” гэх тайлан /хх 86-103/,

Хаан банкны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх Ганхуягийн М 5464233442 дугаартай /хх 167/, Хаан банкны 2022 оны 4-р сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэлх Магсарын Дашдаваагийн 5045496645 дугаартай /хх 170/,  Хаан банкны 2022 оны 4-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх Цэрэндоржийн Мартын 5035287873 дугаартай /хх 171/ депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай / хх 1/, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн /хх 18/ тэмдэглэлүүд, хэргийн газрын /хх 3-7/ болон  М.Дашдаваагийн IPhone-6 загварын гар утсанд /хх 9-17/ үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал хангалттай тогтоогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь давж заалдах шатны шүүхэд “алдагдсан зарим адуунуудын талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн хийсэн үнэлгээнүүдийг хохирлоос хасч тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

 

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээч Г.Амбасэлмаад шинжилгээ хийлгэхийг даалгасан /1 хх 84/. Мөн уг тогтоолын хамт хурдан удмын, сум, аймгийн наадамд уралдаж түрүүлж, айрагдаж байсан гэх талаар нотлох Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/14 дугаартай тодорхойлолт /1хх 111/, хүндэт өргөмжлөлүүд /1хх 115-122/ зэрэг баримтыг хавсарган шинжээчид хүргүүлсэн байна. Шинжээч Г.Амбасэлмаа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй /1хх 125/, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх бөгөөд шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 07/159 дугаартай дүгнэлт нь хууль дээдлэх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэсэн шүүхийн шинжилгээний зарчимд нийцэн гэснийг хүлээн авч тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хохирлын үнэлгээнүүд нь эргэлзээтэй тул хасч тооцож өгнө үү гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан. Шүүх эрх мэдлийн нэг үндсэн хэсэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд уг ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад оршдог. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууьд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүх болон шүүгчид хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх мэдэл болно. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх, шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү “ гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх “шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М 3 /гурав/ жил 3 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж хорих ялын хэмжээг тоогоор бичихдээ зөрүүтэй бичсэн нь техникийн шинжтэй гарсан алдаа тул зөвтгөн өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгодог.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Даваатөмөрийн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2-р багийн нутагт өвс хэр байна гээд үзээд явж байтал цагаан өнгийн жижиг тэрэг багцаагаар 30 орчим тооны адуу туугаад явж байсан. Тэгээд тэр цагаан тэрэгтэй 2 хүн над дээр ирээд танилцаж хаа хүрэх талаар асуухад адуугаа туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би уулзчихаад хөдлөөд явсан. Сайн таньж хараагүй би зүс харвал таньж магадгүй." гэх /хх 37/,

 

Гэрч М.Дашдаваагийн сэжигтнээр өгсөн: “... Мөнх-Итгэл фэйсбүүк дээрээс мал авдаг гэх ченжтэй утсаар холбогдоод ченж нар ирнэ гэж байна. Адуугаа хороонд хийгээд бэлэн байж бай гэж байна хоёулаа манай хороонд энэ хэдэн адууг тууж очоод хашаад байж байя гээд нөгөө адуунуудыг туугаад 7 км газар яваад Мөнх-Итгэлийн малын хороон дээр авч ирээд хашаад... 10 тооны адуу зарсан... Тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа.” гэх /хх 77-78/,

 

Шүүгдэгч Г.М: “Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны үед байсан байх... такси барих гээд гар өргөөд зогсож байтал нэг цагаан өнгийн машин ирж зогсоод... бид хоёр ойр зуурын юм яриад танилцахад Дашдаваа буюу Дашка гэдэг гэсэн... 20-ны өглөө болж байсан байх тэр адууг нүхэн гарцын доогуур гаргаад замаас 7 орчим километр газар яваад айлын өвөлжөөн дээр аваачиж хашаад байж байсан. Адуу тууж явах замдаа Facebook дээрээс мал мах худалдаж авна гэсэн ченжийн утсаар нь залгаад би адуу өгөх гэсэн юм аа ирж авах уу гэсэн чинь очиж авна гэхээр нь дуудчихсан байсан чинь өдөр 12 цаг өнгөрөөгөөд яваад ирсэн...” гэх /хх 74-75/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.М нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Хэрсэнгийн хавтгай” гэх газраас иргэн Х.Батжаргалын 11 тооны адууг буюу олон тооны малыг 81-38 УНР улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж бусдад 37,782,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх 62-83 УНИ улсын дугаартай “Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,510,807 төгрөгийг шүүгдэгч Г.Мэс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 81-38 УНР улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25,273,500 төгрөгийг шүүгдэгч Г.М-с гаргуулах,

 

мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтад шүүгдэгчийн овгийн эхний үсгийг “Д” гэж буруу бичсэнийг “Г” гэж зөвтгөн тус тус өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.М эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгаагүй байгаа нь шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй хэдий ч цаашид ийм алдаа гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.М цагдан хоригдсон 80 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дугаар заалтын “3 /зургаа” гэснийг “6 /зургаа/” гэж,

 

- 7 дугаар заалтын “6283 УНИ улсын дугаартай “Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,510,807 /арван хоёр сая таван зуун арван мянга найман зуун долоо/ төгрөгийг” гэснийг “81-38 УНР улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25,273,500 /хорин таван сая хоёр зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг” гэж,

 

- 10 дугаар заалтын “Д.М-д” гэснийг “Г.М-д” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА                                      

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ