| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01021/И |
| Дугаар | 155/ШШ2024/01090 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/01090
| 2024 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/01090 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Ш А-ын Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Д-ийн Б-д холбогдох,
*** маркийн 0000 улсын дугаартай автомашиныг барьцаалсан зээлийн төлбөр 4,130,000 (дөрвөн сая нэг зуун гучин мянга) төгрөгийг ББСБ ХХК-д төлж, автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий 155/2024/01021/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д-, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 9,500,000 (есөн сая таван зуу) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд зохигч дараах байдлаар эвлэрсэн талаараа тодруулав.
Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Д- нь Д.Б-гөөс 2023 оны 10 дугаар сард *** маркийн 0000 улсын дугаартай машиныг 9,500,000 (есөн сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, түүний хаан банкны данс руу 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлж, үлдэх 1,000,000 (нэг сая) төгрөгийг бэлнээр өгөөд машинаа авсан.
Машинаа аваад удалгүй манайх Дархан-Уул аймаг руу шилжин суурьших болж, машины бичиг баримтаа шилжүүлж амжилгүй, Дархан-Уул аймаг руу явсан юм.
Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас холбогдож, миний худалдаж авсан машиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа талаар хэлж, машины зээлийн төлбөрөө төл гэж хэлсэн.
Би тэр даруй Д.Б-тэй холбогдож учрыг асуухад дүү нь харин барьцаанд тавьчихсан байсан юм. Удахгүй тэр зээлээ төлчихнө. Та санаа зоволтгүй... гэж хэлсэн.
Гэтэл одоог хүртэл машины зээлээ дарж, машины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй байна. Машины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүйгээс болж машинаа оношлогоонд оруулж болохгүй, оношлогоонд оруулаагүй учраас машинаа унаж, зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна.
Анх машин зарахдаа Д.Б- нь машиныг барьцаанд тавьсан талаар юу ч хэлээгүй.
Одоо миний бие машиныг буцаан өгч, машины үнэнд өгсөн 9,500,000 төгрөгөө буцаан авах хүсэлттэй байна.
Иймд Д.Б-гөөс 9,500,000 тегрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2022 онд Д.Б-гөөс тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба тухайн үед надад хэлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа талаар хэлээгүй. Харин Д.Б- нь хүүхэд эмчилгээнд явах гэж байгаа мөнгөний хэрэг яаралтай хэрэг болоод байна гээд мөнгөө шилжүүлж авсан. Дараа нь тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг нээгээд үзтэл банк бус санхүүгийн байгууллагын тэмдэглэгээтэй, тухайн байгууллагын барьцаанд байгааг мэдсэн. Тэгээд Д.Б-гөөс энэ талаар асууж лавлагахад эгчээ би 2 сарын дараа таны тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж өгье гэж хэлсэн боловч хэлсэндээ хүрээгүй, цагаан сарын дараа болъё гэж хэлээд мөн л хэлсэндээ хүрээгүй. Сүүлдээ ч утас нь холбогдохоо больсон. Ажлын байран дээр нь очиж уулзах гэхээр ажил дээрээ байдаггүй. Иймэрхүү байдалтай худал хэлж хугацаа хожиж явсаар байгаад 2 жилийн хугацаа өнгөрч өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс би тэсэхээ байгаад шүүхэд хандана гэдгээ ч хэлсэн. Тухайн үед надаас шилжүүлж авсан мөнгөөрөө Sonata 7 маркийн жижиг тээврийн хэрэгсэл худалдаж авсан байсан.
Анх би шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Д.Б-гөөс 9,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч одоо уг шаардлагаа өөрчилж, тодруулан Д.Б- нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа *** маркийн 0000 авто машины зээлийн төлбөрт төлөх ёстой үлдэгдэл 4.130.000 төгрөгийг төлж барагдуулан банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас чөлөөлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих юм бол надад өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй гэв.
Хариуцагч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 10 дугаар сард А.Д- гэх хүнд *** маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдаж борлуулахдаа тухайн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн барьцаанд байгаа, уг байгууллагаас сүүлд чөлөөлж өгье, мөн миний хүүхэд өвчтэй, эмчилгээ шаардлагатай байгаа талаар хэлээд худалдаж байсан нь үнэн. Одоо банк бус санхүүгийн байгууллагаас тухайн тээврийн хэрэгслийг чөлөөлөхөд бэлэн болчихсон учир нэхэмжлэгчийн дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
|
|
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн системээр дамжуулан авсан Ш А-ын Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, харьцсан данс 5913138186, 17 цаг 37 минутанд 8,500,000 төгрөгийн интернэт банкны зарлагийн гүйлгээ хийсэн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 1-22, 39-52 дугаар тал)
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 9,500,000 (есөн сая таван зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Д- нь машины үнэ болох 9,500,000 (есөн сая таван зуу) төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, өөрийн худалдаж авсан *** маркийн 0000 автомашиныг барьцаалсан зээлийн төлбөр 4,130,000 (дөрвөн сая нэг зуун гучин мянга) төгрөгийг ББСБ ХХК-д төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Б-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч А.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гөөс 4,130,000 (дөрвөн сая нэг зуун гучин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 81,030 (наян нэгэн мянга гуч) төгрөг, дээр эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд тохирох буюу автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг, нийт 151,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгохоор тогтов.
Хариуцагч Д.Б- нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох 9,500,000 (есөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Д- нь нэхэмжлэлийн шаардлагаа *** маркийн 0000 улсын дугаартай автомашиныг барьцаалсан зээлийн төлбөр 4,130,000 (дөрвөн сая нэг зуун гучин мянга) төгрөгийг ББСБ ХХК-д төлж, автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар өөрчилж тодруулсныг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гөөс 151,230 (нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун гуч) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН -