| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 108/2017/0596/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 08
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гүнхарз овогт Ганзүрхийн Бд холбогдох 1703000010141 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт .........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн орчим Дүүргийн хажуугийн замд Тоёота Карина маркийн 33-60 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс Л.Дашнямын жолоодож явсан Хьюндай маркийн 67-39 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 2.153.000 төгрөгийн шууд, 2.678.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Л.Дашнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн орчим Дүүргийн хажуугийн замд Тоёота Карина маркийн 33-60 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а\согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг” хориглоно гэснийг тус тус зөрчсөнөөс иргэн Л.Дашнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/,
- жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-17/,
- хохирогч Л.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос Баянхошуу чиглэлд өөрийн Хьюндай Верна маркийн 67-39 УНД автомашинаар ганцаараа дүүргийн хажуугийн замд урдаасаа хойшоо чиглэлд 1-р эгнээгээр 40 орчим км\цагийн хурдтай явж байтал өөдөөс ирж байсан автомашин ойртож ирээд л шууд урсгал сөрөөд бултахын завдал өгөлгүй өөдөөс орж ирээд мөргөсөн. Ослын дараа нэг хэсэг ухаан балартаад нэг сэргэсэн түргэний машинд хэвтэж байсан. Миний баруун өвдөгний тойг яс цуурсан, шөрмөс язарсан байсан...гэх мэдүүлэг /хх-22-24/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14206 дугаартай:...Л.Дашнямын биед баруун тойг ясны ил хугарал, өвдөгний үений шарх, духны зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-36/
- “Мега марз” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-40-42/
- иргэний хариуцагч М.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тоёото карина маркийн 33-60 УНУ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг, гэр бүлийн дундын өмч. Манай нөхөр Б уг автомашиныг барьдаг, би машин барьж чадахгүй. Манай гэр бүл бусдад учруулсан хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-31/,
- шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүрэг, Ханын материалын эцэст байх найз Болороогийн гэр рүү эхнэрийн нэр дээр байх Тоёота Карина 33-60 УНЦ дугаартай автомашиныг дүү Даваагаар бариулаад очсон. Би найз Болороогийнд зүгээр л очоод тэдний гэрт Болороотой нийлээд нэг 0.75 л архи хувааж уусан. Архи ууж байхдаа Давааг гэр рүү нь явуулсан. Архиа ууж дуусаад шөнө 01 цаг өнгөрч байхад Болороогийн байрны гаднаас машинаа унаад гэр рүүгээ ганцаараа явсан. Би тухайн үед машинаа бариад Сонгинохайрхан дүүрэг рүү эргэдэгийн ойролцоо 1-р эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байгаад Орчлон хороолол руу эргээд орж байгаад чигээрээ явсан автомашинтай мөргөлдсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд бас чигээрээ явсан автомашины урдуур эргэсэн буруугаа ойлгож байгаа. Ослын дараа удаагүй цагдаа нар ирээд намайг согтуурал шалгадаг багажаар шалгасан. Би гэм буруугаа ойлгож хохирогчийн эмчилгээнд 820.000 төгрөг бэлнээр өгсөн. Автомашины хохиролд бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Хохирогчийг гомдол саналгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Бг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Л.Дашнямд эмчилгээний зардалд 820.000 төгрөг, түүний автомашины хохиролд 5.000.000 төгрөг нийт 5.820.000 төгрөгийг /хх-86/ төлсөн байх тул бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, Г.Бгийн В ангилалын 520636 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Бгийн В ангиллын 520636 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР