Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 118/ШШ2024/0051

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  П.*******                    

Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Л.******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар захирамжийг үндэслэн Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байршилтай ******* нэртэй өвөлжөөний газрыг Л.*******ид 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон байна.

2.1 Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын       27-ны өдрийн А/132 дугаар захирамжаар “*******” өвөлжөөний 7500 м.кв газрыг нэхэмжлэгч П.*******эд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ............дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

3. Нэхэмжлэгч тал “*******” гэх газар манай аав 1998 оноос хойш  өвөлждөг, би гэр бүл болсноосоо хойш буюу 2000 оноос хойш 2023 оныг хүртэл өвөлжиж, өвөлжөөний татварыг төлсөөр ирсэн... гэдэг хүний газартай манай өвөлжөөний газар хэдэн метрээр давхардаж байгаа нь тодорхойгүй байхад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй”, хариуцагч тал “...Засаг даргын хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул маргаан бүхий захирамж хуульд нийцсэн...” гэж, гуравдагч этгээд “...нэхэмжлэгч П.*******эд газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон...” гэж тус тус маргасан.

 4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний аав Идэр сумын Дархан-Уул багийн "*******" гэх газар 1998 оноос хойш өвөлждөг байсан. П.******* би гэр бүл болж 2000 оноос хойш 2023 оныг хүртэл өвөлжиж, өвөлжөөний татварыг төлсөөр ирсэн. Би өвөлжөөний гэрчилгээг авахыг удаа дараа хүссэн боловч тусгай хамгаалалттай газар учир гэрчилгээг гаргах боломжгүй гэдэг хариуг өгсөөр байсан. Ингээд 2017 онд Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 дугаартай захирамжаар 7500м2 хэмжээтэй Идэр сумын Дархан-Уул багийн "*******" гэх газрыг хөдөө аж ахуйн барилга байгууламж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар П.******* надад эзэмшүүлэх захирамж гарж дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Гэтэл Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн А/24 дугаартай захирамжаар Сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамжаар иргэн ******* овогтой ийн *******эд Дархан-Уул багийн Халуун усны ******* өвөлжөөг эзэмшүүлсэн нь нэг газрыг давхардуулан олгосон байна. Тухайн газрыг 2002 оны 03 сарын 11-ны өдрийн 10 тоот захирамжаар иргэн ......... *******ид Халуун усны ******* өвөлжөөг эзэмшүүлэх тухай захирамж гарч өнөөг хүртэл эзэмшиж байгаа нь холбогдох баримт бичгээр нотлогдож байна. Энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамж ........... овогтой ............... *******эд эзэмшүүлсэн Дархан-Уул багийн *******н өвөлжөөг эзэмших эрхийг нь цуцалж хүчингүй болгосугай гэх захирамж гарсан байна. ... гэдэг хүний газартай манай өвөлжөөний газар хэдэн метр, хэдэн сантиметрээр давхардаж байгаа нь тодорхойгүй байхад ийм захирамж гаргасанд гомдолтой байна. Тэр хүн нь энд амьдардаггүй оршин суугч биш, бид насаараа нутаг усаа харж амьдарч байгаа хүмүүс юм. Би тухайн захирамжийг Идэр сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 02 сарын 05-нд хүлээн авч Завхан аймгийн Засаг дарга Г.*******т 2024 оны 02 сарын 06-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн А/24 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан боловч 3 удаа хянагдаж байна гэх хариуг утсаар өгч 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 3/314 дүгээр албан тоотоор Идэр сумын Дархан-Уул багийн ******* гэх газар нь 2002 оны 03 сарын 11-ны өдрийн 10 дугаар захирамжаар Л.******* гэх хүнд эзэмшүүлсэн байна. Л.*******ийн нэр дээрх өвөлжөөний газар нь одоо шүүхийн маргаантай байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна." гэх хариуг өгсөн тул Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд кадастрын зураг байхгүй, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг. Газрын даамлын гаргасан тайлбараар гуравдагч этгээд 22 жилийн турш газрын төлбөрөө төлөөгүй, гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн хувьд 2017 оноос хойш газрын төлбөр төлөөгүй мөн гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг. 2017 онд гарсан П.*******эд газар олгох захирамжийг хүчингүй болгохдоо гол үндэслэсэн зүйл нь 2002 оны захирамжаар Л.*******ид олгосон газартай давхцуулж, газар олгосон байна гэж үзсэн. Газрын давхцалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т заасан захиргааны актын үндсэн шинжийг хангасан байх ёстой. Бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заана гэж хуульчилсан. Захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь тодорхой бус байдаг. Газрын тухай хуульд заасан үндсэн бүрэн эрхээ баримтлаагүй байдаг. Бодит нөхцөл байдал дээр мөн тодорхойгүй байдаг. Бодит байдал дээр газар давхацсан эсэхийг шалгаагүй байдаг. Бодит нөхцөл байдлыг зайлшгүй шалгах ёстой. Захиргааны байгууллага захиргааны акт гаргаж байгаагийнхаа хувьд тухайн газар дээр очоод бодит нөхцөл байдлыг тодорхойлох ёстой байсан. Нэг нэршилтэй 10 гаруй өвөлжөө байдаг. Газрын тухай хуульд газрыг нэршлээр нь өгнө гэсэн зохицуулалт байхгүй. “*******” гэх өвөлжөө хэдэн га ч талбайтай байж болно.  Гуравдагч этгээд сайнаар ярих юм бол эдний өвөлжөө манай өвөлжөөтэй давхцаагүй гэж хэлэх боломжтой. Эсрэгээрээ манай өвөлжөөтэй давхацсан гэж маргаан үүсгэх боломжтой. Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 2000 оны захирамжаар хашаа, байр барих зориулалттай байна. Байраа тухайн хүн барилаа гэж бодоход тэр барьсан байр нь тусгай хамгаалалттай бүсэд орсон тохиолдолд яах вэ?. Өөр бусдын эзэмшилд орсон, өөрийнх нь эзэмшилд ороогүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх тухай асуудал үүснэ. Гуравдагч этгээд газар эзэмших эрхийн 3 гэрчилгээ байдаг. Аль нь “*******” гэх өвөлжөөнийх гэдэг нь мэдэгддэггүй. Хэдэн метр квадрат талбайтай нь мэдэгддэггүй. Шүүх дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Газрын тухай хуульд зааснаар бүх зүйл нь тодорхой байх ёстой. Газрын хойд, урд, баруун, зүүн хязгаар нь тодорхой байх ёстой. Газрын байрлал, координатыг хэрхэн давхцаж буйг захиргааны акт гаргахаас өмнө тогтоох ёстой байсан. Бодит нөхцөл байдлыг тодорхойлох ёстой байсан. Иргэн Л.*******оос гомдол ирсэн байж болно. Хэдэн ч хүнээс гомдол ирэх боломжтой. Гомдол ирэнгүүт ямар нэгэн баримт цуглуулахгүйгээр, өмнөх захирамжийг үндэслэн захиргааны акт гаргаж байгаа үйлдэл нь захиргааны актын шинжийг хангахгүйгээр захиргааны акт гаргаж байна гэж хэлж болно. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.4-т бүр тодорхой зааж өгсөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл гомдлыг үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах гэж хуульчилсан. Гаргасан өргөдөл гомдол нь хаана байгаа юм бэ?. Өргөдөл гомдол байхгүй гэж би үзэж байна. Идэр сумын газрын даамал болон хариуцагч Идэр сумын Засаг даргаас өргөдөл гомдлыг шаардахад гомдлыг ирүүлээгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7, 15 дугаар зүйлийн үндэслэн захирамжаа гаргасан байсан. Энэ хуульд зааснаар өргөдөл гаргагч нь сумын Засаг даргад бичгээр өргөдөл гаргах ёстой. Өөрийнхөө оршин суугаа хаяг, холбоо барих утас, үндэслэл зэргийг өргөдөлдөө тусгах ёстой. Хуулийн дагуу бичгээр гаргасан өргөдөл, гомдол байхгүй байна. Өргөдөл, гомдлоо амаар гаргасан байх гэж бодож байна. Үнэнийг тодруулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулаад өргөдөл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Өргөдөл ирсний дараа захиргаа шийдвэр гаргах ёстой. Үүнийг захиргаа өөрийн санаачилгаараа хийсэн байх боломжтой. Захиргааны шийдвэр гарахаас өмнө ажиллагаа хийгдэх ёстой. Засаг дарга өөрөө оролцох боломжгүй бол газрын даамлаа оролцуулаад ажлын хэсэг байгуулаад газрын давхцалыг тогтоох ёстой байсан. Захиргааны актын хууль зүйн үндэслэл байхгүй гэж бодоход үндсэн маргааны гол агуулга газрын давхцал үүссэн эсэх талаар тогтоох ёстой байсан. 2002, 2017 оны захирамж гарах үед “*******” гэх өвөлжөө улсын тусгай хамгаалалттай бүсэд орсон байсан. Өмнө газар олгож байсан захирамжийг хүчинтэй гэж үзээд 2017 оны газар олгосон захирамжийг хүчингүй гэж үзэх боломжгүй юм. 2002, 2017 оны захирамжууд адилхан хууль зөрчсөн захирамжууд байна. 2017 оны газар олгосон захирамжийг хүчингүй болгож буй үндэслэл нь газрын давхцалын асуудал байна. Газрын давхцалыг захирамж гаргахаасаа өмнө тогтоох ёстой байсан. Давхцалыг захиргааны байгууллага тодорхойлоогүй, кадастрын зураг байхгүй учир шүүх давхцалыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. П.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших хүсэлтээ өгөөгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол маргах зүйлгүй байсан. Эдгээр нөхцөл байдлыг алгасаад газар давхацсан гэж үзэн газар олгох захирамжийг хүчингүй болгож буй нь маргаан үүсгэж байна. Газрын давхцал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус сумын Дархан-Уул багийн иргэн П.*******ийн нэхэмжлэлд холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажлын хэсэг 2024 оны 06 дугаар 11-ний өдрийн А/67 дугаар захирамжаар байгуулагдан нотлох баримтыг бүрдүүлэн ажиллаж байна гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын  17-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Захирамж дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давхцалын талаар тодорхой ярьж байна.  2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Идэр сумын Засаг даргын захирамжаар иргэн Л.*******ид Дархан-Уул багийн газар нутгийн ... “*******” зэрэг газрыг тодорхой заасан. “*******” гэх газрыг өнөөдрийг хүртэл эзэмшээд явж байгаа. Иргэн П.*******эд газар олгох тухай захирамж гаргахдаа тухайн үеийн сумын Засаг дарга н.******* нь судалгаагүйгээр, баримтыг үзэхгүйгээр өмнөх буюу 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжийг хүчингүй болгохгүйгээр давхардуулан алдаа бүхий захиргааны акт гаргасан. Энэ актыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дугаар захирамжаар алдааг нь зассан буюу газар давхардуулан олгосон байна. өмнөх захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Иргэн Л.******* нь уг газрыг эзэмшиж байгаа учраас П.*******ийн газар олгосон захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн 38.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байвал хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан. Үүний дагуу 2023 онд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн П.*******эд газар олгох захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.*******  нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь Идэр сумын Дархан-Уул багийн *******н өвөлжөөний газрын эзэмшлийн асуудлаар Завхан аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/314 дүгээр албан бичгээр хариу авч 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжаар “Идэр сумын Засаг даргын 2017 оны А/132 дугаар захирамжаар П.*******эд Халуун усны *******н өвөлжөөг эзэмшүүлсэн нь нэг газрыг давхардуулан олгосон байна. Тухайн газрыг Л.*******ид Идэр сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нь тогтоогдож байна” гэх үйл баримтыг дурдаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь ...заалтуудыг үндэслэж нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон А/132 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, …, хүчингүй болгоно” гэж зааснаар маргаан бүхий 2023 оны А/24 дүгээр захирамжаар 2017 оны А/132 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх ба Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т Захиргааны актын алдааг засахтай холбоотой зохицуулалт байх ба энэхүү заалтыг маргаан бүхий үйл баримтад үндэслэсэн нь буруу байна.

6. Нэхэмжлэгч нь Идэр сумын Дархан-Уул багийн нутагт орших *******н өвөлжөөнд 2000-2023 он хүртэл өвөлжиж Идэр сумын Дархан-Уул багийн иргэд Нийтийн Хурлаар хэлэлцүүлж сумын Засаг даргын  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 дугаар захирамжаар *******н өвөлжөөний 7500 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн боловч Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжаар “тухайн газрыг иргэн Л.*******ид 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байна” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна.

7. Маргаан бүхий *******н өвөлжөөний газрыг анх Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10 дугаар захирамжаар 5500 м2 газрыг энэ хэргийн гуравдагч этгээд Л.*******ид ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн ба нэхэмжлэгч П.*******эд Идэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 дугаар захирамжаар *******н өвөлжөөний 7500 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн байна.

8. Нэхэмжлэгч нь маргаан бүхий *******н өвөлжөөний газрыг 2017 онд Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн Засаг даргын захирамжаар эзэмшсэн гэж тайлбарлаж байх ба П.*******эд *******н өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн Идэр сумын Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэсэн байна.

9. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.4.3-т “…газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд …эзэмшүүлэх, асуудлыг шийдвэрлэх”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг …давуу эрхээр эзэмшүүлж болно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “ …энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэнд …газар эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ ...” гэжээ.

10. Тус шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 2017 онд Идэр сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурал 3 удаа, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд хуралдсан ба эдгээр хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэдэд болон нэхэмжлэгч П.*******эд *******н өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудал тусгагдаагүй, хэлэлцэгдээгүй байна.

11. Тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр Идэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны ирсэн бичгийн бүртгэлд нэхэмжлэгч П.******* нь *******н өвөлжөөний газрыг эзэмшихээр өргөдөл, хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байх ба Идэр сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Идэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан ба уг төлөвлөгөөнд Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх газрын төлөвлөлт тусгагдаагүй байна.

12. Мөн Идэр сумын газрын даамлын газрын хувийн хэрэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч П.*******, гуравдагч этгээд Л.******* нараас *******н өвөлжөөний газрын төлбөр огт төлж байгаагүй, мөн *******н өвөлжөөнд газрын кадастрын зураг хийгдээгүй тул эдгээр иргэдийн газрын давхцалыг тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх ба тус шүүхээс нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас дээрх газрын төлбөр төлсөн баримт болон газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зургийг шаардсан боловч ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

13. Түүнчлэн Идэр сумын Дархан-уул багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газар зүйн нэршилтэй газар ганц байдаг болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэхүү газар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшдэг Халуун усны голын *******н өвөлжөө гэдэгтэй хэргийн оролцогч нар маргахгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй *******н өвөлжөөний газар давхцалтай гэж үзэх үндэслэлтэй байх боловч аль аль нь газрын кадастрын зураггүй тул газрын давхцалыг нарийвчлан тодорхойлох боломжгүй байна.

14. Тус шүүхээс *******н өвөлжөөний газрын бодит байдлыг тогтоох үзлэгийн ажиллагаа явуулахаар Идэр сумын төвөөс *******н өвөлжөөний зүгт 37 км явсан боловч Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Халуун усны голын гарам гараад машин замгүй, авто тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон ба цааш 2 км гаран яваад *******н өвөлжөөнд хүрдэг гэх зайд машин явахгүй зөвхөн ердийн хөсгөөр явах боломжтой байсан тул шүүхийн үзлэг хийгдэх боломжгүй болсныг дурдах нь зүйтэй байна.

15. Маргаан бүхий *******н өвөлжөөний газар нь Монгол Улсын Их хурлын 2000 оны 29 дүгээр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд оршдог болох нь гэрчийн мэдүүлэг, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан бичгээр тогтоогдож байх ба байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд зөвхөн хуульд заасан зориулалтаар газар ашиглах эрхийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн алинд ч газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

16. Иймд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Идэр сумын Засаг даргын 2023 оны А/24 дүгээр захирамжаар бусдын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон тус сумын Засаг даргын 2017 оны А/132 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй тул түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нөхөн сэргээх боломжгүй ба шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэх зохицуулалтын дагуу зөвхөн маргаан бүхий Идэр сумын Засаг даргын 2017 оны А/132, 2023 оны А24 дүгээр захирамжийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий П.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР