Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2024/0592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Б.О*******

         Хариуцагч: Монголбанкны Ерөнхийлөгч,

    Маргааны төрөл: “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2200000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.  

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Б.О*******аас Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан

      2.Нэхэмжлэгч нь Монголбанкны  Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б-4******* дугаар тушаалаар түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

          3.Харин нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

          4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022  оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1725 дугаар шийдвэрээр “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б-4******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол банкны санхүү бүртгэлийн газрын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь 14,400,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

          5.Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

         6.Харин нэхэмжлэгчээс “...Монголбанкны ахмад настан бүртгэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойшхи тэтгэмжийг олгож өгнө үү...” гэх агуулгатай хүсэлтийг Монголбанкын ерөнхийлөгч болон Монголбанкны Тамгын газарт гаргасан байна. 

     7.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

    1/...Монгол банкинд Санхүү бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад хариуцагч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б-4******* дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн.

       Дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн “...нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өндөр насны тэтгэврийн эрх үүссэн тул холбогдох өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй...” гэж түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, Б-4******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01725 дугаартай захирамжаар талууд эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нь татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 14 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор талууд тохиролцож, эвлэрсэн байдаг.

      Дээрх захирамжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар нэхэмжлэгч нь харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тэтгэвэр тогтоолгон, тухайн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн.

          2/Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-152 дугаартай тушаалаар “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу Монголбанканд 15 буюу түүнээс дээш жил ажилласан ахмад настанд өндөр насны тэтгэвэр авах хугацаанд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар нэмэгдэл тэтгэвэр олгохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тасралтгүй 37 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан учраас дээрх журамд заасан нэмэгдэл тэтгэвэр авах эрхийнхээ дагуу нэмэгдэл тэтгэвэр авах хүсэлтээ тус журмын 2.2-т заасны дагуу 2022 оны 07 дугаар сард Монгол банкны Тамгын газарт гаргасан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй. Улмаар 2023 оны 03 дугаар сард мөн л дээрх агуулгаар Тамгын газартаа хүсэлтээ гаргасан боловч дахин шийдвэрлэхгүй орхисон байдаг. Хүсэлттэйгээ холбоотойгоор хариуцагч байгууллагын эрх бүхий хүмүүстэй уулзахад шийдэх гэж байгаа гэсэн хариуг өгөөд буцаасан байдаг. Хүсэлтийг шийдвэрлэхийг хүлээсэн хэдий ч мөн л шийдэж өгөөгүй тул дахин 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгчид хандаж, нэмэгдэл тэтгэвэр олгож өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг нь хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

         3/Дээрх журмын 4.2.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тасралтгүй 30 ба түүнээс дээш ажилласан тул улирал бүр 300 000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй хэдий ч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаа буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 22 сарын хугацааны нэмэгдэл тэтгэврээ авч чадаагүй хохирч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй, миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн.

         Иймд дээрх журмын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2200000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн факультетын банк, санхүү зээлийн ангийг 1984 онд төгсөөд, тухайн оноосоо Улсын банкны Ерөнхий хорооны харьяа Улаанбаатар хотын салбарт ажиллаж эхэлсэн байгаа. Улмаар 1991 оны 04 дүгээр сард улс орны хэмжээнд 2 шатлал бүхий банкны шинэ тогтолцоонд шилжин, Монголбанканд үргэлжлүүлэн нягтлан бодогч, эдийн засагч, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад хариуцагч байгууллагын 2021 оны 11дүгээр сарын 23-ны өдрийн Б/4******* дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болж чөлөөлөгдсөн байдаг. Тэр Б/4******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэврийн эрх үүссэн тул холбогдох өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн байдаг. Улмаар тухайн тушаалыг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгоё, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулъя гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар талууд эвлэрсэн байдаг юм. Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим хэсгээсээ буюу ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 14,400,000 төгрөг гаргуулахаар талууд эвлэрсэн. Тэр захирамж гарсны дараагаар харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хандаад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тэтгэврээ тогтоолгон тухайн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ авч эхэлсэн байдаг юм. Монголбанкны ерөнхийлөгчийн 1204 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 152 дугаар тушаалаар Монголбанкны ахмад настанд нэмэгдэл, тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам батлагдсан байдаг бөгөөд тухайн журмын 4.1-д заасны дагуу тухайн байгууллагадаа 37 жил тасралтгүй ажилласан учраас өндөр настнаар бүртгэж, нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргаж өгнө үү гэдэг байдлаар анх хариуцагч байгууллагад хандсан байдаг. Тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байсан учраас дахин 2023 оны 3 дугаар сард мөн агуулгаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэл нь чи ажлаас чөлөөлөгдөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас чамд нэмэлт тэтгэвэр гэдэг юмыг олгохгүй гэдэг байдлаар буцаасан байдаг. Тэгээд холбогдох харьяа албандаа хандаад, энэ байдлыг шийдээд өгнө үү гэдэг байдлаар уулзаад явсан. Тэр үед шийдвэрлэх боломжтой, ямар ч байсан яригдаад явж байгаа гэдэг асуудал яригдаад тэр жил өнгөрсөн байдаг юм. Энэ асуудлаа шийдвэрлэхгүй дахин нэг жил өнгөрсөн учраас 2024 оны 03 дугаар сард Монголбанкны Тамгын газар болон Ерөнхийлөгчид 2 агуулгаар гомдол хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Ингээд хуульд заасан эрхийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс хөдөлмөрийн маргаантай асуудал биш байна. Захиргааны акттай холбоотой маргаан учраас манай харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэдэг агуулгаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслээд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Үндэслээд байгаа гол тушаал журам дээр болохоор тасралтгүй 30 ба түүнээс дээш жил ажилласан учраас журмын 4.2.7-д заасны дагуу улирал бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй боловч уг эрхээ эдэлж чадахгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байна гэдэг үүднээс бид нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд дээрх журмын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж, нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 /хоёр сая хоёр зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

        8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

     1/Нэхэмжлэл нь нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаанд тооцогдохгүй тухайд

       Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.

      Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах нийтийн эрх зүйн харилцааг зохицуулахаар заасан байдаг.

   Иргэн Б.О*******ы нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон "Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа нь Монголбанканд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн дээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд захирамжилсан шийдвэр гаргах үүрэг оногдуулсан хэм хэмжээ биш юм.

    Иймд Монголбанк нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хэдий ч хуулиар олгосон тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлын төлөө гадагш чиглэсэн шийдвэр гаргахад дээрх нь хамаарахгүй тул захиргааны актын шинжийг хангахгүй байна.

     2/Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэвэр олгох журмын тухайд Монголбанкны Ерөнхийлөгч нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу “Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, Мөнгөний бодлогын хороог удирдах, төлөөлөх, ажиллах журмыг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

   Улмаар “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ыг батлахдаа Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23.2.3 дахь заалт, 28.1.1 дэх заалт, Ахмад настны тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны А-152 дугаар тушаалыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-183 дугаар тушаалаар хүчингүй болгосон бөгөөд тус тушаалын хавсралтаар журмыг шинэчлэн батлаад байна.

      Харин иргэн Б.О*******ы хувьд Монголбанканд 37 жилийн туршид ажилласан бөгөөд 2020 оны 17/06 дугаар "Хөдөлмөрийн гэрээ"-ний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж байсныг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 6-4******* дугаар тушаалаар дуусгавар болгон, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

     Дээрхээс үзэхэд Монголбанктай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилласан этгээдэд л нийгмийн баталгааг хангах зорилгоор нэмэгдэл тэтгэвэр өгөх эерэг үйлчлэл бүхий ажиллагаа явагдахаар байна.

       3/...Монголбанкны зүгээс ахмад настнаар бүртгэж, нэмэлт тэтгэвэр олгох шийдвэр гарахгүй. Энэ эд хөрөнгийн харилцаа учраас эхлээд ахмад настнаар бүртгэх тушаал гарсны дараа нэмэлт тэтгэвэр олгох шийдвэр бий болно. Энэхүү тушаалыг гаргах үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журамтай нийцүүлэн гаргасан Монголбанкны ахмадуудад нэмэлт тэтгэвэр олгох журмын дагуу шийдвэрлэгдэж байгаа. Монголбанк хэдийгээр захиргааны байгууллага ч гэсэн захиргааны байгууллагынхаа хүрээнд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах агуулгаасаа илүүтэйгээр хөдөлмөрийн харилцаанд өмнө нь орж байсан гэдэг хөдөлмөрийн харилцаанд орж байсан гэдэг агуулгаараа оролцож байгаа учраас хэргийн харьяаллын асуудал дээр маргаж байгаа юм. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжид Монголбанкийг захиргааны байгууллага тал дээр нь илүү их хандсан байсан. Гэхдээ процессын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад хөдөлбөргүй баримт гэж байхгүй. Тэгэхлээр энэ захирамж шүүхийн шийдвэр биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Монголбанкнаас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхээр заасан.

      Иймд Б.О*******ы нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022  оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1725 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б-4******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол банкны санхүү бүртгэлийн газрын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь 14,400,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

     2.Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

      3.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-152 дугаар тушаалаар “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталж, уг журмын 4.1-д “Монголбанкинд 15 буюу түүнээс дээш жил ажиласан ахмад настанд өндөр насны тэтгэвэр авах хугацаад Монголбанкны ерөнхийлөгч (орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал)-ийн тушаалаар нэмэгдэл тэтгэвэр олгоно, 4.2.7-д тасралтгүй 30 ба түүнээс дээш жил ажилласан бол улирал бүр 300,000 төгрөг олгохоор зохицуулжээ.

          4.Нэхэмжлэгч нь Монголбанканд тасралтгүй 37 жил ажилласан байх бөгөөд тус банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б-4******* дугаар тушаалаар түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

         Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж,  Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1-д “Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, Мөнгөний бодлогын хороог удирдах, төлөөлөх, ажиллах журмыг батлах”, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заажээ.

       5.Нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-152 дугаар тушаалаар баталсан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам” хүчин төгөлдөр байсан бөгөөд уг журамд нийцүүлэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч, тамгийн газрын дарга нарт гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүй хууль бус байна.

         Учир нь нэхэмжлэгч нь тухайн байгууллагад тасралтгүй 37 жил ажиллаж байсны хувьд шүүхэд хандаж байсан эсэхээс үл хамаарч тухайн байгууллагын ахмад настнаар бүртгүүлэх, дээрх журамд заасан нэмэгдэл тэтгэврийг авах эрхтэй бөгөөд уг эрхийг эдлүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

         6.Хэдийгээр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-152 дугаар тушаалаар баталсан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэгдсэн хэдий ч нэмэгдэл тэтгэвэр авах зохицуулалт өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсноор тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тус тус заасныг баримтлан Б.О*******ы нэхэмжлэлтэй Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ