Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.С-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01079/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Барилга угсралтын конторын 4 дүгээр бригадад 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдөр орж, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Д.С намайг Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормын ажилчин, Х аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С бид хоёр хамт ажиллаж байсан болохоор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.С нь Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд тус байгууллагын нэр 1988 онд Барилга угсралтын трест болон өөрчлөгдсөн ба 1991 оныг дуустал хугацаанд нормчин, шаварчин зэрэг ажил хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа авсан хөдөлмөрийн дэвтэр болон цалингийн баримтууд нь байхгүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж байгаа учир ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Сийн Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нормчин, Х аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хүсэлт гаргагч Д.С Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд, Х аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ББМҮ Яамны харъяа Х аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ...барилгын 4 дүгээр бригадын ажилчин дутмаг байгаа тул 1. Д-н С ...нарыг 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажилд томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүгд найрамдах Монгол ард улс Улсын барилгын хорооны харъяа Х аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1. БУТ-ын цех тасаг бригадууд, захиргааны инженер техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт 1-д зааснаар 1991-01-01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй...5-р анги...Д.С ажилчин гэх бичилттэй Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаалын хуулбар, гэрч П.Бат-Эрдэнийн ...Би 1978 онд Улаанбаатар хотын Барилгын техникум төгсөж ирээд Х аймгийн Барилга угсралтын конторт барилгын техникчээр ажилласан. Д.С нь тус конторт 1980 онд ажилд орж байсан. Тэр үед 100 хүүхдийн дотуур байрны барилга, одоогийн Мөрөн сумын 14 дүгээр байрны барилга дээр, амъяак хөргүүртэй зоорины барилга зэрэг дээр ажиллаж байсан. Барилга тартал ажилласан..Барилга угсралтын контор нь 1988 оны эхээр Барилга угсралтын трест болсон болсон санагдаж байна. Архивт бол нэршил өөрчлөгдсөн баримт байдаггүй юм билээ. Барилга угсралтын трест гэж байж байгаад зах зээлийн үед хувьчлал явагдаж Мөрөн пүүс болоод, удалгүй Барилгачин компани болж удалгүй бүр дампуурсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Долзодын ...Д.С нь Х аймгийн Барилга угсралтын конторын 4 дүгээр бригадад туслах ажилчнаар 1980 онд анх ажилд орж байсан. Зуурмаг зуурах ажил хийж, амъяак хөргүүртэй зоорины барилга дээр ажиллаж байсан. Би тэнд сахиул хийж байсан юм. Мөн Д.С нь 48 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан. 1991 он хүртэл ажилласан. 1991 онд хувьчлал болж Барилга угсралтын трест тарсан...Контор нь Трест боллоо гэхэд албан байгууллага өргөжиж том байгууллага болж байна гэж ойлгож байсан. Нэр нь өөрчлөгдсөн болохоос дотор үйл ажиллагаа, хийх ажил нь хэвээрээ байсан. 1988 онд Барилга угсралтын контор нь Барилга угсралтын трест болсон юм. Трест нь 1991 онд тарж Мөрөн пүүс болж байсан...Д.С нь тасралтгүй ажиллаж байсан, барилгаас өөр газарт ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэгитгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Сийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Барилгачин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот тушаал болон түүний 3 дугаар хавсралтын хуулбар, Х аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Чанар программ боловсруулах комисс томилох тухай 10 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд өөрчлөн томилох тухай 11 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтуудад Д.С-ийн талаарх бичилт байхгүй, цаг хугацаа, огнооны хувьд энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.С-ийн Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд, Х аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА