Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2016/0436/З |
Дугаар | 576 |
Огноо | 2016-08-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 576
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шошгор овогт Очирын Дэлгэрмаа /РД:ДЭ73051521/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг, газрын 000519669 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, гэрч П.Болдбаатар, Э.Энхцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч З.Нандинцэцэг нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...дүүргийн 21 дүгээр хорооны Ганц худгийн буудалд байрлах өөрийн “Төгс” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг Хиад овогтой Энхтүвшингийн Энхцэрэнд 15 сая төгрөгөөр худалдахаар 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцон хэлцэл байгуулсан бөгөөд Э.Энхцэрэн нь урьдчилгаа 7 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 8 сая төгрөгийг хэсэг хугацааны дараа өгнө, эсхүл гэрчилгээтэй газар өгнө гэснээр би түүнд өөрийн дэлгүүрийг Засаг даргатай байгуулсан “Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ болоод холбогдох бүх баримт бичгийг өгсөн.
Ингээд 2014 оны 08 дугаар сард нэг газар санал болгосны дагуу түүнийг очиж үзэхэд уг газар нь эрхийн маргаантай байхаас гадна хэмжээ, үнэ болоод байрлах хаяг нь хогийн цэгийн ойролцоо гэх бусад нөхцөл байдлын улмаас надад таалагдаагүй тул энэ талаар Э.Энхцэрэнд нэн даруй мэдэгдэж уг газрыг авахгүй гэдгээ хэлсэн боловч “та түр авч бай, би дараа нь зараад танд мөнгийг нь өгнө би оронд нь өөр газар аваад өгнө” гэж хэлэн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖУӨ 4-2196 б тоот гэх байршилтай 371 м.кв талбай бүхий газрын 000519669 дугаартай, миний нэр дээр бүртгэлтэй гэрчилгээг надад авчирч өгсөн.
Үүнээс хойш О.Дэлгэрмаа миний бие Э.Энхцэрэнг тухайн газрыг өөр газраар сольж эсхүл зарж, болохгүй бол үлдэх 8 сая төгрөгөө өгөхийг нь жил гаран хүлээж шаардсаар эцэст нь “би танд тохирсон ёсоор гэрчилгээтэй газар өгсөн одоо боллоо” гэх шударга бус хариулт өгч, утсаа хүртэл авахгүй зугтах болсон тул арга буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь миний бус Э.Энхцэрэнгийн бүрдүүлж өгсөн хуурамч гарын үсэгтэй материал, ЖУӨ-4-2196б тоот гэх байршилтай 371 м.кв талбай бүхий газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь хүлээн авсанг, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь уг хуурамч хүсэлт, дагалдах материалыг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/429 дүгээр захирамжаар 000519669 дүгээр газар эзэмших гэрчилгээ олгосныг тус тус мэдсэн бөгөөд Э.Энхцэрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралд хуурамч материал бүрдүүлэн Өмч, газрын харилцааны албанд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Ингээд уг асуудлын талаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болон 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус өргөдөл, гомдол гаргасан боловч өнөөг хүртэл Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанаас 1/302 дугаартай албан бичгээр “өргөдөлд зурагдсан гарын үсгийг таны газрыг үсэг мөн эсэхийг нягталж шалгах асуудлын хувьд тодорхой эрх бүхий мэргэжлийн шинжээч хийдэг тул дүүргийн Засаг дарга шалгах боломжгүй болно” гэх хариу ирүүлснийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан болно.
Дээрх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжид гомдолтой байхаас гадна Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь Э.Энхцэрэнгийн газар эзэмших хүсэлт болоод бүрдүүлэн өгсөн холбогдох баримтуудыг мөн хүсэлт гаргаж буй этгээдийг өөрийг нь эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг нягталж шалгалгүй хүсэлт гаргаагүй иргэний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан хайхрамжгүй үйлдэл нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтууд, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 3.1.1, 3.2, 3.4.1, 4.2, 4.3, 5.2, 10.2, 16.1 зэрэг заалтуудад тусгасан хуулиар үүрэг болгосон заалтуудыг зөрчиж, хуурамч бичиг баримтад тулгуурлан эзэмших хүсэлт гаргаагүй хүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар гаргаж өгсөн байна.
Дээрх хариуцлагагүй хууль бус үйлдлээс болж хүсэл зоригийн дагуу газар эзэмших, ашиглах эрх ашиг, ноцтойгоор зөрчигдөхөөс гадна хэлцлийн үлдэгдэл төлбөр болох 8 сая төгрөгөөр хохирч байгаа буюу үүнийг иргэний журмаар шаардах эрхгүй болоод байна. Иймд Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан эзэмшил надад үүсээгүй тул түүнийг тогтоон 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ЖУӨ 4-2196б гэх хаягт байршилтай 371 м.кв талбай бүхий газрын 000519669 гэрчилгээг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаас О.Дэлгэрмаа надад хамаарах хэсгийг хасуулж зөрчигдөж буй эрх ашиг болох хүсэл зоригийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалж өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч нь иргэний гэрээний үүргийг захиргааны хууль бус акт болгох гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаар тэрхүү актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тоочихдоо Э.Энхцэрэнгийн газар эзэмших хүсэлт болоод бүрдүүлэн баримт бичиг нь хүсэлт гаргаж буй этгээд өөрийг нь эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг шалгалгүй хүсэлт гаргаагүй иргэний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэн Очирын Дэлгэрмаа нь “...дүүргийн 21 дүгээр хорооны ЖУӨ 4-2196А тоот ам бүл зургуулаа амьдардаг, өөрийн амьдарч буй хашаагаа эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэсэн утгатай 21 дүгээр хорооны засаг даргын цохолттой өргөдлийг гаргасан байна.
Иргэний гаргасан хүсэлтийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар иргэн Очирын Дэлгэрмаад 21 дүгээр хороо ЖУӨ 4-2196А хаягт иргэний ахуйн зориулалтаар 371.м кв газрыг 5 жилийн хугацаатай олгосны дагуу 000519669 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан байна.
Газар эзэмших өргөдлийг оршин суугаа хорооны Засаг даргаар цохуулан, өргөдлийг гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул дүүргийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн байна. Энэхүү актын хувьд иргэнд эерэг үйлчлэлтэй акт бөгөөд иргэний хэрэгт хамаарах үүргийг хангуулах байтал захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8515 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой гэрчүүдийн мэдүүлгээр өөрөө газар эзэмших хүсэл сонирхолтой байсан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гэрч П.Болдбаатар нь шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ:
“...Тухайн газар дээр очиж үзэж байгаагүй. Газрын албанд өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй...” гэв.
Гэрч Э.Энхцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ:
“...Анх тэр газрыг О.Дэлгэрмаа нь нөхөр, эгчтэйгээ хамт очиж үзсэн. Дараа нь миний найз н.Алтангэрэлийн хамт О.Дэлгэрмаагийн нөхөр П.Болдбаатар нь газрын албанд очиж хүсэлтээ өгч байсан. Анх гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулсан байсан. Хэсэг хугацааны дараа О.Дэлгэрмаа нь надтай утсаар холбогдоод эгч нь нөхөр П.Болбаатараас салж байгаа нөхрийнхөө нэр дээрх газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авна гээд О.Дэлгэрмаа нь өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн нөхөр П.Болдбаатар нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А/213 дугаар захирамжаар иргэн П.Болдбаатарт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЖУӨ 4-2196б тоот хаягтай, нэгж талбарын 18645314466527 дугаартай 381 м.кв газрыг иргэний ахуйн зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 000508904 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг П.Болдбаатар Баянзүрх дүүргийн газрын албанд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/347 дугаар захирамжаар иргэн П.Болдбаатарт олгосон газар эзэмших гэрээ, 000508904 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч О.Дэлгэрмаа 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ЖУӨ 4-2196б тоот, нэгж талбарын 18645314466527 дугаартай 371 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000519669 дугаартай гэрчилгээг олгожээ.
Улмаар О.Дэлгэрмаа тухайн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/302 дугаар албан бичгээр “....Газар эзэмших өргөдөлд зурагдсан гарын үсгийг таны гарыг үсэг мөн эсэхийг нягталж шалгах асуудлын хувьд тодорхой эрх бүхий мэргэжлийн шинжээч хийдэг тул дүүргийн Засаг дарга шалгах боломжгүй болно. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн өргөдлийн дагуу иргэнд газар эзэмшүүлсэн байх тул өргөдөлд дурдсан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжтой. Иргэн Н.Энхцэрэнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдох шаардлагыг Иргэний хэргийн шүүхэд хандаж гаргана” хэмээн хариу өгчээ.
Хэдийгээр иргэн П.Болдбаатарын газар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ЖУӨ 4-2196а, О.Дэлгэрмаагийн эзэмшиж байгаа газар ЖУӨ 4-2196б дугаартай гэх боловч тухайн газрууд нэг газар болох нь нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000519669, 000508904 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч О.Дэлгэрмаа нь “...“Төгс” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг Э.Энхцэрэнд 15 сая төгрөгөөр худалдахаар 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцон хэлцэл байгуулсан бөгөөд Э.Энхцэрэн нь урьдчилгаа 7 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 8 сая төгрөгөнд бичиг баримттай хашаа тооцуулан өгнө гэсэн боловч энэхүү газар хашаа нь 8 сая төгрөгийн үнэд хүрэхгүй, хохиролтой байгаа тул газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох, гэрчилгээ засвартай тул хууль бус” хэмээн маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь энэхүү хэлцэл хийгдсэнээс хойш 2014 оны 5 дугаар сард нөхөр П.Болдбаатар, 2014 оны 9 сард О.Дэлгэрмаа нарт газар эзэмшүүлэх захирамжууд гарч тухайн газраа бодит байдал дээр эзэмшиж байсан болох нь шүүхээс уг газар дээр хийсэн үзлэгээр хашаа, гэр барьсан байдалтай, “...хашааны хаалгыг би хийлгүүлсэн, хашаандаа хүн буулгаад жил гаруй болж байгаа” гэх О.Дэлгэрмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хэдий газар эзэмших хүсэлтдээ гарын үсэг зураагүй гэх боловч газар эзэмших эрхтэй, газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээг 2014 оноос хойш хүлээн зөвшөөрч байсан бөгөөд газар, хашаа нь 8 сая төгрөгөөр үнэлэгдэхгүй байгаа шалтгаанаар хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтныг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Хэрэв энэхүү хашааны үнэлгээ нэхэмжлэгчийн шаардлагад нийцсэн бол хариуцагчийг буруутгахгүйгээр газар эзэмших эрхээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч шүүхэд маргахгүй байсан нөхцөл байдал үүсч байна.
Хариуцагч дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь газрыг О.Дэлгэрмаад эзэмшүүлжээ.
Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 85/5 дугаар шийдвэрт “...О.Дэлгэрмаад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран Уулын Өвөр 4 дүгээр гудамж, 2196ө тоотод байршилтай, нэгж талбарын 18645314466527 дугаартай, 381 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон нь захирамж, газрын албаар хянагдсан О.Дэлгэрмаагийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба талууд мөн энэ талаар маргаагүй” хэмээн дүгнэсэн зэргээс үзвэл иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр тохиролцсон газар таалагдахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Дэлгэрмаа газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул О.Дэлгэрмаагийн гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын А/429 дүгээр захирамж, түүний хавсралтын өөрт холбогдох хэсгийг, 000519669 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Харин тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ засвартай, зөвтгөх талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг, газрын 000519669 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА