Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03488

 

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 0 байранд байрлах, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ /РД:6108512/-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Н-ын О /РД:00000000/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугааp зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Н.О-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн 4.0-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3/53 тоот гэрээ байгуулан олгосон.

Гэрээний дагуу Н.О-той утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 07 сарын 26-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Н.О- нь 5,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 31-нд нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэл гаргах үед оршин сууж байсан гэх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 4-61 тоотод оршин суудаггүй, хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн 0 тоот захирамж гарсан.

Шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Н.О-гийн оршин суух хаягийг олж тогтоон 2024 оны 03 дүгээр сарын 21-ны өдрийн 0 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 0 тоотод түр оршин суудаг утасны дугаар нь 86928283 болохыг олж тогтоосон.

Эрэн сурвалжлах ажиллагааны дагуу тус хэлтсээс 2024 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 0 тоот албан бичгээр хариуцагч Н.О-оос гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 0 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын 0 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Одоогоор Н.О нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суухгүй байгаа, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд олж тогтоосон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын 0 тоотод оршин суухгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй тул Н.О-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Н-ын О /РД:/-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.О-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь Н.О-той 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулсан байх тул уг гэрээний үүрэгт Н.О-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Н.Онон нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх боловч дээрх хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар захирамж, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь хариуцагч болох Н.О-гийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Н.О-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Н-ын О-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Н-ын О-гийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Н-ын О-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ТБАГУТҮГ-т мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА