| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134002550141 |
| Дугаар | 2022/ДШМ/83 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/83
2022 12 8 83
Д.М нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Яллагдагч Б.Л.гийн өмгөөлөгч Т.Баярцэцэг/цахимаар/,
Яллагдагч Д.М.ийн өмгөөлөгч Л.Бурмаа/цахимаар/
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Х.Оюунцэцэгийн эсэргүүцлээр Б.Л, Д.М, М.Ё нарт холбогдох эрүүгийн 2134002550141 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Б Л, 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж 2 дугаар багт оршин суух хаягтай боловч одоо Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
О овогт Д М, 1995 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 4, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Ц овогт М Ё, 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Завхан Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 5, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Л-тэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.Л нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.М-тэй маргалдан зодолдож, улмаар Б.М-ийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, М.Ё-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Б.Л 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны орой хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсэгт 2 хоног саатуулагдсан гэх ба энэ талаар прокурорын зөвшөөрөл, саатуулагдсан гэх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоох нь зүйтэй ба хэрэгт ач холбогдолтой байна.
Б.Лгийн үйлдэлд хохирогч Д.М-ийн зүй бус харьцаа нөлөөлсөн эсэхийг шалган тогтоож, яллагдагч Б.Л-гийн сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг нарийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байх ба яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой байна.
Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн яллагдагч Б.Л, Д.М, М.Ё нарт холбогдох эрүүгийн 2234002550141 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Оюунцэцэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэлдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 988 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 25 минутанд хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М нь “...Ё миний дээрээс дараад зууралдаж байхад Л миний хажуу руу цохих шиг болсон, гараараа дараад үзтэл цус гарч байсан, тэгэхэд Л-гийн гарт хутга байсан, Л-г чи намайг хутгалчихлаа гээд доошоо хараад хэвтсэн...” гэж эх сурвалжаа зааж тодорхой мэдүүлсэн нь гэрч Б.Болормаа, М.Ё, Д.Цэрэнпунцаг, Б.Энхтуяа нарын мэдүүлгээр нотлогдсон байна.
Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгээр яллагдагч Б.Л-д түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүнийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдоогүй, харин Б.Лгийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн байхад уг мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэлийг тодорхой дурьдалгүй, өмгөөлөгчийн гаргасан үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.
Тодруулбал, яллагдагч Б.Л нь хохирогч Б.М-т хамран тус газраа цохиулсаны дараа гэрт орж хамрын цусаа арччихаад буцаж гарахдаа хутга авч хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлийг түргэн зуурын хариу үйлдэл гэж үзэх боломжгүй юм.
Мөн яллагдагч Б.Л-гийн сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг нарийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар захирамжид заасан нь ойлгомжгүй, уг ажиллагаа нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай хэрхэн уялдаж байгаа талаар тодорхой дүгнээгүй, “цочрон давчидсан эсэх”-ийг тодорхойлуулахаар шинжээчээс асуулт асуух нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.21, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгааг анхаарах нь зүйтэй гэж Монгол Улсын Дээд Шүүхийн 383 дугаартай тогтоолд тодорхой тайлбарлан заасан байна.
Б.Л-гийн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай үйл баримт нотлогдон тогтоогдсоноос үзэхэд захирамжид зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй, шударга ёсны заримд нийцэхгүй юм.
Тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн мөрдөгч, Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Доржпалам нь яллагдагч Б.Лг гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны хооронд 2 хоног Цагдаагийн хэсэг дээр 2 хоног хууль бусаар саатуулсан үйлдэлд Авилгатай тэмцэх газарт шилжүүлж, хэрэг бүртгэлтийн 223400527 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг дурьдаж байна.
Хавтаст хэрэгт яллагдагч Б.Л нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цагдан хоригдсон талаар нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Б.Л-гийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм.
Иймд шүүгчийн 988 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч /Д.М/-ийн өмгөөлөгч Л.Бурмаа /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч /Б.Л/-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Л-гийн цочрон давчдаж Д.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, цагдаагийн хэсэг дээр 2 хоног саатуулагдсан зэрэг асуудлыг тодруулж, нэг мөр шийдвэрлүүлэх шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Д.М, М.Ё, Б.Л нарт холбогдох эрүүгийн 2134002550141 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.М-ийн хохирогч Б.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
- яллагдагч М.Ё-ын хохирогч Б.Цэрмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,
- яллагдагч Б.Л-гийн хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Д.М, М.Ё, Б.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж яллагдагч Б.Л 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны орой хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсэгт 2 хоног саатуулагдсан гэх нөхцөл байдлыг болон яллагдагч Б.Л-гийн үйлдэлд хохирогч Д.М-ийн зүй бус харьцаа нөлөөлсөн эсэхийг шалган тогтоож, яллагдагч Б.Л-гийн сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг нарийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангах учиртай.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа болох яллагдагч Б.Л-г Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсэгт 2 хоног саатуулагдсан гэх нөхцөл байдлыг шалгаж, тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудаас алийг нотлоогүй байна гэж үзсэн, уг ажиллагааг хийлгэх гэж байгаа үндэслэл зэрэг нь тодорхойгүй байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хууль зүйн ойлголт болно. Өөрөөр хэлбэл уг ойлголтыг тодорхойлоход заавал нарийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байдал нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдэлд хариу болж үүссэн, түүнтэй шалтгаант холбоотой, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсон эсэх асуудлын талаар хэргийн үйл баримтад тулгуурлан шүүхээс хууль зүйн дүнэлт хийх ойлголт юм. Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох замаар Б.Лг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаар яллагдагч Б.Л-гийн сэтгэл санаа цочрон давчдсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Харин тухайн гэмт этгээд хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, түүнийг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлын талаар сэтгэцийн эмгэгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх боловч давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 988 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ