Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00009

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч:  Ч.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ж.М-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, алданги, нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2015/01179 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.М нь 2015 оны 01 дүгээр сарын 28-нд манай ломбарданд хөөрөг барьцаанд тавьж 600.000 төгрөг зээлэхээр ирсэн. Уг хөөрөг нь манан хөөрөг байсан бөгөөд 300.000 төгрөг зээлэх боломжтой гэж хэлээд явуулсан. Ж.М нь би танай дүүгийнд байнга очдог, худлаа хэлэхгүй гэж гуйсаар 600.000 төгрөг зээлж авсан. 2015 оны 01 дүгээр сарын 28-наас 10 хоногийн хугацаагаар зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүү мөнгөө төлөхгүй өдий хүрлээ. Иймд зээл 600.000 төгрөг, 10 хоногийн хүү 36.000 төгрөг, алданги 0.5%-иар бодоод 264.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага 900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж.М-д холбогдох, 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг хариуцагч Ж.М-оос, улсын орлогоос 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-д холбогдох, 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг хариуцагч Ж.М-оос, улсын орлогоос 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Г.ДАВААХҮҮ