Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 10

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Хохирогч: Н.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.БГд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705013160230 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.БГ, 1988 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчимд 43-72 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Н.Бтой зам тавьж өгсөнгүй хэмээн хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж үүдэн шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед ухрах, буцаж эргэх ямар ч боломжгүй байсан. Ухрах гэхэд ард байсан машинд тулсан учир сигналдаад байсан. Тэгсэн Г машинаасаа бууж ирээд намайг цохьсон. Тухайн үед байсан хүмүүс бүгд харсан. Би шүдээ хийлгэмээр байна. Үүдэн шүд учраас имплант шүд хийлгэнэ. Энэ тухай шүүгдэгч Гд хэлсэн, тэрнээс хойш надтай холбоо барихгүй таг болсон. Шүдийг минь хийлгүүлээд өгвөл гомдол санал байхгүй. Шүдтэй болмоор байна. Би имплант шүд хийлгэхэд ийм зардал гарах юм байна, чи өөрөө эмнэлгээр явж үзээд хохирлыг барагдуулж өгөөч гэж хэлсэн боловч холбоо бариагүй” гэв.

Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед өөрийн эзэмшлийн 24-76 УНЕ улсын дугаартай хүрэн өнгийн тоёото приус 11 маркийн суудлын автомашинаар Алтай хотхоноос гарахаар ЭФИС дэлгүүрийн урд явж байтал урдаас олон машинууд урсгал сөрөөд зам хаагаад миний урд талын машин ухарч байгаад эргэх гээд ямар ч боломжгүй байсан. Тэгээд нөгөө залуу ухрах гээд намайг арагшаа ухарчих гэхээр нь би боломжгүй гэтэл намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний араас олон машинууд нөгөө залууг яваач гэтэл гэнэт нөгөө залуу машинаасаа бууж ирээд цонхоор гараа оруулж ирээд миний үүдэн шүд рүү цохьсон. Тэгэхэд нь би тухайн үед манараад юу болсныг мэдэхгүй байсан. Тэгтэл амнаас цус гараад нэг шүд байхгүй болсон байсан. Тэгээд би нөгөө намайг цохьсон залууг явуулахгүй гээд машиных нь урд талд зогссон. Намайг холд гээд байхаар нь би салаавч гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-11/,

Гэрч М.Хишигмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би нөхөр Гантулгын хамт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд явж байтал Алтай хотхоны дундах зам түгжирсэн. Тэгээд урдаас маш их машин байсан учраас буцаж эргээд өөр хаалгаар гарахаар бүтэн эргэлт хийх гэтэл зай бага байсан учраас олон үйлдэл хийх гээд урагшлаад буцаад ухрах гэтэл ард байсан машин араас шахаад тулаад сигналдаад байсан. Тэгээд жоохон ухраад дахин урагшлаад дахин ухартал дахиад л нөгөө машин ухрах зай боломж гаргаж өгөхгүй сигналдаад байхаар нь манай нөхөр нөгөө машины жолоочид хандаж та түр хүлээж байгаач гэхэд шууд л урдаас нь салаавч гаргасан. Тэгээд Б.Г дахин ухраад эргэх үйлдэл хийх гэхэд дахиад л сигналдаад байсан. Тэгсэн чинь нөхөр Г нөгөө машины жолооч руу явсан. Тэгээд тэнд байсан бусад жолооч нар нөгөө машины жолоочид та түр хүлээж байгаач ээ энэ машиныг гаргачих тэгэхгүй бол түгжрээд явах боломжгүй гэж хэлсэн. Г эргэж машиндаа орж ирээд ямар тэвчээргүй юм бэ түр хүлээчихгүй ухраад гарах хооронд гэж хэлээд буцаж эргээд явах гэтэл нөгөө арын машины жолооч машинаасаа бууж ирээд явуулахгүй гээд байж байтал цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 58/,

Шинжээчийн 14010 тоот дүгнэлтэд: “...Н.Бын биед үүдэн дээд баруун 1-р шүдний булгарал, 2-р шүдний хугарал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Яллагдагчаар Б.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн бага хүүхдээ цэцэрлэгт эхнэрийн хамт хүргэж өгөөд ЭФИС супермаркетын урд өөрийн эзэмшлийн 43-72 УНД улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус-30 маркийн суудлын автомашинаар хороолол дундах замаар явж байтал машинууд урсгал сөрөөд ирэхээр нь би зам тавьж өгөхөөр бүтэн эргэх гэтэл ард зай байхгүй араас нэг улаан хүрэн өнгийн тоёото приус-11 маркийн машин тулсан байхаар нь би нөгөө машины жолооч ахад түр байж бай би бүтэн эргээдхье гэхэд нөгөө ах миний урдаас салаавч гаргасан. Тэгэхээр нь би машинаа бүтэн эргүүлэхээр урагшлаад хойшоогоо жоохон ухрах гэтэл нөгөө ах миний ардаас шахаад надад ухрах зай боломж олгохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө жолоочид та байж байгаач ээ машин барьж чадахгүй юм бол яах гэж машин барьдаг юм бэ гэтэл миний урдаас нөгөө ах дахиад салаавчаа гаргахаар миний уур хүрээд машинаасаа буугаад нөгөө ах дээр очтол өөрийнх нь цонх нь доошоогоо буусан онгорхой байхаар нь шууд л гараараа цохьсон юм. Тэгээд би шууд юу ч ярилгүй машиндаа суугаад явах гэтэл нөгөө ах машинаасаа бууж ирээд явуулахгүй цагдаа дуудсан байгаа гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчимд 43-72 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Н.Бтой зам тавьж өгсөнгүй хэмээн хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж үүдэн шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Бын: “...Тэгээд миний араас олон машины жолооч нар нөгөө залууг яваач гэтэл гэнэт нөгөө залуу машинаасаа бууж ирээд цонхоор гараа оруулж ирээд миний үүдэн шүд рүү цохьсон....Тэгтэл амнаас цус гараад нэг шүд байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-11/, шүүх эмнэлгийн шинжээчийн 14010 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Гүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Бын нүүрэн тус газар нь цохиж үүдэн шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Н.Б нь тухайн гэмт хэргийн улмаас шүд унасан, шүд хийлгэхэд шаардлагатай зардал 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирогч нь тухайн хагалгаанд ороогүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Харин хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 8.000 төгрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Ггэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заажээ.

Улсын яллагч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.БГантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гас 8000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бод олгосугай.
  6. Хохирогч Н.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР