| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00364/И |
| Дугаар | 155/ШШ2024/00607 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00607
2024 оны 06 сарын 03 өдөр Дугаар 155/ШШ2024/00607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Т Ш-ын Г
Хариуцагч: ***од оршин суух, Б Бы Х
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв талбай бүхий дэлгүүр, автомашины гараж зэргийг буцаан шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2024/00364/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Г, түүний өмгөөлөгч: Л.Ц
Хариуцагч: Б.Х, түүний өмгөөлөгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь тус шүүхэд Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв талбай бүхий дэлгүүр, автомашины гараж зэргийг буцаан шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Ш.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Хтай харилцан тохиролцож, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 12 дугаар баг, 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10*8 хэмжээтэй өвлийн байшин, 24*9 хэмжээтэй автомашины граж зэргийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдсан. Нийт дүнгээс урьдчилгаа 8 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор банкнаас авч өгнө гэж хэлсэн. Би гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөө Б.Хын нэр дээр шилжүүлсэн. Гэвч Б.Х нь урьдчилгаа 8 сая төгрөгөө өгөөгүйгээр барахгүй, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 1 сарын дотор банкнаас зээл аваад өгнө гэсэн үгэндээ ч хүрээгүй. Гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд цувуулан 17,800,000 төгрөг өгөөд үлдэгдэл 32,200,000 төгрөгийг төлж чадахгүй өдийг хүрч байна. Энэ хугацаанд би өгчих байх гэж нэмэлт хугацаа тогтоож хүлээсэн. Гэвч 17,800,000 төгрөгийг Б.Х 20,000 төгрөгөөс эхлээд 5,000,000 төгрөг хүртэл 2018-2021 оны хооронд цувуулан шилжүүлээд түүнээс хойш огт мөнгө шилжүүлээгүй. Иймээс цаашид энэ хүн үлдэгдэл төлбөрөө төлнө гэх баталгаа байхгүй байна. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдсан үл хөдлөх эд хөрөнгөө Б.Хын нэр дээр шилжүүлсэн. Харин худалдан авагч Б.Х нь эд хөрөнгийг хүлээн авч, гэрээнд зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд 2018 оны 9 сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10*8 хэмжээтэй өвлийн байшин, 24*9 хэмжээтэй автомашины граж зэргийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ шаардлагаа дараах байдлаар өөрчилж нэмэгдүүлсэн. Үүнд:
2018 оны хавар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5-29 тоотод байрлах 1290 м.кв талбай бүхий газар, 80 м.кв талбай бүхий өвлийн орон сууц, 215 м.кв талбай бүхий блокон граж, дэлгүүрийн хамт баригдсан объектуудыг өгсөн. Бичиг баримтаа шилжүүлээд өгвөл банкнаас зээл авч таны мөнгийг өгье гэсний үндсэн дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед би энэ хүнийг намайг залилж байна гэж мэдээгүй. Өөрийнхөө дүү шигээ итгэж өгсөн. Авах өөр хүмүүс зөндөө байсан. Б.Хын нүдэн дээр хүртэл ирээд би авъя гэж байхад нь болиулаад нэр дээр нь үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж өгсөн. Тэгтэл бичиг баримт шилжүүлж авсан даруйдаа янз бүрийн арга хэрэглэж эхэлсэн. Би маш их хөөцөлдсөн. Би Эрдэнэтэд байдаг ахаасаа аваад өгөх гэж байна. Одоо мөнгө орж ирэх гэж байна гээд намайг тайвшруулаад яваад байдаг байсан. Би хэлсэн үгэнд нь итгээд өдийг хүргэсэн. Энэ хүнд мөнгөө өгөх 6, 7 жилийн хугацаа өгсөн. Сая нэхэмжлэл гаргахын өмнө 3 дугаар сарын 1-ний дотор гэхэд хашаа суллаад өгнө гэсэн. Одоо хүртэл суллаагүй байгаа. Суллаагүй байвал шүүхэд хандана гэдгээ хэлсэн. Намайг шүүх цагдаагаараа яв гэж янз бүрээр хэлж доромжилдог байсан. Би аргаа бараад шүүхэд хандсан. Хашаа байшин, дэлгүүр граж зэргийг шинээр барьсан, гэрээ гэрчилгээг нь гаргуулж аваагүй байхдаа наймаа хийсэн.
Иймд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт Б.Хд шилжүүлсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины граж зэргийг Ш.Г миний нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлээгүй. Гэрээнд үнийг 30,000,000 төгрөгөөр гэж байгаа боловч бодит байдалд 50,000,000 төгрөгөөр хашаа байшинг худалдсан үнэ юм. Хариуцагч 50,000,000 төгрөгийг өгөх ёстойгоос 17,800,000 төгрөгийг төлсөн, цаашид төлөх боломжгүй гэж харж байгаа учир гэрээнээс татгалзаж байгаа болно гэж байр сууриа илэрхийлсэн.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Г нь анх надтай холбогдоод яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, хашаа байшин худалдаж авах уу гэж санал тавьсны дагуу би түүний хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр нийт 30,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар болж, гэрээний нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "Газар худалдах, худалдан авах гэрээ", "Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ"-г бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж албажуулсан. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба дээрх гэрээг байгуулснаас хойш дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа минь зогсонги байдалд орж, санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл өндөржүүлсэн байдал хэдийгээр арилсан ч миний бие энэхүү санхүүгийн хямралаас гарч чадаагүйн дээр, цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдлууд нь жижиг бизнес эрхэлдэг над шиг хүмүүст хүндээр тусч, үр дагавар нь арилахгүй үргэлжилсээр байна. Гэсэн хэдий ч миний бие өөрийн боломж бололцоогоороо гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үлдэгдэл төлбөрөө өгч байсан ч нэхэмжлэгч Ш.Г нь гэрээгээр тохирсон үнээ нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр 50,000,000 төгрөг, заримдаа 80,000,000 төгрөгийг нэхэх болсон ба 80,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурж өг гэж хүртэл ирж байсан.
Уг асуудлаас болж бид харилцан ойлголцохгүй болж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нь үнэн. Гэсэн хэдий ч Ш.Г нь хүссэн үедээ ирж өөрийн болон эхнэрийнхээ машинд засвар үйлчилгээ үнэ төлбөргүй хийлгэх, намайг НИК ХХК-д ажиллаж байх үед машин тэргэндээ үнэ төлбөргүй бензин хийлгэж, би өөрөө цалингаасаа төлбөрийг нь төлөх, надаар үнэ төлбөргүй гагнуур хийлгэх гэх мэтээр миний хөдөлмөрийг үнэ төлбөргүйгээр өчнөөн ашиглаж, би түүний ажилтан шиг л ханддаг байсан. Миний машины эд ангийг хүртэл тайлаад аваад явчихдаг байсан. Миний хувьд энэ хүнд өглөгтэй болохоор тэр бүгдэд нь асуудал тавилгүй дуугүй байдаг байсан. Ш.Гэд бэлнээр мөнгө төгрөг өгөх асуудал ч байсан. Дээрх бүгдийг мөнгөөр үнэлсэн бол би гэрээгээр хүлээсэн үүргээ аль хэдийн биелүүлчихсэн байгаа.
Хашаа байшин, дэлгүүр гражийн гэрээ гэрчилгээг гаргуулж аваагүй байсныг би өөрөө бүртгэл хийлгэж, түүнтэй холбогдон гарсан бүх зардал болоод татварыг төлсөн. Худалдаж авсан хашаа байшингийн үлдэгдэл төлбөрийг төлөөд барагдуулсан гэх нотлох баримт байхгүй, гаргаж чадахгүй учир үлдэх төлбөр 12,200,000 төгрөгийг Ш.Гийн дансанд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж өгсөн боловч энэ мөнгийг эргүүлээд миний дансанд шилжүүлсэн байна.
Бид ах дүүсийн харилцаатай олон жил явж ирсэн төлбөр дээрээ тохиролцмоор байна. Авсан эд хөрөнгөө буцаахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр хохиролтой гэж байгаа бол нэмж 20,000,000 төгрөг өгч эвлэрмээр байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаахаар шаардсан байх боловч нэхэмжлэгч нь надад гэрээг цуцлах гэж байгаа талаар урьдчилан сануулаагүй, энэ талаар огт мэдэгдээгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гэрээнээс татгалзана гэдэг нь хүчин төгөлдөр гэрээний хувьд үйлчилдэг. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө, нэхэмжилсэн эд хөрөнгүүд зөрүүтэй байхад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад түүнийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм гэж байр сууриа илэрхийлсэн.
Нэхэмжлэгчээс Т Ш-ын Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б Бы Хын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт, Ш-ын Гийн Хаан банк дахь 000000000 дугаартай харилцах дансны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн тайлбартай танилцаад гаргасан хариу тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 3-27, 41, 42, 43, 68, 69 дүгээр хуудас)
Хариуцагчаас хариу тайлбар, өмгөөлөгч сонгон авах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2018 оны 9 сарын 14-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар, 000000 нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г-0000000 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б Бы Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, Т Ш-ын Г иргэний үнэмлэхийн хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Бы Хын Хаан банк дахь 0000000 тоот данснаас Ш-ын Гийн Хаан банк дахь 00000000 тоот дансанд 12,200,000 төгрөгийг, Б.Хаас хашаа байшингийн үлдэгдэл гэх бичилт бүхий гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримт зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 37,38, 61-67, дүгээр хуудас)
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Э-ийг гэрчээр асууж мэдүүлэг авах, CD бичлэгт буулгасан 1 минут 38 секундын дуут бичлэг, 2 минут 18 секундын дуут бичлэг, 15 минут 09 секундын дуут бичлэг, 27 минут 22 секундын дуут бичлэг зэрэгт үзлэг хийсэн ба хариуцагчийн өмгөөлөгч Ч.Бийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хариуцагч Б.Х -ын нэр шилжсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэл мэдээлэл, лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 89-176 дугаар хуудас) ,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Б.Хд холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10х8 хэмжээтэй өвлийн байшин, 24х9 хэмжээтэй автомашины граж зэргийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины граж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах гэж өөрчилж тодруулсан.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины гараж зэргийг нийтэд нь 50,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд татвар бага төлөх зорилгоор гэрээнд газрыг 2,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр худалдахаар тусгасан. Хувийн сууц, дэлгүүр гараж зэргийг шинээр барьсан, гэрээ гэрчилгээг нь гаргуулж аваагүй байхдаа Б.Хд худалдсан. Гэрээ ёсоор надад урьдчилгаа 8,000,000 төгрөгийг өгч үлдэх 42,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгнө гэсэн боловч 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд надад нийт 17,800,000 төгрөгийг цувуулж өгч гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй. Шүүх хуралдаан болсон өдөр буюу 2024 оны 5 сарын 17-ны өдөр миний дансанд хашаа байшингийн үлдэгдэл үнэ гэж шилжүүлсэн 12,200,000 төгрөгийг би буцаагаад өөрт нь шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож нийт үнийн дүнгээс 17,800,000 төгрөгийг төлсөн. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид бэлэн бусаар өгсөн мөнгө, машинд нь хийсэн засвар үйлчилгээгээ тооцох юм бол хашаа, байшингийн төлбөрийг бүрэн төлөөд дууссан байгаа ч надад түүнийгээ нотлох баримт байхгүй учир би үлдэх төлбөр 12,200,000 төгрөгийг төлсөн. Татвараас зайлсхийж 30,000,000 төгрөгөөр гэрээг хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Татвар болон худалдах-худалдан авах гэрээтэй холбогдон гарсан бүх зардлыг би өөрөөсөө гаргаж төлж байсан. Хашаа байшингийн үнийг төлөхгүй өдийг хүргэсэн бас нэг шалтгаан нь үнийг төлөх гэхээр 50,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг болгож нэхээд ойлголцохгүй болсон. Өнгөрсөн хугацаанд ах дүүгийн харилцаатай явж өдийг хүрсэн, хүний мөнгийг өгөлгүй удаасандаа уучлалт гуйж байна. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэ дээр нэмж 20,000,000 төгрөгийг өгье гэсэн боловч эвлэрэхгүй гэсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан Хувийн сууц худалдах-худалдан авах, Газар худалдах-худалдан авах гэрээ, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох баримтууд, Ш- овогтой Гийн эзэмшдэг ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэл зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ш.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах Г-000000 улсын бүртгэлийн дугаартай 1290 м.кв талбай бүхий газрыг 2,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 54 м.кв талбай бүхий Y-00000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр Б.Хд худалдахаар тохирч, талууд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээг тус тус бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж Ш.Г нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ Б.Хд шилжүүлжээ. (хавтаст хэргийн 61, 64 дүгээр хуудас)
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хариуцагч Б.Х нь 2018-2021 онуудад 17,800,000 төгрөгийг, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 12,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ш.Гэд төлсөн байх ба 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.Гээс 12,200,000 төгрөгийг хариуцагч Б.Хд буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ш- овогтой Гийн ХААН банк дахь 0000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдлоо. (хавтаст хэргийн 6-26, 67, ... дүгээр хуудас)
Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Газар болон хувийн сууцаа нийтэд нь 50,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд татвар, түүнтэй холбогдон гарах зардлыг бага төлөх зорилгоор бид ярилцаад гэрээндээ газрыг 2 сая төгрөгөөр, хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр худалдахаар тусгасан, энэ гэрээ хууль бус юм гэж тайлбарлан гэрээний үнийн тухайд маргасан.
Харин талууд хариуцагч Б.Хын 2018-2021 онуудад 17,800,000 төгрөгийг, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 12,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ш.Гэд төлсөн, нэхэмжлэгч Ш.Г хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 12,200,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.Хд буцаан шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжтой, хоорондоо зөрчилтэй олон утга санаа, үг хэллэг агуулаагүй, гэрээний ерөнхий агуулгад тохирсон утга санааг тодорхой илэрхийлсэн гэрээ байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, тэдний хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.
Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон, хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд бичгээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан, хуульд зааснаар бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлэн, гэрээний зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн тул талуудын хооронд бодит гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Б.Х нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах-худалдан авах, Газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэж үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигддаг бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Б.Х нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний ...1.-д Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 12-р баг, 05-р гудамжны 29 тоот хаягт байрлах 54м2 талбайтай, 28,000,000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг худалдаж байна... гэснээс, мөн өдөр талуудын хооронд байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээ-ний ...1.-д Худалдагч Ш.Г би, худалдан авагч Б.Хд Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 12-р баг, 05-р гудамжны 29 тоот хаягт байрлах 1290м2 талбайтай 2,000,000 төгрөгний үнэ бүхий... гэснээс үзвэл нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Б.Х нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоотод байрлах 1290м2 талбайтай газар, түүний дээр баригдсан 54м2 талбайтай орон сууцыг нийт 30,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар үнийг тохиролцсон байна гэж дүгнэв.
Хариуцагч Ш.Г нь тухайн гэрээний зүйлийг 50,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд татвар, түүнтэй холбогдон гарах зардлыг бага төлөх зорилгоор бид ярилцаад гэрээндээ газрыг 2 сая төгрөгөөр, хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр худалдахаар тусгасан, энэ гэрээ хууль бус юм гэж маргасан боловч талууд гэрээний зүйлийн үнийг 50,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар өөр баримтгүй, татвар, түүнтэй холбогдон гарах зардлыг бага төлөх зорилгоор бууруулж гэрээг байгуулсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд ...Би худалдаж авахдаа татварыг бүгдийг нь өөрөө төлсөн. Засварын газар ажиллуулж өдөрт олсон орлогоосоо 50,000 төгрөг, 100,000 төгрөгийн орлоготой, түүнээс гараас гарт бэлнээр өгөх үе олон байсан ба үүнийг нотлох баримтгүй болчихоод байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн болоод эхнэрийнхээ автомашинд засвар үйлчилгээ байнга хийлгэдэг надад мөнгө төлж байгаагүй. Үүнийг тооцвол 15,000,000 төгрөг лав өгсөн байгаа. ... гэж мэтгэлцсэн боловч энэ талаар шүүхэд холбогдох баримтыг ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх үүргээ хэн аль нь биелүүлээгүй байна.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.
Нэхэмжлэгч Ш.Г нь хашаа, байшингийн үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч Б.Хтай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар буцаан шаардсан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус хуульчилсан.
Талуудын тайлбараас үзвэл хариуцагч гэрээгээр хүлээсэн газар, байшингийн үнийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний үүрэг зөрчсөн болохоо зөвшөөрч байхаас гадна нэхэмжлэгч Ш.Гийн шүүх хуралдаанд гаргасан ...Ш.Хд мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй өгнө, банкнаас зээл авна, Эрдэнэтээс мөнгө орж ирнэ гэж явсаар өдийг хүрсэн гэх тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагчид урьдчилан сануулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдний хооронд байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдээс татгалзах эрхтэй.
Тодруулбал, худалдагч буюу нэхэмжлэгч Ш.Г нь худалдан авагч хариуцагч Б.Хын гэрээний үндсэн үүргийн хэсгийг биелүүлэх үүргээ хугацаа хэтрүүлснээс гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэг үүсдэг.
Нэхэмжлэгч Ш.Г нь гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины граж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай шаардлага нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлийг бүрдүүлж байгаа үр дагавартай байна.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодруулбал дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууцны хэмжээ нь нэхэмжлэл, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөр, өөр зөрүүтэй тусгагдсан, нэхэмжилсэн дэлгүүр, гражийн зориулалт бүхий 215 метр квадрат талбай бүхий хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Хд худалдсан эсэх талаар нотлох баримтгүй, уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байна.
Иймээс худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ зөрүүтэй, нэхэмжилсэн зарим хөрөнгө болох граж, дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэх нотлох баримтгүй, улсын бүртгэл хийгдээгүй зэргээс нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шаардаж, улсын бүртгэлд бүртгэл хийхийг даалгуулах тухай шаардлага биелэгдэх үндэслэл бүрдэхгүй.
Өөрөөр хэлбэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар гарах үр дагаврыг бодитоор дүгнэж, тооцох нөхцөл бүрдээгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээ Иргэний хуулийн 249 дүгээр зүгээр зүйлийн 249.1-д зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг төлөөгүй буюу нийт 50,000,000 төгрөгийг төлөхөөс 17,800,000 төгрөгийг л төлсөн гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар талууд нийт 30,000,000 төгрөгөөр гэрээний зүйлийн үнийг тохирч худалдах-худалдан авах гэрээг байгуулсан тул хариуцагчийг гэрээний үүргийн дийлэнх хэсгийг 59,33 хувь буюу 17,800,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлжээ.
Үүнээс үзвэл хариуцагч Б.Хыг гэрээний үндсэн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээс биш ерөөсөө гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснээс үүдэн өөрт учирсан хохирол, зардлаа хуульд зааснаар цаашид нэхэмжлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Гийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины гараж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хд холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээ гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05 дугаар гудамжны 29 тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй дэлгүүр, автомашины гараж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэгч Ш.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,150 (дөрвөн зуун наян найман мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН