Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/89

 

 

 

 

 

 

 2022            12              20                                              89

 

                                            П.О-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Н.Цэнгэлбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

            Шүүгдэгч П.О,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 421 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.О, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн 2234003720360 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б овогт П О, 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймаг Сэргэлэн сум 1 дүгээр баг Хоолтын даваа гэх газар оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,

 

Шүүгдэгч П.О нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И Пи Си Эс” ХХК-ийн хашаанд 2022 оны 5  дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С-тай муудалцан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн гаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 2,039,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүй нь 2,039,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

 хохирогч А нь ажилгүй байсан хугацааны цалин 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гомдолдоо: “ ... Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг” гэх болон 2.3-д “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт, дүгнэлт”-ийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бүрэн тусгаагүйд гомдолтой байна.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Оын гаргасан мэдүүлэг, өмгөөлөгчийн зүгээс дурдан хэлэлцүүлсэн гэрч Ч.Равжих, Э.Эрдэнэсайхан нарын мэдүүлгээс хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Тухайлбал:

  • Гэрч Ч.Равжихийн “Явах гэж байхад С Оыг заамдаад авсан. Оын цамц нь урагдсан чинь Сыг О цааш түлхсэн чинь газар унаад өгсөн. Дахиад С босож ирээд Отай зууралдаад авсан, Оын цамц нь урагдсан, С газар унасан, энэ үед намайг харж байхад Сыг хөлөөрөө нэг өшиглөөд авсан” гэх мэдүүлэг. /хх-13 тал/,
  • Гэрч Э.Эрдэнэсайханы “С нь эхлээд Оын өмсөж явсан хар өнгийн ноосон цамцыг энгэрээс нь татаад урсан чинь О нь Сыг нэг алгадаад авсан, машинаас буугаад гүйж очоод салгах хооронд Сыг хавираад унагасан” гэх мэдүүлэг. /хх-15тал/,
  • П.Оын шүүхийн хэлэлцүүлэгт “Би морио хайж яваад орой болсон учраас үхэрчин Чинзориг ах руу утсаар залгаад та нэг хоол хийгээд байж байх боломж байна уу гэж асуусан. Хашаандаа байна гэхээр нь яваад очтол Чинзориг ах, С ахтай хамт байсан. С ахынд хонохоор очсон үед С ах согтоод манай гэрээс зайлцгаа гэж хөөсөн. Ахаа хоноод явж болохгүй юм уу гэж асуухад гэрээсээ хөөсөн. Явахаар гартал С ах намайг заамдаад цамц урчихаар нь түлхсэн чинь унахаар нь нэг өшиглөсөн. Маргааш өглөө гэрт нь очтол С ах намайг хэн цохивоо хавирга өвдөөд гэхээр нь "Та намайг заамдаад цамц урчихаар нь би уурандаа таныг түлхээд нэг өшиглөсөн, өөр хүн танд хүрээгүй” гэж үнэнээ хэлсэн. Тэгээд эмчилгээний зардал оношилгоо, хагалгааны төлбөр, эм тариа авна гэх бүрт төлбөрийг нь бэлнээр болон дансаар өгч, нийтдээ 2,524,400 төгрөгийн зардлыг бүрэн төлсөн” гэх мэдүүлэг зэргээс хохирогч А соттуурсан үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаангүй П.Оыг заамдан өмсөж явсан ноосон цамцыг урсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд уг нөхцөл байдлыг болон үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ дурдаагүй, орхигдуулсан болно.
  • 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд

- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн

- гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн,

- хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн,

- өөрийгөө илчилсэн зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд П.Оын хувьд байсан.

                3. П.О нь 39 адуу, 45 үхэр, 190 хонь, 160 ямаа бүгд 434 толгой малтай, малчин хүн бөгөөд ар гэрт нь 3 сараас 8 насны 3 хүүхэд, төрөөд удаагүй эхнэр нь ганцаараа ахуй амьдралаа хариуцан үлдсэн. П.О өөрийн гэм буруутай үйлдлээс Ат хүнд гэмтэл учруулсандаа чин санаанаасаа гэмшин эмчилгээ хийлгэх эхний үеэс эхлээд, хагалгаа хийлгэх, эмнэлгээс гарсны дараа хэрэглэх эм тариаг цаг алдалгүй авахад зориулж мөнгөн төлбөрийг төлж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогддог.

Шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, байнгын ажил төрөлтэй, эд хөрөнгөтэй, төлбөрийн чадвартай зэрэг нөхцөл байдал болон нялх балчир 3 хүүхэдтэй төрөөд удаагүй эхнэртэй зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах боломж байсан гэж үзэж байна.

Иймд ЭХХШТХ-ийн 39.1 зүйлийн 4 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцел байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно" гэх заалтын дагүу ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.О давж заалдах гомдолдоо: Би Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 421 тоот шийтгэх тогтоолыг гардан аваад доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Би үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч С ахыг эмнэлэгт үзүүлэх эмчилгээ хийлгэх болгонд хүргэн дүү Б.Ууганбаяр, Г.Баярмаа нарыг байнга хамт цуг явуулан машинаар үйлчилж гарсан зардал төлбөрийг тухай бүрт нь бэлнээр болон банкны картаар төлж ирсэн. Эмчилгээнд нийтдээ 2,524,400 төгрөг төлж өөрсдөөр нь мөнгө төгрөг гаргуулаагүй.

2. Шийтгэх тогтоолд шүүх хурал дээр миний хэлсэн ярьсан зүйлийг бүрэн бичээгүй, гэрч нарын өгсөн мэдүүлгийг дутуу бичиж дурдсан байна.

3. Тухайн үед алдагдсан морио хайж Жаргалант суманд очсон байсан. Хонох газар байхгүй болохоор үхэрчин Чинзориг ах руу утсаар ярьж та нэг хоол хийж байгаа ч би яваад очих уу гэхэд хашаандаа байна гэхээр  яваад очиход Чинзориг ахтай С ах хамт байсан.

4. Тэндээс С ахынд хонох гэж очтол С ах согтоод манай гэрээс зайлцгаа гэж хөөхөөр нь ахаа хоноод явж болохгүй юм уу гэж хөөгөөд байхаар нь явах гээд гартал С ах заамдаад авсан, түлхээд холдуултал дахин заамдаж татаад цамцыг маань урчихаар нь уурлаад түлхтэл газар унахаар нь өшиглөсөн.

5. Маргааш өглөө нь гэрт очиход С ах намайг хэн цохисон бэ хавирга эвгүй болчихсон гэхээр нь таныг заамдаад цамц урчихаар нь уурлаад би өшиглөчихсөн, таньд надаас өөр хүн гар хүрээгүй гэж хэлсэн. Тэгээд сумын эмчид үзүүлэхэд гайгүй байна гээд явсан чинь С ах гайгүй байна чи 1 шил архи аваад өгчих гэхээр нь архи авч өгчихөөд явсан.

6. Түүнээс хойш эгч нь гэх хүн утасдаж гэмтсэн байна гэж хэлсэн үеэс эмнэлэгт үзүүлэх, хагалгаа хийлгэх, шинжилгээ өгөх, компъютерт харуулах зэрэг зардал, төлбөрийг хийж байсан. Эмнэлгээс гарсны дараа эм тариа авна гэсэн мөнгийг нь өөрт нь өгөх, шилжүүл гэсэн эмийн санч нарын дансанд тухай бүрт нь хийж ирсэн.

7. Би өөрийн гэм буруутай үйлдлээс хүн гэмтээсэндээ маш их гэмшиж, эмчилгээ сувилгааг нь цаг алдалгүй хийлгэх гэж мэрийж байсан юм.

8. Миний ар гэрт 03 сараас 08 настай 3 хүүхэд, нялх биетэй эхнэр маань мал, ахуйгаа харж үлдсэн тул тэдэндээ санаа зовж, сэтгэлийн дарамттай цагдан хоригдож байна. Би 39 тооны адуу, 45 тооны үхэр, 190 хонь, 160 ямаа зэрэг нийт 434 толгой мал малладаг малчин хүн. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Иймд миний гэм буруугаа хүлээж, эмчилгээний төлбөр, зардлыг бүрэн төлж ирсэн болон ар гэртээ бага насны 3 хүүхэдтэй эхнэр маань нялх биетэй учир хүнд хэцүү байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад эсэргүүцэх зүйлгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баримтаар гарсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргадаггүй, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж П.О-д оногдуулсан хорих ялыг өөрчилж 10,0 сая төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагааг шүүгдэгч П.О, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын тус тус гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч П.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч П.О нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И Пи Си Эс” ХХК-ийн хашаанд 2022 оны 5  дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Атай муудалцан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  үйл баримт нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Аын өгсөн: “ ... Тэр өдөр бензиний хангалт ирсэн байсан. П.Оын ирэх өдрөөс өмнө 100 литр бензин алдагдсан байсан. Тэгтэл П.О та ганцаараа яаж явах бэ бид нартай суугаад яв гээд сууж явсан. Найзынхаа гэрт очсон найздаа нэг шил архи аваачиж өгсөн. Тэр архинаас нэг хоёр татсан өөр юм уугаагүй. Тэгээд ажил дээрээ иртэл 2 литр бензин өг гэж хэлсэн. Би ажилд ороод 10 хонож байгаа хүнээс хулгай хийнэ гэж байхгүй гэсэн. Тэгтэл би 5 хоноод хулгай хийж байсан чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд зодоон болсон. Би цамцнаас нь зуураад барьсан тэрийгээ цамц урсан гэж хэлээд байна. Би гарах гэсэн араас цохисон тэгээд би газарт унаад өгсөн. Тэр үедээ амьсгаа авах боломжгүй амьсгалж чадахгүй байсан.” гэх,

         

          Гэрч Ч.Равжихийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Жаргалант сумын төв рүү О, Эрдэнэсайхан, С нөгөө эмэгтэй бид 5 явсан. Сумын төв орж ирээд караоке хаах гэж байхад нь нэг шил архи, нэг пиво аваад явсан. Буцаад Сын үхэр хардаг хашаа ороод тэнд С хоол халааж өгөөд нөгөө авчирсан архи, пиво уугаад явах гэж байхад С Оыг заамдаад авсан. Оын цамц урагдсан чинь Сыг О цааш түлхтэл газар унаад өгсөн. Дахиад С босож ирээд Отай зууралдаад авсан Оын цамц урагдсан С газар унасан энэ үед О нь намайг харж байхад Сыг хөлөөрөө нэг өшиглөөд авсан, ингээд дахиад салгаад авсан. Эрдэнэсайхан бид хоёр гэр рүүгээ яваад өгсөн, О мөн хамт гараад нөгөө эмэгтэйгээ аваад яваад өгсөн...” гэх /хх-ийн 13/,

         

          Гэрч С.Чинзоригтийн “... 2022 оны 5 дугаар сарын 16-ны орой ... С, О, нөгөө хотоос ирсэн эмэгтэй нарын хамт бид 4 ... Равжихын гэрт очсон. Равжихыг аваад хамт багийн төвийн урд би гэртээ буусан. Равжих, С, О, нөгөө эмэгтэй 4 манай үхэр малладаг хашаанд очоод хонох гээд явсан. Би ... 2022 оны 5 дугаар сарын 17-ны 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд ... С би урд шөнө зодуулчих шиг боллоо гэсэн. Би яахаараа зодоон болдог юм бэ гэсэн чинь бид нар архи уугаад сүүлд нь би зодуулчихлаа гэж хэлсэн. Би багийн эмч дуудаж авчраад үзүүлээд өвчин намдаах эм уулгаад С арай гайгүй боллоо гэсэн... С нь Оад зодуулчихлаа гэж надад хэлсэн, өөр бусад юмаа бол яриагүй...” гэх /хх-ийн 22-24/,

         

          Гэрч Э.Эрдэнэсайханы “...Сын гэрт очоод хоол идээд, архи уугаад сууж байтал С гэх хүн нь манай гэрээс зайлцгаа гээд О нь Ст хандаж ахаа нэг хоноод явж болохгүй юмуу гэсэн. Би Догсом ахын машин руу очоод сууж байтал О, С нар хоорондоо маргалдаж байсан. С нь эхлээд Оын өмсөж явсан хар өнгийн ноосон цамцыг нь энгэрээс нь татаад урсан чинь О нь Сыг нэг алгадаад авсан. Би машинаас буугаад гүйж очоод салгах хооронд О Сыг хавираад унагасан би очоод салгасан. Тэгээд л Догсомын машиныг бариад бид хоёр явсан. О нөгөө эмэгтэйгээ аваад яваад өгсөн...” /хх-ийн 15/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7626 дугаартай “... 1. Аын биед 10,11 дүгээр хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун уушигны бүрэн бус шалчийлт, цээжний баруун талын хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийн талаар  хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Ч.Равжих /хх 13/, Э.Эрдэнэсайхан /хх15/ нар ялимгүй зүйлээс буюу П.О-ыг гэртээ хонуулахгүй гэснээс үүдэн хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч П.О хохирогч Аыг зодсон талаар мэдүүлсэн байх тул хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн тусламж үзүүлээгүй тул анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх талаар санал гаргаагүй байна.  

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий анги заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж оног төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч П.О-ын цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.О-ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

 

                                 ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

 

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ