Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/04322

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 181/ШШ2024/04322

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  , 4 давхар хаягт байрлах, Б... ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,   401 тоот хаягт байрлах, С....групп ХХК /РД: ..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,514,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гэрч З.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Түрээсийн 15 хоногийн төлбөрт 37,500,000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг тус гэрээний 1-т заасны дагуу автокран ажлын талбайд гарахаас өмнө С....групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 43201  тоот дансанд шилжүүлсэн.

 

Б... ХХК нь Дархан-Уул аймгийн сумын төвийн 8 дугаар багийг 1 дүгээр багтай холбох авто замын гүүрэн гарц ажлын хоёр дахь үе шатны ажилд С....групп ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Ажлын хүрээнд нийт 8 өргөлтийг 10 хоногийн дотор багтааж хийхээр төлөвлөн гэрээнд тусгасан ба тус гүйцэтгэгч хамгийн богино 2 дам нурууний өргөлтийг 1 өдрийн дотор хийж гүйцэтгээд үлдэгдэл ажлыг талбай бэлэн болоогүй аюултай байна гэх шалтгаанаар ажлаа зогсоож буусан. Талбайн даацын тооцоолол болон бусад тооцооллууд багтсан магадлалын ерөнхий дүгнэлтийг гүйцэтгэгчийн ажил удирдаж байгаа оператор тайлбарлан харуулсан боловч ойлгоогүй. Мөн нэмэлтээр гүйцэтгэгчид аливаа талбайн даац тэгш бус байдлаас үүссэн хохирол аюулыг захиалагч даахаар батлан дааж албан бичиг илгээсэн боловч хүлээн аваагүй.

 

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч гэрээ ёсоор 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл календарийн 10 хоног түрээслүүлэх байсан хэдий ч автокран 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талбай дээр ирж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 өдөр өргөлт хийж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буцсан. Гэрээнд заасан дараагийн өргөлтүүдийг краны оператор өргөх боломжгүй гэж дүгнэлт гаргаж гэрээнд тусгасан ажлаа бүрэн дуусгаагүй.

 

С....групп ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн.

 

Иймд гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул бид ирж, буцах зардлын төлбөрийг төлөх боломжгүй. Автокран түрээслэхээр шилжүүлсэн урьдчилгаа 25,000,000 төгрөгийн дүнгээс гэрээний дагуу 1 өдөр ажилласан төлбөр болох 3,750,000 төгрөгийг хасаад нийт 21,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 264,200 төгрөг, нийт 21,514,200 төгрөгийг Б... ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б... ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Б... ХХК-аас С....групп ХХК-д төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Гэрээ нь 2 хэсгээс бүрдэж байгаа. 1. Өргөх үйл ажиллагааны 10 хоногийн түрээсийн үнэ 37,500,000 төгрөг, 2. Тээврийн зардал 11,000,000 төгрөг. Гэрээний 3.1-д зааснаар С....групп ХХК нь эсрэг ачааны тээвэр краныг зөөвөрлөх ажлыг зохион байгуулах түрээслэгч зардлыг төлнө. Тээврийн зардал зөөвөрлөх ажил гэрээний дагуу бүрэн гүйцэтгэсэн. Мөнгөн дүн 12,100,000 төгрөг. Б... ХХК-аас тавьсан ажлын хүсэлтийн дагуу өргөх ажил нь Улаанбаатар Дархан чиглэлийн төмөр зам дээгүүр тавих ган дам нурууны ажил байсан. Хэсэг бүр 6 ган дам нуруу, нийт 12 дам нуруутай байсан. Б... ХХК 2 хэсгийг дуусгахын тулд 10 хоног ажиллахыг зөвшөөрсөн. С....групп ХХК төмөр замын зүүн талын дам нурууг өргөсөн. Үр ашигтай, аюулгүй ажиллаж 6 дам нурууг өргөх ажлыг 5 хоногт биш 1 хоногт хийж дуусгасан.

 

Түрээсийн үнийн 50 хувийг С....групп ХХК гүйцэтгэсэн. Бэлэн мөнгөний үнэ 50 хувь буюу 20,625,000 төгрөг. С....групп ХХК нь өргөлтийн мэргэжлийн чадварлаг баг нийлүүлж хамтран ажилласан. Төмөр замын баруун талын өргөх ажлын үлдсэн 50 хувь байсан. Гэрээний 3.12-т зааснаар аюулгүй өргөх эцсийн шийдвэрийг краны ахлах оператор Б.Оюунбатын мэдэлд байна. Операторын мэргэшсэн үнэлгээгээр уг өргөлт нь аюултай байсан бөгөөд удирдлага болон бусад нотлох баримтаар өргөлтийг цуцалсан. Түрээсийн үнийн 50 хувийг С....групп ХХК гүйцэтгээгүй болно. Бэлэн мөнгөний үнэ 50 хувь 20,625,000 төгрөг. Гэрээний 3.13-р зүйлийн дагуу С....групп ХХК гэрээний 3.12-р зүйлтэй холбоотой зардал, алдагдлыг хариуцахгүй. Баруун талын 6 дам нурууг өргөх ажлыг Б... ХХК гүйцэтгэхийг хүссэн боловч манай компани аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцээгүй техник хэрэгсэл, хүмүүс улмаар үндэсний төмөр замд хүлээн зөвшөөрөгдөөгүй эрсдэл үүсэхээр эрсдэлтэй байсан учраас өргөлтийн ажлыг гүйцэтгээгүй.

 

Гэрээний 3.7 ба 3.10-д заасны дагуу С....групп ХХК-аас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Б... ХХК-ийн ажилчид гэмтээсэн тул буцааж олгох шаардлагатай эвдэлсэн төхөөрөмжийг солих зардал 2,200,000 төгрөг. Гэрээний 2.9-д зааснаар Улаанбаатар хотоос гадуур ажиллах үед Б... ХХК нь С....групп ХХК-ийн ажилчдыг хоол, байраар хангах үүрэгтэй. Үүнийг өгөөгүй бөгөөд С....групп ХХК-ийн ажилчид зочид буудалд байрлаж, ресторан хоол гэх мэт зардлыг гаргахаас өөр аргагүй байсан. Байр, хоол бэлэн мөнгөний зардал 1,500,000 төгрөг. С....групп ХХК нь Б... ХХК-ийн нэхэмжилсэн 21,514,200 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Гэрээний дагуу нийт 36,425,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх ёстой. Одоогоор 25,000,000 төгрөг авсан. Гэрээний дагуу манай компани Б... ХХК-аас 11,425,000 төгрөгийн өр дутуу байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нотлох баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 264,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/40 дугаар итгэмжлэл, М.Саруулын иргэний үнэмлэх, Б... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25,000,000 төгрөг төлсөн Голомт банкны дансны хуулга, Б... ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/061 дугаар Баталгаа гаргах тухай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Кран түрээслүүлэх гэрээ, Б... ХХК-ийн инженер З.Энхгаравын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24,000,000 төгрөг төлсөн Голомт банкны дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24,000,000 төгрөг төлсөн Голомт банкны дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2301-ТГ-0 дугаар Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хуулбар, Д.Алтансүхийн иргэний үнэмлэхийн хуулбар, 93-55 УНН улсын дугаартай, ZOOMLION ZLJ5540 маркийн автокраны гэрчилгээний хуулбар,

3.2. Хариуцагчаас С....групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Баярсүхийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/17 дугаар итгэмжлэл, С....групп ХХК-ийн ажилтнуудын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар, С....групп ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03/133 дугаар хариу мэдэгдлийн орчуулга, Б... ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/0 дугаар Төлбөр нэхэмжлэх тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Кран түрээслүүлэх гэрээний хуулбар, фото зургийн хуулбарууд, нөхцөл байдлыг үнэлсэн баримт бичлэгүүдийн тайлбар зэргийг баримтаар гаргаж өгсөн.

3.3 Шүүхийн журмаар 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 181/ШЗ2024/15 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар гэрч З.Э  мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б... ХХК нь хариуцагч С....групп ХХК-д холбогдуулан кран түрээслүүлэх гэрээний урьдчилгаанд төлсөн 21,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С....групп ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр кран түрээслүүлэх гэрээ байгуулж, түрээсийн урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг шилжүүлсэн. С....групп ХХК-ийн автокран 10 хоног ажиллахаас 1 өдөр л ажилласан тул 3,750,000 төгрөгийг хасаад үлдэх 21,250,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч С....групп ХХК нь тээврийн зардалд 12,100,000 төгрөг, түрээсийн төлбөрийн 50 хувь 20,625,000 төгрөг, эвдэрсэн тоног төхөөрөмжийн зардал 2,200,000 төгрөг, байр, хоолны зардал 1,500,000 төгрөг, нийт 36,425,000 төгрөг болсон. Гэрээний дагуу манай компани 11,425,000 төгрөгийг Б... ХХК-аас авна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас С....групп ХХК, нөгөө талаас Б... ХХК нар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Кран түрээслүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр түрээслүүлэгч С....групп ХХК нь Demag AC 140 маркийн автокраныг нийт 10 өдөр түрээслүүлэх, түрээслэгч Б... ХХК нь түрээсийн төлбөрт нийт 37,500,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1хх 10-14/

4.2. Б... ХХК нь түрээсийн урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг С....групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 432013507 тоот дансанд шилжүүлсэн байна. /1хх 8/

5. Талуудын тохиролцоо, гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжийг агуулна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

6. Нэхэмжлэгч Б... ХХК нь түрээсийн урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн, хариуцагч С....групп ХХК нь түрээслэгчийн эзэмшилд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж Demag AC 140 маркийн автокраныг шилжүүлэн өгсөн боловч 2 дам нурууны ажлыг 1 өдөрт хийж гүйцэтгэсний дараа буцаан авсан байх ба энэ талаар зохигч маргаагүй.

7. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Кран түрээслүүлэх гэрээний Гэрээний үнэ хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч Б... ХХК нь гүйцэтгэсэн байна.

8. Хариуцагч С....групп ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Кран түрээслүүлэх гэрээний Гэрээний үнэ хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн Demag AC 140 маркийн автокраныг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад 10 хоног шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох хэрэгт авагдсан зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

8.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Кран түрээслүүлэх гэрээний Гэрээний үнэ хэсэгт заасны дагуу түрээслүүлэгчийн 1 өдрийн түрээсийн төлбөр 3,750,000 төгрөг /37,500,000 төгрөг : 10 хоног/ болох тул ажилласан 1 өдрийг хасаад 21,250,000 төгрөг /25,000,000-3,750,000/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

8.2. Хариуцагч түрээсийн төлбөр 20,625,000 төгрөг, тээврийн зардал 12,100,000 төгрөг, эвдэрсэн төхөөрөмжийн зардал 2,200,000 төгрөг, байр, хоолны зардал 1,500,000 төгрөг, нийт 36,425,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч дээрх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч С....групп ХХК-аас 21,250,000 /хорин нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б... ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,200 /хоёр зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С....групп ХХК-аас 264,200 /хоёр зуун жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАТМӨНХ