Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2024/0588

 

 

                         

           

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Д*******,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөл,

Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, М.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Г.Д*******гаас Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогду******* “Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дүгээр сарын 14-ний  өдрийн сонгон шалгаруулалтын анкет цуцалсан үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг цахимаар зарласан байна.

3.Нэхэмжлэгчээс уг сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүнийг албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсгийн “Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх” шаардлага хангаагүй үндэслэлээр анкетыг цуцалж шийдвэрлэсэн.

4.Улмаар  дээрх үндэслэлийг эс хүлээн зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлийн даргад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба уг гомдлыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б*******ы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/668 дугаар албан бичгээр хариуг өгчээ.

5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарласан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцож материалаа хүргүүлсэн ба цахимаар сонгон шалгаруулалтын шалгалтад оролцох хувиар болон анкет баталгаажуулахыг хүлээж байсан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анкетыг цуцалсан тухай мэдээллийг Төрийн албаны төв зөвлөлийн цахим хуудсанд тавигдсан.

2/Хариуцагчаас анкетыг цуцалсан үндэслэлдээ “...Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн  ерөнхий   захирлын   албан   тушаалын   тодорхойлолтын   тусгай шаардлагад тавигдсан эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлагыг хангахгүй тул бүртгэлийг цуцлав...” гэсэн ба энэ тухай Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нийтэлсэн юм.

Улмаар  дээрх үндэслэлийг эс хүлээн зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлийн даргад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан.

3/Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б*******ы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/668 тоот хариу бичигт “...Харин анкет нь баталгаажсан шаардлагыг хангаагүй байна...”, “...Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/430 дугаар тушаалын хавсралтаар баталсан "..."Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал”-ын албан тушаалын тодорхойлолтод “Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх “Эрүүл мэнд/ нийгмийн эрүүл мэнд/ эмнэлгийн  удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн баримт бичиг түүнтэй дүйцэхүйц буюу эрүүл мэнд/эмнэлгийн удирдлагын магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг нотлох баримт бичигт тус тус үндэслэнэ/ гэсэн мэргэшлийн шаардлага тавигдсан тул иргэн Г.Д*******г тус шаардлагыг хангаж буйд тооцох үндэслэлтэй байна...” гэж дурдсан байдаг.

4/Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл хууль бусаар иргэн миний анкетыг цуцалснаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т хуульчилсан “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” гэсэн эрх, эрх чөлөө маш ихээр зөрчигдөөд байна. Хэрэв Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл үндэслэлгүйгээр иргэн миний анкетыг цуцлаагүй бол би сонгон шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой байсан төдийгүй сонгон шалгаруулалтын шалгалтад бүрэн тэнцэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өөрийн ажиллаж байсан салбарынхаа удирдах албан тушаалтны ажилд томилогдох боломжтой байсан миний хууль ёсны ашиг сонирхол ихээр зөрчигдлөө.

5/Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б******* 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/668 тоот бичигт “... Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэсэн боловсролын шаардлагыг хангаагүй иргэний баталгаажуулсан анкетыг цуцалж, тусгай шалгалтад оруулаагүй болно...” гэж дурдсан боловч уг иргэн нь Эрүүл мэндийн яамны нэг давхрын хурлын Б зааланд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн 5 өртөө дамжин 15 цаг 04 минут хүртэл шалгалт өгч 60.3 оноогоор тэнцсэн байдаг.

Гэтэл төрийн албаны төв зөвлөлийн хариуцлагатай албан тушаалтан уг иргэнийг шалгалтад оролцуулаагүй гэж албан бичигтээ худал бичсэн байгаа юм. Тухайн шалгалтад орсон иргэн одоо Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль зөрчин төрийн албанд ажиллаж байх магадлалтай” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын анкет цуцалсан үйл ажиллагаа цахим хуудсан дээр тавигдахдаа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад тавигдсан эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэлийг цуцлав гэдэг мэдээлэл тавигдсан байгаа. Энэ үйл ажиллагааг нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн энэ хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан тодорхой хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө  эрх  тэгш байна, 14.2-т хүнийг үндэс угсаа, нас, хүйс, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Нэхэмжлэгч өнөөдрийн тухайд хөдөө орон нутагт ажиллаж байгаа хариуцагч байгууллагын зүгээс гаргасан үйлдлийг хөдөө орон нутагт ажиллаж байгаа салбарынхаа мэргэжилтнийг ялгаварлан гадуурхсан гэх агуулгаар нэхэмжлэлийнхээ гол агуулга, үндэслэлийг тодорхойлж байгаа. Энэ ялгаварлан гадуурхах гэдэг зүйлийг хэлээд байгаагийн учир шалтгаан Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албаны зарчим гэж хуульчилсан. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайлсан зарчмуудаас гадна дараах зарчмыг баримтална. Монгол улсын үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх, 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн албан хаах адил тэгш боломжоор хангагдах гэсэн зарчим алдагдсан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж заасан. Мөн 7 дугаар зүйлийн 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. Эдгээр зарчмууд Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагаанд зөрчигдлөө гэж үзэж байна. Хоёрдугаар гол асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил эрхлэлт, 5 дугаар зүйлийн 5.1-д ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримтална. 5.1.1-д үл ялгаварлан гадуурхах, 6 дугаар зүйлийн 6.1-д ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, бусад байдлаар шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах давуу байдал олгохыг хориглоно гэж байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 дахь хэсэгт энэ шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхсан эрхийг нь хязгаарласан, бусдад давуу байдал олгосон гэдгийг тодорхойлж хэлнэ. Шууд ялгаварлан гадуурхалт гэдгийг тогтоож өгсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т мөн шууд бусаар ялгаварлан гадуурхах гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр шууд бус ялгаварлан гадуурхалт гэдэг нь бхүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн эсвэл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулж байгаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно. Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбартаа 2023 онд батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлд зааснаар салбар зөвлөлд хандах ёстой гэдэг тайлбар хүргүүлсэн байдаг юм. Ингээд 2 зүйлийг тайлбарлаж хэлье. Нэхэмжлэгч Г.Д******* 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлж, материалаа хүргүүлсэн. Энэ материалыг хүлээж аваад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анкетыг цуцалсан тухай Төрийн албаны төв зөвлөлийн цахим хуудаст тавигдсаныг мэдээд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Ц*******д гомдол гаргасан. Гомдлын хариуг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж аваад, танилцаад, хариу өгсөн. Энэ албан бичигт тусгагдсан нөхцөл байдал болон өөрийн шалгалтын анкетыг цуцалсан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Ингээд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б*******ы гарын үсэгтэйгээр 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 002668 тоот хариу албан бичигт нэг зүйлийг тодорхой дурдсан байгаа. Энэ албан бичигт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалын тодорхойлолт эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн баримт бичиг, түүнтэй дүйцэхүйц буюу Эрүүл мэнд, эмнэлгийн удирдлагын магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг нотлох баримт бичигт тус тус үндэслэнэ гэсэн мэргэжлийн шаардлага хэсэгт тавигдсан тул иргэн Г.Д*******г тус шаардлагыг хангаж буйд тооцох үндэслэлтэй байна гэж дурдсан. Тэгэхээр Төрийн албаны төв зөвлөлийн гишүүн н.Б*******ы албан бичигт дурдсан асуудал нь маргаад байгаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын анкет цуцалсан үйл ажиллагаатай зөрчилдөөд, буруу үйл ажиллагаа байна гэж зөвтгөсөн. Төрийн албаны төв зөвлөлийн дүгнэлт байгаа. Эндээс үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах, бусад мэтгэлцээний явцад нэмэлт тайлбаруудыг хэлнэ. Ийм учраас Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын анкет цуцалсан үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэв. 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) болон бусад зарим төвийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-д 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/155 дугаар албан бичгээр хандсан.

Улмаар Төрийн албаны зөвлөлөөс дээрх байгууллагын захирлын сонгон шалгаруулалтын зарыг 2024.01.25-02.07-ны өдрүүдэд нээлттэй зарлаж, тус байгууллагын захирлын сонгон шалгаруулалтад 4 иргэн бүртгүүлсэн.

2/ЗӨСҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн Г.Д*******гийн материалыг хянахаар Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын системээс тайланг татаж авахад тухайн албан тушаалын мэргэшил хэсэгт "2013-09-17-д 180 хоногийн хугацаатай ЗӨСҮТ-д Байгалийн голомтот халдварт өвчин судлагч эмч чиглэлээр, 2023-01-12-д 280 хоногийн хугацаатай Удирдлагын академи-д Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалт чиглэлээр" гэж оруулсан байсан. Энэ мэдээллийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 7.8-д заасны дагуу тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдсан мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй талаар цахим системээр мэдээлсэн.

Уг журмын 7.9-д "... шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргахаар заасан бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг шалгалт эхлэхээс өмнө шийдвэрлэнэ" гэж заасан. Гэвч иргэн Г.Д******* нь тус салбар зөвлөлд бүртгэлтэй холбоотой аливаа гомдлыг тухайн хугацаанд гаргаагүй болно.

Мөн дээрх журмын 7.5-д “Бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн оруулна” гэж заасан бөгөөд шалгалтын комисс үүнийг баримталдаг бөгөөд тодорхойгүй эсхүл эргэлзээтэй баримт бичиг дээр бусад холбогдох материалыг нягталж үздэг.  Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирлын сул орон тоо одоог хүртэл нөхөгдөөгүй болно.

3/Иргэн Г.Д*******гийн анкетыг цуцалсан шалтгаан нь иргэний бүртгүүлсэн материалыг хянан шалгахад, мэргэшил хэсэгт 2013 оноос 180 хоногийн хугацаатай байгалийн голомт, халдварт өвчин судлагч эмч чиглэлээр болон 180 хоногийн хугацаатай удирдлагын академид ахлах тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан мэдээллийг оруулсан байсан. Энэ мэдээллийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан. Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын 7.8-д заасны дагуу тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдсан мэргэшсэн байх шаардлагыг хангаагүй талаар цахим системээр мэдээлсэн байгаа. Салбар зөвлөлийн шалгалтын комисс холбогдох журмын дагуу ажилладаг. Энэ журамд зааснаар сонгон шалгаруулалтын бүртгэл мэдээлэлтэй холбоотой гомдлыг ажлын нэг өдрийн  дотор  Төрийн  албаны  зөвлөлийн  энэ  байгуулагдсан  комисст  гаргах ёстой гэж заасан байдаг. Энэ заасны дагуу иргэн Г.Д*******гаас бүртгэлтэй холбоотой гомдол мэдээлэл ирүүлээгүй болно. Ийм учраас бүртгэлийг бид нар баталгаажуулж цахим системд оруулсан байгаа. Энэ журмын 7.5-д зааснаар бүртгүүлж буй иргэн болон албан хаагчид баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв бүрэн оруулна гэж заасан байгаа. Энэ шалгалтын комисс үүнийг баримталдаг бөгөөд тодорхойгүй, эсхүл эргэлзээтэй баримт бичиг дээр бусад холбогдох материалыг нягталж үздэг байгаа. Тухайн Г.Д*******тай холбоотой мэдээллийг цуцалсан шалтгааны хажуугаар мөн тухайн тэр албан тушаалын туршлага хэсэгт тавигдсан эрүүл мэндийн удирдлагаар 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан баримт бичгийг оруулаагүй байсан. Гэхдээ өөрийн оруулсан мэдээллийн дагуу мэргэшсэн мэдээллийг дутуу оруулсан учраас энийг нь үндэслэж анкетыг цуцалсан байгаа. Хэрвээ иргэн гомдол гаргахад бүх материалыг нягталж үзээд дахин туршлагын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлийг гаргаж өгдөг. Нэхэмжлэгчийн ярьсан чадахуйн зарчимд суурилсан гэж ярьж байна. Энэ чадахуйн зарчим гэдэг төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргаа, төрийн улс төрийн албан хаагчид яригддаг. Төрийн албаны тухай хуульд зааж хязгаарласан байдаг учраас төрийн үйлчилгээний албан хаагчид чадахуйн зарчим гэдгийг баримтлахыг заасан заалт байхгүй байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: Төрийн албаны зөвлөлөөс иргэн Г.Д******* хүсэлтийн хариу сонгон шалгаруулалттай холбоотой гэсэн албан бичигт 3 дугаар нэмж бичсэн байгаа. Тус ажлын байранд өрсөлдөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдийн төрийн албаны тусгай шалгалтын системд цахимаар бүрдүүлсэн баримт бичгийг нягтлахад иргэн Г.Д******* нь 2017 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эрүүл мэндийн бодлого, удирдлага чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистрын зэрэг хамгаалсан дипломын хуулбар ирүүлж, эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх гэсэн туршлага хэсэгт тавигдсан шаардлагыг нотлох баримт, ажил эрхлэлттэй холбоотой тушаал, шийдвэрийн хуулбар ирүүлээгүй, баримт бичиг дутуу бүрдүүлжээ гэж бичсэн байдаг. Үүний дагуу шүүхийн үзлэг хийхэд тушаал баримт дутуу байсан. Мөн мэргэшил гэсэн хэсэгт  мэдээллээ үнэн зөв оруулаагүй байсан. Төрийн албаны зөвлөлийн баталсан 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.2.9 дэх заалтаар тухайн иргэн өөрөө албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэрээ заавал хавсаргаж ирүүлэх ёстой байсан. Үүнийг хавсаргаж ирүүлээгүй. Тэгээд мэргэшил хэсэгт үнэн зөв мэдээллээ оруулаагүй. Ийм 2 үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн бичиг болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн тогтоосон шийдвэрээр батлагдаж байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг цахимаар зарлажээ.

2.Нэхэмжлэгчээс уг сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүнийг албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсгийн “Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх” шаардлага хангаагүй үндэслэлээр анкетыг цуцалжээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5"албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид   тавигдах    боловсрол,    мэргэжил,   мэргэшил,   туршлага,   ур  чадварын

шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг, 23 дугаар зүйлийн 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, 66 дугаар зүйл 66.1.11-д Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын месвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах; эрхтэй”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.2-т дээрх Захирлын орон тоон дээр нэр дэвшигчдээс авах сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж тус тус заажээ.

3.Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн А/430 тушаалаар баталсан Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсэгт “Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх” гээд (эрүүл мэнд /нийгмийн эрүүл мэнд/ эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн баримт бичиг, түүнтэй дүйцэхүйц буюу эрүүл мэнд/эмнэлгийн удирдлагын чиглэлээр магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг нотлох баримт бичигт тус тус үндэслэнэ) гэжээ.

4.Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтын хүснэгтийн мэргэшил хэсгийг бөглөхдөө “2013 оны 09 дүгээр сарын 17-нд 180 хоногийн хугацаатай ЗӨСҮТ-д байгалийн голомтот халдварт өвчин судлагч эмч чиглэлээр, 2023 оны 01 дүгээр сарын 12-д 280 хоногийн Удирдлагын академид ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалт чиглэлээр сургалцсан” гээд Удирдлагын академи төрийн албаны сургуулийн “төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц” сургалтын №А4152 дугаар сертификат, мөн сургуулийн “төрийн захиргааны менежментийн” магистрын Е20164062 дугаар диплом, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын Е20174814 дугаар “эмч, эмнэлэгийн мэргэжилтний ажлын ачааллыг судлах” нь сэдвээр хамгаалсан диплом зэргийг хавсаргажээ.

5.Нэхэмжлэгчийн дээрх диплом, сертификатаар эзэмшсэн боловсрол нь зөвхөн мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлсэн, боловсролоо дээшлүүлсэн сургалт, хөтөлбөр байхаас бус албан тушаалын тусгай шаардлагад тавьсан эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлагад нийцэхгүй байна.

6.Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх гэдэг нь тухайн чиглэлээр нарийвчлан багц цагийн сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд уг үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийн анкетыг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7.Учир нь Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулиас Эрүүл мэндийн байгууллагын удирдах албан ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухаанаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн А/430 тушаалаар баталсан Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод уг шаардлагыг тусгасан байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 66 дугаар зүйл 66.1.11, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.2-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэлтэй Г.Д*******гийн нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ