| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04325/И |
| Дугаар | 181/ШШ2024/03491 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03491
2024 09 24 181/ШШ2024/03491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах, “Б” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-н Б /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Б нь “Б” ХХК-тай 2020 оны 09-р сарын 09-ний өдөр “№2100130109000062 тоот барьцаат зээлийн гэрээ” байгуулан, 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Х.Б нь зээл авснаас хойш цаг хугацаандаа төлөлт хийгээгүй ба харилцагчтай холбоо барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн тул түүний бүртгэлтэй хаяг руу очиход хаяг дээр өөр хүмүүс амьдардаг ба энэ байрыг худалдаж аваад удаж байна гэсэн хариу өгсөн. Мөн эхнэр Э-тай (утас: ) холбогдоход: -" За би дамжуулъя, сайн мэдэхгүй байна, наад асуудлаа өөртэй нь ярь" гэдэг. Найз буюу хамтран зээлдэгч Д мэдэхгүй байна" гэсэн хариу өгсөн.
Зээлдэгчийн өөрийн анх бүртгүүлсэн утасны дугаар руу залгахад "Тийм хүн байхгүй, энэ дугаарыг худалдаж авсан" гэдэг. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний бүртгэлтэй хаяг дээр очиход бүртгэлтэй боловч амьдардаггүй.
"Б" ХХК-ийн зүгээс зээлдэгчийг эрэн хайх ажлыг бүхий л боломжоороо хийж байгаа боловч олдохгүй байна.
Түүний бүртгэлтэй оршин суудаг хорооны Засаг даргатай 2024 оны 08 08-p сарын 13-ны өдөр очиж уулзаж, түүний талаар асууж тодруулахад "Энэ хорооны хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй" болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн. Зээлдүүлэгч талын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Х.Б-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-н Б /РД:0/-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Х.Б-тэй 2020 оны 09-р сарын 09-ний өдөр №2100130109000062 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Х.Б-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Х.Б нь Баянгол дүүрэг, 08 дугаар хороо,0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад хаягийн бүртгэлийг хийлгэсэн боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч болох Х.Б-ийг оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан тул Х.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-н Б--ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-н Б-ийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч “Б” ХХК /утас:/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА