Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2024/0032/З |
Дугаар | 118/ШШ2024/0052 |
Огноо | 2024-08-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 118/ШШ2024/0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга нарын хооронд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөө батлахыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /онлайнаар/, хариуцагч Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших "*******" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд "" ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Алдархаан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “*******” нэртэй ******* дүгээр 13954.21 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д олгосон байна. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Алдархаан сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4351, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/4549 дугаар албан бичгүүдээр тус тус хандсан боловч хариу өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу 2023 он, 2024 онуудын байгаль орчны хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар Алдархаан сумын Засаг даргад хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа гэж, хариуцагч талаас Алдар багийн иргэдийн Нийтийн Хурлаас уул уурхайтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг дэмжихгүй гэж хэлэлцэж шийдвэрлэсэн учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч нь “*******" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Алдархаан сумын Засаг дарга батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 01/4598 дугаартай албан бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй учир 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“ ******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож шалгарснаар Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших "*******" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг өөрийн эзэмшилд авсан. Бид хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.1-т заасан "хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор" гаргах үүргээ биелүүлж уг тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх хайгуулын төлөвлөгөөг Ашигт малтмалын газрын тосны газарт хүргүүлж батлуулсан. Үүний дараа мөн хуулийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах" гэж заасны дагуу хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар Алдархаан сумын Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/4351 тоот албан бичгээр төлөвлөгөөний хамт тус тус хүргүүлсэн. Харин Алдархаан сумын Засаг дарга хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөө өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Энэ асуудлаар бид удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний харьяа газар болох Баруун бүсийн газарт албан бичгээр дэмжлэг хүссэн хүсэлтийг гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 12-р сарын 20-ны өдрийн 15/5974 тоот албан бичгээр, мөн газрын даргын 2024 оны 02-р сарын 15-ны өдрийн 1/664 тоот албан бичгээр Алдархаан сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сануулсан боловч бас л манай төлөвлөгөөг баталж өгөөгүй. Тухайн үед Алдархаан сумын Засаг дарга чөлөөлөгдөөд удаагүй байсан бөгөөд тус сумын Засаг даргын орлогч Ж.*******той уулзахад удахгүй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинээр Засаг даргыг томилох асуудал хэлэлцэнэ та нар хүлээ, тэгээд ч надад танай төлөвлөгөөг батлах эрх байхгүй гэж амаар хариу өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ" гэж заасныг мөн л зөрчсөн. 2024 оны хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар дахин “*******” ХХК-ийн 2024 оны 03-р сарын 21-ний өдрийн 01/4549 тоот албан бичгийг Алдархаан сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Алдархаан сумын Засаг дарга өнөөдрийг хүртэл манайд хариу ирүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан хэвээр байгаа нь Монгол Улсын холбогдох хуульд заасан үүргээ удаа дараа биелүүлэхгүй байгаа нь Монгол улсад хууль хэрэгжүүлэхгүй байх явдал хэрээс хэтэрч байна. ******* ХХК нь Алдархаан сумын Засаг даргын 2023, 2024 оны хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулахгүй байгаа хууль бус үйлдэлтэй холбоотой гомдлыг Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/4598 тоот албан бичгээр гаргасан боловч хуульд заасны дагуу манай гомдлыг шийдвэрлэж өгсөнгүй. Сумын Засаг дарга бол Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан хаагч бөгөөд энэ хуулийн 37.1.1-т зааснаар "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" үүрэгтэй төрийн албан хаагч юм. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.1-д "хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх", 59.1.18-д "нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж тус тус заасан эрхийг хуулиар Сумын Засаг даргад олгосон. Гэтэл Монгол улсын хуулиар олгосон эрх, үүргээ биелүүлж иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхгүй ямар ч хариу өгөхгүй байгаа нь Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх, ард түмэнд үйлчлэх, ил тод байх зарчмууд ноцтой зөрчигдөж байна. Эцэст нь төрийн нэг байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тодорхой нөхцөл болзолтойгоор аж ахуйн нэгжид олгож, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулан уг тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгсөөр байтал өөр нэг төрийн байгууллагын албан тушаалтан болох сумын Засаг дарга энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Алдархаан сумын ******* нэртэй газарт “*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан байдаг. Тус газраар нутагладаг болон Алдар багийн иргэдийн нийтийн хурлаар дээрх асуудлыг 100%-ийн санал нэгтэйгээр эсэргүүцэл илэрхийлдгийн улмаас байгаль хамгаалах менежментийг төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2023 оны байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах эсэх асуудал шүүхийн маргаантай явж байгаа тул 2024 оны байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг тусад нь авч хэлэлцэх боломжгүй. ******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2 сумын хил дамнасан, 2 сумын нутаг дэвсгэрт хамаарал бүхий газар зүйн тогтоцтой байдаг. 2018 онд сумын иргэд, Засаг даргаас хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авч байсан гэж байна. Үүнийг би мэдэхгүй байна. 2020 онд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон. 2020 оноос хойш хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авч байгаагүй. Өмнө нь зөвшөөрөл авч байсан эсэх талаар шалгаж үзье. Нэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 2 сумын нутаг дэвсгэр хамарсан газар нутаг байх тул хувь иргэний хувьд дангаараа шийдвэр гаргах боломжгүй юм. 2 сумын иргэдийн төлөөллийг оролцуулж иргэдийн хурал зохион байгуулбал үр дүнтэй байх гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн 38.1.1-д заасанчлан тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах талаар зохицуулж өгсөн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн сумын Засаг даргатай зөвшилцөж гэж заасан байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахдаа зөвшилцсөн зүйл байдаггүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар баталсан Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг хянан батлуулах, тайлагнах журмын 3.5-д Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулж, Засаг даргаар батлуулна гэж заасан байгаа. Манай сумын байгаль орчны улсын байцаагч 2023 оны 04 дүгээр сард төрөөд одоо хүртэл амралттай, орлож буй хүн байхгүй тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ард иргэд хайгуул хийхийг эсэргүүцдэг. “*******” гэх нэршилтэй газар нь Алдархаан сумын Алдар багийн ихэнх малчдын намаржаа, өвөлжөөний газар байгаа гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Алдархаан сумын ******* нэртэй газарт “*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлсэн байдаг. Тус газарт нутагладаг айлууд болон Алдар багийн иргэдийн нийтийн хурлаар дээрх асуудлыг санал нэгтэйгээр эсэргүүцэж байгаа тул байгаль хамгаалах менежментийн төлөвлөөг батлах боломжгүй байна. 2023 оны байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах эсэх асуудал шүүхийн маргаантай явж байгаа тул 2024 оны байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг тусад нь авч хэлэлцэх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Алдархаан сумын нутагт байрших ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-иас 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийн “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т “захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлтэй байна.
3.1 Нэхэмжлэгч нь Алдархаан сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга буюу Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албан бичгээр гомдол гаргасныг мөн өдөр хүлээн авсан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах журмын дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч компанийн 2023 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч “*******” ХХК-д Завхан аймгийн Алдархаан, Яруу сумдын нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ............. дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.
4.1 Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заажээ.
4.2 Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-022521 дүгээр тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөн хуулийн 38.1.3-т зааснаар батлуулахаар хуульд заасан хугацааны дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Алдархаан суманд биечлэн очиж 01/4351 дүгээр албан бичиг, “*******” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хамт тус сумын бичиг хэрэг байхгүй тул Засаг даргын орлогчид гардуулж өгсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу гаргасан 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар “*******” ХХК нь .......... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлөө авснаас хойш 30 хоногийн дотор сумын Засаг даргатай зөвшилцөж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй тул тус компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй гэж тайлбарлаж байна.
4.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаад сумын Засаг даргатай зөвшилцөх /төлөвлөгөөнд санал авах/ зорилгоор биечлэн очиж уулзахад “Засаг дарга чөлөөлөгдсөн, Засаг дарга томилогдохоор танилцуулъя” гээд Засаг даргын орлогч Ж.******* тухайн төлөвлөгөөг авч үлдсэн тул зөвшилцөх боломж олдоогүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй байна.
4.5 Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан байхад Засаг даргын орлогч чөлөөлөгдсөн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж зөвшилцөөгүй нь тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй.
4.6 Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг мөн хуулийн 38.1.3-т зааснаар сумын Засаг даргад хүргүүлж батлуулах, Засаг дарга ...төлөвлөгөөг мөн хуулийн 38.2-т зааснаар хянан батлахаар байх ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулахдаа Засаг даргатай зөвшилцөөгүй” үндэслэлээр татгалзсан гэх тайлбар энэ тохиолдолд үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч компанийн 2024 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч компани нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/4549 дүгээр албан бичиг, “*******” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус сумын Засаг даргын Тамгын газарт шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.
5.1 Хариуцагч Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн 2024 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйн үндэслэлээ “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах журмын 3.5 дахь хэсэгт зааснаар Алдархаан сумын байгаль орчны улсын байцаагчид хянуулаагүй” гэж тайлбарлаж байх боловч тэрээр “…тухайн цаг хугацаанд Алдархаан сумын байгаль орчны улсын байцаагч жирэмсний амралттай байсан, түүний ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч томилоогүй байсан” гэснээс үзэхэд төлөвлөгөөг хянах боломжгүй байсан нь түүнийг батлахаас татгалзах үндэслэл болохгүй тул 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.2 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … батална”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэжээ.
5.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна”, 3.5-д “…ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд жил бүр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байна.
5.4 Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн үндэслэлээ “… орон нутгийн иргэд эсэргүүцдэг” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхээс шаардахад ирүүлсэн баримт байхгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” болохыг дурдах нь зүйтэй байна.
5.5 Иймд Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” эрхийг олгосон тул дээрх бүрэн эрхийг сумын Засаг дарга хуульд заасан журмаар хэрэгжүүлэх, хуульд заасан үндэслэлгүйгээр хянан батлахаас татгалзах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Алдархаан сумын нутагт байрших ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-ийн 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Алдархаан сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР