Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/04323

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 181/ШШ2024/04323

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,   дүгээр гудамж,   тоотод оршин суух, О.Г../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ,   тоотод оршин суух, Ө.О..-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г , хариуцагч Ө. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч О.Г.. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Т  нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 17 минутад 55-34 УЕН улсын дугаартай, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас нурууны зөөлөн эдийн няцрал, өвдөгний зөөлөн эдийн гэмтэл авсан. Одоо баруун талын 3 хуруу эдгээгүй байгаа. Нуруу нь өглөө, орой өвддөг. Мөн эмнэлэгт хэвтсэн тул 240,000 төгрөг, эмчилгээнд 148,300 төгрөг зарцуулсан. Эмнэлэгт хэвтүүлэх учраас 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ө.Ө  шүүхэд гаргасан тайлбартаа:

Ө.Ө миний бие О.Г..т зохих нэхэмжлэлийн дагуу эм, эмчилгээ, утасны төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 450,000 төгрөгийг түүний 5246079361 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Төлж барагдуулсан төлбөрийг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г.. нь хариуцагч Ө.Өт холбогдуулан 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.

Нэхэмжлэгч О.Г.. нь 2,250,000 төгрөгийн шаардлагаа 1,850,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч Ө.Ө нь 1 сарын хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасан.

Зохигчид эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч О.Г.. нь 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагаа 1,850,000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр багасгаж, үлдэх 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ө.Ө нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г..аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 /тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Өаас 25,475 /хорин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Г..т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.БАТМӨНХ

 

ШҮҮГЧ                            О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ