Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 84

 

С.М-, С.М-, Ц.Г-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00081/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.М-, С.М-, Ц.Г- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.С-д холбогдох 

“Үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.М-, Ц.Г- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-, нэхэмжлэгч Ц.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. БГД 14 хороо, 3 хороолол, 14 байрны 92 тоот 3 өрөө орон сууц, гэрчилгээний дугаар 000251457, Ү-2205011458

2. ДУА Дархан сум 7 баг, 17-1 гудамж, 7 тоот хувийн сууц, улсын бүртгэлийн дугаар Ү-2003014063

3. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, 17-1 гудамж, 7 тоотод машины граж улсын бүртгэлийн дугаар Ү-2003012637

4. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, 17-1 гудамж, 7 тоот машины граж, улсын бүртгэлийн дугаар Ү-2003012557

5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, 13-р байрны 42 тоот орон сууц улсын бүртгэлийн дугаар Ү-2003007110

6. Дархан-Уул аймаг, Дархан сум 7 баг, 17-1 гудамж, 7 тоот газар, улсын бүртгэлийн дугаар Г-2003002623

7. Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууц,

 Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө юм. Манайх ам бүл 6. Ц.Г- өрхийн тэргүүн, А.С- эхнэр, том хүү С.М- 28 настай, охин С.М- 23 настай, охин С.Г- 13 настай, охин Г.М- 13 настай. Одоо С.М- нь АНУ-д шашны сургуульд сурдаг. Манай гэр бүлийн өмч хөрөнгөд гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх ашиг зөрчигдсөн асуудлыг дөнгөж сая мэдэцгээсэн. Иймд бид эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. А.С- нь дангаараа захиран зарцуулах эрхгүй юм. Насанд хүрсэн 3, насанд хүрээгүй 3 хүний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Ц.Г-, А.С- нар нь 2005 оноос хамтран амьдраад 2006 оны 07 дугаар сарын 25-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн. Дээрх хөрөнгүүд бол А.С-, Ц.Г- нарыг гэр бүл болсноос хойш бий болсон, хамтын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгүүд юм. Хэдийгээр түүний нэр дээр бичиг баримтыг бүрдүүлсэн боловч гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм. Гэр бүлийн бүх гишүүд үр хүүхдүүд нь адилхан өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Дээрх 7 хөрөнгийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө мөн гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын сүүлээр мэдэгдэл ирсэн. Түүнийг аваад маш их сандраад Америкт байгаа ахтайгаа ярилцаад энэ бол гэр бүлийн дундын өмч байх ёстой гэж үзээд нэхэмжлэл гаргасан. А.С- бол миний ээж. Эд хөрөнгө гэвэл 92 тоот орон сууц, мөн Улаанбаатар хотод байдаг байр байгаа. Би 2013 оны сүүлээр гадаадад суралцахаар яваад 2016 онд буцаж ирээд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. 4 дүгээр хорооны 42 тоот байр С.М- гэж 7 тоотыг дагасан гражтай газар байгаа. Үүнийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Гэр бүлийн ганц гишүүн нь дураараа эдгээр хөрөнгийг захиран зарцуулахгүй. Биднээс ямар нэг байдлаар зөвшөөрөл авах ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хөрөнгө бол Ц.Г-ийн хувьд илүү хөдөлмөрлөж байж тус хөрөнгийг бий болгосон гэдэг. Эхнэр үйл ажиллагаа эрхэлдэг байсан учир түүний нэр дээр бүртгүүлсэн. Одоо үр хүүхдүүддээ үлдээх юмгүй байгаад харамсаж байна гэсэн тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэг гэр бүлийн гишүүд гэдгээ бүртгүүлсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн дундын хөрөнгө гэж юуг заасан бэ гэдгийг тодорхойлсон байдаг. Монголчууд маань хуулийн талаар ойлголт маруухан байдаг. Гэр бүлийн гишүүд байгаа л бол насанд хүрсэн гишүүдээс санал бодлыг нь авдаг байсан бол ийм маргаан үүсэхгүй байх гэж бодож байна. Нэгэнт нэг гэр бүл гээд албан ёсоор бүртгүүлсэн бол гэр бүлийн хөрөнгө дундын эд хөрөнгө гэсэн ойлголт байгаа. Ц.Г-ийн хувьд ч дуудлага худалдаа нь нэхэмжлэлд хамаарахгүй боловч гэр бүлийн гишүүдээс асуусан бол боломжтой байх ёстой. Гэр бүлийн гишүүн бүр тус эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж тооцох үндэслэл байна гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээдийн нэр дээр шилжээд байгаа тухайлсан хөрөнгө ч бай бусад хөрөнгүүд ч тэр бүгд гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадамгарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан өмч хөрөнгүүд нь гэр бүлийн дундын өмч мөн юм. Учир нь би А.С-ийн төрсөн дүү. Мөн эгчийнхээ гэр бүлтэй ойр дотно холбоотой байдаг тул гэрчилж чадна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А.С-ийн төрсөн дүү. Ц.Г-, А.С- нар нь гэр бүл болсон. Дээрх хөрөнгүүд бол дундын өмч мөн гэж үзэж байгаа. Хүүхдүүд нь 2006 оноос хойш хамт амьдарч байсан. Хүү нь Америкаас ирэх гээд ирж чадаагүй. Хүүхдүүд нь гадаадад байсан учраас ямар зүйл болж байсныг мэдэхгүй байгаа. Эдгээр хөрөнгийг гэр бүл хамтын хүчээр босгосон. А.С- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. 2006 оноос л Ц.Г-, А.С- нар хамтын амьдралтай болж үр хүүхэдтэй болсон. Ц.Г-ийн нэр дээр газар тариалангийн компани байдаг байсан. Түүнийгээ зараад хөрөнгө оруулалт хийсэн байх. Тийм нотлох баримт байхгүй. А.С- яагаад эдгээр хөрөнгийг эзэмшээд байсныг мэдэхгүй байна. Бизнес хийхэд нэг хүний өмчлөлд байхад амар гэж үзсэн байх гэжээ.

Гуравдагч этгээд Майкрокредит инвестмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч А.С-ийн өмч, нэг хүний өмч болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. А.С- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол гарах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад нэхэмжлэгч нараас маргаж, өөрийн өмч хэмээн эсэргүүцэж байгаагүй зэрэг нь А.С-ийн хуваарьт хөрөнгө болох нь нотлогдож байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай шүүгчийн захирамжаар Ү-2205011458 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож Майкрокредит инвестмент ББСБ ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж /2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай/, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол /2020 оны 01 дүгээр сарын 02-ны 20/01/002 тогтоол/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607/ зэрэг хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн, өөрийн хүүхэд, нөхрөөрөө нэхэмжлэл гаргуулж, өөрийн дүү А.Б-ээр төлөөлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гуравдагч этгээдэд шилжих шийдвэр тогтоол хүчинтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Хэрэв С.М-, С.М-, Ц.Г- нар нь өөрийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол өөрт учирсан хохирлоо А.С-эс гаргуулах эрхтэй. Бусдын өмнө хүлээсэн үүрэг, А.С-ийн зээл төлбөр, эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг хамтран хариуцахгүй атлаа А.С-ийн хуваарьт хөрөнгийг дундын хөрөнгө гэж маргаж буй нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд АХИМ ББСБ ХХК-ийн төлөөлөгч Н.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 тоот захирамжаар хариуцагч А.С-эс 40,015,000 төгрөгийг гаргуулж АХИМ ББСБ ХХК-нд олгох, хэрэв дээрх мөнгөн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205002596 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 42-р байр, 15 тоот хаягт орших 35м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ү-2205002596 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд тус хөрөнгийг иргэн Э.Үүрийнзолбоо хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 41,000,000 төгрөгөөр худалдан авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн байна. Гэтэл С.М-, С.М-, Ц.Г- нар нь дээрх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор А.С-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар ч хууль зүйн үндэслэл, үйл баримтаар хамтран өмчлөгч болох ёстойгоо шүүхэд нотлоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

С.М-, Ц.Г-, А.С- нар үгсэн хуйвалдаж барьцаалагч АХИМ ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Иймд С.М-, С.М-, Ц.Г- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, АХИМ ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Үүрийнзолбоогийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Үүрийнзолбоо нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож Ү-2205002596 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр, 15 тоот хаягт орших 35м.кв талбайтай орон сууцыг худалдан авах эрхтэй ялагч болсон. Э.Үүрийнзолбоо нь дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөр болох 41.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хугацаанд нь бүрэн дүнгээр төлсөн болно. Монгол улсын Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан байдаг. Э.Үүрийнзолбоо нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дээрх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд юм. Гэтэл Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэхүү хөрөнгө дээр А.С-ийн үйлдсэн эрүүгийн хэрэгт холбогдуулан прокуророос битүүмж тавигдсан байна гэх үндэслэлээр одоо хүртэл уг хөрөнгийг нэр дээр нь бүртгээгүй байна. Дээрх хөрөнгөнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас битүүмж тавьсан бөгөөд уг битүүмжтэй холбоотой асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолд Шүүхинй шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэснийг үндэслэл болгожээ. Энэ нь тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлогоос эхний гүйцэтгэх хуудасны төлбөрийг барагдуулж дууссаны дараагаар хохирогчийн хохирлын төлбөрийг Шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулна гэсэн үг юм. Мөн тус тогтоолд хохирлыг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бусад өмчлөх эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироох ёсгүйг анхаарах нь зүйтэй гэж дурджээ.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.5-д Барьцааны зүйлийг хууль ёсоор, шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалтгүйгээр шилжинэ. Мөн хуулийн 178.3 Өмчлөх эрх шилжсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекээс хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарласан хөрөнгийн бүх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн заалтаар бол Улсын бүртгэлийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийг Э.Үүрийнзолбоогийн өмчлөлд бүртгэх ёстой юм. С.М-, С.М- нарын гаргасан дээрх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай А.С-д холбогдуулсан нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Э.Үүрийнзолбоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаанд ялсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн бөгөөд өмчлөх эрх нь иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албан ёсоор үүсчихсэн байна. Дээрх хөрөнгийн өмчлөл хуулиараа аль хэдийнээ А.С-ийн эрх мэдлээс гарчихсан байгаа тул хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нар нь хамтран өмчлөх дундын өмчийг хамтын ямар хөдөлмөрийн үр дүнд бий болгосон, ямар орлогын эх үүсвэрээр худалдан авсан зэргээ хангалттай нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд Монгол улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг буруу ойлгож бусдад хохирол учруулах, залилах үйлдэлдээ ашиглах боломж гэж харж байгаад харамсаж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Ү-2205002596 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 42-р байр, 15 тоот хаягт орших 35м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар нэхэмжлэгч С.М-, С.М-, Ц.Г- нарын хариуцагч А.С-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Ү-2205011458 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байр 92 тоот 40м.кв орон сууцны зориулалттай 3 өрөө сууц, Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаарт бүртгэлтэй Дархан сум 7 баг, 17-1 гудамж, 7 тоот 796.0м.кв хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2003012637 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, 17-1 гудамж, 7 тоот 236.0м.кв талбайтай машины граж, Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, 17-1 гудамж, 7 тоот 135.0м.кв 3 граж, Улсын бүртгэлийн Ү-2003007110 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 42 тоот 50.5м.кв орон сууцны зориулалттай 4 өрөө сууц, Улсын бүртгэлийн Г-2003002623 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, 17-1 гудамж, 7 тоот 4191.27м.кв газар, Улсын бүртгэлийн Ү-2205002596 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 42 дугаар байр 115 тоот 35м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 491.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.М-, Ц.Г- нар давж заалдсан гомдолдоо:

            Ц.Г- би А.С-тэй 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэсэн цагаас хамтран өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн. Эхнэр А.С- арилжаа наймаа хийдэг гэдэг утгаараа үл хөдлөх хөрөнгүүдийг түүний нэр дээр бүртгүүлсэн нь үнэн. Өртэй нь үнэн боловч гэр бүлийн дундын өмч хөрөнгө биш гэж үзээд байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас мэдэгдэл ирэхээр л юу болж байгааг мэдсэн. Эрүүгийн хэргийн талаар бүр ч мэдэхгүй явсан. Хууль ёсны дагуу гэр бүлээ баталгаажуулсан. Төрүүлсэн үр хүүхдүүд нь байна. Хамт амьдардаг болохыг орон нутгийн засаг захиргаа тодорхойлж нотолсон. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд А.С-ийн хувиарт өмч биш гэр бүлийн дундын өмч юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмчид тооцож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Г-, С.Мандхай, С.М- нар нь хариуцагч А.С-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод байх нэр бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, огт мараагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй болох дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэгт авагдан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл А.С-ийн өмчлөлийн /нэхэмжлэгч нарын дундын эд хөрөнгөд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан/ Y-2205011458 дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот 3 өрөө орон сууц нь хариуцагчийн өмнө нь байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаа явагдаж, уг дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор “Майкро кредит инвеэстмент” ББСБ-д шилжүүлжээ. /хх-ийн 38-р тал/

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1239 тоот шүүгчийн захирамжаар уг банк бус санхүүгийн байгууллагыг тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. /хх-ийн 59-р тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг.

“Майкро кредит инвеэстмент” ББСБ-ыг гүйцэтгэх захирал Ц.Цэдэнсодном гэх хүн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэдий ч уг этгээд нь тухайн хуулийг этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төлөөлж байгаа этгээд нь өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх үүрэгтэй байдаг.

Мөн гуравдагч этгээдээр оролцож буй Э.Үүрийнзолбоогийн өмгөөлөгч Б.Бат-эрдэнэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулаагүй байгаа нь буруу юм.

Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 35, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн зөрчил бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг зөрчлүүдийг зөвтгөх хуулийн боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх ашиг нь зөрчигдсөн этгээд уг эрх ашгийг зөрчсөн этгээдэд хандаж шаардлага гаргах бөгөөд дээрх шаардлага нь үндэслэл бүхий байвал шүүх зөрчигдсөн эрх ашгийг нь хамгаалдаг.

            Тухайн хэргийн хувьд нэхэмжлэгч нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эрхэд хэн хэрхэн саад учруулж байгаа үүнийг хэнээс шаардах эрх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл маргаангүй харилцааг мэтгэлцээний журмаар шийдвэрлэх эсэхээс гадна өмчлөгчөөр тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоох хуульд заасан ажиллагаанд хамаарах эсэх асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай ба нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл цаашилбал зорилгыг тодорхойлох нь маргааны харьяаллыг тогтоон шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Г-, С.М- нарын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээс өөр үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул тэдний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                         

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                           М.МӨНХДАВАА