| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00753/И |
| Дугаар | 155/ШШ2024/01098 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2024/01098
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2024/01098 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Б Т-ийн У,
Хариуцагч: ***од оршин суух, Б Б-гийн Б
Нэхэмжлэлийн шаардлага: Онцгой нөхцөл байдал тохиолдсон үед зарцуулсан нэмэлт зардал 6,457,215 (зургаан сая дөрвөн зуун тавин долоон мянга хоёр зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/00753/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.У /цахим/, түүний өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Золжаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан онцгой нөхцөл байдал тохиолдсон үед зарцуулсан нэмэлт зардал 6,457,215 (зургаан сая дөрвөн зуун тавин долоон мянга хоёр зуун арван тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.У нь Б.Бтэй 2005 онд танилцаж 2009 оны 4 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Улмаар гэр бүл болж амьдрах хугацаанд 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Т, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.И нар төрсөн. Улмаар 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан.
Гэрлэлт цуцалснаас хойш Б.Б нь хүүхдүүдийн тэтгэлгийн мөнгийг алданги ононги хааяа өгдөг байсан боловч хүүхдүүдийн эмчилгээ, эрүүл мэндийн зардалд ямар ч мөнгө өгдөггүй байсан. Монгол улсад инфляцийн түвшин огцом өссөн, Б.Б-ийн хүүхдийн тэтгэлэгт өгсөн мөнгө нь хүүхдүүдийн амьжиргаанд хүрэлцэхгүй байсан нөхцөл байдлын улмаас гадаадад амьдрах шийдвэр гаргаж 2018 оноос хойш хоёр охинтойгоо хамт Швейцарь улсад амьдрахаар явсан. Швейцарь улсад амьдрахад эрүүл мэндийн даатгал зайлшгүй төлөх шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын зардал өндөр байгаа учир ганцаараа төлж чадахгүй байгаа тухайгаа, хүүхдүүдээ эрүүл мэндийн даатгалд хамруулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх шаардлагатай байгаа тухайгаа хэлэхэд Эрүүл мэндийн зардлыг тавь тавин хувиар нь хувааж төлье гэхэд хариу өгөөгүй. Гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээнэ гэж заасан талаар хэлээд хүүхдүүдтэйгээ уулзаж, утсаар ярьж байхыг хүсэхэд утсаар ч ярьдаггүй. 2018 онд Бельгид ирсэн мөртлөө хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Одоо гадаадын иргэнтэй гэр бүл байнга Европын холбооны улсууд руу зорчиж байгаа мөртлөө хүүхдүүдтэйгээ нэг ч уулзаагүй, мөн утсаар ч ярьдаггүй нөхцөл байдалтай байна. Б.Б нь хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа учир мөнгөн төлбөрөөр үүргээ хүлээх ёстой гэж үзэж байна.
Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед ...гарсан зардлыг хариуцуулахаар ...шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг үндэслэн охидуудын эрүүл мэндийн зардалд өнгөрсөн хугацаанд 38,194,430 төгрөг зарцуулсан. Эцэг эх адил үүрэг хүлээх учир гарсан зардлын 50 хувь буюу 19,457,215 төгрөгийг Б.Бэс гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч Б.Бэс онцгой нөхцөл байдал тохиолдсон үед зарцуулсан нэмэлт зардал болох 19,457,215 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хоёр хүүхэддээ зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн мөнгийг нэхэмжилсэн. Швейцарь улсад хүүхэд сурч боловсрох, сургууль, цэцэрлэгт хамрагдахад хамгийн эхэнд шаардлагатай зүйл нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой юм. Хэрвээ энэ улсад амьдарч буй хүн эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөхгүй бол сургуульд, цэцэрлэгт хамрагдах боломжгүй. Мөн хүүхдэд эрүүл мэндийн даатгалаас гадна шүдний төлбөр байдаг. Үүнийг хувийн зүгээс төлөх шаардлагатай байдаг. ...Швейцарь улсад хүн бүр 2-3 гадаад хэл эзэмшсэн байх ёстой. Тиймээс би хүүхдүүдээ улс орондоо хэрэгтэй хүн болоосой гэдэг үүднээс франц хэл сургах гэж хувийн багш хөлсөлж байсан. Охин Б.И гимнастикийн курст сурмаар байна гээд аав руугаа мессеж бичихэд Б.Б хариу бичээгүй. Охин Т 9 дүгээр анги төгсөхөд багш нь танай охин зураг зурах авьяастай юм байна зургийн сургуульд явах хүсэлтээ өг гэж хэлсэн. Тиймээс энэ сургуульд хүсэлтээ өгөх гэсэн боловч өндөр төлбөртэй байсан учир Б.Б рүү залгаж энэ талаар хэлэхэд за гэж хэлээд буцаад хариу өгөлгүй алга болсон учир тухайн сургуульдаа явж чадалгүй хуучин сургуульдаа сурахаар болсон. 2022 онд Б.Тгийн шүд өвчлөөд шүдэндээ эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болж эмчилгээ хийлгэсэн. Б.И ч мөн адил шүдэндээ эмчилгээ хийлгэж байсан. Тиймээс би Б.Бэс хүүхдүүдийнхээ эмчилгээний төлбөрийг төлөөд өгөөч гэж гуйхад за болох байхаа гэсэн утгатай мессеж явуулсан байсан. Хүүхдүүд томрох тусам хүүхдүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Гэхдээ би Б.Бэс ойр зуурын хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгийг нэхэмжлээгүй. Иймээс хүүхдүүд тухайн улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдахад онцгой нөхцөлд хамаарахгүй гэж үзэж болохгүй байх. Охин хүүхдүүд гадаад улс оронд амьдарч байгаа учир өөрсдийн бие хамгаалах чадвартай болог гэж бодоод боксын курст сургаад төлбөрийг нь төлж явж байгаад сүүлд төлөх чадваргүй болоод гаргасан. Тиймээс би цаашид би хоёр хүүхдийнхээ сурч боловсрох болон эрүүл явахад анхаарахгүй бол ганцаараа хүчрэхгүй байна гэдгээ Б.Бд хэлсэн. Хоёр хүүхдийнхээ төлөө би гадаад улсад сонин тараагаад, айлын нойл болон нохойн баас хүртэл цэвэрлээд явж байсан. Амралтын хоёр өдрийг хүртэл уМж хоногийн 24 цагийн 4-5 цагт нь л би унтаж амардаг. Одоо хүүхдүүд сургуульдаа ороход эрүүл мэндийн даатгалаас гадна, сургуульдаа сурах байр хэрэгтэй. Бидний амьдарч буй одоогийн байр гал тогоо, том өрөөтэйгөө нийлээд 3 өрөө байр, энэ улсад хүүхэд бүр нэг өрөөнд амьдрах ёстой байдаг. Тиймээс би хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож, энэ улсад амрахаа уМн өдөр, шөнөгүй ажиллаж амьдарч байна. Б.Б-ийг мөнгө шилжүүлэхэд үр хүүхэддээ өгөх ёстой мөнгөө өгч байна л гэж бодсон. Би ч ялгаагүй хоёр хүүхэддээ мөнгө зарцуулаад явж байгаа. Хэрвээ Б.Б Монгол улсдаа амьдраад ажиллаад сар бүр хоёр хүүхдийнхээ тэтгэлэг болох 1,000,000 төгрөгийг төлөөд явж байсан бол нэг өөр хэрэг. Гэтэл Б.Б ч ялгаагүй Европын улс оронд гэр бүл үр хүүхдийн хамт хүүхдүүддээ хайр халамжаа үзүүлээд амьдарч байгаа. Иймд Б.Б хүүхдүүдийнхээ хажууд байж хайрлаж чадаагүй юм чинь эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна.
...Энэ улсад хүүхэд сургуульд сурч эхэлсэн үеэс эхлэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой байдаг. Тиймээс 2018 оны 12 дугаар сараас 2023 оны 8 сарыг дуусталх хугацаанд хоёр хүүхдэд зарцуулагдсан эрүүл мэндийн даатгалын мөнгийг нэхэмжилж байгаа. Бидний хооронд байгуулсан тэжээн тэтгэх тухай гэрээний нөхцөлийн 1.3-т заасан заалтыг үндэслэн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед зарцуулсан нэмэлт зардлын 50 хувийг гаргуулахаар нэхэмжилсэн. ...Миний төрсөн дүү Т.Г-ын дансанд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээс хасаж тооцоод үлдэх 6,457,215 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Утай 2005 онд танилцаж 2006 оноос 2010 оны хооронд хамтдаа амьдарч, бидний дундаас охин Б.Т, Б.И нарын хоёр сайхан охин төрсөн. Энэ хугацаанд бид бусадтай адил заяа сэтгэл нийлсэн хос байж чадаагүй юм. Би 5 сараас 10 сар хүртэл жуулчны бааз дээр ажилладаг, өвөл гэр барьж Уын аавын хашаанд өвөлждөг байсан. Мөн цагаан сараар нэгнийхээ ах дүүгээр золгодоггүй тус тусдаа аав, ээжийндээ очдог байсан нь бид ирээдүйн хамтын амьдралдаа хэн хэн нь итгэлгүй байсныг илтгэж байгаа юм. Т.У нь нэхэмжлэлдээ гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдийн тэтгэмжийн мөнгө хүрэлцэхгүй, Б.Б намайг болон охидуудаа харж ханддаггүй байсан учраас гадаадад гарч амьдрах болсон гэх агуулгатай нэхэмжлэл бичсэн байна. Гэтэл бид бага охин төрөхөөс өмнө хэрэв салцгаавал намайг гадаадад гаргаж өг гэж Т.У хэлдэг байсан. Бага охин И төрсний дараа бидний харьцаа зөөлөрч байтал манай аавтай ялихгүй зүйлээс маргаж улмаар Уын аав, ээж, ах дүү нар ирээд авч явснаар бидний амьдрал дуусгавар болсон. Урд ярилцаж байсны дагуу түүний виз болон бусад баримт бичгийг бүрдүүлж 2011 оны 4 сарын 19-нд Франц улс руу явуулахдаа өөрийн авг эгч Галсанпунцаг овогтой Энхбаяр, үеэл дүү Г овогтой Б нарыг хань болгож, түүний бүх зардлыг төлж явуулж байсан. Т.Уыг гадаад явснаас хойш Хөвсгөлд очих бүртээ охидуудаа эргэж уулздаг байсан. Тухайн үед охидуудаа бааз дээрээ авч цугтаа байсан үеийн зураг нь ч байдаг. Бид тусдаа болсноос хойш 2012 онд би гэр бүлтэй болоход охидуудыг маань надтай уулзуулахдаа дургүй болсон. Ярьж тохирчоод хүүхдүүдээ амралт, баярын өдрүүдээр авах гээд очиход гэрээ цоожлоод явчихсан байдаг байсан. Эдгээр 8 жилийн хугацаанд Т.Уыг хүүхдүүддээ санхүүгийн талаар санаа зоволтгүй байлгасан гэж бодож байгаа. 2016 онд охидууд маань Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжиж газар зүйн хувьд зайтай болсон. Хэдийгээр асран хамгаалагч нартай нь харьцаа сайнгүй байсан ч мөнгө төгрөгийн хэрэгцээ гарахад би татгалзаж байсан удаа байгаагүй. Налайх дүүрэгт байшин барихад тусламж хэрэгтэй гэхэд би 6 сая төгрөг шууд шилжүүлж байсан. Миний Европод оршин суух бичиг баримт бүтэхээр охидуудаа авч гарч ээжтэй нь ойртуулна гэж бодож судалдаг байсан. 2018 онд Герман хэлний төрөлжсөн сургалттай Гётё сургууль их сайн гэнэ хэрэв сургавал төлбөр мөнгө яах вэ гэхэд нь би болноо гээд 11,000,000 төгрөг төлж сургасан. Мөн Улаанбаатар хотод амьдрах байрыг бүрэн хариуцаж байсан. Т.У охидуудаа авах боломжтой байна гэсний дагуу визэнд оруулж виза шууд гарсан. учир нь судалсан байсан учраас яаж виза мэдүүлэхээ мэдсэн байсан. 2019 оны 10 сард Швейцар улсын Базел хотод бүх зардлыг нь хариуцаж ээжид нь хүргэж өгч байсан. Тэр үед би Бельги улсад оршин суух эрхгүй жуулчны визаны 90 хоног дотроо Монгол руу буцдаг байсан. Монголд ирээд бааз дээрээ байдаг болохоор сүлжээгүй, цагийн зөрүүнээс болж холбоо барих нь хэсэг цөөрснөөс болж охидуудтай минь яриулах дургүй болж сүүлдээ огт холбохгүй болсон. Том охин над руу залгаж ярьж байгаад ээж ирлээ гээд тасалснаас хойш холбогдоогүй. Швейцарьт очьё гэхээр хариу өгөхгүй таг болдог, өнгөрсөн өвөл Швейцарь яваад уулзаж чадалгүй ирсэн. 2022 оноос хойш охидуудын даатгалын хэрэгцээнд мөнгө шаардлагатай байна гэхээр нь Европ дотроо шилжүүлэг хийе гэхэд хаяг мэдээллээ өгдөггүй заавал Монголоор дамжуулж Т.Уын төрсөн дүү Т.Г-ын Худалдаа хөгжлийн банкны 495022430 тоот данс руу шилжүүл гээд 17 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мэт мөнгө төгрөгийн хэрэгцээ гарсан үед би үргэлж тусалж дэмжиж ирсэн. Эцэг байх үүргээ хангалттай биелүүлж байсан. Иймд Т.Уын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.У нь нэхэмжлэлдээ гурван үндэслэл дурдсан байсан.
Нэгдүгээрт: Хүүхдүүдийн эцэг Б.Б хүүхдүүдтэйгээ уулздаггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй гэх үндэслэлийг дурдсан байсан.
Хоёрдугаарт: Тухайн үед нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.Б нар нь гэр бүл цуцлуулахдаа гэрээ хийсэн. Уг гэрээнд эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөх талаар болон хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан амьдрах зардалд тус нэмэр болох талаар дурдсан зүйл байдаггүй. Тиймээс тус гэрээний 5 дахь заалтыг харах ёстой байх.
Гуравдугаарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ онцгой нөхцөл байдал үүссэн үед гэх хуулийн заалтыг үндэслэсэн байсан. Онцгой нөхцөл байдал үүссэн гэх хуулийн заалт нь нэхэмжлэгч хүндээр өвчилсөн, сургуульд сурсан гэж тусгасан. Дэлхийн ямар ч улсад өвчний ангиллыг гурван хэсэг буюу хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж хуваадаг. Хүнд өвчний ангилалд тухайн хүн эд эрхтнээ тайруулсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон, эсхүл урт хугацааны эмчилгээ шаардсан, үхэлд хүргэх өвчин туссан гэх нөхцөл байдлуудыг хэлдэг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын зардал онцгой нөхцөл байдалд орохгүй. Т.У нь анх өөрийн хүсэлтээр гадаад улс руу гарсан, тэгэхээр тухайн газраа амьдрах боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн бол буцаад Монгол улсдаа ирж оршин суух эрх нь нээлттэй байгаа гэж бодож байна.
Дөрөвдүгээрт: Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу удаа дараа мөнгө шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн 17,000,000 төгрөг одоо таны нэхэмжилсэн мөнгөн дүнд орж тооцогдохгүй гэж бодож байгаа бол тухайн мөнгийг ямар шалтгаантай миний ахаас удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлж авч байсан юм бэ? Мөн энэ мөнгийг юунд зарцуулсан талаараа тодорхой тайлбар хэлэх байх.
Нэхэмжлэгч тал биднээс илүү хуулийн мэдлэгтэй байгаа гэж үзэж байна. Учир нь хоёрын хоёр бие төлөөлөгч, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Тиймээс шүүх хуралд нотлох баримтаар ямар нотлох баримт гаргаж өгөх талаар сайн мэдэх ёстой гэж бодож байна. Гэтэл хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б.Т, Б.И нарын нэртэй цөөхөн хэдэн хуудас баримтыг орчуулж үзэхэд онлайнаар хүсэлт бөглөх, санал өгөх хуудас болон бүртгүүлсний дараа манай гишүүн боллоо гэх баримтууд л байсан. Гадаад улсад эрүүл мэндийн даатгалд онлайнаар бүртгүүлж болдог. Гэхдээ энэ талаар бүртгүүлсний дараа албан ёсоор эрүүл мэндийн талаар ямар нөхцөлтэйгээр ямар үйлчилгээ авах талаар дурдсан, мөн хугацааг заасан баримтын шаардлага хангасан хуудас байх ёстой гэж бодож байна. Мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд дотор өөр хүний нэр бичигдсэн, баримтуудын бичгийн хэв хүртэл өөр, өөр байдлаар авагдсан байдаг ба канондсон цаас хүртэл байдаг. Тиймээс нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна гэж үзэж байна.
Тавдугаарт: Нэхэмжлэгч өөрийгөө Швейцарь улсад амьдарч буйгаа ямар баримтаар нотолж байгаа гэж үзэж байгаа юм бэ? Учир нь нэхэмжлэгч 2019 онд авч байсан оршин суух хаягийн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Энэ баримт нь түүнийг одоо Швейцарь улсад амьдарч буйг нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Тиймээс Т.У нь Монгол улсад амьдардаггүй юмаа гэхэд гадаад улсад визтэй хүн одоо ямар ч улс оронд амьдраад оршин суух боломжтой юм. Иймд Т.У нь 2019 онд Швейцарь улсад амьдарч байсан байж болно. Гэхдээ одоо ямар учиртай хаана оршин сууж байгаа талаарх хаягийн тодорхойлолтоо яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа юм бэ?
... Т.У нь миний ахтай 18 настайгаасаа эхлэн үерхэж байгаад нэг гэрт ороогүй. Т.Утай анх 2005 оноос үерхэж эхэлсэн. Тухайн үед би анагаахад сурдаг оюутан байсан. Энэ үед Т.Уыг гадаад хэлний бэлтгэлд сургана гээд анх надтай танилцуулж, хамт байх болсон. Манай ах 10 дугаар ангиа төгсөөд жуулчны бааз ажиллуулах болсон. Үүнээс өөрөөр ямар нэгэн орлого байхгүй. Тухайн ажил зөвхөн улирлын чанартай, ганцхан жуулчны бааз ажиллуулаад монгол мөнгөөр өөрийгөө цалинжуулаад явж байгаа. Нэхэмжлэгч Т.У нь 2022 онд хүүхдийнхээ шүдийг янзлуулж байсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед таныг мөнгө гуйх үед та дүүгийнхээ дансаар мөнгө шилжүүлж авсан байдаг шүү дээ. Энэ мөнгийг хүүхдэд зарцуулаагүй, дүүдээ өгсөн байдаг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдэд сар бүр тэтгэлэг төлөхөөр тогтоож өгсөн байгаа. Энэ мөнгийг хүүхэд сурч боловсроход, эрүүл мэндэд зарцуулагдах ёстой мөнгө гэж ойлгож байна. ...Манай ах Европын мөнгөн дэвсгэртээр цалинжаад явдаггүй. Улирлын чанартай зуны 3 сар жуулчны баазаа ажилчин авч цалин мөнгийг нь өгч ажиллуулдаг. Үүнээс өөрөөр ямар нэгэн орлого байхгүй. Мөн Б.Б нь одоо тусдаа гэр бүлтэй 2-12 настай 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Б.Т, Б.И нарын хувьд өсвөр насны хүүхдүүд байгаа. Тиймээс өсвөр насны хүүхдүүд одоо найз нөхдөө л гэдэг нас. Хүүхдэд эцэг, эхийн хайр халамж илүү хэрэгтэй нас бол 0-12 нас гэж үзэж байна. Энэ насанд нь манай ах Б.Б нь хоёр охинтойгоо уулзаад анхаарал халамж тавиад явж байсан. ...Таны шаардсан бүх мөнгийг өгөөд явах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Та хоёроос гадна олон гэр бүл салж байгаа. Гэтэл хүүхэддээ нэг ч төгрөг өгөхгүй эцэг хүн олон байгаа. Манай ахын хувьд хүүхдийн тэтгэлгээ 100 хувь давуулж биелүүлээд явж байхад хүүхдүүдээ ямар учиртай анхаардаггүй гэж үзээд байгаа юм бэ? Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувиар тооцно гэж байгаа боловч Б.Б ахын зүгээс энэ байдлаа давуулж биелүүлээд 2018 онд хоёр хүүхдийнхээ бүтэн жилийн төлбөр болон байрных нь төлбөрийг давхар төлөөд явсан байдаг шүү дээ. Тиймээс энэ байдлаар таны хүссэн болгоныг манай ахын зүгээс биелүүлээд явсан байдаг. Миний хувьд мөн та хоёрын хувьд хөндлөнгийн хүн биш, та хоёрыг хамт амьдарч байсныг гэрчлэх гэрч гэж өөрийгөө бодож байна.
...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 50/4-3059 дугаартай Б-гийн Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 3-8 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон албан бичиг, Т.Уаас Б.Мид олгосон итгэмжлэлийн хуулбар, Төмөрийн Уын гадаад паспотын хуулбар, Хиад Б Б-ын Мийн иргэний үнэмлэхийн хуулбарт тус тус Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хуулбарлав тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 516 дугаартай шийдвэр, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Тэжээн тэтгэх тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсаас Швейцарийн Холбооны улсад суугаа элчин сайдын яамны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Т.Уыг Швейцарийн Холбооны улс (Bahnhofstrasse 21, 4147 Aesch)-д түр оршин сууж байгааг тодорхойлсон тодорхойлолт, Хүүхдүүдийн эрүүл мэндийн зардал төлсөн тооцооны баримт, хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгал төлсөн гэх баримтууд, түүнээс орчуулга хийгдсэн баримтууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 155/ШЗ2023/03937 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, мөн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2024/00235 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай, шүүх хуралдаанд цахимаар оролцох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааны хуулбар, нэхэмжлэгч Т.Уаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн -74, 131,171-172, дугаар хуудас)
Хариуцагчаас хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах, Б.Б-ийн Голомт банкны 4905101184 дугаар дансны хуулга, ViaVia Harganat-Outlook хаягаас Т U хаягаар харилцсан зурвасын хуулбар, Б.Бэс Б.Мд олгосон итгэмжлэл, 2011 оны 4 сард Европийн Холбооны улсын визэнд орохоор Бээжин явсан үеийн зураг гэх тайлбартай гэрэл зургийн хуулбар, бичиглэл харагдахгүй гадаад паспортын хуулбар, тайлбаргүй гэрэл зургийн хуулбар, Б-ийн И, Т, Б-гийн Б, Элсен Б-/ Моргана Этүгэн, Б-ийн Тунгалагкаури, Элсен Катриэн гэх тийзний хуулбар, Б-гийн Б-ийн гадаад паспортын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3-1/71 дугаартай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О-т хандаж гаргасан Б.Мийн өргөдлийн хуулбар, Хувийн хэргийн 23230862 дугаарт бүртгэлтэй тэтгэлэг төлөгч Б.Б-ийн тэтгэлэг төлсөн тухай баримтын жагсаалт гэх баримтын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгаас гаргасан Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Төмөрийн У, Төмөрийн Г-а, Баянжаргалын М нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл, түүнд хавсаргасан Б.Бэс Б.Мд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 242,950 төгрөг төлсөн тухай баримт, утасны банкны апп-аас татсан нь гэх тайлбартай баримтын хуулбар, ViaVia Harganat-Outlook хаягаас Тumur Uuganbayar хаягаар харилцсан зурвасын хуулбар, Т.Уаас Б.М-ид олгосон итгэмжлэлийн хуулбар, Хувийн хэргийн 23230862 дугаарт бүртгэлтэй тэтгэлэг төлөгч Б.Б-ийн тэтгэлэг төлсөн тухай баримтын жагсаалт гэх баримтын хуулбарт Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Тэжээн тэтгэх тухай гэрээний хуулбар, Төмөрийн Уын гадаад паспортын хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах тухай хүсэлтүүдийг, хариуцагчийн өмгөөлөгчөөс Худалдаа хөгжлийн төв банк болон Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулах тухай хүсэлтүүдийг, (хавтаст хэргийн 87-93, 99-120, 159, 173-190 дүгээр хуудас)
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай, хариуцагчийн өмгөөлөгчийн Улаанбаатар хот дахь Худалдаа хөгжлийн төв банкнаас Төмөрийн Г-ын 495022430 дугаарын дансны лавлагааг, Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгч Т.Уын Монгол улсын хилээр хэзээ гарсан, дахин Монгол улсад орж ирсэн, буцаж гадаад улс руу гарсан талаарх лавлагааг гаргуулах, хариуцагч Б.Б-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах тухай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүд гаргасныг тус тус хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мгийн Төмөрийн У, Төмөрийн Г-а, Баянжаргалын М нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж Т.Г-аас гэрчийн мэдүүлэг авахуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 90, 91-98, 135-159, 191-208 дугаар хуудас)
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан онцгой нөхцөл байдал тохиолдсон үед зарцуулсан нэмэлт зардал болох 19,457,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр хариуцагч Б.Бтэй 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан тэжээн тэтгэх гэрээг үндэслэн хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалд зарцуулсан нэмэлт зардал 6,457,215 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодруулсан.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.Бтэй 2005 онд танилцаж 2009 оны 4 сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдрах хугацаанд 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Т, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.И нар төрсөн. Улмаар 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан.
2018 оноос хойш хүүхдүүдийн хамт Швейцарь улсад амьдарч байгаа ба энэ улсад амьдрахад эрүүл мэндийн даатгал зайлшгүй төлөх шаардлагатай, даатгалын зардал өндөр байдаг. Хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын зардалд 2018-2023 онуудад нийт 38,194,430 төгрөгийг зарцуулсан. Энэ гарсан зардлын 50 хувийг Б.Бэр төлүүлэхээр нэхэмжилсэн ба 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Б.Б нь нэхэмжлэгчийн төрсөн дүү Т.Г-ын дансанд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж үлдэх 6,457,215 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оноос хойш охидуудын даатгалын хэрэгцээнд мөнгө шаардлагатай гэсний дагуу Т.Уын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний төрсөн дүү Т.Г-ын Худалдаа хөгжлийн банкны 495022430 дугаар дансанд нийт 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш хугацаанд хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөөс гадна Т.Утай байгуулсан тэжээн тэтгэх гэрээний дагуу болон эцэг хүний үүргээ биелүүлж хадмуудын зүгээс Налайх дүүрэгт байшин барихад тусламж хэрэгтэй гэхэд нь 6,000,000 төгрөгийг 2018 онд Герман хэлний төрөлжсөн сургалттай Гёте сургуульд сургаж сургалтын төлбөрийг би 100 хувь буюу 11,000,000 төгрөгийг төлж, Улаанбаатар хотод амьдрах байрыг бүрэн хариуцаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдрах хугацаандаа 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Т, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.И нарыг тус тус төрүүлсэн ба гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харилцаанаас цаашид хамт амьдрах боломжгүй болж улмаар 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 516 дугаартай шүүхийн шийдвэр, Тэжээн тэтгэх тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас)
Дээрх шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д тус тус зааснаар Б овогт Б-гийн Б, Б овогт Төмөрийн У нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Т, 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.И нарыг эх Т.Уын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Т, Б.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /сургуульд сурдаг бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримттай талууд маргаагүй болно.
Зохигчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Тэжээн тэтгэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийн шаардлага, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж,
Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Т.У нь охин Б.Т, Б.И нарын төрсөн эх бөгөөд шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн ба тэрээр энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, хариуцагч Б.Бтэй байгуулсан Тэжээн тэтгэх тухай гэрээ ний дагуу тус тус шаардах эрхтэй.
Хүүхэд тэтгэлэг авч байгаа эсэхээс үл хамаарч хүүхдэд нэмэлт зардал гарч болох ба энэ тохиолдлыг хуульд онцгой нөхцөл байдал бий болсон буюу тэжээн тэтгүүлэгч хүндээр өвчлөх, тахир дутуу болох, эмчлүүлэх, сургуульд орох тодорхой тохиолдлуудыг дурдсаны гадна тус жагсаалтыг гэх мэт гэж нээлттэй үлдээсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас төрсөн хүүхдүүд болох Б.Т, Б.И нар нь эцэг, эхийн харилцан тохиролцсон тохиролцооны дагуу эхийн оршин суугаа газар буюу Швейцарь улсад 2018 оны 12 сараас хойш хугацаанд амьдарч байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймээс хүүхдүүд эцэг, эхийн хүсэл зоригийн дагуу гадаад улсад амьдарч байгаа нь тухайн хүүхдүүдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал мөн бөгөөд тухайн үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүрэгтэй гэж, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж тус тус хуульчилсны зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан тул Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлд Эцэг, эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Б.Б нь хүүхдийн эрүүл мэндийн даатгалын зардалд зарцуулсан зардлыг хамтран хариуцах үүрэгтэй болно.
Хариуцагч Б.Б нь дээрх хууль болон нэхэмжлэгч Т.Утай байгуулсан Тэжээн тэтгэх тухай гэрээ -ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, нэхэмжлэгчид хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын зардалд нийт 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Уын төрсөн дүү Т.Г-ын Худалдаа хөгжлийн банкны 495022430 дугаар дансаар дамжуулан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Б-ийн Голомт банкны 4905101184 дугаар дансны хуулга, гэрч Т.Г-ын ...нийт 8 удаагийн гүйлгээгээр 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 13,000,000 төгрөгийг миний Худалдаа хөгжлийн банкны 495022430 тоот дансанд Б.Б шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 8,000,0000 төгрөгийг Т.Уаас авах ёстой авлагандаа суутгаж авсан. Үлдсэн 5,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сард Т.Ут бэлнээр өгсөн. 17,000,000 төгрөг гээд байгаа нь 2022-2023 онд Б.Б 1,000,000 төгрөгөөр 5 удаагийн гүйлгээгээр мөнгө оруулаад буцаагаад татсан тэрийг нэмж яриад байж магадгүй. Миний дансны хуулганд тэр гүйлгээ нь харагдахгүй байгаа. ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-ийн хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын зардалд төлсөн 17,000,000 төгрөгөөс 13,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцож үлдэх 6,457,215 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан боловч энэхүү шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх үүргийг шүүх тайлбарлан өгч талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн.
Иргэний хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангуулах, герман хэл дээрх хуулбар хувь баримтын эх хувийг бусад этгээдээс гаргуулах болон тухайн баримтад тусгагдсан үйл баримт, мэдээллийн талаар лавлагаа авахуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй.
Хэрэгт авагдсан гадаад хэлээр мэдээлэл нь агуулагдсан хуулбар хувь баримтаас Болдбаатарын гүүр орчуулгын төвөөр монгол хэл дээр буулгасан баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэв.
Учир нь тухайн монгол хэл дээр буулгасан баримтын эх сурвалж болох гадаад хэлээр мэдээлэл агуулсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэж заасан хэлбэрээр бэхжигдээгүй баримтаас орчуулга хийгдсэн байх тул хавтаст хэргийн 13-68 дугаар талд авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бэс 6,457,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,237 (хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН