Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 30

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч: Ж.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, Тайчууд овогт Лувсангэндэнгийн Н нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008210222 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Э, 1972 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..., урьд 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тайчууд овогт Лувсангэндэнгийн Н, 1969 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Эрүүл ахуйн эмч мэргэжилтэй, “МВС групп” ХХК-д эрүүл ахуйч эмч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ... бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э, Л.Ннар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МВС групп” ХХК-ний байранд иргэн Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “МВС” групп ХХК-д хоол идэх гээд очсон байсан. Эхнэр Нын өрөөнд зогсож байхад гаднаас үл таних эрэгтэй буюу хохирогч орж ирээд түлхүүр гэж хэлсэн. Манай эхнэр байцаагч гараад явчихсан байна гээд ширээн дотор түлхүүр үзэхэд хохирогч эхнэрийг минь хэл амаар доромжлохоор нь би “байцаагч нь байхгүй, удахгүй ороод ирнэ гэж хэлж байна шүү дээ” гэхэд хохирогч “чамд ямар хамаатай юм” гээд гартаа барьсан цаасаа сандал дээр тавиад миний зүүн гар талын шанаа руу цохисон. Би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “битгий солиороод бай” гээд миний цээж рүү цохисон. Би цамцны цахнаас нь барьж аваад боох гэхэд эрүүгээ доошлуулсан тэр хооронд шүд нь унасан. Энэ бол миний буруу. Тэгсэн хохирогч миний шүдийг унагаачихлаа гэж хэлсэн. Тэгсэн эхнэр Н “яанаа таны шүд хиймэл юм уу ямар шүд юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хохирогч намайг барихад эхнэр болиулах гэсэн. Гаднаас нөгөө байцаагч нь орж ирээд юу болоод байна гэж хэлсэн. Тухайн хэрэгт эхнэр Н оролцоогүй, миний буруу, би буруугаа хүлээж байна” гэв.       

Шүүгдэгч Л.Ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хохирогч өрөөнд тоолуурын заалт харна гэж орж ирсэн. Би түлхүүр байхгүй, нөгөө байцаагчид байгаа, юу ч гэсэн ширээний нүдэнд үзээдхье гээд хайгаад байж байхад хохирогч хэл амаар доромжлоод загнаад байсан. Тэгсэн манай нөхөр “наад хүнд чинь түлхүүр байхгүй гэж байна шүү дээ, эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм” гэж хэлсэн. Тэгээд хохирогч, манай нөхөр Эхоёр барьцалдаад авсан. Хохирогч танай нөхөр миний шүд рүү цохьчихлоо гээд шүдээ гартаа барьсан байсан. Би яанаа хиймэл шүд байсан юм уу гэж асуусан. Тэгсэн дахин хохирогч, манай нөхөр хоёр барьцалдсан. Би ямар нэг байдлаар хохирогчийн биед нь хүрээгүй” гэв. 

Хохирогч Ж.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би сүүлийн хоёр жил Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний газарт ажиллаж байна. Би хүнтэй яаж харьцахаа мэднэ. Би ямар нэг байдлаар хараал хэлээгүй, эрүүл ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өрөөнд ороход Эсогтуу байсан. Би яарч байна гээд маягтаа барьсан, Би Ныг та нар өөрсдөө утсаар ярьчих гэж хэлсэн. Тэгсэн Э“чамд хэлээ биз дээ, чи муу өөрөө наад юмаа олооч дээ, муу цахилгаанчин гэх мэтээр” их зүйл хэлсэн. Тэгэхээр нь би та согтуу байна, би ажлаа хийж байна” гэж хэлсэн. Би Н, Энарыг эхнэр, нөхөр гэдгийг нь мэдээгүй. Согтуу хүнээ гаргаач гэж хэлэхэд намайг муу, муухайгаар хэлсэн. Энамайг шууд бариад авсан. Н салгаагүй. Эгарыг нь доош болгох гээд дийлээгүй. Эминий хоолойг боосон. Н хажууд хүрч ирээд гарцгаа гэж хэлж байсан. Н миний баруун гарыг доош нь дарсан тэр хооронд Энамайг мөргөсөн. Намайг цохиж, зодсон зүйл болоогүй. Шүд газар унасан авах гээд тонгойход Н нэг муу хиймэл шүд л байна шүү дээ гэж хэлж доромжилсон. Тэгээд би өрөөнөөс гарсан. Эрдэнэ-Очирт хандаж “чи наанаа байж бай цагдаа дуудсан” гэж хэлэхэд газраас чулуу аваад над руу дайрсан ба би зугатаасан. 3-4 удаа чулуу барьж над руу дайрсан. Цагдаа нар 20-30 минутын дараа ирсэн. Би шүдээ хийлгүүлмээр байна. Шүд хийлгүүлэхэд 3.500.000 төгрөг болох учир тухайн мөнгийг нэхэмжилж байна. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй” гэв.

Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...хэл амаар доромжлоод над руу дайрч шууд хүзүүг маань боосон. Тухайн үед Норолхоо гэх эмэгтэйд хандан энэ согтуу залуугаа холдуулаач гэж хэлэхэд биднийг салгахын оронд миний гарыг дараад байсан ба тэр үед нөгөө залуу нь миний нүүр рүү мөргөснөөс үүдэн шүд хугараад унасан...Н миний баруун гараас тавихгүй доош татаж байтал нөхөр нь миний нүүр рүү мөргөөд урд дээд талын шүдийг хугалчихсан. Хэрэв миний гарыг бариагүй байсан бол би нөхөрт нь арай ч мөргүүлчихгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 41-42/,

Шинжээчийн 11315 тоот дүгнэлтэд: “...Ж.Бын биед 1 шүдний булгарал, уруул, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 54-57, 80-81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Л.Норхложав нь хохирогч Ж.Быг өөрийн нөхөр Б.Этой бүлэглэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдохгүй байна.

Хохирогч нь “Л.Ннь нөхөр Б.Энадаас салгаагүй, харин миний баруун гараас доош нь татсан, намайг цохисон асуудал байхгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Энь “хохирогчийн хоолойг багалзуурдаж, түүний шүдийг нь цохиж унагаасан байх ба уг үйлдэлд хохирогч Л.Ннь оролцоогүй” талаар, мөн шүүгдэгч Л.Ннь “би хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Л.Нтухайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль үндэслэл тогтоогдохгүй түүний нөхөр болон хохирогч нарыг барьцалдсан байхад нь гарнаас нь татсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Норхложавд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Энь хохирогч Ж.Бын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Бын: “...Тухайн үед Норолхоо гэх эмэгтэйд хандан энэ согтуу залуугаа холдуулаач гэж хэлэхэд биднийг салгахын оронд миний гарыг дараад байсан ба тэр үед нөгөө залуу нь миний нүүр рүү мөргөснөөс үүдэн шүд хугараад унасан...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 11315 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Энь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Эболон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Б нь тухайн гэмт хэргийн улмаас шүд унасан, шүд хийлгэхэд шаардлагатай зардал 3.500.000 төгрөг болох талаарх Мон-Данкуук ХХК-ний баримтыг гаргаж өгчээ.

Хохирогч нь хиймэл шүд хийлгэх эмчилгээг хийлгээгүй байх бөгөөд уг хор уршиг бодитой учраагүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хиймэл шүд хийлгэх эмчилгээг бодитой хийлгэсний дараа тухайн төлбөр нэмэгдэх, хасагдах аль нь болох нь тодорхойгүй байх тул шүүх уг баримтыг үндэслэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
  2. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч Б.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э300 цаг нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.
  5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч Ж.Б нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шүүгдэгч Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Л.Ннарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР