Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн М.Гд холбогдох эрүүгийн 1705002490028 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М.Г, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт ...........дүүрэг ..... дүгээр хороо ......дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний 04 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” баарны гадна талд иргэн Н.Алтанчимэгийг өөртэй нь танилцсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний 04 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастель” баарны гадна талд иргэн Н.Алтанчимэгийг өөртэй нь танилцсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглаж нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч  Н.Алтанчимэгийн “2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим найз Төгсбаярын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастель бааранд орж хүний 2 шил пиво уугаад 04 цагийн орчим баарны гадна талд тамхи татаад хашлага дээр сууж байхад үл таних залуу ирээд “танилцъя” гэхээр нь танилцахгүй гэхэд миний гарнаас бариад байхаар нь гараа татаж авахад тухайн залуу миний нүүрний зүүн талын шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би гарыг нь хазахад нөгөө залуу зүүн шанаа руу 3 удаа цохисон. Тэгээд манай найз цагдаад дуудлага өгөхөд ирсэн.  ... Миний зүүн талын шанаа танихгүй залууд цохиулсанаас болж хавдсан. Өөр учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Төгсбаяр бид хоёр 4 шил пиво уусан байсан болохоор өөрийгөө хянах чадвартай байсан. Харин намайг цохисон гэх залуу согтуу байсан. Хэр хэмжээний согтолттой байсан талаар мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/

“Тиймээ. Миний хохирлыг барагдуулж надад бэлэн 2.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

“... би Гантулга гэх хүнтэй сайн дураараа эвлэрсэн. Тэр хүн надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Тийм учир надад гомдол санал гэхээр зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. / хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Батзолбоогийн “Би тэр шөнө найз Гантулгын хамт Кастель бааранд орсон. Тус бааранд бид хоёр нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. 04 цагийн орчим тамхи татах гээд хоёулаа гарч ирсэн ба баарны гадна талд тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй хүн дээр Гантулга очиж уулзаад юм яриад байж байгаад хоорондоо маргалдаад эхлэхээр нь би очиж салгасан юм. Манай найз Гантулга нь согтуу байсан ба тэр эмэгтэйг алгадах шиг болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Төгсбаярын “Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед найз Алтанчимэгийн хамт Их Монгол ресторанд уулзаад тэндээ нэг хүний хоёр хоёр ширхэг пиво олж уугаад тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гараад хорооллын Кастель нэртэй бааранд орсон юм. ...бид хоёр тамхи татах гэж гараад зүүн гар талд нь байрлах довжоон дээр суугаад тамхи татах гээд байж байтал нэг залуу ирээд танилцъя гэж хэлэхээр нь манай найз охин Алтанчимэг үгүй гэж байна ш дээ гэж хэлэхэд гарнаас нь бариад авахаар нь манай найз гараа татаж авах гэтэл манай найзын зүүн талын шанаа хэсэг рүү нь цохиод газар унатал өшиглөх гэхэд хамгаалагч нар ирээд аваад явсан. Тухайн үед би хажууд нь чи одоо болилдоо гэж хэлээд салгах гээд л зогсож байсан. Тэр залуу их согтуу байсан. Хэл амаар доромжлоод мөнгө өгье гээд байсан. Манай найзыг шууд гараараа нүүр лүү нь цохиод газар унахаар нь өшиглөх гэж оролдсон юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8904 дугаартай

“1. Н.Алтанчимэгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч М.Гантулгын яллагдагчаар өгсөн “... Тэгээд хохирогч болох Алтанчимэгийг танилцах уу гэж хоргоосон юм шиг байгаан. Тэрийг яг сайн тодорхой санахгүй байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн Цагдаагийн газар ирсэн байсан. Миний санаж байгаагаар бол хуруу хазаж байсныг санаад байгаа, сайн мэдэхгүй байна. Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч  байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М.Гантулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Г торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ