Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 114/ШШ2024/0021

 

                                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                                                                                          Хэргийн индекс: 114/2024/0021/З
    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч:  “*******” ХХК /захирал Д.Ц*******/,
    Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдох тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдааны оролцогчид:
        Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Д.Ц*******,
        Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:  Б.А*******
    Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* нар оролцов.
                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:
        Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 
        1.1. Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
        Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
     2.1 Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ 20240101030 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Дархан-Уул, Дархан сум/-ын ажлын тендерт оролцсон байна.
       2.2 Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар “*******” ХХК, “Девсофт” ХХК-ууд нь тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тендер дахин зарлахаар шийдвэрлэж, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 199 дугаартай албан бичгийг оролцогч “*******” ХХК-д хүргүүлжээ.
        2.3 “*******” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3986 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Гомдлыг хянасан тухай” 03/4430 дугаартай албан бичгээр 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 199 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна. 
         2.4 Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “Хамгийн сайн” тендер ирүүлсэн компаниар шалгаруулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 297 дугаартай албан бичгийг “*******” ХХК-д, 06 дугаар сарын 17-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 312 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүхэд тус тус хүргүүлжээ. 
       2.5 Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Батсүх нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр “...танай компанитай гэрээ байгуулах боломжгүй” гэж хариу өгсний дагуу “*******” ХХК-ийн захирал тус  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
         Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан  тайлбар, түүний үндэслэл:
          3.1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ”... Манай компани Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга ЭМЯ/20240101030 дугаартай тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаран, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 297 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг tender.gov.mn цахим системийн мэдэгдэл цэсээр хүлээн авсан. Уг мэдэгдэлд заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 89/1049 дугаартай (189GТ21240625104) гүйцэтгэлийн баталгааг гаргаж, гэрээ байгуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Буянбаттай 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уулзахад тус төсөл арга хэмжээнд манайхтай гэрээ байгуулах боломжгүйг хэлж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 тоот албан бичгийг гардуулж өгсөн.
     Манай компани Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилгын ажлын гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч энэхүү Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид, машин механизмын хувьд тендерийн баримт бичигт заасан чадавхын шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. 
Захиалагч болох Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30.3 дахь заалтыг зөрчин, үүргээ биелүүлэхгүй байгаа нь тендерт шалгарсан манай компанийг хохироосон гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг эс үйлдэхүй болохыг тогтоож, “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
        3.2 Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Худалдан авах ажиллагааны газраас байгуулсан Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, хурлын тэмдэглэлийг хүргүүлчхээд байхад хариуцагчаас тендерийн шалгаруулалтыг хянаад байгаа юм шиг байдал харагдаж байна. Худалдан авах ажиллагааны газраас дахин албан бичиг ирүүлснийг одоо л сонсож байна. Тэгэхээр Худалдан авах ажиллагааны газраас бид тендерийг буруу ч шалгаруулсан байж магадгүй гэж байгаа юм уу, захиалагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байгаагийн хувьд энэ бол ямар ч үндэслэлгүй, байж болохгүй зүйл юм.
             Барилгын сорилт, шинжилгээний лабораторийн барилга, Өрхийн эрүүл мэндийн барилга нь хүн хүч, машин механизмын хувьд 2 ажил хоёулаа хоёр жил   дараалан санхүүжилт 50, 50 хувиар орж ирэх ба санхүүжилтийн дагуу хоёр жилийн хугацаанд ажил хуваагдаж хийгдэх юм. Барилгын сорилт, шинжилгээний лабораторийн барилгын хувьд 5/70 гүнзгий нүх ухахад 6 хоног зарцуулсан. Өрхийн эрүүл мэндийн барилгын хувьд аяган суурьтай учраас зөвхөн нэг өдрийн дотор суурийн ажил дуусах боломжтой. Ажиллах хүчний хувьд зарим инженерүүд давхацсан. Нэг байрлалд сэлгэж ажиллах боломжтой. Манай компанийн ажилчдаас 11 инженер нөөцөд байна. Иймд бодит байдал дээр манайх чадавхын шаардлагыг хангаж байна. Санхүүгийн хувьд манайх харилцагч банкнаас лабораторийн барилгыг хийхэд зээл авсан, Өрхийн эрүүл мэндийн барилгад мөн 566,000,000 төгрөгийн зээл нэмж гаргаж өгье гэсэн тодорхойлолтыг банкнаас өгчихсөн. Ажиллах хүчний хувьд зарим инженерүүд 2 ажил дээр давхцаж байгаа. Яагаад давхацсан гэвэл тендерийн бичиг баримтдаа давхцаж болохгүй гэж заагаагүй. Бодит байдалд ажил гүйцэтгэхэд давхцалтай инженерүүд нэг байрлалд сэлгэж ажиллаад явах боломжтой. Түүнээс гадна манайх үндсэндээ 11 үндсэн инженертэй. Тендерийн бичиг баримтад мэдээллийг нь оруулаагүй. Тийм учраас манай компани чадавхын шаардлагыг хангаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Тендер хуулийн дагуу болмогц гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хуулийн дагуу гэрээ байгуулах субъектэд захиалагч болох Худалдан авах ажиллагааны газар олгож байхад, гэрээ байгуулахгүй гэж ямар ч үндэслэлгүйгээр хариу өгсөн. Төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд үүргээ хэрэгжүүлдэггүй, хуулийн хэрэгжилтийг хангадаггүй байдал газар авч байгаа. Сүүлийн үед хичнээн хууль батлаад ер нь ийм байдлаар хэрэгжүүлэхгүй байна. Иймээс бодит байдал, үнэнийг шударга шүүхээр тогтоолгох хэрэгтэй юм байна. Цаашид ч аливаа хууль бус үйлдэлтэй эвлэрэлгүй, төрийн албыг хувийн ашиг сонирхлоор хаацайлах механизм болгож хувиргасан, хууль зөрчдөг, хүнд суртал гаргадаг хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулж байх нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа бидний үүрэг гэж үзээд үнэн мөнийг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
         3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
       Нэгдүгээрт: хүний нөөц, техникийн давхцалтай байгаа учраас хоёр газар нэг хүн ажиллах боломжгүй ажил удаашрах магадлалтай санхүүжилтээ алдах эрсдэлтэй учраас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас татгалзсан гэсэн тайлбар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байна. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгийг хууль бус гэж үзэж байгаа 
үндэслэл нь нэгдүгээрт нэгэнт захиалагчийн зүгээс тухайн тендерийг хянаж, үнэлгээний хороогоо байгуулж, үнэлгээний хорооноос хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерээ шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг олгож байгаа юм. 
         Гэрээ байгуулах эрх олгоно гэдэг нь хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхын асуудлыг бүгдийг хянаж шалгаад боломжтой гэж үзсэн учраас гэрээ байгуулах эрхийг олгосон. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Гэрээ байгуулах үүрэгтэй этгээд нь өөрөө өөрт байхгүй эрхийг хэрэгжүүлээд байгаа нь  хууль бус юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна. 30.3.1-д “энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн;” 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” гэсэн зохицуулалттай өөр бусад заалтаар гэрээ байгуулахыг хориглочихсон хориглолт байхгүй. 
           Хоёрдугаарт: Тендерийн баримт бичигт урьд нь хоёр тендер авах, эсвэл нэг тендер авах ёстой гэсэн ийм заалт байхгүй. Харин 2021, 2022, 2023 ондоо дуусгаагүй ажил байгаа эсэхийг тодруулах тухай заасан. Үүний дагуу нэхэмжлэгч компаниас 95 хувийн гүйцэтгэлтэй ажил байгаа талаараа тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Тийм учраас дараагийн ажилдаа орох боломжтой гэдэг байдлаар л уг тендерт орж байгаа юм. 
         Гуравдугаарт: “... Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст үе шатны ажлын хуваарь давхацсан эсэхийг шалгах эрх хуулиар олгогдоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.13-т “шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх”, 30 дугаар зүйлийн 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Иймд хариуцагчид гэрээ байгуулахаас татгалзах эрх хуулиар байхгүй ба гэрээ байгуулахаас татгалзасан шийдвэрийг нь хууль бус болохыг тогтоож,  “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
           3.4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Дархан-Уул, Дархан сум/ Хуулийн дугаар:XII.1.76, Төслийн код: УТ2402901609 тоот гэрээ байгуулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга” /Дархан-Уул, Дархан сум/, ЭМЯ/20240101030 дугаар бүхий төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд инженер техникийн ажилчид давхцаж байгаа, үе шатны ажлын хуваарь давхцалтай, машин механизм хүрэлцээгүй, мөн давхар Төв аймгийн Бүрэн суманд Дотуур байрны барилга буулгаж шинээр барих ажил гүйцэтгэж байгаа нь Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Дархан-Уул, Дархан сум/, ЭМЯ/20240101030 дугаар бүхий төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж захиалагчийн зүгээс гэрээ байгуулах эрхээс татгалзаж байна.
           Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална”, 13.1.5-д  “хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Эрх шилжүүлсэн этгээд нь тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагналт, үр дүн, гүйцэтгэлд эрх бүхий этгээдийн хувиар хариуцлага хүлээнэ” гэж заасан байна.
           Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай ******* ХХК-ийн гэрээтэй холбогдолтой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 
            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
          1.    Нэхэмжлэгч нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэж татгалзсан шийдвэрийг эс үйлдэхүй болохыг тогтоолгох, “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
      2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын “... эс үйлдэхүй болохыг тогтоолгох гэснийг, хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
         3. Хариуцагч /захиалагч/ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Дархан-Уул аймаг, Дархан сум/, ЭМЯ20240101030 дугаар бүхий төсөл, арга хэмжээний шалгаруулалтад “хамгийн сайн” тендер ирүүлсэн “*******” ХХК-тай гэрээ байгуулах тухай Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 312 тоот зөвлөмжийг хүлээн аваад,  “*******” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан хариуг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 тоот албан бичгээр өгөхдөө “...танайх барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилгын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан, дээрх төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх инженер, техникийн ажилчид, машин механизм, үе шатны ажлын график давхцсан байх тул Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, арга хэмжээнд гэрээ байгуулах боломжгүй” гэжээ. 
        4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Барилга материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга /Дархан-Уул аймаг, Дархан сум/ төсөл арга хэмжээнд шалгарч, захиалагчтай 2024 оны 05 сарын 20-ны өдөр “Барилгын материалын сорилт шинжилгээ, лабораторийн барилга угсралтын ажлын УТ2402901609 дугаартай гэрээ” байгуулсан байна. /хх-66-104 хуудас/
       5. Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Дархан-Уул аймаг, Дархан сум/, ЭМЯ 20240101030 дугаар бүхий төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ.19.1-д заасан  Техникийн чадавх болон туршлагын шаардлага, ажил гүйцэтгэх хүний нөөц, ажил гүйцэтгэхэд ашиглагдах техник хэрэгсэл, ажил гүйцэтгэх үе шатны ажлын хуваарийг баталгаажуулж ирүүлэх шаардлагад “*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний  хорооны  2024 оны 06 дугаар   сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу  “*******” ХХК-д хүргүүлсэн Худалдан авах ажиллагааны газрын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 297 дугаартай албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 312 дугаар албан бичиг нь хүчин төгөлдөр байна. 
           6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 30 дугаар зүйлийн 30.3-т “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна”, 30.3.1-д “энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн”; 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” гэж тодорхойлжээ.
         7. Хариуцагч буюу захиалагч нь “*******” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн хүчин төгөлдөр Үнэлгээний  хорооны  2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 312 дугаар албан бичгийг үндэслэн “*******” ХХК-тай  гэрээ байгуулах байтал, *******” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасантай нийцээгүй хууль бус шийдвэр гаргажээ.
   8. Хариуцагчийн хууль бус татгалзлын улмаас тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ЭМЯ/20240101030 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга /Дархан-Уул, Дархан сум/ ажлын гэрээ байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “*******” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч /захиалагч/ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст даалгах үндэслэлтэй байна гэж үзлээ.
       9. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасанчлан хүн, хуулийн этгээдээс захирааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.
    10. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална”, 13.1.5-д  “хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх” гэх хуулийн заалт нь тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах эсэхэд хамаарахгүй болно. 
        Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
                                                                                                        ТОГТООХ нь:
        1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5-10/981 дугаартай албан бичгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэх татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ЭМЯ/20240101030 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Дархан-Уул, Дархан сум/ ажлын гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст даалгасугай.
      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.


                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ж.ОЮУНЧИМЭГ