Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/87

 

  

 2022            12             20                                               87

                                         Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ц.Сонинмөнх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү/цахимаар/,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Төв аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн 2034000000373 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э овогт Ц С, 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг, Заамар сум, 2 дугаар баг, Төмстэй гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж, 15.000.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас: Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э овогт Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 

Шүүгдэгч Э овогт Ц С-ыг “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхийг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, 

Шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.С-аас 15,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо Жапен таун С5-504 тоотод оршин суух Ш.Бурмаад олгож,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Буяннэмэх эсэргүүцэлдээ: “ ... Тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэх би, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянав.

Ц.С-д холбогдох эрүүгийн 2034000000373 дугаартай хэргийг хяналтын прокурор Ц.Сонинмөнх хянаад, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 339 дугаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тухайлбал;

Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий итгэмжлэн хариуцуулж өгсөн адууг маллаж байх үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, ... бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор хуульчилсан байх ба Ц.Сын үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн яллагдагч Ц.С 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “... Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр...адуу тууж аваачиж өгөхдөө 9 тооны адуу туугаад хүрэн морийг унаад 10 тооны адууг хүргэж өгснөө санаж байна. Би замдаа харж явсан гэж Б.Мд худлаа ярьсан юм. Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Мий эзэмшлийн хонгор халзан даагыг кемп дээр байхад нь харсан. Хонгор халзан даага кемпийн дотор талд машины зогсоол дээр зогсож байсан...” гэж мэдүүлснийг магадлан шалгахад, “Баянгол Эко Заамар” ХХК-ийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ц.С...унаж яваа морьтой нь нийлээд 10 тооны адуу байсан...” гэснээр нотлогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасны дагуу түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон нь яллах үндэслэл болсон байна.

Гэтэл тус шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "... шүүгдэгч Ц.С нь иргэн Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа ...хонгор халзан зүсмийн эр даагыг устгаж 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо” гэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гомдолдоо: “... Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугайд тооцож, түүнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж, Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.С-аас дааганы үнэ 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү.

Болсон хэргийн товч утга

Б.М, Ц.С-ыг ганц нэг даагаа уяж зүгшрүүлж өгөөч гэхэд нь зөвшөөрч 2020 оны 4 дүгээр сарын 21-нд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг “Баянгол Эко Заамар” ХХК-ний кемп дээр ирж Б.Мий хээр даагыг уяж сойхоор болсон. 2020 оны 4 дүгээр сарын 25-нд хонгор халзан даагыг Улаанбаатараас Б.М авчирч кемп дээр байсан адуунд нийлүүлсэн. Ц.С ерөнхийдөө хээр даагыг уяж сойхоор болсон. 2020 оны 4 дүгээр сарын 25-нд хонгор халзан даагыг Улаанбаатараас Б.М авчирч кемп дээр байсан адуунд нийлүүлсэн. Ц.С хээр даагыг уяж сойж хөлсөлж сунгаанд бэлдэж байсаар 2020 оны 4 дүгээр сарын 30 болоход наадам хийхгүй байхаар Засгийн газрын мэдэгдэл гарсан тухай хэвлэл мэдээлэл, хүмүүсийн ам дамжсан яриа тархсан. Ингээд Ц.С-ыг адуунуудыг адуучин Сүхбатынд хүргэж өгөөрэй гэж Б.М хэлсэн учир 2020 оны 5 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчимд кемпийн араас тууж 10 тооны адууг хөөж явахад камерт 10 гаран секундын дараа 9 тооны адуу туусаар Ц.С уулын толгой чиглэн хойшоо давхиж яваа дүрс бичлэг байдаг. Адуучин А.Сүхбатад адууг хүргэж өгөөд Сүхбатаар мотоциклоор кемп дээрээ буцаж хүргүүлдэг. Энэ өдрийн орой Ц.С-ыг “Баянгол Эко замаар” ХХК-ийн кемпээс Заамар сум руу Г.Тэгшбаяр гэж жолооч суудлын жижиг тэргээрээ хүргэж өгдөг. 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.М адуугаа тарихаар очихдоо хонгор халзан даагаа байхгүй болсныг мэддэг.

Уг эрүүгийн гэх хэрэгт Ц.С-ыг хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшсан гэж яллагдагчаар татаж, прокурор, яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт нь “Баянгол Эко Заамар” ХХК-ийн камерын дүрс бичлэгийг яллах нотлох баримт болгож байгаа. Тэр дүрс бичлэгийн үйл явдлын огноо нь болж буй үйл баримтын огноотой зөрдөг ч прокурор нотлох баримтад тооцдог. Энэ ажиллагаа хуульд нийцэхгүй.

Камерын бичлэгт 16 цаг 32 минут, 16 цаг 38 минутад 17 цаг 26 минутад, 17 цаг 25 минутад Ц.С ажлаа хийж, тарсан адуунуудыг бөөгнүүлж кемп руу тууж эргүүлж байгаа бичлэг байдаг. Энд түүнийг буруутгах, яллах, сэжиглэх ямар ч үйлдэл байдаггүй, өөр хүн огт харагддаггүй. 19 цаг 43 минутад 10 тооны адууг морьтой хүн тууж зүүнээс, баруун зүгт кемпийн араар гарч явсаар уул руу өгсүүлэх үед 1 даага дутаж 9 тооны адуу болсон байдаг ба энэ хоорондох үйл баримт, дүрс бичлэгийн хүрээнд ороогүйгээс харагддаггүй ба тэр хэсгийн бичлэгт багтаж орохгүй 9 секундын хугацаа өнгөрдөг.

Дүрс бичлэг үргэлжилж морьтой хүн түрүүчийн нэгэн адил кемпээр адуугаа туусаар уул руу хойшоо явж байгаа харагдаж бичлэг дуусдаг.

Энэ бичлэгт харагдах үйл баримтаар Ц.С-ыг хонгор халзан даагыг завшсан гэж үзэж ял оногдуулахаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн заалтад нийцсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл байна уу. Тууж явсан адуу замдаа нэг тоогоор хорогдчихоор түүнийг адуучин завшсан байдаг юм уу? Яаж завшсан, хэрхэн завшсан, хэнд өгсөн, хэнд худалдсан өөрөө авсан уу? энэ нь яаж нотлогдож байгаа юм вэ гэдэг асуулт гардаггүй юм уу. Гэмт хэргийн сэдэлт, зорилго гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэнийг мөрдөгч, прокурорууд тогтоосон гэж үзэж яллаж байна гэх үү. Кемпийн баруун талд олон контейнерүүд байдаг байсан тухай яригддаг. Адгуус амьтан хаана ч сугарч үлдэж болно доо.

Хуулийн байгууллага иргэн хүнийг ийм амархан, ийм өчүүхэн зүйлээр нотолж ялладаг болчихвол гэм зэмгүй олон иргэд хэлмэгдэхээр байна.

Энэ том алдаа завхралыг ямар ч гэсэн энэ хэрэг дээр давж заалдах шатны шүүх залруулж, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Шүүх бүрэлдэхүүн зүйлчлэлийг нь өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож Ц.С-ыг ялласан. Эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдийн шууд санаа зорилгын илэрхийлэл, идэвхитэй үйлдлийн үр дүнд түүний сэдэлт зорилго хэрэгжиж байдаг, тодорхой обьектод чиглэсэн, обьектив субъектив үйлдлийн нэгдэл байдаг. Гэтэл Ц.С хонгор халзан даагыг устгах, гэмтээх тухай хүсэлгүй зорилгогүй, тэр даага хэрхэн яаж алга болсныг ч мэдэхгүй байхад Ц.С-ыг хэргийн энэ зүйлчлэлээр ял оногдуулж байгаа нь хуулийг гажуудуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн процессын зөрчил болсон гэж үзэж байна.

Гэрч Г.Хүчитбаатарын мэдүүлэгт “өдрийг нь санахгүй байна 9 цагийн үед уурхайн кемпийн баруун талд намайг ажил хийж байхад худгийн хажууд хонгор халзан даага явж байхыг харсан тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа М, Анхаа бид гурав малчны гэрт адуу тарих гээд очиход хонгор халзан даага байхгүй байхыг мэдсэн гэж мэдүүлсэн байгаа /хх 50-51-р талд/, М, Анхаа, Хүчитбаатар нар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мал адуугаа тарихаар очиход хонгор халзан даага нь байхгүй болохыг мэдсэн гэж Ц.М мэдүүлдэг. Г.Хүчитбаатарын мэдүүлэгт даагыг харснаас 2-3 хоногийн дараа адуу тарихаар явахдаа хонгор халзан даага адуундаа байгаагүй талаар мэдүүлж байгааг харьцуулж хугацааг тогтооход 5 дугаар сарын 06-наас 2-3 хоногийн өмнө гэдэг нь 5 дугаар сарын 03-наас 04-ний хооронд кемпийн баруун талд халзан даага байжээ. Тэр тусмаа яг л адууг Ц.С тууж явахад дэлгэцнээс харагдахаа больсон тэр орчмын газарт даага байсан болохыг гэрч Г.Хүчитбаатар нотолсон гэж үзэж байна. Энэ нотлох баримтаас үзсэн ч Ц.С-ын зүгээс хонгор халзан даагыг устгах, гэмтээх үйлдэл хийгээгүй байжээ, гэдгийг нотолсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг яллахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нь хэрхэн нотлогдож байгаа нь огт ойлгомжгүй, таамаглалын шинжтэй, хуульд бүрэн дүүрэн нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг хангаагүй байгааг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

З.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371-р шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-р заалтад Ц.Саас 15 сая төгрөгийг гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн “Алга болсон хурдан удмын хонгор халзан даагыг тугал ухаагийн төл” гэж үнэтэй авч байсан гэж хохирогч, нэхэмжлэгч нар мэдүүлдэг боловч уг даагыг алга болсны дараагаар төлбөр мөнгө төлөгдсөн байгаа нь уг дааганы үнийг буруутай этгээдээс нэхнэ гэдэг тооцоогоор өсгөж, хожим үнэ зохиосон байх магадлал маш их байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсч байна.

Мөн улсад олон удаа түрүүлж байсан тугал ухаа хэмээх азарганы төл мөн болохыг бичгийн нотлох баримтаар огт нотлоогүй, А данс нь ч ирж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ер нь хурдан удмын даага бүгд хурдалдаг гэсэн нотолгоо байхгүй. Тиймээс машинаас илүү үнэтэй байгаа нь арай хэтрүүлсэн үнэлгээ болсон гэдгийг хэлмээр байна. Шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй санал нийлэхгүй байгааг цохон тэмдэглэе. Биологийн шинжилгээний хариу албан ёсоор гаргаж, бичгийн нотлох баримттай төл малыг хурдан удмынх мөн биш гэдэгт дүгнэлт хийж байх ёстой гэж үзэж байна. Хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанд үндэслэж өндөр үнэлгээ хийж шинжээчийн нэр төрийг унагаж зарим нэгнийг нь хохиролд оруулж боломгүй байна” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн, хохирлын үнэлгээ багассан тал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл буруу, Ц.С гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотолж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

            Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

            Хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж улмаар анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

            Шүүгдэгч Ц.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завших байдлаар илэрдэг.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.С нь насанд хүрээгүй хохирогч Б.Мий хурдан удмын хонгор халзан эр даагыг устгасан гэх үйл баримт тогтоогдохгүй  байна.

            Учир нь бусдын эд хөрөнгийг устгах гэдэг нь эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг хэлнэ. Мал амьтны хувьд эмчилгээгүй болж, аж ахуйн эргэлтээс бүрэн гарч, ашиг шимийг нь хүртэх ямар ч боломжгүй болсон байхыг ойлгодог. Уг гэмт хэргийн шинж нь өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах үйлдлээр илэрдэг.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Ц.С-ын насанд хүрээгүй хохирогч Б.М хурдан удмын хонгор халзан эр даагыг завшсан гэх хэргийн бодит байдлыг эргэлзээгүй зөв тогтоож чадаагүй, анхан шатны шүүх шүүгдэгчид ял халдаахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Ц.С-ын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн бичсэн “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Насанд хүрээгүй гэрч Б.М:” ... 2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 08 цагт буугаад шууд унтаад, өдөр нь өдрийн хоолны цагаар хоолоо идчихээд адуугаа хүргэж өгсөн үү гэж Ц.Саас асуухад хүргээд өгчихлөө гэж хэлж байсан. Тэгээд би ... 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ... адуучингаасаа асуухад ... Ц.Сыг адуу авч ирээгүйшдээ гэж хэлсэн... 2020 оны  5 дугаар сарын 01-ний өдрийн манай уурхайн хяналтын камерны бичлэг дээр... Ц.С нь уурхайн кемпний хойд талаар 10 тооны адууг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа хөөгөөд камернаас гараад буцаад камерт орж ирэхдээ урдаасаа хойшоо 9 тооны адууг хөөж байгаа юм... Тэгээд тэр чигээр нь 9 адуу хөөгөөд манай адуучин Сүхбатын гэр байгаа зүг рүү яваад камернаас гарч байна. “ /1хх 77-78/ гэх,

            Гэрч Ч.Сарантуяагийн :” ...Тэр өдөр Ч.Сын тууж ирсэн 9 тооны адуу, өөрөө унаж явсан 1 тооны адуу буюу нийтдээ 10 тооны адууг тэр шөнөдөө бэлчээрт гаргаагүй хашаанд хашаад хонуулсан...” /1хх 81-82/ гэх,

            Гэрч Г.Хүчитбаатарын: “... өглөө 09 цаг орчимд уурхайн кемпийн баруун талд худгийн хажууд намайг ажил хийж байхад хонгор халзан даага явж байхыг харсан. Тэр харсан өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа М, Анхаа бид 3 Цагаан булагт байдаг малчны гэрт адуу тарих гэж очсон. Тэгсэн чинь хонгор халзан даага байхгүй байгааг мэдсэн.” /1хх 50-51/ гэх мэдүүлгүүд,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж, 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байна.

            Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн “анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн” гэсэн нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Ц.Сын насанд хүрээгүй хохирогч Б.Мий хурдан удмын хонгор халзан эр даагыг завшсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, эрүүгийн 2034000000373 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ