Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2024/0055

 

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* нь бүртгэлийн НББ-01 дугаартай "...Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт үйл ажиллагаагаа явуулж буй "Тохижилт үйлчилгээний алба "ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч Х.******* нь 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор цахим хэлбэрээр тушаагаагүй нь ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн..." гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Х.*******т 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №******* дүгээр шийтгэлийн хуудсаар "Зөрчлийн тухай хуулийн 11.18 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай "...Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт үйл ажиллагаагaa явуулж буй "Тохижилт үйлчилгээний алба "ОНӨААТҮГ"-ын нягтлан бодогч Х.******* нь 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор цахим хэлбэрээр тушаагаагүй нь ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн..." гэх тэмдэглэл, Холбогдогч Х.*******ын "...Санхүүгийн тайлан өгдөг гэдгийг мэдэхгүй учраас жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь өгч чадаагүй хоцроосон..." гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар эрх бүхий албан тушаалтан С.******* нь зөрчлийн НББ-01 дугаартай гомдол мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т зааснаар шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй торгох шийтгэлээр шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 11.18 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т "...ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад "...400000..." гэх хуульд байхгүй шийтгэл оногдуулж бичсэнийг "дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч М.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №******* дүгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...холбогдогч Х.*******т шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйл...” гэж, “...400.000 шийтгэл оногдуулсугай" гэж алдаа гаргасан нь үнэн бөгөөд дээрх алдааг засуулж өгье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь хэсэгт заасныг үндэслэн “... ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар тохижилт үйлчилгээний албаны нягтлан бодогч Х.*******ыг  400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь дээрх 2024 оны ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй...” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Тохижилт үйлчилгээний албаны нягтлан бодогч Х.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-т заасан “...ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд холбогдогч Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дүгээр зүйлд заасан буюу дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгийн шийтгэл хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд  төлж барагдуулсан тул байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                              ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР