| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2234000000217 |
| Дугаар | 2022/ДШМ/85 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/85
2022 12 8 85
Т.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 979 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Х.Оюунцэцэгийн эсэргүүцлээр яллагдагч Т.Э-д холбогдох эрүүгийн 2234000000217 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Э илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Т Э, 1971 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Төв аймаг, Батсүмбэр сум, Баянгол 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх,
Яллагдагч Т.Э нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Э-г “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт хавсарч цохисоны улмаас “баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хавтас хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Алгаамаа, М.Цэцэгмаа нарын мэдүүлэгээр ... Т.Э нь амь хохирогчийг цохиж алсан, амь хохирогч ухаан алдсан байсан гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй.
Хэрэгт тухайн цаг хугацаанд яллагдагч Т.Э, амь хохирогч болон гэрчүүдтэй н.Андруушийн гэрт байсан гэх н.Дамба гэх хүнийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой байна.
Тухайн хэрэг гарахаас өмнө амь хохирогч нь н.Андруушийнд ирэхдээ дэлгүүрээр орсон нөхцөл байдал тогтоогддог ба тухайн дэлгүүрийн худалдагч н.Баярчимэгийг гэрчээр асуух нь ач холбогдолтой.
Яллагдагч Т.Э болон амь хохирогч нарын гэр бүлийн хувийн байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй.
Амь хохирогч төрсөн дүү Ч.Батаагаар н.Түмэнбаяр гэх хүний гэрт хүргүүлсэн гэж гэрчүүд мэдүүлдэг бөгөөд гэрчээр н.Түмэнбаярыг асуух нь зүйтэй.
Хавтас хэрэгт гэрч Э.Хулан мэдүүлэхдээ... ээж Ч.Эчимэг гэрээс ганцаараа гараад хажуу айлын н.Оюунсүрэнгийн хүү н.Намхайгийн машинд суугаад явсан гэж мэдүүлдэг ба н.Оюунсүрэнг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой.
Амь хохирогч Ч.Эчимэгийн банкны дансны хуулга болон гар утасны лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Яллагдагч Т.Э нь гар утас хэрэглэдэг байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.
Гэрч Хосбаярын Уламбаярыг гэрчээр асуух нь зүйтэй.
Амь хохирогч нь зүрхний өвчтэй байсан ба хяналтад байдаг гэж байх бөгөөд аль эмнэлэгт, хэн гэх эмчийн хяналтад байдаг талаар шалгаж тогтоож баримтыг хэрэгт хавсаргах,
Хэргийн газрын үзлэгт “Стандарт” нэртэй архины шилийг хураан авсан байх бөгөөд тухайн хэрэг учрал болох үед гэрчүүд “Хараа” нэртэй архи уусан талаар мэдүүлдэг. Тухайн үед уусан архины шил дээрээс гэрчүүдийн хурууны хээг авч бэхжүүлээгүй байх ба дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний №3908, 3909 тоот шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт хавсаргах нь зүйтэй.
2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №88 дугаартай Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт нь өөрөө үнэн зөв эргэлзээгүй байх шаардлага хангаагүй байх ба дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаруулах нь зүйтэй байна.
Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн яллагдагч Т.Э-д холбогдох эрүүгийн 2234000000217 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Оюунцэцэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцэлдээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 979 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Шүүх яллагдагч Т.Э өмгөөлөгч М.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Шүүгчийн захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 25 минутанд хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Алгаамаа, М.Цэцэгмаа нар нь гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд сүүлийн мэдүүлгээр гэрч Г.Алгаамаа нь “...өмнө нь өгсөн мэдүүлэгтээ яагаад энэ тухай хэлээгүй вэ гэхээр би тухайн үед их айж сандарсан байсан болохоор Т.Э манай гэрт орж ирээд эхнэрээ алчих шиг боллоо гэж хэлсэн талаар хэлээгүй...” гэж,
Гэрч М.Цэцэгмаа нь “...би тэр үед нилээн халамцуу, согтуу байсан учир буруу зөрүү мэдүүлэг өгсөн байна. Т.Э гэрт орж ирээд би эхнэрээ цохиод алчихлаа гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлгийг өгснөөр зөрүүг арилгасан ба дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанд хууль сануулагдсан гэрч нараас тодруулж мэдүүлэг авах боломжтой.
Гэмт хэрэг гарахын өмнө н.Дамба нь яллагдагч Т.Э хамт н.Андруушийн гэрт орж ирээд архи ууж байгаад яллагдагч Т.Э, амь хохирогч Ч.Э нарыг гэрээс гарахаас өмнө гараад явсан талаар гэрч М.Цэцэгмаа, Г.Алгаамаа. Ү.Чанарбек, яллагдагч Т.Э нар мэдүүлдэг тул н.Дамба гэгчээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй юм.
Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цэцэгмаа нь “...ил харагдах гэмтэл шарх байгаагүй, өвдөж зовж байгаа зүйл байгаагүй...” гэх мэдүүлгийг өгдөг бөгөөд шинжээч эмч Э.Эрхэмбаярын “...шууд хүч үйлчлэх үед үүсэж нас барах боломжтой гэмтэл юм..” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд, амь хохирогч Ч.Эчимэг нь н.Андруушийн гэрт ирэхээсээ өмнө орж худалдан авалт хийсэн “Сөгнөгөр” дэлгүүрийн худалдагч н.Баярчимэг, амь хохирогчтой урьд өмнө уулзсан гэх н.Батаа, н.Түмэнбаяр, н.Оюунсүрэн болон н.Дамба, Х.Уламбаяр гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанууд нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны хувьд ач холбогдолгүй байна.
Хавтаст хэрэгт яллагдагч Т.Э хувийн байдлыг шалгаж, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авсан бөгөөд гэр бүлийн хувийн байдлын талаар түүний хүү Э.Хосбаяр, охин Э.Хулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нэргүй нарын мэдүүлгээр тогтоосон.
Талийгаач Ч.Э ашиглаж байсан банкны дансны хуулга, гар утасны дэлгэрэнгүй лавлагаа авах нь “Хүнийг алах” гэмт хэргийн хувьд ач холбогдолгүй байна.
Талийгаач даралт ихсэх өвчинтэй, эмнэлгийн байгууллагын хяналтад байсан талаар яллагдагч Т.Э болон гэрч Э.Хосбаяр нар мэдүүлсэн байдаг боловч энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгдөггүй, энэ талаар Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч н.Золзаяагаас мэдүүлэг авсан ба уг мэдүүлгийг нотолж, шинжээчийн 88 дугаартай дүгнэлтэд талийгаачид архаг хууч өвчин тогтоогддоггүй гэж тусгасан байна.
Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй, бүрэн биш гаргасан гэж үзвэл дүгнэлт гаргасан шинжээч Э.Эрхэмбаярыг шүүх хуралдаанд оролцуулж тодруулах боломжтой.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу шүүхээс дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Иймд шүүгчийн 979 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч гэсэн прокурорын эсэргүүцэл, шүүгчийн захирамж хоёрт хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Т.Э-д холбогдох эрүүгийн 2234000000217 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Төв аймгийн Прокурорын газраас Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяагийн гаргасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай хүсэлтийг хүлээн авч хүсэлтэд заагдсан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэн яллагдагч Т.Э-д холбогдох эрүүгийн 2234000000217 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
Яллагдагч Т.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т заасан ”гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр,” 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл,” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдоогүй байна.
Тухайлбал хавтаст хэрэгт гэрч Г.Алгаамаа: “Тухайн үед бол талийгаач Ч.Эчимэг нь манай гэрт байсан ба Т.Э нь н.Дамба гэх хүнтэй 17 цагийн орчимд ирээд талийгаач Ч.Эчимэгийн нөхөр Т.Э нь одоо харья гэж хэлээд... манай гэрээс гараад явсан...” гэж /1хх 27/,
Гэрч Ү.Чанарбек: “... бид нар дэлгүүрээс авсан зүйлээ гаргаад авчирсан архиа талийгаач Ч.Эчимэг өөрөө аягалаад бид нар хуваан уугаад сууж байсан чинь 17-18 цагийн орчимд байх талийгаач Ч.Э-н нөхөр Т.Э гаднаас нэг танихгүй залуугийн хамтаар орж ирээд талийгаач Ч.Э-г 2-3 хоног хаашаа явчихдаг юм гэр рүүгээ харья гээд гэсэн...” гэж /1хх 24/,
Гэрч М.Цэцэгмаа: “ ... Тэр оройн 18 цагийн үед талийгаач Ч.Эчимэгийн нөхөр болох Т.Ээ н.Дамбаа хоёр халамцуу мотоцикльтэй ирсэн...” гэж /1хх 42/ тус тус мэдүүлсэн байх тул дээрх гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан н.Дамба гэгч хүнийг гэрчээр асуух нь зүйтэй байна.
Түүнчлэн уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтоохын тулд яллагдагч Т.Э болон амь хохирогч нарын гэр бүлийн хувийн байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны 88 дугаартай дүгнэлтэд №3908 химийн шинжилгээ, №3909 биологийн нэмэлт шинжилгээ хийгдсэн талаар дурдсан байна. Уг шинжилгээнүүдийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийсэн бол шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргахаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийх нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны 88 дугаартай дүгнэлтэд амь хохирогч Ч.Э-н үхлийн шалтгааныг гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж тогтоосон байх ба шинжээч Э.Эрхэмбаярын: “Талийгаач Ч.Э-н биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл юм. Тухайн гэмтэл нь унах, ойчих, юм мөргөх үед үүсэх боломжгүй бөгөөд эрүү, хүзүүнд үйлчлэх үед шууд үүсэх боломжтой гэмтэл юм.” гэсэн /1хх 84-85/ мэдүүлгээс үзэхэд анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны 88 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлага хангаагүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэрч Г.Алгаамаа: “...талийгаач Ч.Э-г нөхөр Т.Э нь одоо харья гэж хэлээд манай гэрээс гараад явсан ба ... удалгүй Т.Э орж ирээд би эхнэрээ цохиод алчих шиг боллоо гэж хэлэхээр нь гараад хартал байшингийн хажууд барьсан гэрийн үүдэнд цементэн дээр талийгаач Ч.Э нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан... “ /1хх 27/ гэх,
Гэрч М.Цэцэгмаа: “ ... Э хэлсэн би эхнэрээ цохиод алчихлаа гэж хэлэхийг Чанарбек, Алгаамаа бид гурав гурвуулаа сонссон байгаа...” /1хх 43/ гэх өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд өгсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн прокурорт буцааж мөрдөн шалгах хийлгэх асуудлуудын 1-т заасан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн ажиллагааг хийх шаардлагагүй байна.
Мөн тухайн хэрэг нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Андруушийн хашаанд үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс өмнө талийгаачийн үйлчлүүлсэн дэлгүүрийн худалдагч н.Баярчимэг, хохирогчийн дүү Б.Түмэнбаяр, н.Оюунсүрэн Х.Уламбаяр нарыг гэрчээр асууж, хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг тогтоолгох, амь хохирогч Ч.Эчимэгийн банкны дансны хуулга болон гар утасны лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах, яллагдагч Т.Э нь гар утас хэрэглэдэг байсан эсэхийг шалгах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлээ тодорхой заагаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүх хуралдааны дээрх талуудын мэтгэлцээн дээрээс үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ч.Э нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэсэн байх тул шүүгчийн захирамжид заасан амь хохирогчийн аль эмнэлэгт, хэн гэх эмчийн хяналтад байдаг талаар шалгаж тогтоож баримтыг хэрэгт хавсаргах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зайлшгүй гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа биш байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана. Тухайн үед уусан архины шил дээрээс гэрчүүдийн хурууны хээг авч бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна. Тухайн хэрэг учрал болох үед амь хохирогч, яллагдагч, гэрч нарын уусан архины шилийг нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж аваагүй тул одоо дээрх мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан хийгдвэл зохих мөрдөн шалгах нэмэлт ажиллагаануудаас 2, 4, 12, 13 дугаарт заасан нь зайлшгүй хийгдэх шаардлагатай, 1, 3, 5-11-т заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх шаардлагагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 979 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлүүдээр хүлээн авч хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Төв аймгийн Прокурорын газраас А.Элмуратад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: 1. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогч К.Жамбал Төв аймгийн цагдаагийн газарт “...миний машины дугуйг хутгаар хагалж явсан байсан..., ...олон хүмүүсийн хажууд танхайрч хутга барьж айлган сүрдүүлсэн..., ...гар нь хүрэхгүйн улмаас миний эмзэг эрхтэн төмсөг рүү өшиглөсний улмаас миний баруун төмсөг хавдаж хөхөрсөн, маш их өвдсөн...” гэх 3 агуулга бүхий өргөдөл гомдлыг гаргасан байна.
Гэтэл иргэний бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг дутуу шалгаж, зөвхөн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэгт заасан хийвэл зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй байна.
Энэхүү ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” нотлогдоогүй байна.
Үүнээс шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ариунзул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэрэгт ямар ажиллагаа хийх талаар тодорхой тусгалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хурлын тов гаргаагүй.
Мөн Эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч К.Жамбалын мэдүүлэг, гэрч З.Хаянжамал, Б.Авзаль нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Элмурат нь хохирогч К.Жамбалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болсон. А.Элмуратын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Харин түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн гэж үзвэл энэ талаар тусад нь шалган шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогч К.Жамбалын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлуудын талаар дурдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодруулалгүй орхигдуулсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Элмуратын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хэлэлцээд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэх ёстой байтал шүүхээс мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Мөн шүүх нь мөрдөн шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага биш, зөвхөн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг байгууллага учраас аль нэг талд нь хандаж хавтаст хэрэгт авагдсан ажиллагаануудаас өөр ажиллагаа хийлгэхээр захирамжилж байгаа нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх А.Элмуратад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Г.Ариунзулын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.
Хохирогч К.Жамбалаас Төв аймгийн цагдаагийн газарт хандан гаргасан “...А.Элмурат нь олон хүмүүсийн хажууд хутга барин танхайрч миний эмзэг эрхтэн рүү нь өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулсан, автомашины дугуйг хутгаар хагалсан...” гэх агуулга бүхий гомдол хавтаст хэргийн 1-р талд авагдсан байдаг.
Хохирогчийн дээрх гомдол, мэдээлэлд тусгагдсан зарим асуудлуудын талаар мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй атлаа прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд шалгалгүй орхигдуулсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлэхээр заасан ба мөн хуулийн 32.3 дугаар зүйлээс 32.10 дугаар зүйл хүртэл прокуророос мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар хуульчилсан.
Гэтэл прокурорын шатанд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан үзэж хохирогчийн гомдол мэдээлэлд тусгагдсан асуудлуудыг бүрэн гүйцэд хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байхад хуулийг зөрчин яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, зөв байна.
Түүнчлэн шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах ёстой ба, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг хянан үзэх ба уг нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байвал шүүхээс хэргийг мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах эрхтэй.
Анхан шатны шүүхээс А.Элмуратад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийнхаа “Захирамжлах нь” хэсэгт хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг баримтлалгүй орхигдуулсан нь буруу байх боловч хэргийн оролцогч нарын гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг ханган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг баримталсныг буруутгах хууль зүйн боломжгүй юм.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхийг тодорхойлсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл бүрддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцдог ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” нь хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэхээр заасан бол нөгөө талаасаа нотолж чадаагүй бол “гэм буруугүй” гэх зарчим үйлчилдэг болно.
Иймд хяналтын прокурор Г.Ариунзулын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, А.Элмуратад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1018 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-Э
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА