| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04862/И |
| Дугаар | 181/ШШ2024/04062 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/04062
2024 10 24 181/ШШ2024/04062
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, Континентал 1 дүгээр давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б Б /РД:/, Б О /РД:/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Б, Б.О нар нь Т ББСБ ХХК-тай 101100322081 дугаар "Зээлийн гэрээ"-г байгуулж, 4,336,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Б.Б, Б.О нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 696 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Тэрээр зээл авах үедээ Б.Б нь Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, төв хэсэг гудамж 686 тоот, Б.О нь Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо хандгайтын 42 дугаар гудамж 500 тоот хаягт тус тус оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/132023/26460 дугаар захирамж гарсан. Зээлдэгч Б.Б, Б.О нар нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна.
Иймд Б.Б, Б.О нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Т томилсон 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24/1046 тоот итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/26460 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.Б, Б.Онар Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Б.Б, Б.О нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Б.Б, Б.О нарын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, Б.О нар нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/132023/26460 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Б.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар, хариуцагч Б.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар тус тус гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, төв хэсэг гудамж, 686 тоот хаягт бүртгэлтэй, Э овогт Б Б /РД:7/, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 42 дугаар гудамж, 500 тоот хаягт бүртгэлтэй, Б овогт Б О /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Б.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар, хариуцагч Б.О эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар тус тус гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Б.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т /утас: /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, Б.О оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т /утас: /-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ