Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/77

 

 

Л.Хд холбогдох эрүүгийн

                                                 хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор Б.Амармөрөн /цахим сүлжээгээр/ 

            Хохирогч В.Аийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсүрэн

            /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгч Л.Х өмгөөлөгч О.Анхбаяр,     

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Хы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Х-д холбогдох эрүүгийн 2009027111534 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 51/Б-9-57 тоотод оршин суух,

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 816 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил, 1 сар хорих,

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 6 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х,

 

Л.Х нь байнга үргэлжилсэн үйлдлээр:

 

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн яамны зүүн талын шатахуун түгээх станцын авто зогсоол дээр иргэн Эийг 0.6 хувийн байрны зээлд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн 5034216925 дугаарын дансаар 5.000.000 төгрөгийг,

 

2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 13-05 тоотод оршин суух Тэд “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө орон сууц худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 5.650.000 төгрөгийг,

 

“Приус-20” загварын тээврийн хэрэгсэл хямдхан худалдана гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Ц нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-314 тоотод байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр нийт 2.400.000 төгрөгийг,

 

Бд хямдхан “Тоёото приус” загварын машин олж өгнө, урьдчилгаа шилжүүлчих гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нууж 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 370.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус Хан-уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 11 дүгээр гудамж 10-4 тоотод байхдаа шилжүүлж нийт 1.470.000 төгрөгийг,

 

Орон сууц худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Гээс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5034216925 дугаартай данс руу байрны урьдчилгаа 950.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн шилжүүлэн залилан авч, хохирогч Д.Гт 4.850.000 төгрөгийг,

 

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагарав худалдааны төвийн урд Оийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 550.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-8 загварын гар утсыг авч залилсан,

 

Мөн Солонгос улсын виз гаргаж өгнө, элчинд ажилладаг найдвартай хүн байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

 

2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 1-4 тоотод Н.У хуурч 700.000 төгрөгийг залилсан,

 

2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Маас 700.000 төгрөг авч залилсан,

 

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Агаас 1.400.000 төгрөг авч залилсан,

 

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-3-1 тоотод О.Оыг хуурч 1.400.000 төгрөгийг авч залилсан,

 

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 1-4 тоотод Л.Жг хуурч 700.000 төгрөгийг залилан авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэн сэтгэцийн хөнгөн хомсдолтой В.Атэй хамтран амьдарна гэж хуурч мэхлэн Төрийн банкны Төв аймаг дахь салбараас В.Аийн 12 сарын тахир дутуугийн тэтгэвэр болох 3.080.530 төгрөгийн зээлийг В.Аээр авхуулан тус тус залилан авч бусдад нийт 27.900.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Л.Х-ыг 7 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 290 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-аас 27.900.530 төгрөг гаргуулж, хохирогч Эт 5.000.000, хохирогч Тэд 5.650.000, хохирогч Э.Цод 2.400.000, хохирогч Бд 1.470.000, хохирогч Д.Гт 4.850.000, хохирогч Од 550.000, хохирогч Уд 700.000, хохирогч У.Мт 700.000, хохирогч Ч.Ад 1.400.000, хохирогч О.Од 1.400.000, хохирогч Л.Жд 700.000, хохирогч В.Ат 3.080.530 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Л.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Х өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.Хыг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн явдал нь үндэслэлгүй гэх хууль зүйн дүгнэлтийг гаргасан болно.

 

Учир нь: Хавтаст хэрэгт Л.Х-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хангалттай нотлон тогтоож чадаагүй байдаг. Байнга үйлдсэн гэх ойлголтыг цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй шүүгдэгчийн гэмт үйлдлүүдээр баримжаалан тогтоосон байж болох ч харин амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголтыг нотлоогүй байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хэмээн энэхүү хоёр ойлголтыг дунд нь ямар ч таслалгүй бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл байнга үйлдэх, амьдралын эх үүсвэр болгосон гэх энэхүү хоёр ойлголт нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг дээр аль нэг нь хангалттай тогтоосон байхыг хэлэхгүй бөгөөд харин дээрх хоёр ойлголт хоёулаа нэгэн зэрэг цогцоороо нотлогдсон байх ёстой.

 

Шүүгдэгч Л.Х-д холбогдох хэрэгт цугларсан баримтуудыг судлахад амьдралын эх үүсвэр болгосон баримтыг нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Х мэдүүлгээс иш татах замаар амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлогдож байна хэмээн дүгнэдэг.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрт байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг нотлогдон тогтоогдсон гэж дүгнэхдээ иш үндэс болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед өгч байсан 1-р хавтасны 25 дугаар хуудас дахь мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь улсын яллагчаас ямар ч ялгаагүй адил байр суурь илэрхийлсэн.

 

Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэлж байсан үндэслэлээ дахин энэхүү гомдолд дурдахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг яллах нотлох баримт болохгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг онцолмоор байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч байгаа боловч үүнийг өөр бусад нотлох баримтаар давхар хөтөлбөргүй нотлох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт шүүгдэгч Л.Х-ыг бусдаас авсан мөнгөө өөрийн амьдралын эх үүсвэр болгодог гэдгийг нотлоогүй байж түүний өөрийнх нь мэдүүлгээр өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа нь хууль зөрчиж буйгаас гадна хүний ёсноос гажууд юм. Тэр өөртөө байгаа давуу тал болох мөрдөн шалгах бүх арга хэрэгслээ ашиглаж гэмт этгээдийн гэм бурууг нотлох ёстой. Хэрэв ийм давуу байдлаа ашиглаад нотолж чадаагүй бол түүнийг хөнгөрүүлэн цагаатгах нь шүүхийн эрх байдаг. Гэтэл шүүгдэгч Л.Х-ыг анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн явдал нь хэт яллах талд үйлчилжээ.

 

Хэрэв Л.Х-ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн яллаж байгаа бол түүний хувийн байдлыг сайтар судлах замаар “гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан” гэдгийг нотлон тогтоох ёстой байдаг.

 

Дээр дурдсан дээд шүүхийн тайлбарыг мөрдөн байцаалтын үед нотлохын тулд гэмт этгээдийн хувийн байдал буюу ямар ажил төрөл эрхэлдэг болох, ямар эх үүсвэрээс амьжиргаагаа залгуулж байгаа болох, санхүүгийн эх үүсвэрийг судлахаас өөр зам байхгүй. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор, шүүхэд гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.

 

Гэтэл энэхүү хэрэг дээр шүүгдэгч Л.Х хувийн байдал, тэр дундаа түүний эдийн засгийн хувийн байдлыг огт судлаагүй байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг мэдүүлгийн аргаар судлах гэж оролдсон ганцхан баримт байдаг нь 4 дүгээр хавтасны 59 дэх хуудсан дахь шүүгдэгчийн аав Б.Л-н мэдүүлэг бөгөөд уг мэдүүлэгт хүүхэд нь хаана байгаа, хамгийн сүүлд хэзээ уулзсан талаар асууснаас өөр зүйл байдаггүй. Ааваас нь шүүгдэгчийн ажил хөдөлмөр, орлогын талаар огт асуугаагүй байдаг.

 

Улсын дээд шүүхээс “байнгын үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх энэхүү хүндрүүлэх шинжийг хангалттай сайн тайлбарласан байна. Харин одоо практикт ажиллаж буй мөрдөгч, прокуроруудад энэхүү хүндрүүлэх шинжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн яаж шалган тогтоох вэ, ямар нотлох баримтыг хавтаст хэрэгт цуглуулснаар уг шинж нотлогдсон гэж дүгнэх вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Иймд шүүх нь өөрийн шийдвэрээр дамжуулан энэхүү практикт ач холбогдолтой, бас хангалттай нотлогдоогүй мөртлөө уг хүндрүүлэх шинжээр ял шийтгүүлж буй явдалд цаашид жишиг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

 

Энэ бүгдээс нэгтгэн дүгнэхэд Л.Хы гэмт үйлдэлд залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байгаа боловч харин байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон /цахим сүлжээгээр/ прокурор Б.Амармөрөн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Хы үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Л.Х нь 2018 онд ажлаасаа гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэгт 3 дахь удаагаа шүүхээр ял шийтгүүлж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогч В.А-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсүрэн тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Л.Х нь олон хүмүүсийг луйвардан хохироосон. Мөн миний дүүгийн группийн мөнгийг залилан авсны улмаас дүү маань одоо мөнгөө авч чадахгүй, гэртээ түлэх түлээ ч үгүй байгаа. Хохирлоо барагдуулан авмаар байна гэв.

 

Шүүгдэгч Л.Х өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Л.Хыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэдгийг тайлбарлахдаа түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг иш татсан нь хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстойг анхаарч өгнө үү. Иймд Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Л.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

 

1. Шүүгдэгч Л.Х нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 0.6 хувийн хүүтэй байрны зээлд хамруулан өгнө гэж 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хороо, Зам тээврийн яамны зүүн талын шатахуун түгээх станцын авто зогсоол дээр хохирогч Эээс 5.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5034216925 дугаар дансаар дамжуулан авсан болох нь

 

Хохирогч Э-ийн “...манай хүргэн ах н.Мангалдаш нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надтай хамт ажилладаг инженер манай хүүгийн байрыг 6 хувийн зээлд хамруулж өгч байгаа юм гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр 6 хувийн зээлд хамрагдах талаар хэлж инженер гэх хүний утасны дугаарыг нь аваад холбоо барихад Жуковт шинээр ашиглалтад орж байгаа байранд миний шинээр авсан хоёр байр байгаа, тэр хоёр байрыг 6 хувийн зээлд хамруулж байгаа, тэр хоёр байрыг үзээд аль дуртай байраа сонгочих гэж хэлсэн. ...16 давхар барилгын 10 давхарын 3 өрөө байрыг сонгосон юм. ...өөрийгөө Л.Х гэдэг, “Гангар Инвест” ХХК-д барилгын инженерээр 14 жил ажиллаж байгаа, манай хүргэн ахтай нэг нутгийн хүмүүс гэж танилцуулсан. ...тухайн үед найзынхаа нэрийг хэлж байсан би нэрийг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан “Төрийн банк”-ны 6 хувийн зээл хариуцаж байгаа, 3 дахь өдөр зээлийг чинь гаргаад өгнө, эхний ээлжинд 5.000.000 төгрөгийг гаргаад өгчих, байрны чинь тоотыг хадгалж баталгаажуулна, миний дансанд хийгээрэй гэж хэлээд өөрийн дансны дугаарыг өгөхөөр нь тухайн өдөр өөрийн 5013010509 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-ийн 1-р хавтас 7-8-р тал/ гэх,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Л.Х-ы аав Б.Л гэх хүн надтай ярьж манай хүү хаана байна вэ, хүмүүсээс мөнгө авч худлаа хэлээд яваад байна гэж ярьсан. Үүнийг нь би Л.Хд 86060269 дугаарын утсаар ярьж чи хүн залилаад яваад байгаа юм биш үү гэтэл хүнээс 5.000.000 төгрөг авчихсан юм, би аавд 8.000.000 төгрөг өгчихсөн, аав хүнд буцаагаад өгнө гэж ярьсан...” /хх-ийн 1-р хавтас 12-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хохирогч Эийн Хаан банк дахь 5013010509 тоот дансны хуулга, /хх-ийн 1-р хавтас 18-19-р тал/,

 

Д.Хы Хаан банк дахь 5034216925 тоот дансны хуулга болон үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 1-р хавтас 26, 29-30-р тал/,

 

2. Л.Х нь Тэд “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө орон сууц худалдана гэж хуурч мэхлэн, бодит байдлыг зориудаар бий болгон нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр 5.650.000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Тийн “...2020 оны 10 дугаар сарын эхээр фэйсбүүкээр хайж байтал “Орон сууц худалдаа” гэсэн бүлгэмд “Hashaa Luvsan” гэсэн хаягаас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Сэнгүр горхи” хотхонд 2 өрөө байр зарна гэж зар байхаар нь мессенжер чатаар холбогдоход зарах гэж байгаа байрныхаа зургийг чатаар явуулсан..., ...м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодоод 60 м.кв талбайтай байр  байгаа гэж хэлсэн. Мөн Л.Хы 86060269, 89137963 дугаарын утсаар холбогдож байрныхаа талаар ярьж миний байр байгаа юм, дүү маань гадаадад байдаг учраас мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа юм гэж хэлдэг байсан..., ...би Л.Хд итгээд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэрээсээ интернэт банкаар Л.Хы 5034216925 тоот данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн Л.Х “ах нь хөдөө явах гэж байна чи ахдаа үлдэгдэл 3.000.000 төгрөгөө шилжүүлчих, ах нь ирээд гэрээгээ хийе” гэж хэлсэн. Үүний дагуу би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Л.Хы 5034216925 тоот данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Л.Х нь надтай 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ар талд уулзаад 3 ширхэг байрны түлхүүр өгөөд “Сэнгүр горхи” хотхонд очоод 10 давхрын 77 дугаар тоот гэж хэлээд надаас 500.000 төгрөг өгчих ах нь машинаа янзлуулмаар байна гэхээр нь би данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Л.Х нь залгаад эм авах гэсэн юм аав, ээж хөдөөгөөс ирэхээр байрны чинь түлхүүрийг өгье гэж хэлэхээр нь би данс руу 150.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн...” /хх-ийн 1-р хавтас 65-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Тийн Хаан банк дахь 5041115043 дугаар дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 74-р тал/,

 

3. Л.Х нь Э.Цод “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хямд үнээр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн үйлдлээр буюу 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 2.400.000 төгрөгийг авч залилсан болох нь хохирогч Э.Цын “...Л.Х гэх хүн “Замын үүд”-ээс машин хот оруулах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна. Тийм болохоор та урьдчилгаа болгоод хэдэн төгрөг хийчих би танд өглөө гэхэд машиныг чинь аваачаад өгнө, та итгэхгүй байвал энэ гээд машины зургийг нь манай Ц.Наранцацралын фейсбүүк чат руу явуулсан..., ...ингээд би өөрийнхөө Хаан банкны 5503053251 гэсэн данснаас 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эхний удаа 1.600.000 төгрөг, маргааш өдөр машинаа аваад над руу залгасан бөгөөд үлдэгдэл 800.000 төгрөгийг шилжүүлчих гэсэн юм. ...тэгээд нийт 2.400.000 төгрөгийг Л.Х гэх хүний данс руу шилжүүлчихсэн...” /хх-ийн 1-р хавтас 121-р тал/,

“...Л.Х гэгчтэй танилцаж улмаар надад хил дээр машинууд байгаа бөгөөд Тоёота Приус-20 загварын машин хямд үнээр зарна гэж хэлсэн учир би өөрийн машиныг сайжруулъя гэж бодоод өөрийн Хаан банкны 5503053251 дугаартай данснаас 2.400.000 төгрөгийг шилжүүлж өгч залилуулсан...” /хх-ийн 4-р тал 89-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Гэрч Ц.Наранцацралтын “...манай аав хямдхан машин байна, урьдчилгаа 800.000-1.000.000 төгрөгийн хооронд байдаг юм байна гэсэн. Тэгээд би арай үгүй байхаа гэсэн чинь энэ Л.Х гэдэг хүн манай аав руу өөрөө залгаад ороод ирсэн юм. Тэгэхээр нь яагаад ийм байгаа талаар асуусан чинь тэр хүн нь цаанаа гааль дээр байгаа машинууд Замын үүд дээр ороод ирчихсэн, цаашаа мөнгөө шилжүүлээд хийх гээд байгаа юм гэсэн. ...Машиныхаа төлбөрийг уян хатан байдлаар сардаа багтаад л төлчих гэж хэлсэн юм. Ингээд манай аав болон би эхлээд 1.600.000 төгрөгийг 2 машины урьдчилгаа гэж Приус-20 маркийн автомашин дээр Л.Х  гэх хүний данс руу явуулсан. Дараа нь бас Л.Х гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон. Тэгээд би чатаар яаж танд итгэх юм гэсэн чинь над руу чатаар өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг явуулсан. ...би АТМ ороод Л.Х гэх хүний данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Энэ урьдчилгаа 800.000 төгрөгийг надад тайлбарлахдаа машин барьж явах жолоочийн хөлс 800.000 төгрөг байдаг юм, 2 хүний машиных 1.600.000 болно гэж хэлсэн. ...Ингээд энэ хүн дахиад нэг цэнхэр өнгийн Приус байна авах хүн байна уу гэж асуусан. Тэгсэн чинь манай эгч Ц.Ариунжаргал бас авахаар болоод энэ үед бас Ц.Ариунжаргал эгчээс 800.000 төгрөгийг нь аваад аавынхаа данснаас би шилжүүлсэн...” /хх-ийн 1-р хавтас 124-126 тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Цоос 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Л.Хы 5034216925 тоот данс руу нийт 2.400.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 1-р хавтас 107-р тал/,

 

Л.Хы дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 172-177-р тал/,

 

4. Л.Х нь Бд хямд үнээр “Тоёота Приус” загварын авто машин олж өгнө, урьдчилгаа шилжүүлчих гэж 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 370.000, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 500.000, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг буюу нийт 3 удаагийн үйлдлээр 1.470.000 төгрөгийг хуурч мэхлэн, бодит байдлыг нууж залилан авсан болох нь хохирогч Н.Байгалмаагийн “...2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкээр танилцсан Л.Х гэдэг залууд 370.000 төгрөг Хаан банкны 5034216925 дугаарын данс руу явуулсан. Тухайн үед надаас мөнгө авах үеэс найз нь Приус загварын машин оруулж ирж байгаа 8.000.000 төгрөгт гайгүй Приус олж өгнө урьдчилгаа хэдэн төгрөг өгчих гэхээр нь 370.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Замын-Үүд”-ээс машиныг чинь аваад очиж байна бензин хийх шаардлагатай байна гэхээр нь урд өмнө 370.000 төгрөг шилжүүлсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 94848314 гэсэн дугаараас залгаад найз нь машины чинь номер, дугуй бүх юмыг аваад өгье гэхээр нь 600.000 төгрөг Л.Хы данс руу явуулсан...” /хх-ийн 1-р хавтас 215-216 тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Байгалмаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 1-р хавтас 230-231-р тал/,

 

5. Л.Х нь Д.Гт орон сууц худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны урьдчилгаа гэж 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 950.000, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг буюу 2 удаагийн үйлдлээр нийт 4.850.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5034216925 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Гийн “...манай найз н.Оюунгэрэл намайг байр авах гэж байгааг мэдэж байгаа болохоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хотод Их Засаг их сургуулийн урьд хямдхан байр байна, манай найзын байр юм, яаралтай мөнгө хэрэгтэй урьдчилгаа өгөөд хувь лизинг хийж болно гэхээр нь фейсбүүкийн Oyungerel Oyunbold гэсэн хаягт чатаар холбогдож байрных нь зургийг харсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хот руу ороод байрыг нь үзсэн. ...Л.Х гэдэг хүнтэй уулзахад хэдэн жилийн өмнө Герман явахдаа би 56 метр 3 өрөө байр захиалчхаад явсан. 2020 оны 10 дугаар сард ирэхэд байр бэлэн болсон байсан ба одоо мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэхээр нь авъя гэж тохирсон. Нийт 50.400.000 төгрөгийн өртөгтэй, урьдчилгаа 15.000.000, үлдсэнийг хувь лизингээр төлөхөөр болсон. ...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг 5034216925 тоот дансанд тус тус шилжүүлсэн. ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түлхүүрээ авахаар ярихад гал тогооны тавилга хийж өгье, тавилга хийлгэж байгаа болохоор нэг мөсөн дуусгаад түлхүүрээ ав гэж хэлсэн. ...тавилга дуусаагүй гэж хойшлуулж байгаад түүнээс хойш өгөлгүй алга болсон..., ...Л.Х гэдэг хүнд залилуулсан...” /хх-ийн 2-р хавтас 25-27-р тал/ гэх,

“...Л.Х нь өөрийгөө Герман улсаас ирсэн бөгөөд Герман явахаасаа өмнө өөрийн найзын барилгын компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан нь байр болчихсон, үүнийгээ бартераар авч байгаа, би өөрөө Монголд ирээд удаагүй байгаа учир бэлэн мөнгө хэрэгтэй байгаа, мөн би өөрөө бартераар авсан Их Засаг их сургуулийн замын урд талд байрлах 3 өрөө байрыг 1 м.кв-ийг нь 900.000 төгрөгөөр бодож худалдана, одоо урьдчилгаа мөнгө авна гэж Американ дэнжийн гадна уулзахдаа надад хэлж итгэл төрүүлж урьдчилгаа 4.850.000 төгрөгийг би 2 хувааж Л.Хд өгч залилуулсан...” /хх-ийн 4-р хавтас 71-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Гэрч Д.Золзаяагийн “...Л.Х гэдэг хүн манайхтай ямар ч гэрээ байхгүй, захиалга хийгээгүй...” /хх-ийн 2-р хавтас 28-31-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гийн Хаан банк дахь 5749449335 дугаарын данснаас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 3.900.000 төгрөгийг 5034216925 дугаарын данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 63-р тал/,

 

6. Л.Х нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагарав худалдааны төвийн урд Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 550.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-8 загварын гар утсыг залилан авсан болох нь хохирогч Оийн “...Л.Х манай хүүтэй хамт гадуур явж байгаад намайг Цамбагарав дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Л.Х болон хүүтэйгээ уулзчихаад Цамбагаравын “М март” дэлгүүрийн хажууд алхаад явж байхад Л.Х утсаар чинь нэг ярья гээд Iphone-8 маркийн гар утсыг маань аваад халаасандаа хийснээ хүү бид хоёрыг эндээ хүлээж байгаарай би утсаар ярингаа бие засчхаад ирье гээд яваад ирээгүй...” /хх-ийн 2-р хавтас 94-95-р тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Норовын “...Л.Х ах миний утсаар ээж рүү залгаад нөгөө утсаа аваад гараад ир, бид хоёр Цамбагарав дээр хүлээж байя гэсэн. ...Л.Х ах ээжид хандан гар утсаа өгч бай нэг ярья гэснээ, би бие засчхаад ирье гээд Цамбагарав төвийн хойгуур тойроод явчихсан. Тэгээд ээж бид хоёр Л.Х ахыг хүлээгээд ирээгүй...” /хх-ийн 2-р хавтас 98-99-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аас хохирогч Оийн Iphone-8 маркийн гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 104-106-р тал/,

 

7. Мөн элчин сайдын яаманд ажилладаг найдвартай хүн байгаа, Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 1-4 тоотод Н.У хуурч 700.000 төгрөгийг,

 

2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Маас 700.000 төгрөгийг,

 

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Ааас 1.400.000 төгрөгийг,

 

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-3-1 тоотод О.Оаас 1.400.000 төгрөгийг,

 

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 1-4 тоотод Л.Жгаас 700.000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь:

 

Хохирогч О.Оын “...манай хүргэн ах Ц.Бат-Амгалан нь 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр надтай хамт барилгын цэргийн ангид байсан Л.Х гэх залуу БНСУ-ын виз гаргаж өгдөг хүн таньдаг юм байна гэсэн. ...Л.Х гэх залуугийн утсыг авсан байсан. ...Л.Х гэх залуу нь БНСУ-руу явах гэж байгаа юм уу, өөр явах хүн байна уу гэж надаас асуусан. ...би нөхөртэйгөө явж болох уу гээд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн гэрээс 1.400.000 төгрөгийг Хаан банкны 5006253234 гэсэн дугаараас шилжүүлсэн...” /хх-ийн 2-р хавтас 174-175-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Уугандаганий “...Л.Х гэх залуу нь надтай утсаар ярьж манай гэрээс 700.000 төгрөгийг надаас бэлнээр авч явсан...” /хх-ийн 2-р хавтас 79-р тал/,

“...Л.Х гэх залуу нь БНСУ-ын виз гаргаж өгнө гэж 1.400.000 төгрөгийг надаас залилж авсан...” /хх-ийн 3-р хавтас 71-72-р тал/,

“...хүн тус бүрийн 700.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг бэлнээр болон мобайл банкаар Л.Хд өгсөн...” /хх-ийн 4-р хавтас 79-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хохирогч Л.Жгийн “...Л.Х гэх залуутай 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Сансарын туннелийн ойролцоо тээврийн хэрэгсэлд БНСУ-ын виз гаргуулах талаар уулзаж байсан. БНСУ-ын элчний нярав гэх ажилтай А.Ням-Од гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 700.000 төгрөгийг шилжүүлж байсан, нийт 2.100.000 төгрөгийг шилжүүлж байсан..., ...найдвартай гаргаж өгдөг гэж хэлээд өөр хүний дансаар авсан...” /хх-ийн 2-р хавтас 183-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Ануужины “...Л.Х гэх залуу нь БНСУ-руу хурдан шуурхай виз гаргаж өгнө, чамд өөр явах хүн байвал надтай холбогдуулаарай гэж байсан..., ...2020 оны 1 дүгээр сарын сүүлээр өөрийн хамаатны ах Ц.Бат-Амгалан гэх залууд 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр өөрийн Хаан банкны 5028789847 дугаартай данснаас А.Ням-Од гэх хүний Хаан банкны 5065265445 дугаартай данс руу виз гаргуулахаар 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Бат-Амгалан ах миний шилжүүлсэн 700.000 төгрөгийг Л.Хд шилжүүлсэн гэж байсан...” /хх-ийн 3-р хавтас 58-60-р тал/,  

“...хохирол барагдуулсан зүйл байхгүй, би өөрийн 1.400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 4-р хавтас 68-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хохирогч У.Мын “...2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Сансарын ойролцоо байх Хаан банкны АТМ-ээс 700.000 төгрөгийг авч Л.Х гэх залууд өгсөн...” /хх-ийн 3-р хавтас 66-67-р тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Бат-Амгалангийн “...2019 оны 12 дугаар сард Л.Х гэх залуу чатаар надтай харьцах үедээ би БНСУ-д ажиллаж амьдарч байгаад Монголд ирээд удаагүй байна. Одоо удахгүй БНСУ-руу буцаж явахдаа хэдэн хүн авч явах бодолтой байгаа, авч явах хүмүүсийн визийг гаргаж өгөөд, очоод ажилд оруулж өгнө гэж байсан..., ...нэг хүний виз 700.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж байсан. Тэгээд манай эхнэрийн хамаатны хүмүүс Л.Хтай уулзаж мөнгө өгсөн гэж байсан, яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна..., ...виз гаргуулахаар мөнгө өгсөн гэж байсан...” /хх-ийн 2-р хавтас 198-199-р тал/ гэх,  

 

Гэрч А.Ням-Одын “...Л.Х, н.Мөнх-Эрдэнэ бид гурав уулзаад юм ярьж суугаад хоол идэж дуусаад тооцоо хийх болсон чинь Л.Х гэх залуу нь картаа өгчих хүнээс мөнгө аваад тооцоо хиймээр байна гэхээр өөрийн Хаан банкны 5065265445 дугаартай дансны картыг Л.Х гэх залууд өгсөн. Тэгээд өөрийн картыг Л.Х гэх залууд өгөөд мартаад явсан байсан. ” /хх-ийн 3-р хавтас 75-76-р тал/

“...би өөрөө картаа авахаа мартсан байсан, мөн карттай холбоотой Хаан банкны 5065265445 дугаартай дансыг би өөрөө сайн дураараа банкин дээр очиж хаалгасан..., ...Л.Хтай тухайн картаа өгөх үед л уулзсан. Өөр дахиж уулзаагүй ”/хх-ийн 4-р хавтас 61-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хохирогч Ч.Ануужин, О.О, гэрч Ц.Бат-Амгалан, А.Ням-Од нарын Хаан банк дахь 5028789847, 5006253234, 2021137399, 5065265445 бүхий дансны хуулганууд /хх-ийн 2-р хавтас 219, 3-р хавтас 83, 86, 89-р тал/,

 

Мөн Л.Х нь Төв аймгийн Зуунмод сумын иргэн, сэтгэцийн хөнгөн хомсдол өвчтэй В.Атэй хамтран амьдарна гэж хуурч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны Төв аймаг дахь салбараас түүний тахир дутуугийн тэтгэврийн зээлийг 12 сараар авхуулан 3.080.530 төгрөгийг залилсан болох нь хохирогч В.Аийн “...би тухайн өдөр Л.Хтай хамт Төв аймгийн Төрийн банкнаас 3.080.530 төгрөг зээлсэн. Эхлээд 11 сарын хугацаагаар 2.783.577 төгрөг зээлсэн банкны теллер хэлэхдээ та 12 сараар зээлж болно гэж хэлж байсан. Ингээд мөнгөө аваад гарсан. Тэгтэл Л.Х гарч ирээд мөнгө дутаад байна дахиад нэмээд авчих гээд эргэж ороод үлдсэн 1 сарын 300.000 төгрөгөө нэмж аваад би бүх мөнгөө Л.Хд өгсөн...” /хх-ийн 3-р хавтас 208-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсүрэнгийн “...мөнгө нь орохгүй болохоор Улаанбаатар хотын Улиастайд байдаг Төрийн банкны салбар дээр В.Аийг дагуулж очиж асуухад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд байдаг Төрийн банкнаас 12 сарын хугацаатай 3.080.530 төгрөгийг авсан байна гэж хэлэхээр нь би Төв аймгийн Төрийн банк дээр ирж уулзахад В.А 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэг залууг дагуулчихсан ирээд зээл аваад явсан гэж хэлсэн...” /хх-ийн 3-р хавтас 211-213-р тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Солонгын “...зээлийг судалж үзээд 11 сараар хамтран зээлдэгчгүйгээр 2.783.577 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон. Мөнгийг В.Атэй хамт ирсэн эрэгтэй тоолоод аваад гарсан. Зээлээ аваад гарсныхаа дараа 10 цаг 27 минутад эргэж орж ирээд сургалтын төлбөр нь дутаад байна гээд нэмж нэг сарын тэтгэврийн зээл 300.000 төгрөгийг нэмж аваад гарсан...” /хх-ийн 3-р хавтас 217-218-р тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ю.Нэргүйн “...В.А нэг эрэгтэй хүнийг миний нөхөр байгаа юм гэж хэлсэн. Албан ёсоор нөгөө залуутай танилцаагүй би Төрийн банк руу В.Аийг дагаад ороход В.А банкны ажилтан дээр очоод би нөгөө хүнээ аваад ирлээ гэж хэлсэн чинь банкны ажилтан шалгаж үзээд танд зээл гарахгүй юм байна шүү гэж хэлэхээр нь би банкны ажилтнаас энэ хүн хэдэн төгрөг авдаг юм бэ гэхэд сарын 300.000 мянган төгрөг авдаг юм гэж хэлсэн. Наад хүн нь урд нь зээлтэй юм байна. Манайх нэг л удаа зээл олгодог юм. Он гараад зээл авах боломжтой гэж хэлэхээр нь чамд зээл гарахгүй гэж байна шүү дээ гэж хэлчхээд би гараад гэр рүүгээ явсан...” /хх-ийн 3-р хавтас 222-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч В.Аийн Төв аймаг дахь Төрийн банктай 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Тэтгэврийн зээлийн гэрээ”, “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, “Төлбөрийн хуваарь” /хх-ийн 4-р хавтас 2-3, 8-9-р тал/ болон шүүгдэгч Л.Хы мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргүүдийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан байдаг бол мөн зүйлийн 3.1-т уг гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг заасан.

 

Хуулийн дээрх онц хүндрүүлэх шинж нь гэмт этгээд нэг төрлийн хэргийг харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн, бусдын эд хөрөнгийг амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, шунахай зорилго, хууль бус аргаар өөрийн болгосон, уг үйлдэл нь амьдралынх дадал зуршил болсон, уг гэмт хэргээ үйлдэх замаар олсон ашиг, орлогоо өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах бодит эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй үйлдэл байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч Л.Х өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн, тэрээр ял шийтгүүлснийхээ дараа болон ял шийтгүүлэхийнхээ өмнө нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан үргэлжилсэн 18 удаагийн үйлдлээр нэр бүхий 12 иргэнийг залилан нийт 27.900.530 төгрөгийн хохирол учруулан, уг олсон ашиг, орлогоо өөрийн амьдралын эх үүсвэр болгосон байх тул прокуророос Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч үндэслэлтэй зөв гэж үзнэ.   

 

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан, дээр дурдагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.Хыг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн” гэж түүний гэм буруугийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Хд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 7 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 290 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тоолж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан бодит хохирлыг гаргуулан хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Хы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Х нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Л.Х нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдрийг хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.  

 

Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэх нэршил олгон тус шүүхийг байгуулсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад тус шүүхийн нэршлийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн байгааг анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Х өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.   

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                          З.ТҮВШИНТӨГС

 

                                                                              М.МӨНХДАВАА