Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00014

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б, Л.Б нарт холбогдох,

1.332.000 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01199/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Н.Б, Л.Б нартай 2014 оны 10 сарын 30-ны өдөр хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ хийж 12.000.000 төгрөгөөр худалдсан, түүнээс 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 7.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 05-нд шилжүүлж өгсөн болно. Тэгтэл хугацаанаасаа сар сараар хэтрүүлж 6.350.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 650.000 төгрөгийг Батсүрэнгээс авъя гэхээр өгөх боломжгүй гэх болсон. Иймд гэрээнд заасны дагуу хоногийн 0.5%-ийн алданги 3.250 төгрөгийг 7 сар 210 хоногоор тооцож, нийт 1.332.000 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг Б-ээс гаргуулж өгнө үү....бид харилцан ярилцаад 800.000 төгрөг өгч, авахаар тохиролцсон болно гэжээ.

Хариуцагч Н.Б, Л.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид хоёр Ц- аас 2014 оны 10 дугаар сарын 30-нд 12.000.000 төгрөгөөр хашаа, байшин худалдан авсан. Одоо үлдэгдэл 650.000 төгрөг үлдсэн. Иймд хүү, алданги тооцоод 800.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Н.Б, Л.Б нарт холбогдох, 1.332.000 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б, Л.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.332.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгч С.Ц зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 532.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Иймд зохигч 800.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1.332.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.270 /гучин зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийн тал хувь болох 18.139 /арван найман мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Б, Л.Б нараас 800.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийн тал хувь 11.875 /арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлтэйхариуцагч Н.Б, Л.Б нарт холбогдох, 1.332.000 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-ын Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.270 /гучин зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийн тал хувь болох 18.139 /арван найман мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Б, Л.Б нараас 800.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 23.750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь 11.875 /арван нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ