Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03487

 

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт С-ийн Н-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С миний бие С.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 921,419 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд С.Н-ийн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч "хаягтаа оршин суудаггүй" нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

С.Н нь 2021 оны 4 сард "А" ХХК-тэй зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг, 32-р хороо, 0 тоотод оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан миний бие нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй С овогтой Н-г Эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийгнь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газраас ял шийтгэл эдэлж байгаа эсэх хэрэв ял шийтгэл эдэлж байгаа бол хаана аль хорих ангид ялшийтгэл эдэлж байгаа эсэх лавлагаа, Монгол улсын хилээр гарсан эсэх лавлагааг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт С-ийн Н-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч А ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Н-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь С.Н-тэй 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цахим зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт С.Н-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

С.Н нь Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.17-ны өдрийн 0 дугаар захирамж, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ащ ХХК нь хариуцагч болох С.Н-ийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул С.Н-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт С-ийн Н-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Н-гийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт С-ын Н/РД:/-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А ХХК /утас:/-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА